Гуниг өлгөөтэй байшин




A Ghost Story (2017). Нэгдсэн улсын Даллас хотын нэгэн дүүрэгт орших жижиг байшинд залуухан хос амар амгалан, зол жаргалтай амьдарна.. өрхийн тэргүүн болох нөхөр хөгжимчин бөгөөд гэртээ ажиллаж, амьдрах бол эхнэр нь эндээс нүүцгээе гэж нөхрөө байнга ятгавч тусыг үл олох ба эхнэрийн ингэх болсон нэг шалтаан бол ойрын үеэс гэрт тохиох болсон эвгүйцэм зүйлсээс айсных юмуу ирэх муу явдлыг зөгнөснийх гэж үзэж болох оо... нэг шөнө хосууд дөнгөж орондоо ороод байтал зочны өрөөнд байх төгөлдөр хуур хүчтэй дуугарах ба очоод хартал мэдээж юу ч байхгүй, гэтэл яаж ч бодсон төгөлдөр хуур өөрөө тэгж дуугарах үндэсгүй..

Гайхаж бас айж хоцорсон тэд орондоо орцгоон хайрынхаа бал бурмыг шимцгээх агаад эхнэрийн хувьд нөхрийнхөө уруул, халуун тэврэлтийг эцсийн удаа мэдэрч байгаагаа яахин мэдэх..өөрөөр хэлбэл, маргааш өглөө нөхөр нь авто ослоор нас барна.. цав цагаан даавуугаар бүтээгдэн эмнэлэгийн орон дээр хэвтэх нөхрийнхөө цогцсын дэргэд зогсох бүсгүй зогсоод байх хэцүү ч орхиод явбал ахиж хайртай хүнтэйгээ ийм ойрхон байхгүйгээ бодохоос зогсоол баймаар.. бүсгүй удаан зогссоны эцэст цогцыг орхин одох бөгөөд үлдэж хоцорсон цогцос гэнэт өндийн босож ирнэ, босоод зогсохгүй алхах агаад эмнэлэгээр хэсүүчлэн тэнэх цагаан даавуу нөмөрсөн сүнсийг хэн ч олж харж, мөн сонсохгүй \сүнс ярихгүй\ нэг үгээр авто ослоор нас барсан эрэгтэй сүнс буюу үл үзэгдэгч болсон байв, ингэхдээ хоёр том хоосон хар нүдийг эс тооцвол ерөөс нэг том цагаан даавуу болсон байх нь инээдтэй ч юм шиг хэрнээ киноны маань утга санаанд сод зохицсон найруулагч шийдэл байлаа..


Сүнс \хойшид сүнс гэнэ\ чимээ аниргүй, жингүйдэх мэт явж байтал урд нь нэгэн хаалга нээгдэх бөгөөд сүнс хэсэг зогссоноо хаалга руу орохгүй \там юмуу диваажингийн алийг байсныг мэдэх аргагүй бас хаалга өөрөө хаагдсан уу, сүнсийн хүслээр хаагдсан уу гэдэг тодорхой биш\ эргээд явж одох нь эхнэр рүүгээ буюу дутуу үлдээсэн юмандаа хорогдсоных болов уу.. сүнс гэртээ явж очин эхнэрийнхээ өгүүлэшгүй уй гашууг харахаас өөр хийж чадахгүй зүйлгүй.. эхнэр нь уйлахгүй, хэсэгхэн ч атугай нөхрөө бодохгүй гэж бүхэл бүтэн торт идэх зүрх зүсэм хэсэг болон орондоо орж чадахгүй шаналах бүхий л үед нөхрийнх нь сүнс чимээ аниргүй дэргэд нь байх ч эхнэр нь үүнийг нь хэрхэн мэдэх.. өдөр хоног хурдтай хөврөн урсаж бүсгүй ч өдрөөс өдөрт нөхрөө санаж гуниглан суух нь багасаж, цаг хугацааны хүрд түүнийг аажмаар жирийн амьдралд эргүүлэн авчрах ба бүсгүйг одоо нөхөртэйн холбох цор ганц зүйл бол нөхрийнх нь зохиосон хөгжим, бүсгүй хөгжмөө байнга сонсоостой байна.. 

Сүнс цаг үргэлж гэртээ байж, эхнэрийнхээ явахыг мөн ирэхийг ажиглахаас гадна хажуу байшинд нь нэг бяцхан охины сүнс байхыг олж харна.. бяцхан сүнс мөн даавуутай ба даавуу нь цэцэгтэйгээс ажвал эмэгтэй гэдэг нь илхэн бөгөөд охины сүнс түүнд хандаж “би энд хэн нэгнийг хүлээж байгаа, гэхдээ хэн гэдгийн санадаггүй ээ” гэнэ.. нэг орой эхнэр нэгэн залуутай гэртээ ирэх ба тэд болзож, тэгээд болоогүй хурьцал үйлдэхээр гэрт нь ирсэн болохыг сүнс шууд ойлгоно.. эхнэр үл таних залуутай шуналтайгаар озолцож байхад сүнс номын тавиур дээрээс ном унагаж тэднийг зогсоох агаад сүнс энэ бүхнийг харахад зүрх хуваагдан, өр өмөрч байсныг сэтгэл зүрхтэй хэн ч ойлгох буюу сүнсний үйлдлийг сайшаах бизээ... тус явдлаас болсон уу, ер нь л өөр газар очих хүсэлтэй байснаас уу, бүсгүй нүүнэ.. 

Нүүхдээ алга дарам цаасан дээр юм бичээд, бичсэн цаасаа хананыхаа нүхэнд шургуулчихаад явж одно.. сүнс эхнэрээ одоо бол дагахгүй, харин тэр цаасан дээр юу бичсэнийг олж мэдэхийг хүсэж, бүхий л цагийн турш хана маажиж \үнэндээ маажих хумс даавуугаар ороогдсон сүнсэнд байх биш дэмий л үрнэ\ цаасыг гаргаж ирэх гэж махаа иднэ.. хэр хугацаа өнгөрсөн юм бүү мэд, нэг мэдэхэд хоёр хүүхэдтэй, ганц бие ээж байшинд нүүж ирэх бөгөөд сүнс тэдэнтэй жил орчим хамт байгаад тэвчихээ байн айлгаж хөөж явуулна.. ингээд, дахиад л цаасаа гаргаж авах гэж мачийж байтал нэг мэдэхнээ \энэ нь цаг хугацаа улиран одсоор буйг хэлнэ\ байшинд баахан охид, залуус архидаж байх ба тэдний дунд байх нэг эр хүмүүний амьдралын утга учир хийгээд БИ ийм хүн байсан гэх өв үлдээх талаар болон үр хүүхэд, хойч үеийн талаар нухцтай яриад, эцэст нь яриагаа оршин байх бүхэн устаж үгүй болно гэж тунхагладаг.. энэхүү хэсэг киноны маань тулгуур багана ба сайтар үзвэл зохистой.. 
сүнс хананы жаахан нүхэнд байх цаасыг дөнгөж \хэдэн жилийн хөдөлмөрийг бүү мэд\ авах мөчид байшинг Бульдозер нурааж юу ч үгүй болгохын дээр цаас олдохооргүй алга болно.. хажуу айлын өнөөх охины сүнс мөн байшингүй болсны дээр “хүлээсэн зүйл нь юу ч байлаа гэсэн ирэхгүй нь” гэж хэлчихээд агаарт уусан алга болчихно.. нураасан байшингийн суурин дээр хэдэн арван давхар байшин баригдахаас өгсүүлээд олон жилийн хугацаанд эргэн тойрон танигдахгүй болтол өөрчлөгдөх бөгөөд сүнс энэ бүхэнтэй хамт байж тэнгэр баганатах байшингийн дээрээс үсэрнэ.. ингээд, газар уналаа гэсэн арванесдүгээр зуунд ирсэн буюу өөрийнхөө гэр байсан байшингийн суурин дээрээ ирнэ.. 

Энэ үед нэгэн гэр бүл хажууханд нь бууж байшин барьж эхлэх ба тэр айлын жаахан охин \өнөөх охины сүнс\ цаасан дээр юм бичээд чулуун доор тавиад удаагүй байтал гэрийнхэн болон өөрийг нь нутгийн индианчууд хоморголон алах ба эл явдлыг ч сүнс харж зогсоно.. дахиад хэдэн арван жил өнгөрөхөд, сүнс шинэ байшиндаа нүүж ирж байгаа эхнэр болон амьд байсан амьдралынхаа хамгийн сайхан үе дээрээ ирэх бөгөөд хосууд нүүх тал дээрээ маргалдаж байсан, үл ойлголцож байсан, янаг халуун байсан, жаргалдаа бялуурч байсан бүх цаг үеэ ахин дэргэдээс нь харах ба үзэгчид ч энэ бүхнийг анх удаагаа үзнэ.. сүнс нэгэн шөнө санамсаргүй төгөлдөр хуур дээр суучихдаг нь киноны эхэн хэсэг юм.. өөрийгөө үхэж байгаагаас эхнэрийгээ гэрээ орхиж явах үед сүнс ирэх ба өөрийнхөө сүнс болсон үеийг ч харах нь киноны цаг хугацаагаар ухаалгаар наадах шийдлийг харуулна.. эхнэрийнхээ хананд үлдээсэн цаасыг унших гэж л өдий хүртэл явсан сүнс эцэст нь санасандаа \үзэгч өмнөөс нь баярлах сэтгэл эрхгүй төрнө\ хүрч цаасыг уншуутай агаарт уусан алга болж, харин даавуу нь шалнаа тоос манаруулна унана.. 2017 оны хамгийн маргаан дагуулсан, бас шилдэг киноны тоонд орсон бүтээл бол Америкийн кино найруулагч David Lowery-ын эл бүтээл байсан бөгөөд фантази, драм, мөн сүнс гарч байгаа болохоор аймшгийн ч гэж хэлэгдэх жанрын тус бүтээлийн мөн чанар нь хүний оршихуй, оршихуйн мөн чанарт хандсан гутранги өнгө аястай кино болно. 

Найруулагч David Lowery киноныхоо зохиолыг өөрөө бичсэн ба зохиолоо бичихэд эхнэртэйгээ нүүж суух талаар хийсэн хэрүүл нь түлхэц сэдэл өгсөн гээд ерөнхий гол санаагаа газар хөдлөлтийн талаарх нийтлэлээс олж, хүмүүн төрөлхтөний ирээдүй ийм маягаараа явбал гэрэлтэй байхгүй гэдэгт итгэдэг тэрээр ер нь хүн төрөлхтөн удаан оршихгүй гэсэн санаагаа тус бүтээлээрээ харуулахыг зорьжээ.. кинонд өнөө цаг үеийн гарамгай залуу жүжигчид болох: Casey Affleck \Оскарын шагналт\ болон Rooney Mara \Оскарт нэр дэвшиж байсан тун ирээдүйтэй жүжигчин\ нар тоглосон ба Casey Affleck-д таарч тохирсон даавуу олох гэж кино багийнхан хөглөсөн гэдэг бол Rooney Mara кино дээр бүтэн бялууг иддэг хэсэг ганц удаагийн авалтаар авч, жүжигчин бүсгүй бялуун тун муухай амттай байсан гэж сүүлд дурссан байдаг.. тус кино маань харилцан яриа тун багатайгаас гадна дуугүй кино үзэж байгаагүй үзэгчид тун уйтгартай санагдах болов уу.. үзэгч бид ямарч нүүрний хувиралгүй, тодорхой хүчгүй сүнсийг киноны турш харах ба сүнс зөвхөн хүлээж, ганцаардаж л чадахаас ямарч сэтгэлийн хөдлөлгүй байх нь үзэгчээ өмнөөс нь бодуулж, хэрэв сүнс байсан бол гэх сэтгэлийн үүднээс харахыг найруулагч хүссэн болов уу гэж бодох.. кинонд гарах сүнс нь өөрөө кинондоо ямарч хэрэггүй мэт боловч үзэгч гарцаа байхгүй сүнсний оронд өөрийгөө тавьж үзээд зогсохгүй мах цуснаас бүрдсэн биеийн амьдрал ямар богино болохыг ухаараад, цааш нь хүн амьд ахуйдаа өөрийгөө  санагалзуулдаггүй юм гэхнээ хүн төрөлхтөнд хэрэгтэй ямар нэгэн юм хийж бүтээх учиртайг ойлгуулсан цаг хугацааны бясалгал болсон бүтээл болой.. энэчлэн, киноноос мэдрэх нэг хүчтэй санаа бол хүлээлт юм.. 

 Сүнсний туйлын аймшигтай хүлээлт үзэгчийг киноны төгсгөлд нэг юм амраах боловч хүмүүний амьдралыг утгатай ч гунигтай ч болгодог хүлээлт болон хайр гэсэн мөнхийн сэдвийг тус кино маань хоржин ч гэмээр, тэгэхдээ сонирхолтой шинэлэгээр хөнджээ.. кино эхлэхдээ үзэгчид аймшгийн шинэлэг кино шиг санагдаж, төгсгөлд ирэхэд хайрын содон түүх мэт бодогдох ч бүр хойноо орон зай хийгээд хүний амьдралын нэг том зураг болж буух буйзаа.. киноны зураглаачаар Andrew Droz Palermo ажилласан ба түүний хуучинсаг барилаар болох дэлгэцний гадаргууг хүрээлж авсан зураглал нь үзэгч бидэнд хэн нэгний амьдралыг нүхээр ширтэн ажиглаж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ..

Comments