The Blue Angel (1930). Германы нэгэн орон нутгийн дунд сургуулийн профессорын эмгэнэлтэй хийгээд инээдтэй хайрын түүхийг өгүүлсэн дөнгөж кино урлаг дуутай эрин үе рүү орох үеийн хар-цагаан эмгэнэлт-комеди бүтээлийн талаар өгүүлсү.. профессор Rath \уран зохиолын багш\ нь сургуулийнхаа хамгийн шилдэг, бас хүндтэй багш нарын нэг бөгөөд тавь гарч яваа түүний амьдрал нарийн цагийн хуваарь дор эмх цэгцтэй, нарийн дэг журмаар урсан өнгөрнө.. хувийн сахилга бат болох цаг барихаас авхуулаад өндөр ёс суртахуунтай багштан маань энэ насныхаа амьдралыг мэдлэг боловсролд зориулж яваа эгэлгүй оюунтан бөлгөө..
насаараа ганц биеэ \ер нь эмэгтэй хүнтэй дотно болоогүй байх?\ яваа багштан эхнэр хүүхэд гэж сэтгэл хоёрдолгүй нэгэн сэтгэлийн зорилгоор улсынхаа ирээдүйн эзэд болох өсвөр насныханд хичээл зааж, үүндээ ч жарган урамшин амьдарна.. профессор Rath дэлхийн эрдэм мэдлэгийг сурагчдадаа өгөх гэж их чармайх агаад уг чармайлт нь хатуу ширүүн зантайн хоршин сурагчдын үйлийг үзнэ.. өөрөөр хэлбэл түүнд дуртай нэг ч сурагч байхгүй.. Rath нэг өдөр сурагчдынхаа хачин аашлаад байгааг буюу нэг юмыг нууцаар өөр хоорондоо солилцон үзэж байгааг ажиглаж, улмаар олж мэднэ.. энэ нь болбоос, тус хотод ирсэн явуулын кабаре театрын гол жүжигчин бүсгүй Lola-ын нүцгэн зураг байна..
багштан уур хилэндээ тоймгүй ихээр автана.. учир нь, тэр үеийн кабаре бол өнөөгийн тайчих урлаг шиг үнэлэмжтэй байсан гэж хэлж болох ба эрдэм номын хүмүүст, тэр ялангуяа ирээдүйн боловсон хүчин болох залуусыг садар самуунд татсан булай хэрэг байв.. ингээд Rath тус нүгэлт газар өөрийн биеэр очиж сурагчдын үймүүлээд буй хүүхнийг харахаас гадна сурагчдаа газар дээр нь барьж авч шийтгэхээр очно.. профессор тус газраар шагайнгуут шоконд орно.. түүний хувьд анх удаагаа ийм завхай буюу нүцгэн хүүхнүүд болон архидсан хүмүүсийг нүдээр харж дунд нь орж байгаа нь энэ юм.. профессорыг орж ирэхэд тайзнаа өнөөх Lola хагас нүцгэн гартаа пиво барьсаар дуулж зогсдог..
бүсгүйн гуа үзэсгэлэн, голшиг сайхан бие,
эвлэгхэн хоолойд профессор далантаваар бууж өгөх буюу шуудхан л маш
гүнзгий, аюултай тэнэг дурлана.. энэ цагаас эхлэн профессор маань
шөнийн клубээс салахаа больж, охин шигээ насны Lola-д цэцэг жимс зөөж,
сурган хүмүүжүүлэх гэгээн үүргээ хоёрт тавина.. бүсгүй ч ашигч, аальгүй
нэгэн байв.. хөөрхий эрийг толгойг хэрхэн нэг мөсөн эргүүлэхээ мэддэг
туршлагатай бүсгүй байлаа.. ийнхүү сургуулийн хүндэт багш профессор
маань нэг мэдэхнээ шөнийн клубын хүндэт зочин, нэг ёсондоо хүргэн
болно.. сургуулийн зүгээс Rath-г багш байх ёс суртахуунгүй гэсэн
үндэслэлээр хална.. үүнд Rath учиргүй зовсонгүй, түүнийг гэх хүүхэн
болон зусардах олон хүмүүс байлаа.. нээх удалгүй Lola, Rath хоёр
хуримлана.. залуу эхнэртэй эр хүн ямар байдаг билээ, тэр бүхнийг Rath
хийнэ.. өөрөөр хэлбэл, толгой дээрээ гаргах буюу хатан хаан шиг л
арчилж, халамжилж тойлно.. ингээд явуулын театр Rath-ын төрөлх хотыг
орхиж аялан явна, мань Rath ч хамт явна.. хэдэн жил өнгөрчээ..
Rath
театрт онигоо ярьдаг алиалагчын ажилтай болжээ.. улам хөгширч, үлэмж их
архи уудаг болжээ.. энхрий хайрт Lola нь түүнийг тоохоо больж зарц
барлаг шиг л хандана.. Lola дээр олон эрчүүд ирж явна, Lola ч тэднийг
хүлээж авна.. нэгэн цагт хүншиг амьдарч, нэр төр, хөрөнгө мөнгөтэй явсан
профессор маань явъя гэтэл мөнгөгүй, бас эргэж очвол шившиг болохоо
ухаарч нэрлэх нь.. үүнээсээ болж архи ууна.. энэ үеэр явуулын театр
эргээд Rath-н төрөлх хотод ирнэ.. хотынхон хүндэт профессороо алиалагчын
дүрээр эргэж ирж буйд элэглэн дооглохоор цуглах бол Rath уй гашуу,
гэмшил гомдолдоо идэгдэн гөлийн сууна.. харин хажуу өрөөнд нь Lola өөр
эртэй зугаацна.. австри-америкийн домогт кино урлаач Josef von
Sternberg-ын бараг бүх жанрт хамаатуулж болохуйц эмгэнэлт драм.. киноны
зохиолыг Heinrich Mann-ын романаас сэдэвлэсэн бөгөөд хамгийн анхны
томоохон герман дуутай кино гэгддэг..
Josef von Sternberg-ын уг кино
өдгөө классик, “алт” шиг үнэлэмжтэй болсон ба хүн хоорондын харилцаа,
хайрын мөн чанар луу хандуулсан болно.. ингэхдээ, нас тогтсон эр хүний
хайранд хандах \үүнд бид сексийн хуял тачаалыг онцгой бодолцох ёстой\
төрх хийгээд үүн дээр тоглох эмэгтэй хүний муухай \сэрэмжлүүлж,
жигшүүлэх маягаар\ төрхийг олж харна.. мөн хэтэрхий их эрдэм ном гэж
яваад амьдралын хамгийн нандин хайр гэгч зүйлийг мэдрээгүй эр хүний
туршлагагүй, барьц алдаж байгааг харуулсан сургамжит бүтээл гэмээр.. энд
би аль нэгэн хүйстэнг буруутгах юмуу шүүмжлэх гээгүй бөгөөд оройтсон
хайр согог болж, буруу сонголт амьдрал үрдэгийг хэлэхийг хүслээ.. мөн
ямар ч том дарга, эрдэмтэн байсан эмэгтэй хүний өмнө барьц алдаж, хүсэл
тачаалдаа дийлддэг болохыг хэлж, сануулахыг хүслээ.. Josef von
Sternberg-ын уг киног классик болгож буй барагалж хамгийн чухал зүйл бол
жүжигчдийн бүрэлдэхүүн юм.. профессор-д тоглосон Emil Jannings-ын
\хамгийн сайн жүжиглэлт нь ч гэдэг\ ихэмсэг багшаас хөгийн алиалагч болж
буй дүр үнэнхүү бишрэм агаад уг киноны гол нүүр царай гэж би хувьдаа
боддог.. тэгвэл кино хийх явцад найруулагчтайгаа амрагийн харьцаатай гэж
скандал үүсгэж байсан аугаа Marlene Dietrich уг киног чимж, бас
алдаршуулахад гол нөлөөтэй байсан.
Америкийн киноны хүрээлэнгээс Marlene
Dietrich-ыг бүх цаг үеийн хамгийн шилдэг есдөх эмэгтэй жүжигчинээр
тодруулсан байдаг ба түүний анхны гол дүрийн кино байсан.. уг дүрээрээ
тэрээр дэлхийн хэмжээний од болж, холливууд явах тасалбараа захиалсан
гэдэг.. өдгөө Marlene Dietrich-ын хэмжээнд хүртэл кабарен хүүхний дүрийг
бүтээсэн жүжигчин хүүхэн байдаггүй гэдэг ба түүний дуулдаг киноны
хөгжим болох Falling in Love Again (Can't Help It) маш алдартай.. бүх
цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 567-р байрт жагсдаг бүтээл.. ямар
ч шилдэг, мундаг эр хүн эмэгтэй \хайрын\ хүний өмнө унадаг болохыг
харуулсан сонгодог бүтээл..
Comments
Post a Comment