Loveless (2017). Арав орчим насны
нэгэн хүү сургуулиа тараад гэрийн зүг явахдаа хамгийн тойруу, бартаат замаар
буюу хотын ойролцоох мөрөн болон ой модтой газраар хэсүүчлэн, тэнэж, тэнэж
гэртээ харина. Энэ хүүг Alyosha гэдэг ба гэртээ харихыг яарахгүй байх шалтгаан
нь, эцэг эх хоёрынх нь салалт. Хүүг дөнгөж гэртээ орж иртэл гаднаас танихгүй
хосууд орж ирэн гэрийг нь сонжин сонирхоно. Эл залуу хосод Alyosha-ын эх
Zhenya орон гэрээ танилцуулж байгааг ажваас орон гэрээ зарахаар зэхэх буюу энэ
айлд гэр бүл салалт гэсэн амьдралын хамгийн хүсэмгүй зүйлсийн нэг нөмрөн авсныг
харуулна. Zhenya бол гуч гарч яваа, өнгө зүс ид оргил дээрээ тогтон ирж, мөд
уруудах болсон, цаг үргэлж утсаа маажсан бүсгүй. Цаг орой болж энэ айлын
өрхийн тэргүүн Boris орж ирнэ. Boris-ыг орж ирүүтэл Zhenya хорон муухай үгээр
шүршиж, хэрүүл уруулыг шуурга шиг тавина.
Бүсгүй эл явдлаа бахтай, заналтай
гүйцэтгэх бол Boris ажлаасаа ядрангуй ирсэн хүний ёсоор яршиглан, аль болох
хэрүүл хийхгүйг бодож, довтолгоон бүрээс зайлсхийх боловч эцэстээ хяналтаа
алдаж, чанга дуугаар хэрэлдэж гарна. Хэрэлдэгч хоёрын хэрүүлийн гол сэдэв
Alyosha хүү нь буюу хүүгээ хаана байлгах, хэн нь авах яриа нь халсаар хамгийн
эмзэг цэгүүд рүүгээ харилцан довтолон үзэлцэх бөгөөд тэд хүүгээ унтаж байгаа гэж
санах бол хүү хаалганы цаана эцэг эхийнхээ бүх яриаг сонсож, тэдэндээ голдоо
ортол гомдон уйлж зогсоно. Хүү орондоо орсон ч уйлсаар байх агаад эцэг эхийгээ
салж байгаад, мөн өөрийг нь нэг л ад үзсэн мэт уур амьсгалыг мэдэрсэндээ гомдож
байсан болов уу. Үнэхээр ч салж буй хоёрыг ганц, гэхдээ бэлэгдэл төдий барьж
байгаа зүйл Alyosha бөгөөд хүүгийнхээ хаана байх зэрэг асуудлыг шийдэхээ л
хүлээж, үүнийгээ хэрүүл болгож байгаа энэ ажгуу. Тэд ид хэрүүлийн дунд, чи
бидээ тулсан байх мөчдөө үнэхээр ч хүүгээ төрөөгүй байсан бол гэж бодсон байхыг
хэн мэдлээ. Өрхийн тэргүүн Boris дөчин нас орчим, аятайхан газар ажилтай,
өөрөөсөө нэлээд дүү хүүхэнтэй гэр бүл болох гэж байгаа ба тэр нь жирэмсэн.
Тэд хэдийнээ нэг гэрт орж, Boris ирээдүйн хадам эхтэйгээ байх болсон ба залуу
эхнэр нь түүнийг халуун хайраар хайрлаж, экс эхнэртэй нь хатуу хардана. Тэд оронд орсон хойно сүйт бүсгүй залуухан
болоод тэр үү, үргэлж эрхэлж, санаа тавихыг Boris-оос шаргуу шаардахаас гадна
“чи надад хэлсэн сайхан бүхнээ өмнөх эхнэртэй хэлж байсан уу” гэж асууж
зовооно. Тэгвэл Zhenya ч хоосонгүй байв.. бүсгүй өөрөөсөө хэдэн насаар ах
эртэй уулзаж, салангуутаа түүнтэй амьдрахаар шийдсэн бөгөөд энэ яваа насандаа
учирсан цорын ганц жинхэнэ хайр минь гэдгээ оронд орсон хойноо давтан давтан
хэлж, хэнийг ч хэзээ ч ингэж хайрлаж байгаагүйгээ ах амрагтаа эрхлэн шивнэнэ. Ингээд, хүүгээ хаясан эцэг, хүүгээ тоохоо больсон эх хоёрын амин хувиа хичээгч
байдлаас залхасан Alyosha гэрээсээ явж, ор сураггүй алга болно. Zhenya, Boris
хоёрт уг явдал аянга цахилгаан мэт хүнд тусах нь мэдээж бөгөөд яаралтай цагдаад
мэдэгдэвч цагдаа хүү зүгээр л гэрээсээ зугтаж, хуний наймаа юмуу гэмт хэргийн
шинжтэй зүйл, үл мөр алга, хэд хоноод өлсөж цангахын эрхэнд эргээд ирнэ гэж
хэлээд тоохгүй хаячихна. Хувийнхаа жаргал болон хоёр биендээ хорсож, өширхсөн
сэтгэлдээ сохорсон эцэг эх хүүгээ таг мартсанаа, хүүгээ ерөөсөө энэ хугацаанд
анхаарч хайрлаагүйгээ сэхээрэн ухаарч, хүний л эцэг эх юм хойно хүүгийнхээ
араас үхтэл санаа зовж, амьдын хагацал үзэж эхэлнэ.
Аз болж тэдэнд сайхан
сэтгэлтэй цагдаа таарч, сайн дурын эрлийн баг гаргаж хүүг нь хайлцаж тусална. Тэд эхлээд хамгийн очсон байх боломжтойгоор нь Zhenya-ын ээж дээр очно; хүү
тэнд байхгүй агаад Zhenya-ын ээж охиндоо “би чамд хэлж байсан, наад юмтайгаа
битгий суу, наад хүүхдээ ч битгий тээ гэж, гэтэл чи намайг нохой хуцна чинээ
тоогоогүй, одоо хохь чинь “ гэж хэлээд хөөж явуулдаг. Буцах замдаа Zhenya
Boris-д хандаж “тэр үед ээжийнхээ үгэнд орох минь яалаа, тэр үед чиний ганган
чамин үгэнд итгэхгүй байх минь яалаа, би энэ хэдэн жилд чамайг хайрлаж
байсангүй, ер нь ч хайртай байгаагүй” гэж хатуу хэлдэг. Өдөр хоног урсавч
хүүгээс сураггүй ба тэд ойр хавийн бүхий л гол мөрөн, шугуйгаас өгсүүлээд
дэлгүүр хоршоогоор хайж эцэст хүүгийн ангийн найз жаалаас найдвар бүхий мэдээлэл
олж мэднэ; энэ нь, найзуудаараа очиж тоглодог хотын гадна байх хаягдсан хуучин
хотын нэгэн нурсан балгаст байгаа гэсэн мэдээ ба даруйхан давхиад очтол хуучны
нурсан байрны нэг өрөөнд үнэхээр ч хүн байсны шинж тэмдэг болох хоолны сав, ус
ундааны шил, хамгийн гол нь хүүгийн гадуурх хүрэм байв, гэхдээ хүү өөрөө л
алга. Эцэг эх шар махтайгаа хатаж, дагаад амрагууд нь ч хямралд орох
агаад хамгийн хэцүү нь хүүгийн олдох найдвар улам гараас гарч, найдвар татарч
байлаа.
Эцсийн олох магадлал буюу ядаж хүүрийг нь ч гэсэн олохоор эцэг
эх хоёр моорогт очиж, өдийг хүртэл хэн гэдэг нь танигдаагүй байгаа нэгэн
хүүгийн цогцосыг үзнэ. Цогцосыг үгээр илэрхийлэмгүй зэрэмдэглэсэн учир таних
аргагүй болсон ч Zhenya энэ миний хүү биш \энэ хэсэг маш хүнд, учир нь эцэг эх
хоёр туж уйлдаг\ гэнэ. Харин мэргэжлийн хүмүүс хүн гүн цочирдохоороо бодит
байдалтай эвлэрэхийг хүсэхгүй ийм үгүйсгэсэн хандлага гаргадаг гэсэн ч Zhenya
би хүүгээ танина, энэ биш гэдэг. Ингээд план солигдоход Boris бяцхан хүүтэй
болсон байх бол Zhenya ах эртэйгээ тансаг байшинд амьдрах боловч тэдний харцанд
гүн гуниг суужээ, өөрөөр хэлбэл хүү олдоогүй, ямар ч сураг гараагүй байсаар лав
жил гаран болжээ. Замын дагуух шонд Alyosha-г эрэн хайж байгаа зурагт хуудас
нэлээд урагдаж хуучирсан байх ба гадаа цас будран тун үзэсгэлэнтэй байгаль эх
буюу хөлдсөн гол горхи, нүцгэн модод зэргийг удаанаар үзүүлнэ. Энэ газар бол
Alyosha-ын гэртээ харих зам нь, эцэг эхийнхээ хэрүүлийг сонсохгүй гэж албаар
сонгож явдаг байсан зам билээ.
Оросын
төдийгүй энэ цаг үеийн шилдэг кино найруулагчдын нэг Andrey Zvyagintsev-ын \тэрээр кино зохиолоо кино зохиол бичигч Oleg
Negin-тэй хамтран бичсэн ба Ingmar Bergman-ын "Scenes from a Marriage" киноноос санаа авсан \ 2017 оны Канны кино наадмаас Jury Prize шагнал хүртсэн
драм төрлийн бүтээлийн төгсгөл хоолой зангируулам хүчтэй. Тус киног Канны наадмын дээд шагнал авахуйц гэж
шүүмжлэгчид үздэг бөгөөд ерөөсөө уг бүтээл нь 2017 онд гарсан шилдэг
киноны нэг болжээ. Andrey Zvyagintsev энэ цаг
үед үзэсгэлэнтэй хийгээд хүчтэй бодролын кино \удаан тогтсон\ зураглалаараа арт
кино сонирхогчдын хүслийг хангаж чадаж байгаагаар үл барам кинонуудынх нь сэдэв
болсон орчин үеийн нийгмийн ялзрал, тэр дундаа хүмүүний ёс суртахууны уналтыг
зоримог дүрсэлж байна гэж үзэх.
Киноны продюсер Alexander Rodnyansky киноны
талаар: энэ кино бол Оросын
нийгмийн өвчний тусгал гэж хэлсэн байдаг. Зөвхөн Оросын гэлтгүй ерөөсөө орчин цагийн гэр
бүлүүдийн харьцаа, тэдний ёс суртахуун болон үүрэг хариуцлага хэр зэрэг
хэврэгшиж, гэр бүлийн үнэ цэнийг умартаж байгааг үзүүлэхийг зорьжээ. Ер нь
урлаг тухайн нийгмийнхээ тусгал байдаг болохоор уг кино Монголд ихээхэн ойрхон юм шиг санагдсанаа
хэлээд уур амьсгал, аж ахуй талаасаа ч Орос улс барууны гэхээсээ Монголтой ойрхон учир залуус маань үзээсэй билээ.
Оросыг сайн ухаж маажвал татар гарч ирнэ
гэдэг үг хоосон бишээ. Andrey Zvyagintsev кинондоо бурхан, шашныг орхидуулдаггүй,
энэ кинонд эцэг эхийн \чин сэтгэлээсээ биш ч\ хүүгээсээ салахын түүс болсонг
бурхан сонсоод аваад явчихсан юмуу, эсхүл үйлийн үр \гэр бүлээ бузарласан\ гэгчээр хүү нь алга болжээ. Мөн,
найруулагчийн кинондоо тусгасан нэг том шүүмж бол гар утас. Zhenya киноны турш
гар утсаа маажиж, хаа явсан газраа селфи хийж, үзсэн харсан болгоныхоо зургийг
дарж нүүрномдоо постлох нь үнэн тэнэг, утгагүй санагдана. Өөрийгөө хэн гэдгээ
бүрэн таниагүй, амьдралд дөнгөж орж ирсэн даруйд сэтгэлийн хөөрлөөр хэн нэгэнтэй
дэр нэгтэсэн ч гуч гараад одоо л би амьдралаа оллоо, одоо л би өөрийгөө танилаа
гэж мангартах тухайн хүний хувийн хэрэг хэдий ч хүүхдийнхээ өмнө хүлээсэн эрхэм
чухал үүргээ дандаа санаж явахыг, тэгээд хүнээ зөв таньж, яарсан, түрэгдсэн биш
шийдвэр гаргаж, үгүйдээн нэгэнт шийдсэн бол түүнээ хүн ёсоор биелүүлэх нь
хүнлэг бөгөөд өөр хэн нэгний амьдрал үхлийн асуудал бөлгөө.
Boris киноны
төгсгөлд шинэ хүүгээ огт тоохгүй хүйтэн харьцаж байгаа нь энэ хүн ерөөсөө муу
хүн болохыг илтгэх бөгөөд Alyosha
бол хүсээгүй бас хүлээн зөвшөөрөгдөөгүй хүүхдийн жишээ юм. Boris болон Zhenya
хүүгээ алга болсоноос хойш бие биедээ улам өсөрхдөгөөс гадна киноны ухвар санаа
болох анти-хайрыг бид Zhenya-ын ээжээс тодхон харж болно. Энэ бол алга болсон
хүүгийн тухай биш орчин үеийн амьдралд хайр, ариун гэгээн бүхэн алга болж
байгааг Alyosha-аар төлөөлүүлсэн бүтээл ажээ. Кинонд гарах цаг агаарын байдал
болон газар орны өнгө төрх киноныхоо ухвар санааг хэлэх бөгөөд Оросын газар
нутгийн өвөрмөц талыг ашигласан байдаг, тухайлбал цастай хүйтэн өдөр киноны оршил
болох бол цэвдэг хүйтэн ой мод айдас хүргэм түүхийг илтгэх ба орхигдсон
хоосон барилга аварга том авсыг санагдуулна.

Comments
Post a Comment