Бурхан үхээгүй




The Killing of a Sacred Deer (2017) Энэхүү өгүүлэх кино маань зүрхний мэс засал хийгдэж байгаа үзэхүйеэ бэрх зураглалаар эхлэх бөгөөд эхний минутаасаа л хүнд хөгжмийн аязаар дамжуулан тархи ядраах нь найруулагчийн киноных нь агуулга, өнгө төрхтэй наалдаж өгч, киноны турш буюу хоёр цаг үргэлжлэх хугацаанд Franz Schubert, Johann Sebastian Bach зэрэг сонгодог хөгжмийн мастеруудын хөгжим дор өнөө цагийн шилдэг кино найруулагчдын нэгээр зүй ёсоор үнэлэгдэх болсон грекийн кино урлаач Yorgos Lanthimos-ын уран зураг шиг тансаг зураглалаар чимэглэгдсэн ч дотоод мөн чанартаа мөс шиг хүйтэн, зэвхий саарал эмгэнэлт драм үзэгчийн нүд болон чихийг цэвэр урлагт урин дуудна..

Ид үедээ яваа Yorgos Lanthimos киноныхоо санааг эртний грекийн эмгэнэлт жүжгийн зохиолч Euripides-ын “Iphigenia at Aulis” гэх эмгэнэлт жүжгийн зохиолоос сэдэвлэж, ерөнхийдөө орчин цаг үед эл зохиолыг авчран кино болгосон ба найруулагч зарим үед инээдэм, зарим үед хоррор зэрэг олон жанраар киногоо өнгөлж будан өөрийн өвөрмөц хэв маягаараа авъяас чадвар, олон жанрт хувьсаж чадахаа харуулжээ.. киноны гол дүрүүдэд: Colin Farrell, Nicole Kidman, Barry Keoghan гэсэн дэлхийн хэмжээний болон өсөж дэвжиж байгаа чадварлаг жүжигчид тоглосон ба Colin Farrell киноныхоо зохиолыг уншсаныхаа дараа бөөлжиж байсан гэдэг.. найруулагч Yorgos Lanthimos киноныхоо олон сцен зураглалыг Edward Hopper зураачийн бүтээлүүдээс шууд санаа авсан ажээ.. мөн түүнчлэн зүрхний хагалгааны сцений бичлэг бодит хагалгаанаас авсан гэдэг.. киноны утга санаа бол ерөөсөө л шударга ёс буюу өгөө аваа тэнцэж, хоёр тал хэн хэн нь гомдолгүй шударга ёсыг тогтоох тухай өгүүлсэн бүтээл юм..

Эртний Грекийн үед зохиогдож, өдгөө ч нийгэм, хүн төрөлхтөнд яригдсаар, хэлэгдсээр байгаа философийн энэхүү том сэдвээр ойрд ийм тулхтай сайн кино гараагүй гэж миний бие бодож байгаа ба шударга ёс үгүйлэгдсэн манай нийгэмд хүн бүр үзвэл зохилтой бүтээл юм.. ер нь ч шударга ёс гэж юу вэ? Гэсэн мөнхийн сэдвийг сүрхий ухаж төнхсөн, бодол, эрэгцүүлүүлж чадсан бүтээл бөгөөд Yorgos Lanthimos найруулагч үзэгчээ өөрийн эрхгүй кинондоо уусгаж, нэгтгэж чаддаг гайхалтай уран бүтээлч ажээ.. Стивений гэр бүлд яг юу тохиолдоод байгааг тайлбарлаж хэлэхэд хэцүү ч, энэ бүхэн бурхны цээрлүүлэлт, ид шид, үйлийн үр гээч аль нь болох нь чухал биш ба аливаа юм шударга ёсон дор буюу цусыг цусаар, амийг амиар, бүр хайрыг хайраар хариулах ёстой гэсэн хүнлэг, хүмүүнлэг ёсыг үзүүлсэн мэт ээ.. ингээд, киноныхоо талаар товчхон дурдсу.. зүрхний мэс засалч Стивен эхнэр Анна болон арвандөрвөн настай охин Ким, бага хүү арванхоёр настай Боб-ын хамт дутуу гуцуу юмгүй сайхан амьдарна.. Боб хүү аавынхаа үгэнд нэг л орохгүй бөгөөд мөн стивен эхнэртэйгээ секс хийхдээ эхнэрээ ухаан алдсан мэт хэвтүүлж байгаад секс хийх зэрэг энэ мэт асуудлыг л тооцохгүй бол энэ гэр бүл төгс жаргалтай айл өрх өө... 

Стивений ажил дээр өсвөр насны нэг хөвгүүн байнга ирнэ.. энэ хүүг Мартин гэх бөгөөд арванзургаан настай тэрээр гаднаасаа тэнэгдүү харагдавч ярьж, бодож байгаа бүхэн нь айхтар хэрсүү бөлгөө.. Стивен болон Мартин хоёр өдрийн цагаар хамт хоол идэнгээ элдэвийг ярихаас гадна Стивен хүүд бэлэг өгч, ер нь л түүнд эцэг шиг нь хандаж, тун эелдэг харьцана.. үзэгч чухам яагаад эмч хүүд ингэж сайн хандаад байгаа нь ойлгомжгүй агаад хартай нэгэнд эмч маань бэлгийн гаж буруу зуршилтай юмуу гэж бодмоор, гэхдээ хүлээгээрэй, хойно бүх юм тодорхой болно.. ингээд, дараагийн өдрүүдэд Стивен Мартиныг гэртээ урьж оройн хоол иднэ.. 

Мартин ч эмчийн эхнэр, хүүхдүүдтэй эелдэг сайхан харьцаж, бүр Кимтэй нэлээд ойртоод авна.. тэр оройдоо л Мартин эмч рүү залгаж “оройн хоолонд баярлалаа, хариу таныг оройн хоолонд урьж байна, манайд маргааш ирээрэй” гэнэ.. эмч ч зөвшөөрөх бөгөөд эхнэр нь мартины талаар асууж, шалгаана.. эмч хүүгийн талаар “Мартины аавд би арван жилийн өмнө зүрхний хагалгаа хийж байсан, хагалгааны дараа хүүгийн аав авто ослоор золгүйгээр үхсэн болохоор би хүүг өрөвдөж, сайн ханддаг юмаа” гэж хүн ёсны сэтгэл уярам түүх ярихад эхнэр нь барагалж уйлна.. маргааш оройн нь Стивен хүүгийн гэрт очих ба хүү ээжийн хамт даруухан амьдарна.. тэд хамтдаа хооллож, Мартины ятгалгаар аавынхаа дуртай байсан киног үзэх агаад Стивен хүүгийн сэтгэлийг бодож зөвшөөрнө.. гэтэл кинон дундуур Мартин унтлаа гээд явж, Мартины ээж эмчийг илт секс-д урин дуудах ба эмч барагалж жигшин байж гэрээс үтэр түргэн зайлна.. ингээд хэд хоног Мартин эмч рүү мсж бичиж, залгах боловч Стивен огт хариу үл өгнө.. эмчийн хувьд ёстой л нүүр өгөхөд бөгс өглөө гэж хүүд уурсах ба энэ балай харилцаагаа ингээд эцэслэхийг хүснэ, ер нь хэн ч тэгэх байсан байх.. 

Гэтэл Стивений зовлон дөнгөж эхэлж байлаа.. Мартин байн байн эмнэлэгээр үзэгдэх болж, нэг өдөр шууд ажлын өрөөнд нь орж ирэн “миний зүрх өвдөөд байна гэж” худал хэлнэ, энэ нь уулзах шалтаг байсныг Стивен мэдэж, хүүд эмч хүний ёсоор шинжилгээ хийсэн болох үед Мартин түүнд ээжийгээ увайгүйгээр санал болгож амжина.. эмч мартиныг бараг хөөж гаргаснаас хойш төд удалгүй байхад Боб-ын бие муудаж, хөлөө мэдрэхээ байж, нэг үгээр явж чадахаа болино.. анна болон Стивен хоёр хүүгээ эмнэлэгт аваачиж бүхий л шинжилгээг өгөхөд хүү зүв зүгээр гэж гарах буюу анагаах ухааны үүднээс энэ жаал эрүүл саруул гэнэ.. Боб өөрөө явж чадахгүй болчихлоо гэхээс өөрийг хэлж чадахгүй бөгөөд эхэндээ эцэг эх нь хүүгээ тоглож байна гэж бодтол асуудал үнэхээр ноцтой болохыг ухаарна.. 

 Энэ зуур Ким Мартинтай болзож, хамт зугаалах агаад охин түүнд дурлаж орхисон нь онгон биеэ санал болгох сценээс харагдах хэдий ч мартин үл ойшоогоод татгалзана.. Анна болон Стивен хоёр хүүгийнхээ учир нь үл ойлгогдох өвчинд шаналж байх үед Мартин Боб-ыг эргэж ирэх бөгөөд энэ үеэр Стивенд аминчихан хэдэн үг сольё гэнэ.. ингээд, Мартин, эмч хоёр кафенд сууж байна.. мартин хэлнэ “ та миний эцгийн үхэлд буруутай, миний эцгийн хагалгааг та согтуудаа хийж алдаа гаргасны улмаас миний эцэг үхсэн, би танайхнаас өшөөгөө авна, өөрөөр хэлбэл хараасан байгаа танайхныг, эхлээд та нар явж чадахаа больж, удаад нь хоол идэж чадахгүй болон эцэстээ цусаар уйлан үхнэ, миний санал бол амийг амиар буюу та гэр бүлийнхээ нэг гишүүнийг өөрийн гараар ал, тэгээд шударга ёсыг тогтооё” гэнэ.. энэ ярианаас хойш мартин цагдаад баригдаж явсан бол Ким бас явж чадахаа больж дүүгийнхээ дэргэд өвдөн хэвтэнэ.. нэг өдөр Ким рүү Мартин ярих агаад ким түүнтэй ярихдаа алхаж байхыг анна харна.. анна энэ бүх муу ёр, зовлон зүдгүүрийн дайралт Мартинаас болж байгаа гэж мэдрэн түүн дээр очиж ярилцана.. 

Мартин бүсгүйд нөхөр нь архичин байсныг, тийм ч учраас аав нь үхсэнийг хэлээд амийг амиар төл гэж хоол идэнгээ тун тайван ярина... анна бүх нууцыг мэдэхийн тулд нөхрийнхөө найз, бас эмч залуу дээр очих ба нөхрийнх нь найз мэдээлэл өгсөний төлөө секс үйлчилгээ хүснэ.. гэр бүл, үр хүүхдээ бодсон анна нөхрийнхөө найзад машин дотор гар хангалга хийж өгөөд хариуд нь үнэхээр тэр хагалгааны өмнө нөхөр нь уусан байсныг олж мэднэ... Мартины аав авто ослоор үхээгүй Стивений согтуу үедээ хийсэн хагалгаанаас болж үхсэн нь тодорхой болно... 

Үүнээс болж Ётивен болон Анна хоёр эцэс төгсгөлгүй хэрүүлд умбасныг зухас дурдаад тэр шөнөдөө эмч маань уур хорсолдоо багтран Мартиныг хулгайлан гэрийнхээ зооринд түгжиж байгаад хэмх зодно, бүр алахаа ч дөхөх боловч анна болиулна, учир нь түүнийг аллаа гээд нэмэргүй болохыг нөхөртөө хэлж сэнхрүүлээд хүүг тавьж явуулна.. хоёр хүүхдийн бие улам дордож, өөр хоорондоо чи үхнэ, би үхнэ гэлцэнэ.. Боб аавынхаа үгэнд ордоггүй байсандаа уучлалт эрж амь гуйх бол Ким Мартиныг суллаж хамт оргохыг оролдов ч эс бүтнэ.. хүүхдүүд хэн нь амьд үлдэх эрхтэйгээ ам булаалдан хэрэлдэж байхад анна нөхрийнхөө дээр гаран секс хийхдээ мөн л амь гуйж, хүүхдүүдийнхээ нэгийг алчихъя, би чамд дараа нь дахиад нэгийг гаргаад өгнө гэж царайчилна.. Стивен эхнэр болон хоёр хүүхдээ хүлж, амыг нь ч боож, толгойд нь уут ууглаад өөрийгөө тойруулан суулгаж, өөрөө нүдээ боогоод дороо эргэж эргэж хэн нэг нь рүү нь буудна.. бууны ам туссан гэр бүлийн гишүүн бусад бүх гэр бүлийнхнээ аварч байгаа ба эмч мэдээж хайртай гурван хүнийхээ аль нэгийг сонгож чадахгүй тул цэвэр тохиолдолд гайт зовлонгоо даатгана.. эмч хий хоёр буудсаны эцэст Боб хүүгээ онож ална.. ингээд, хараал арилах бөгөөд стивен эхнэр, охины хамт гуанзинд хооллож байхад Мартин орж ирээд танихгүй хүн шиг зэрвэс харчихаад гараад явчихдаг.. ёс суртахуун хийгээд шударга ёсыг үзэгчээсээ асуусан цэвэр арт кино..

Comments