Могойтой бүжиглэгч


Tiger of Bengal болон The Indian Tomb (1959). Австри-Германы суут кино урлаач Fritz Lang \харанхуй мастер гэх хочоороо кино урлагийн түүхэнд мөнхөрсөн эрхэм\ холливууд дахь амжилттай урт замналынхаа дараа төрсөн нутаг Германдаа эргэн ирж нэгэн томоохон туульсын бүтээл туурвьсан нь өдгөө кино санд зураглал хийгээд үлгэрийн мэт тансаг дүрслэлээрээ үлэмж нандин өв болон үлджээ.. мөн тус кино нь Fritz Lang-ын Германд хийсэн сүүлчийнх нь кино байснаас гадна суут кино найруулагчийн маань яруу алдарт замналын сүүлээсээ хоёрдахь кино нь байв.. киноны зохиол нь Fritz Lang-ын гэргий Thea von Harbou-ын \эхнэр нөхрүүд олон кинонд хамтран ажилласан байдаг\ ижил нэрт романаас сэдэвлэн хийсэн бөгөөд Fritz Lang “Энэтхэг бунхан” болон “Бенгал барс” гэсэн хоёр кино болгон хийсэн нь нийлээд “Энэтхэгийн туульс” хэмээгддэг.. өөрөөр хэлбэл кино тус бүрдээ зуун минут үргэлжлэх хоёр кино болгосон \би энд хоёулангийн нийлүүлээд нэг кино шиг бичнэ\ бөгөөд ингэж хуваах болсон шалтгаан нь орчин үеийн үзэгчдийг залхаахгүй гэсэн арга байснаа найруулагч хэлсэн байдаг..

Кино тэр чигээрээ мянган нэгэн шөнийн үлгэрийг санагдуулам ид шид, үлгэр мөрөөдлийн гэмээр ахуй орчин, тансаг үзэсгэлэнтэй зураглалтай.. хааны ордонтой нийлсэн агуйн нууцат сүрлэг систем хийгээд туульсын бүтээлийн, зүүд зөнгийн бүхий л гайхамшиг болсон заан, матар, бар, уяман өвчтөнгүүд, мөн мэдээж аюулыг сөрсөн агуу хайрын түүх энэ бүтээлийг олон төрлийн эрдэнийн чулуу шиг өнгөлөг, хурц чамин болгосон.. мөн киноны тайз засал чимэглэл тэр цаг үедээ гайхагдаж явсан бол Fritz Lang ихэнхи зургаа энэтхэгт нь авч чаджээ.. киног нэг үзвэл заавал эхний хэсгийг нь үзээд хоёрдахийг нь үзэж байж гүйцэт ойлгож чадах агаад трилоги шиг хаанаас ч үзэж, өөрөөр хэлбэл хоёрдугаар ангиас нь эхлүүлж үзэж болохгүй юм.. гэвч киног хоёр хуваасан учир шүүмжлэгчид тус тусад нь үнэлгээ өгсөн байдаг ба эхний анги нь бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 643-р байрт, хоёрдахь анги нь 984-р байрт тус тус жагсдаг билээ..

Кинонд Debra Paget тэргүүтэй жүжигчид тоглосноос Debra Paget-ыг онцлоод бусад жүжигчдийг би чухалчлалгүй орхиё.. учир нь, америк жүжигчин бүсгүй Debra Paget өөрийн гайхамшигтай сэтгэл татам эротик бүжгээрээ уг бүтээлийг өөрийн нэрэмжит болгож чадсан гэж хэлэхүйц бөгөөд түүний могойтой бүжиглэдэг хэсэг бүх цаг үеийн хамгийн халуухан \барагалж нүцгэн шахуу\ бүжигтэй кино сцены нэгээс гадна энэхүү бүтээлийн хамгийн алдартай сцен гэгддэг.. зөвхөн үлгэрт л гардаг гайхамшигтай адал явдал, мансуурам тачаангуй Debra Paget хийгээд сэтгэл уяраам хайрын түүхийг сонирхон үзэхийг уриад, киноны үйл явдлыг товчхон бөгөөд тодорхой өгүүлэхийг хичээнгүйлэн дор бичсү.. үлгэр ингэж эхэлдэг.. арваннайм, арванесдүгээр зууны үед Германы авъяаслаг инженер Berger Энэтэхгийн Maharaja-ын \хойшид хаан гэнэ\ хүсэлтээр энэтхэгт эмнэлэг болон сургууль зэрэг бүтээн байгуулалт байгуулахаар очно..

Герман инженер замдаа хэсэг бүлэг хүмүүс рүү бар дайрч үхэл амьдралын тулаан болж буйтай учран, угийн эр зоригтой тэрээр хөөрхий хүмүүст туслах агаад эр зоригийн хүчинд амь гарагчдын дотор хааны ордны сүмийн бүжигчин болсон Seetha гэгч залуухан үзэсгэлэн төгөлдөр бүсгүй байж таарна.. тэд ордон явах зам нэгтээ учир хамт явах агаад энэ хоорондоо хоёр биендээ сэтгэл алдран, хайрын дийлдэшгүй ариун гал тэднийг эгнэгт ороохыг мэдэрнэ.. бүсгүй залууд өөрийнхөө тухай ярихдаа: өөрийгөө хагас Европ цустай болохоо хэлж, сүмийн бүжигчин гэж танилцуулна.. ингээд тэд ордонд ирж, хаан инженерт сүмийнх нь бүжигчинг аварсанд талархлаа илэрхийлж, цаашлаад бүр найз нөхөд болцгоохыг хүснэ.. хаан харьцангуй залуухан, сайхан эрийн дээр шударга хүн байв.. тэрээр бүжигчинд мөн л анхны харцаар сэтгэл алдарчихна.. хатан нь нас нөгчиж бэлэвсэрсэн хааны хатсан зүрхийг Seetha дэвтээн дахин амилуулна.. 

 Сүмийн тахилгийн бүжиг болж, хаан болон хааны ах хунтайж, мөн сүмийн эрх мэдэлт их хамба зэрэг өндөр дээд эрхэмтэнгүүд ирцгээнэ.. 
харин энэ зуур Berger ажилтайгаа буюу ордонтой танилцаад явж байв.. ордон тэр аяараа нууц байгууламж гэмээр тоймгүй олон өрөөтэй бөгөөд өрөө болгон өөр хоорондоо холбогдохоос өгсүүлээд олон арван төд зам, нууц газар руу аваачсан асар нүсэр систем байлаа.. инженер сонирхож яваад эцэстээ төөрч олон орох нүхтэй агуй руу яваад орчихно, агуйны өрөө болгонд аймшигтай юмуу эсхүл гайхмаар юм угтах агаад нэг өрөөний хаалга нээтэл тэр чигээрээ дүүрэн уяман өвчтөнгүүд \яг л зомби гэсэн үг\ байж, манай хүн дөнгөж амь зулбан зугтаана.. ингэж, ингэж яваад сүмтэй холбогдох нууц өрөө олж очтол Seetha ид бүжиглэж байх ба инженер бүсгүйн гоолиг бие, уян, тачаангуй бүжгэнд ховсдуулан байхуйд нөгөө талд хаан яг инженер шиг байв ч харин дотроо хурим бодож байлаа..хаан болон инженерийг мансууралтайн орхиод бид хунтайжтай танилцаж амжъя аа.. хунтайж муу санаатай ба ойрын үед хааны эсрэг талын хүмүүсийг өөртөө нэгтгэн бослого гаргаж, улмаар хааныг алж өөрөө сэнтийд залрах туйлын хүсэлтэй бөгөөд өөрийн эгнээндээ хааны хүргэн ах болон сүмийн их хамба зэрэг хүчирхэг хүмүүсийг татахаар цуцалтгүй эрмэлзсээр байгаа..

Ингээд, дараачийн өдрөөс хаан бүжигчинг дагуулан ан авд явна.. хаан одоо Seetha-д сэтгэлээ илчлэх болсон ба өрлөг сэтгэлээр хишиг буянаа хүртээх нь бүсгүйд дарамттай санагдаж, инженерээ улам их санах нь магад хагас европ цусных нь болов уу гэмээр.. ангын үеэр хаанаас санамсаргүй холдсон үед хааны хүргэн ах бүжигчин рүү довтлон олзож авна.. хааны хүргэн ах хэрвээ хаан амжиж ирээгүй бүжигчинг бузарлаад зогсохгүй бүх цэргүүддээ тавьж өгөхөөр зэхэж байв.. хаан ирсэнээр хүргэн ах шангаа хүртэх бол бүсгүй хаанд амь насны өртэйгөө учирлаж хуримлах саналаас нь татгалзаж үл чадна.. Seetha хоёр эр хүнд насаараа өртэй бөгөөд нэгэнд нь хайртай ч хамт байхгүй бол нөгөөд нь хайргүй ч хуримлахаар болно.. Seetha нөхцөл байдлаа, одоо яахаа инженертэй ярьж, халуун тэврэлтэд нь нялхарч байхад хааны шадар хүмүүс харж, улмаар хаанд мэдэгдсэнээр амраг хосуудад хааны уур хилэн аянга цахилгаан мэт бууж, бүжигчин тусгаарлагдах бол инженерийг бартай торонд зэвсэгтээ оруулж, барыг алж чадвал суллаж тавина хэмээнэ..

Инженер шандастай эр байсан учир барыг хөнөөгөөд амьд үлдэх эрх олуутаа шууд зугтсангүй, ордны нууц өрөөний системийг гадарлах болсон тэрээр бүсгүйн байгаа газрыг олж хүрэн хамтран оргох ба үүнийг мэдсэн хаан үхтлээ уурлаж тэднийг бариулахаар армиа илгээнэ.. яг энэ үед инженерийг эгч болон түүний нөхөр буюу инженерийн найз ордонд ирнэ, тэд бол бүтээн байгуулалтын багийн гишүүд юм.. амраг хосууд хоол хүнс, унаагүй зовж явтал нэг бяцхан тосгоныхон туслах ба хааны цэргүүд ирэхэд тосгоны нэг хүн хаандаа үнэнч гэсээр тэднийг хэлж өгнө.. амрагуудад цэргүүд ирж явааг, манайхны нэг нь хааны цэрэгт худалдагдсан хэлж, хос хоёр хүч сэлбээд цааш ууланд гарна.. ингэлээ гээд ядарсан хоёр бүхэл бүтэн армиас хаашаа зугтаж чадаа билээ.. цэргүүд инженерийг уулнаас түлхэж унагаад бүсгүйг ордонд аваачина... Berger-ын эгч, хүргэн ах хоёр хаанаас дүүгээ шаргуу сураглахад, хаан харин дүүг нь анд явж байгаад золгүйгээр үхсэн гэж хэлээд нөгөө сургууль, эмнэлэгийн оронд бунхан бариулмаар байна гэнэ..

Хаан хэлэхдээ: энэ бунханд миний хайртай гэвч итгэл сэтгэлийг минь хөсөрдүүлсэн тэр бүсгүй оршуулагдах ёстой гээд үнэ хөлс дээр санаа чилээлтгүй гэнэ.. инженерийн эгч, хүргэн ах хоёр хааны ярианд анхнаасаа огт итгэхгүй бөгөөд хааны бунхан барих, бүтэлгүй хайр зэргийг сонсоод айхаас гадна энэ бүхэнд нэг нууц байгааг зөн совингоороо мэдрээд байв.. тэдэнд, тэдний туслах болгож өгсөн боолоос \тэр нь сайн хүн байж\ олон чухал мэдээлэл олж сонсож, совин нь үнэн болохыг, өөрөөр хэлбэл дүүгийнх алга болсон хаан болон бүжигчин хоёрын хайртай холбоотойг, тэр байтугай дүү нь үхээгүй амьд байгааг олж мэднэ.. эхнэр, нөхөр хоёрт дүү нь үхсэн гээд цустай европ цамц үзүүлсэн нь үнэндээ тэр цамц хүргэн ахынх нь болохыг инженерийн эгч цамцанд өөрийн гараар хадсан товчноос олж илрүүлнэ, нэг ёсондоо эхнэр, нөхөр хоёрын шүүгээнээс тэр цамцыг хулгайлчихсан ажээ..

Үнэндээ ч Berger үхээгүй, ордны хаа нэгтээ түнэр харанхуй нүхэнд хэвтэж байв.. үүнийг, ер нь хааныг хайрандаа сохорч, улмаар хайрлагдаагүй хорссон, өшөө авах сэтгэлийг нь хунтайж овжин ашигласан ба тэрээр одоо хааны хамгийн итгэмжит хүн болсоноос гадна бослого, төрийн эргэлтээ хийхэд тун ойртож, одоо зөвхөн сүмийн их хамба болон армийн их жанжин хоёрыг л өөртөө урвуулах үлдсэн байлаа.. хунтайжын бас нэг бусармаг санаа нь хааныг хөнөөсний дараа бүжигчинтэй суух ба үүнийгээ ч бүсгүйд хэлж, инженер амьд байгаа, чи хаантай суу, тэгэхгүй бол түүнийг нь ална гэнэ.. хаан үхсэн хойно бүсгүйн хувь заяа шуудхан хунтайжынх болох нь тэнэг хүнд ч ойлгомжтой юм.. энэ үеэр их хамба бүсгүйг тахилгадаа бүжиглүүлэхийг хүснэ.. ингэхдээ, могойтой бүжиг байх ба хэрэв могой бүсгүйг хатгавал бурхан таалсангүй, могой номхон байвал амь өршөөнө гэнэ.. хаан харин журамгүйг нь бодож шууд бунханд амьдаар нь оршуулахыг бодож байлаа.. ийнхүү бүжиг болоход хаан бүсгүйн гоо үзэсгэлэн, чөтгөрийн халуухан биеийг харж дахин нэг, гэхдээ бүр илүү гүн хайрлан дурлаж, могой яг дайрах үед амжиж бүсгүйг аварсанаар хуримлахаа бат нот зарлана.. 

Харин үүнд их хамба дургүцэх бөгөөд энэ л хунтайжид хэрэгтэй байлаа.. энэ зуур инженерийг эгч, хүргэн ах хоёр дүүгээ эрсээр сурсаар агаад ер нь энэ янзаараа өөрсдөө ч эндээ үхэх нь гэдгээ мэдэж, худлаа ажилласан болж дүр эсгэн ордны нууц агуйд нэвтрэн тэнд тэсрэх бөмбөг тавьж, хэрэг болсон үед дэлбэлж зугтаах зам гаргаж байлаа.. хунтайж харин их жанжинг өөртөө элсүүлэх гээд чадалгүй, хаандаа үнэнч, үүрэгтээ хариуцлагатайд нь уурсаж хутгалчихаад \үхсэн гэж бодно\ явчихна.. ингээд, цуутай хурим болох үеэр хунтайж өөрийн хүмүүс, тэр дундаа хааны хүргэн ахын хамт төрийн эргэлт хийж хааныг баривчлан самуун дэгдээнэ.. инженер энэ үед хаана байсан бэ гэж үү? Инженерийг устга гэж хунтайж бие хамгаалагчаа явуулахад овсгоотой герман эр бие хамгаалагчийг алж, өөрөө өөрийгөө суллаж, зугтаж яваад эгч ах хоёртойгоо агуйд тааран амь гарна..

Тэгээд тэр хайрт бүсгүйгээ аврахаар даруй явах ба энэ үед золоор үхлүүт биш шарх авсан байсан их жанжин цэргүүдээ дагуулан ирж бослого үймээнийг нам дарж, хунтайж зугтаж яваад агуйн матартай өрөөнд явж орон амь алдана.. хаан болон инженер хоёр бараг шахуу бүжигчинг аврахаар хааны хүргэн ахын өрөөнд уулзах ба бүсгүйг золоор дөнгөж л тайчиж байлаа.. халз тулсан мөнхийн өрсөлдөгчид удаан ширтэлцэх бөгөөд нүхэнд ядарч туйлдсан инженерийг хаан дорхоноо алах нь тодорхой байсан хэдий ч ингэлээ гээд бүжигчин надад хайртай болохгүй гэдгийг ухааран сэлмээ унагана.. энэ нь хаан бууж өгч байгаа буюу тэднийг өршөөж, уучилсны тэмдэг юм.. ийнхүү инженер болон бүжигчин хоёр жаргал цэнгэлдээ умбан амьдрах нь ойлгомжтой бол хаан титэм болон бүх өв хөрөнгөө орхиж, даяанчийн амьдрал хөөснөөр кино маань жаргадаг аа..

Comments