Жаргал үргэлж хөгжилтэй байдаггүй




Ali: Fear Eats the Soul (1974). Өгүүлэх нь, далаад оны үе, Германы нэгэн жижигхэн хотод бороо ширүүн цутгасан шөнө, нэгэн эмэгтэй борооноос зугтан толгой хорогдохоор нэгэн бааранд орсоноор энэхүү кино маань эхэлнэ.. тус бааран дотроос ид шидийн юм шиг увдистай хөгжим \Араб хөгжим\ эгшиглэсэн нь эмэгтэйг бааранд орох бас нэг шалтгаан болжээ.. Киноны маань гол дүр, дөнгөж бааранд орж ирсэн эмэгтэйг Emmi \Brigitte Mira\ гэдэг бөгөөд жар эргэм настай, орон сууц цэвэрлэдэг ажилтай, ганцаараа амьдардаг \нөхөр нь өнгөрөөд удаж буй\ болой..үр хүүхдүүд нь \хоёр хүү, нэг охинтой\ хэдийнээ өөрсдийн амьдралыг зохиогоод явцгаасан ба ээжийгээ тоохгүй хаячихсаны улмаас хөөрхий эмэгтэй ганцаардал дунд урамгүй амьдардаг аа.. 

 Ийнхүү, Emmi бааранд ороод булангийн нэг ширээнд зовсхийн суугаад өөрийн ажиглаж буй хэдэн Араб залуус болон Герман хүүхнүүдийг \бааранд өөр улс байсангүй\ харна.. тэдгээр залуус нэлээн халамцсан байх ба Emmi-гээс залуухан улс байсан учир, настай эмэгтэйг шоолцгоон өөр хоорондоо шивэр авир хийлцэнэ.. эдгээр увайгүй залуусын дунд киноны маань бас нэгэн гол дүр Ali \ El Hedi ben Salem \ байх агаад Ali бол Morocco улсаас цагаачлан ирж, Германд хар бор ажил хийж амь зууж \ядуу амьдралтай\ яваа гуч орчим настай хар арьстан болой.. бааранд хөгжим эгшиглэхэд Ali суудлаасаа босон Emmi руу очин бүжиглэх санал тавьж, Emmi уриалгахан зөвшөөрсөнөөр тэд бүжиглэх эхлэх бөгөөд Ali -ын ингэх болсон шалтгаан бол баарны үйлчлэгч бүсгүйн \үзэсгэлэнтэй шаргал үст энэхүү бүсгүй Ali –ын амраг юм\ дооглонгуй өдсөнөөс болсон залуусын тоглоом шоглоом байв..

Гэтэл Ali, Emmi хоёр бүжиглэнгээ олон юм ярилцаад зогсохгүй хамт ширээнд сууж бас зөндөө юмсыг ярилцана.. үүнд мэдээж шаргал үст боож үхэх нь холгүй.. Ali эелдэг зангаар Emmi-г гэрт нь хүргэж өгөхөд сэтгэл нь хөдөлсөн эмэгтэй хундага хатуу юм уухыг санал болгож, улмаар цаашлан оройтсон учир Ali-ыг хоноод яв гэснээр тэдний хооронд учир ургана.. нас болон арьсны өнгөөр эрс ялгаатай энэ хоёр хүний бие биедээ тэмүүлсэн сэтгэлийг тайлбарлах гээд үзье.. Emmi нөхрөө өнгөрсөнөөс хойш эр хүн гэдгийг мартаж, ганцаардлын манан дунд хөвж яваа эмэгтэй байлаа.. бааранд түүнийг хүмүүс шоолж байхад Ali л ганц хүндэтгэн харьцаж, эмэгтэй хүн гэдгийг нь дахин мэдрүүлсэн ачтанаас гадна тэдний яриа хачин гайхмаар нийлж байв.. харин Ali-ын хувьд эхэндээ найз хүүхнийхээ \тэд зөвхөн сексийн харьцаатай байсан ба Ali-ын хувьд гэрт нь хонож, хооллодог байсан бол шаргал үстийн хувьд цэвэр сексийн үүднээс Ali-д унаж тусдаг байв\ янз үзсэн ятгалгаар Emmi-тэй харьцсан ч бүжгийн явцад өрнөсөн яриа түүнд хүчтэй нөлөөлсөн буюу гэр орноосоо хол, мөн л харь оронд ганцаардан ядарч яваа эрийг Emmi-ын хүнлэг, найрсаг хандлага эрхгүй татахаас гадна мэдээж бас эмэгтэйг дагавал байр, хоолонд толгой өвдөхгүй болохыг тооцоололгүй яахав ээ.. 

Бороотой шөнөөс хойш Ali Emmi-ынд ирдэг болж, цаг хугацаа тэднийг улам ойртуулсаар эцэст нь энэхүү “гаж” харьцаа маань хурим дээр ирнэ.. тэд хуримлаж дөнгөж жаргаж эхэлтэл ойр тойрны хүмүүс нь ад үзэж, нүд үзүүрлэж эхэлнэ.. уг гадуурхал Emmi дээр даацтай буух агаад ажлынх нь, байрных нь, бүр ойролцоох дэлгүүрийн эзэн илт ялгаварлан хандаж, зарим үед шууд янхан гэж доромжилно.. Emmi-ын зовлон үүгээр дууссангүй, шинэхэн нөхрөө хүүхдүүддээ танилцуултал тэд эхийгээ бас доромжилцгоон улмаар тангараг тасарна.. Emmi хэдий хайртай хүнтэйгээ хамт жаргалтай байсан ч нийгмийн дарамт, шахалт, доромжлолыг тэсэхэд бэрх болж Ali-ыг дагуулан хэсэг аялалаар явчихаад ирэхэд хөршүүд нь болон ажлынх нь арай нааштай хандаж эхлэх бөгөөд үүнд дэлгүүрийн эзний орлогоо бодсон найрсаг байдал бас том хүү нь ээж дээрээ зочлон ирнэ.. гэхдээ том хүү ээжийгээ бодсондоо биш ач хүүгээ хараад өгөөч гэж ээжийгээ ашиглахаар ирсэн нь \надад ашигтай бол яасан ч яахав гэсэн байдлаар\ харагдана.. Emmi-д энэ л хэрэгтэй байсан.. түүнд эргээд хүүхдүүдтэйгээ уулзаж, нийгмийн харилцаандаа ахиад хэвийн байдлаар орох нь чухал байлаа.. 

Emmi-ынд найзууд нь дахин ирдэг болж, ирэхдээ Ali-ыг эд бараа мэт сонжин үзэж, харин уг хандлага Ali-д мэдээж таалагдахгүй.. мөн байрны улс түүнд сайн хандах нэрийдлээр яг зарц шиг хар ажлаа хийлгэж эхлэх бол дуртай хоолыг нь Emmi хийж өгөхгүй \дургүй\, герман маягаараа амьдармаар байна гэсэн нь Ali буцаад шаргал үст рүүгээ явахад хүргэнэ.. шаргал үст өврөө дэлгэн түүнийг угтах бол Ali энэ бүхэн буруу \сүүлд уучлалт гуйж эхнэртээ очно\ болохыг мэдсэн ч \залуу хүүхний өврөөс холдох амаргүйн мэдээж\ Emmi рүү очилгүй нэлээд удна.. Emmi энэ үед одоо л нэг хүн шиг амьдрах нь гэж байтал нөхөр нь яваад өгсөнд ёстой хөөрхий болно.. Германы кино урлагийн шинэ давалгааны гол төлөөлөгчдийн нэг Rainer Werner Fassbinder кино түүхэндэх хамгийн хачирхалтай бас гайхамшигтай хайрын түүхийг ийм эрс ялгаатай байдлаар үзүүлсэн нь хувь хүний өөрийн араншин, үзэл санааных нь тусгал байсан гэмээр.. 

Rainer Werner Fassbinder бол кино урлагт тохиосон хамгийн хурц, өөрийн гэсэн эрс шулуун хэлтэй найруулагч байсан ба улстөрийн радикал, анархист үзэлтэй байсан тэрээр асар муухай ааштай байсан гэдэг.. Rainer Werner Fassbinder \ижил хүйстэн байсан\ дөнгөж 37 настайдаа хар тамхи, архины хэтрүүлэн хэрэглэлтээс болж эрт үхсэн ч кино урлагт олон шилдэг кино бүтээж амжсаны нэг нь энд өгүүлсэн бүтээл болой.. найруулагч бэлгийн чиг хандлага болон улстөрийн үзлээсээ болж цаг үедээ хавчигдан гадуурхагддаг байсан нь бүтээлд нь настай авгай, залуу хар арьстан хоёрын эрс боломжгүй гэмээр хайраар ийнхүү тусгалаа олжээ.. 

Өөрөөр хэлбэл, кино маань хайрын гэхээсээ илүү нийгмийн гадуурхал, ялгаварал гэсэн хүнийг амьдрах аргагүй байдалд хүргэдэг муухай үзэгдлийг шүүмжилсэн гэж болно.. Rainer Werner Fassbinder киногоо хоёр долоо хоногийн дотор бэлэн болгосон гэдэг бөгөөд эл кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 138-р байрт жагсдагаа.. найруулагч, Emmi болон Ali хоёрыг хамтад нь зураглахдаа ихэнхдээ бусад хүмүүсээс алсласан байдлаар авсан нь бүх санаагаа илэрхийлэх гэсэн мэт.. хоёр хүн жаргаж байвал гуравдахь нь хоншоороо тат.. гэж нэг мэргэн үг бий.. энэ үг, өгүүлэн буй кинотой маань ихээхэн холбогдох юм шиг.. энэхүү киног үзээд олон хүн \хосууд\ бусдаас айлгүй өөрийнхөө жаргалын төлөө явах бизээ..

НЭМЭЛТ: Али киноны эхэн хэрд Эммид "айдас сэтгэл иддэг" гэж хэлдэг, хожим Али ходоодны шархтай болоод эмнэлэгт хэвтэж байгаагаар кинонд шууд тусгалаа олж байна. Мөн дүрүүдийг ихэнхдээ хэтрүүлэгтэйгээр харуулдаг; тухайлбал, Али, Эмми хоёрыг нийгмээс хөндийрсөн байгааг онцлохын тулд камер тэднийг холоос харуулдаг ба мөн тэдний өдөр тутамдаа мэдэрдэг айдсыг мэдрүүлэхийн тулд тэдний орон байрыг клаустрофоби байдлаар харуулдаг.

Comments