The Addiction (1995). Өгүүлэх нь, Нью-Йорк хотын их сургууль философийн
чиглэлээр суралцдаг Kathleen \ Америкйн жүжигчин Lili Taylor- The Conjuring
эхний ангид тоглодог\ гэгч бүсгүй оройн цагаар гэрээдээ харьж явна.. энэ бүсгүй
манай киноны гол дүр нь илэрхий бөгөөд гуч эргэм насны, эгэл жирийн төрхтэй
бүсгүй маань Нью-Йорк хотын шөнийн гудмаар дадаж сурсанаараа харьж явтал хаанаас,
хэзээ гараад ирэв гэмээр хачин замбараагүй хувцастай, мөн тэгээд гоолиг биетэй,
царай зүс муугүй өнгөт арьстан залуухан бүсгүй сөхөө завдал өгөлгүй, манайхаар
бол байрны хонгил руу хүчээр татан бас чирэн аваачина..
гай юу, тохиолдол уу,
байнга хүнтэй байдаг гудам яг л энэ мөчид хүнгүй хоосон байж таарах ба харанхуй
хонгилд орсон Kathleen чухам юу болоод байгааг, мөн чухам яах учраа олохгүй
гайхаж байтал өнөөх өнгөт арьстан бүсгүй шуудхан хүзүүнд нь асан ноцож, улмаар
хүзүүг нь хазаж, цусын ууна.. ингэнгүүтээ арилж өгөх бол Kathleen эхний шокноос
залгуулсан хоёрдах аймшигт шокондоо гүн шигдэж, хэсэг алмайран тэнэг хүн шиг
зогсоно.. өвдөлтөндөө бас өөрөөс нь гарах цусыг сая мэдэрсэн Kathleen сэхээ орж
цагдаа, эмнэлэг очно.. цагдаа нар бүртгэж авлаа гэхээс цаашгүй бол эмч нар
зүгээр, жаахан шарх байна, хоргүй гэсээр үл тооцгооно.. Kathleen гэртээ ирээд
өвдсөндөө бас нэг тийм доромжлолын мэдрэмж амссандаа уйлах агаад шөнөжин бие нь
өвдөн тарчилж хононо..
ингээд, маргаашнаас нь Kathleen-ны биед эрс өөрчлөлт
гарч эхлэх бөгөөд бүсгүй хоолноос гарч \идэж чадахгүй\ нар үзэж чадахаа байж,
өөрийн эрхгүй нарны шил энэ тэр зүүж эхэлнэ.. өдөр хоног өнгөрөх тусам Kathleen
урьдны Kathleen биш болж, нэг ёсондоо цус сорогч болж байлаа.. энгийн хүн шиг
хоол идэх, наранд гарахаас зугтаж гэртээ бүгэхийг илүүчлэх болох ба хичээл
номдоо суусангүй гэж ангийн найзаас багш хүртэл санаа тавьж эхэлнэ.. Kathleen
өөрт нь яг юу болоод байгааг ухаарахгүй ч цус хүсээд байгаагаа цус сорогчийн
зөнгөөрөө мэдэрнэ.. ингээд нэг өдөр яахаа, юу хийхээ мэдэхгүй шөнийн гудмаар
шаналан явтал гудмын нэг буланд орон гэргүй нэг гуйлгачин унтаж байна.. нам
унтсан юмуу архиндаа тасарсан сайхь золгүй амьтныг харсан Kathleen шарсан мах
харсан өлссөн хүн шиг юмуу, эсхүл архи харсан архичин шиг шохоорхон шүлсээ
гоожуулан дайрчихна.. ямар нэгэн хортой юманд донтсон хүн бүсгүйн уг үйлдлийг илүүтэй
ойлгоно гэж бодох агаад хэрвээ үгүй гэвэл би үүнийг архичин хүний шараа
тайлахтай жишмээр байна, ядаж.. орон гэргүй гуйлгачинг үхлээ гээд хэн ч
харамсахгүйг бүсгүй мэдэхийн дээдээр мэдэх бөгөөд дараагийнхаа “хоолыг”
сургуулийнхаа философийн профессор эрийг болгон нүдэлж, улмаар эргүүлж эхэлнэ..
профессор багшийн хувиар онц сурагч Kathleen-нд сайн ханддаг байсныг манай
шинэхэн цус сорогч өөртөө ашигтайгаар эргүүлэхээ мэднэ.. нэг орой
Kathleen эмэгтэй хүнд байх бүхий л ааль, аальгүйтэл, маяг сээтэгнэлээрээ
профессороо гэртээ урхидан авчран цусын сорно..
философийн профессор хүн ч
хүүхэнд үгүй гэж хэлж чаддаггүйг харуулсан бас барагалж зарласан мэт санаа гэмээр
егөөтэй.. Kathleen нар жаргахаар гэрээс гарч, нар мандахаар гэртээ бүгэж эхлэх
бөгөөд тэрээр шөнөөр ан авдаа гарах ба ганцаараа яваа залуусыг голдуу урхидан
хохирогчоо болгоно.. тэрээр утгаараа нийгмээсээ тасран жинхэнэ цус сорогчийн
амьдралаар амьдрах болсон байв.. ингэж яваад нэг тавь орчим насны эртэй
танилцаж гэрт нь очно.. түүнийг Peina \ Америкйн жүжигчин Christopher Walken – Оскарын
шагналтан тэрээр зуу орчим кинонд тоглоод буй\ гэх бөгөөд бүсгүйн дэргэд
мэргэжлийн цус сорогч байв.. өөрөөр хэлбэл, Kathleen цус уух хүсэлдээ автаж,
хүсэлдээ захирагдан аймшигт хэргээ үйлддэг бол Peina хүслээ өөрөө залж
чиглүүлнэ, нэг ёсондоо, бүсгүй үүндээ шаналж зовж байгаа бол Peina удирдан
залж, ухаалагаар ашиглаж байв.. Peina түүнд цус сорогч бид мөнх амьдарна, чи
энэ амьдралдаа дасаж, улмаар хүслээ ухаанаараа даран, зөв чиглүүлэн өөрийгөө
эзэмш гэнэ.. Kathleen өдрийн цагаар юу хийхүү? Гэхэд Peina түүнд философи унш
гэдэг.. энэ цагаас хойш Kathleen өөрийн давуу талаа буюу үхэл амьдралын хийгээд
ер нь оршихуйн талаарх туршлага, мэдлэг дээрээ тулгуурлан философийнхоо
докторыг хамгаалж, улмаар философийн доктор болно..
шуугиан дагуулсан
бүтээлүүдээрээ алдартай Америкийн кино найруулагч Abel Ferrara-ын эл хоррор бол
артхаус төрөлд багтдаг “цөөхөн” аймшгийн киноны нэг бөгөөд маш баргар хар, цус
сорогчийн талаарх уг киноны онцлог нь цус сорогчийг философитой нэгтгэж,
нийлүүлж чадсанаараа бусад бүх цус сорогчтой киноноосоо илүү өөр, бас бодролын
агаад өөрөөр хэлбэл кино маань цус сорогч гэсэн хальстай, философи гэсэн
дотортой алим шиг гэсэн үг.. найруулагч Abel Ferrara уг киногоороо аливаа
мансуурах донтолт хийгээд мөн нүглийг теологийн үүднээс тайлбарлахыг цус
сорогчоор зүйрлүүлэн үзүүлсэн бөгөөд аливаа юмсад донтохын хор хөнөөлийг цус
сорогчоор дүрслэн харуулахдаа философи буюу мэргэн ухаанаар ангижирж болохыг
үзүүлсэн мэт.. киноны турш дэлхийд нэр нөлөөтэй явсан философичид хийгээд уран
зохиолчдын ишлэл үг гарах агаад үүгээрээ л уг кино философийн кино ба мөнх
амьдрах тавилантай цус сорогчийн мөн чанар болон утга учир юунд орших вэ? Ер нь
философийн үүднээс оршихуйг, мөн амьдралыг юу гэж үзэх вэ? Гэсэн дандаа л
философийн асуудалд хандсан кино..
киноны энэ далд философлог санаа
хар-цагаанаар дүрслэгдсэн нь маш үнэмшилтэй, дотор эвгүйцэм сценүүдтэй
сүлжэлдэн уялдсаар гайхалтай зэвүүн кино болж бүтжээ.. өмнөх үеийнхэн цус
сорогчдыг секс хүслээр төлөөлүүлэн дүрсэлдэг байсан буюу цус сорогчид нь
ихэнхдээ энэ хүслийнхээ боол нь болдог байсан бол уг кино цус сорогчийг өөр
түвшинд аваачсан ба цус сорогч нь өөрсдийгөө донтуулж, өөрийгөө хөнөөх, аврал
болон шашин шүтлэгийн сэдвийг найруулагч ахин дахин давтсан гэж судлаачид үздэг
бөгөөд энэ кино бол ёс суртахууны дүрмийн уналтыг төгс зурагласан бүтээл ажээ..
мөн шүүмжлэгчид Lili Taylor-ын тоглолтыг магтаад уг киног маш секслэг болохыг
онцлоод садар самуун, кино урлаг болон философи гэсэн гурван сэдвээр оюутнуудад
боловсрол олгох бүтээл хэмээжээ..
НЭМЭЛТ: Америкийн кино найруулагч
Абел Феррарагийн донтолтыг философийн үүднээс харуулсан аймшгийн кино. Ер нь
бүхий л цаг үед цус сорогчийн түүх заавал сексийн дэд сэдэвтэй байдаг буюу цус
сорогч ба секс гэдэг бол салшгүй нэг бүхэл байсан билээ. Тэгвэл энэ кино хилийг
давж, донтогчдыг бидний дунд авчирсан. Энэ киноны цус сорогчид нь донтогч бас
донтуулагчид болно. Донтогч гэж хэнийг хэлэх вэ? энэ бол цус сорогч биш үнэндээ
хэрэглээний зах зээлд донтсон хүмүүс буюу капиталист нийгэмд бид бүгдээрээ
донтогсод юм.
This comment has been removed by the author.
ReplyDelete