НЭМЭЛТ: Киноны DVD-ийн тайлбар дээр найруулагч
Коппола энэ кинондоо тагнаж чагнах, тандалт хийх, утас чагнах төхөөрөмжийг
ашигласан нь тухайн цаг үеийн Никсоны засаг захиргааны гишүүд Уотергейтийн
скандал гарахаас өмнө улс төрийн өрсөлдөгчдийг нь тагнаж, чагнаж байсан
явдалтай адилхан буюу давхцсанд гайхаж байсан гэдэг. Коппола энэ шалтгаанаар
кино илүү олонд танигдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч энэ явдал цэвэр тохиолдол
гэжээ. Киноны зохиолыг 1960-аад оны дундуур (Никсон засгийн эрхэнд гарахаас
өмнө) бичиж дуусгасан төдийгүй кинонд ашигласан тагнуулыг төхөөрөмжийг Уотергейтийн
хэргийг сонин илчлэхээс өмнө олон мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээгээр олж
илрүүлээд байсан аж. Мөн Уотергейтийн хэрэг хэвлэлд гарахаас хэдэн сарын өмнө
киноны зураг авалт дууссан байж. Ричард Никсон ерөнхийлөгчөөсөө огцрохоос
хэдхэн сарын өмнө кино нь театруудад гарсан тул үзэгчид уг киног нь
Уотергейтийн скандалд үзүүлсэн хариу үйлдэл гэж ойлгосон болов уу гэж Коппола
боджээ.
The Conversation (1974). Суут кино найруулагч Francis Ford Coppola
даланхоёр оноос даландөрвөн оны хооронд домогт ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ киноны нэг
болон хоёрдугаар ангийг хийх явцдаа дундуур ЯРИА гэх эл бүтээлээ туурвьсан нь кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ аваад
зогсохгүй тэр жилийнхээ Оскарын кино наадамд шилдэг кино төрөлд нэр дэвшсэн ч
мөн өөрийнхөө бүтээсэн ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ киноныхоо хоёрдугаар ангид тус
шагналыг \даландөрвөн онд ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ киноны хоёрдугаар ангийг давж гарах
кино үнэндээ байгаагүй \ алдсан байдаг, хэрвээ дараа жил нь ч
юмуу, өмнөх жил нь эл киногоо сойсон бол гэж бодогдох бөгөөд тийм чанартай
мундаг кино гэж өдгөө үнэлэгддэг агаад гэвч ЯРИА кино маань Канны \агуулгаараа Оскараас
илүү\ кино наадмын тэргүүн дээд шагналыг найруулагчдаа авчиран үнэмлэхүй киноны
эгнээнд заларсан..
далаад он кино урлагийн тэр ялангуяа холливуудын кино
түүхэнд алтан, оргил он жилүүд байсан гэж үзэж бүрнээ болох бөгөөд үүнд Francis
Ford Coppola-ын хувь нэмрээс ахиун байж, ерөөс багахан хэтрүүлэгтэй авч далаад
он бол Francis Ford Coppola-ын давамгайлал, ид бяраа гайхуулсан түүний жилүүд
байжээ.. үүнийг бататгах мэт кино судлаачид ЯРИА киног далаад оны холливуудын
суурь нүүр царай болсон бүтээлийн тоонд оруулдаг бол эл кино маань бүх цаг
үеийн хамгийн шилдэг мянган киноны 148-р байрт жагсдаг.. кино нууцлаг триллер,
параной триллер төрөлд багтдаг агаад Gene Hackman, John Cazale, Robert Duvall,
Harrison Ford гэсэн дээд зэрэглэлийн шилэгдмэл жүжигчдийн бүрэлдэхүүнтэй ба уг
жүжигчдийн багийг харсан хэн ч эл киноноос буцахгүй болов уу.. ингээд киноны
үйл явдалтай товчхон танилцая: Харри \ Gene Hackman – Оскарын шагналт,
жүжигчиний замнал нь зургаан арван жил үргэлжилсэн Америкийн жүжигчин бас
зохиолч\ бол тавь эргэм настай хувийн тагнаж, чагнадаг тандалтын компанитай,
тандалтын мундаг шинжээч, мэргэжилтэн боловч ажилдаа сэтгэл ханамжгүй бөгөөд
гэвч энийгээ л хийж амьдарна..
тэрээр тагнаж, чагнах бүх хэрэгслээ өөрөө зохион
бүтээдэг бөгөөд улс орондоо хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжил нэгтэнгүүддээ
хүндлэгдсэн ховорхон төрсөн авъяастай эр бөлгөө.. хувь хүн, бие хүний үүднээс Харри
тун зожиг, ганцаардмал агаад олны дунд байхаас татгалздаг, зан араншин
муухайтай, ганцаараа амьдардаг нэгэн, орон гэр нь гэж тэр чигээрээ тагнуулын
байр шиг.. хүнд ер нь итгэдэггүй түүний энэхүү хачирхалтай авир ааш мэргэжлээс
нь юмуу, эсхүл багадаа тун бие муутай байснаас нь болсон гэж таамагламаар..
кино эхлэхэд, Харри ээлжит захиалгачийнхаа өгсөн даалгаврыг гүйцэтгэж буйгаар
гарна.. Харри өөрийн багийн хамт цэцэрлэгт хүрээлэнг “бүслэн” онилсон бай болох
гуч орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёрыг тагнаж бас чагнана.. цэцэрлэгт хүрээлэн
хүн ихтэйн улмаас яриа нь цэвэр тунгалаг сонсогдохгүй авч зовнисон, түгшсэн
нүүрний хувирлаас нь яриаг нь тааж болмоор мэт..
ингээд ямар ч байсан
технологийн гайхамшиг хийгээд Харригийн чадвараар яриаг бичиж авна.. Харри
харьсан хойноо, бичлэгийг шинжилж, яриаг сайтар сонсож үзнэ, захиалгачдаа
өгөхөөсөө өмнө, ингэх явцад бичлэгээс хачин зүйлс ялгаж сонсож эхэлнэ, үүнд:
залуус нэг зүйлээс сэрэмжлээд бас болгоомжлоод байгаа нь дууны өнгөөс нь
илэрхийгээс гадна удахгүй ирэх аюул юмуу гэмээр зүйлсээс зайлсхийх боломжийг
эрж байгааг Харри олон жилийн туршлага болон мэдрэмжээрээ ойлгоно.. мөн хосууд
нэгэн буудлын нэр, өрөөны тоотыг дурдаад бүтэнсайнд л энэ бүхэн болно гэдгийг
нь тогтоож авах ба Харри гэхдээ хамгийн чухал байж мэдэх яриаг шуугианаас ялгаж
сонсож чадахгүй байлаа.. энэ үеэр захиалагчийн бие төлөөлөгч гэх нэг залуу түүн
дээр ирж тохирсон хөлс мөнгөө өгөөд бичлэгээ авъя гэнэ.. Харри энэ үед хүн
амины хэрэгт оролцож, тэгээд бүр туслаж байгаа юм биш биз гэж сэжиглэх бөгөөд
ингэж бодох үндэслэл алхам тутамд нь бодитой болж ирсээр байна..
Харри өмнө нь,
захиалгаар ийм хэрэгт гар бие оролцож, улмаар гурван хүн үхсэн байдаг ба үүнд
өөрийгөө буруутгаж явдаг болой.. Харри бие төлөөлөгчөөс зугтаан байж
бичлэгийн чухал хэсгийг сайтар сонсож, мөн чадвар, мэдлэгээ ашиглан бичлэг дэх
дууг нарийсган шүүн сонсоход: түүнд боломж гарвал л биднийг алах болно, гэсэн
үгийг ялгаж сонсоно.. Харри энэ удаа зөв зүйл хийж өөрөөр хэлбэл нүглээ
цайруулахаар зорих хэдий ч бичлэгээ согтуудаа янхан хүүхэнд алдчихна, энэ
хүүхэн нь захиалгачийн явуулсан хүн байсан агаад түүний өмнө асар нөлөөтэй баян
хүн байгааг ухааран эрхгүй мөнгийг нь аваад явахаас өөр аргагүйд Харри хүрнэ,
үгүй гэвэл өөрөө үхэхэд гайхах юмгүй байв.. гэвч Харри бууж өгөхийг хүссэнгүй,
сүүлийн үеэс улааран бараг солиортлоо сонсож учрын тайлахын түүс болсон бичлэг
буюу хүн амины хэргийг хараад зүгээр суух эрх, ёс суртахуун түүнд байсангүй бол
өнгөрсөнд үйлдсэн гэмээ одооны энэхүү хэргээр зөвтгөхийг хүснэ..
Харри
бичлэгт гарах буудалд очиж, хэлж байсан дугаарын өрөөний дэргэд өрөө аван
бүтэнсайныг хүлээж, чагнах төхөөрөмжөө байршуулан бэлэн сууна.. киноны маань
үйл явдал төгсгөлдөө тун гэнэтийн байхаас гадна төгссөн хойноо ч гайхшрал,
бодролд автуулна.. киноны уур амьсгал хийгээд өнгө төрхийг өнгөөр зүйрлэ гэвээс
зэвхий саарал гэмээр ёозгүй, мөн байнгын түгшүүртэй, солиорлын мэт байлгах ба
уг киног Francis Ford Coppola-ын хамгийн хувийн шинжтэй бүтээл гэдэг.. Francis
Ford Coppola киногоо найруулж, зохиолын бичиж, мөн продюсерлэсэн бөгөөд
киноныхоо санаа болон бүтээх урам зоригийг суут Michelangelo Antonioni-ын
Blowup (1966) бүтээлээс авсан ба киноны суурь санаа нь ажиглалтын эсрэг бусдын
оролцоо, ухамсарлах чадварын эсрэг бодит байдал юм.. киноны хөгжим сонсууштайн
дээр киноны өнгө төрх, уур амьсгалыг мэдрүүлэх ба хөгжмийг Америкийн хөгжмийн
зохиолч David Shire киноны зураг авалт хийгдэхээс өмнө бичсэн гэдэг бол Francis
Ford Coppola ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ киноныхоо хоёрдугаар анги дээр ажиллаж байсан
учир эвлүүлэг дээр Америкийн нэрт эвлүүлэгч Walter Murch илүүтэй сууж ажилласан
агаад түүний ажлыг эдүгээ гайхамшигтайд тооцогдож Америкийн кино эвлүүлэгчдийн
холбооноос тус киноны эвлүүлгийн ажлыг бүх цаг үеийн хамгийн шилдэг эвлүүлгийн арван
нэгдүгээр байрт жагсаажээ..
гол дүрийг бүтээсэн Gene Hackman бишрэм тоглолт
үзүүлж, Roger Ebert түүний тоглолтыг кино урлагийн түүхэн дэх хамгийн сэтгэл
уярам бас эмгэнэлтэй дүрүүдийн нэг гэж хэлсэн байдаг ба Francis Ford Coppola нэгэн
ярилцлагтаа: Gene Hackman дүрээ бүтээхийн тулд багагүй зүдэрсэн, учир нь тэрээр
бүтээх дүрээсээ тэс ондоо характертай хүн байсан хэмээсэн бол хожим Gene
Hackman өөрийнх нь хувьд замналынхан хамгийн дуртай дүр гэсэн байдаг.. Киноны
гол дүр Harry Caul-г чагнах төхөөрөмжийн мэргэжилтэн Martin Kaiser гэдэг хүнээс
урам зориг авч бүтээсэн бөгөөд Gene Hackman энэхүү кинондоо зориулж саксафон
тоглож сурчээ.. мөн түүнчлэн Francis Ford Coppola уг киногоо өөрийнхөө хийсэн хамгийн
дуртай киногоор нэрлэсэн байдаг.. техник технологи хүний амьдралд нэвтэрсэнээр
ашигтай тал нь их ч хэрэв буруугаар ашиглавал юунд хүргэж болохыг хийгээд
тагнаж, чагнах нь хүн хоорондын итгэлцэл, моралын асуудлыг хөндөж бас асуусан
үеийн үед үнэ цэнээ алдахааргүй кино..
Comments
Post a Comment