Jeanne
Dielman, 23 Commerce Quay, 1080 Brussels (1975). Нэгэн эмэгтэй
галтогооныхоо өрөөнд өглөөний цай бэлдэж буйгаар кино маань эхлэх бөгөөд
хараажаар гэрийн эзэгтэй болох эл хүүхэн өндөг шарж, кофе чанах агаад
тухайн үйлдэл бүхнийг нь үзэгч бид нэгд нэгэнгүй харна. Эл ажилдаа
огтхон ч төвөгшөөхгүй бүсгүйн өдөр тутмын амьдрал киноны маань цөм \утга
санаа\ ба 201 минутын “артхаус” хийгээд “Феминист кино ” жанрын уг бүтээлийг хамтдаа задлан шинжэлж, бас ойроос сонирхон
тольдьё. Түрүүн дурдсан хүүхнийг Jeanne Dielman гэдэг бөгөөд дөчин нас
руу “нисэж” яваа эл хүүхний гоо үзэсгэлэн, сэтгэл татам чанар нь
арилчихаагүй агаад оюутан насны хүүтэйгээ амьдрах бэлэвсэн, ганц бие ээж
болно.
Хүү нь \ Sylvain гэнэ\ өглөө хичээлдээ явж оройдоо ирэх ба гол
дүрийн хүүхэн маань албан ёсны үндсэн ажилгүй, хоол унд, цэвэрлэгээ
гэсэн ерөнхий ойр зуурын ажлаар амьдарч, өдрийн цагаар хийдэг нэгэн
нууцыг нь түрдээ алгасаад өгүүлвээс нэгэн хэвийн, байнга эргэн давтагдах
амьдралыг өнгөрүүлнэ. Sylvain нь сэрэхээс өмнө Jeanne Dielman сэрэх
бөгөөд энэ үе бол нар мандахаас ч өмнөх буюу эх болсон тэрээр өглөөний
унд бэлдэхээс гадна хүүгийнхээ гутлыг тослохоос өгсүүлээд хүүгийнхээ
хичээлдээ тав тухтай явах бүхнийг бэлдэж өгөөд явуулна. Хүүгээ явуулсан
хойно Jeanne Dielman ойрхон гарч ойр зуурын хүнсээ цуглуулах бөгөөд
хажуу айлынхаа өлгийтэй нялх хүүхдийг нэгээс хоёр цагийн хооронд харах
зуураа өдрийн хоол болох хачиртай талхаа иднэ.
Ингээд, нялх хүүхдийг
ээжид нь өгсөн хойно оройн хоол болох чанасан төмс, чигнэсэн мах \энэ
нь нэгэн төрлийн Гуляш байна\ бүхий хоолоо гал дээр тавичихаад усанд
орж, ариун цэвэр сахина. Нар жаргаж хүү ч ирэх бөгөөд эх хүү хоёр
цэвэрхэн зассан ширээн дээр сууцгааж эхлээд шөл ууж, дараа нь гуляшаа
амтархан иднэ. Хоолны дараа эх ширээ болон аяга тавагаа гялалзтал
цэвэрлэх бол хүү хоолны үеэр ч \хоолны үеэр ном уншихад эх дандаа загнаж
болиулна\ тэр, дараа нь ч тэр ер нь тувт ном уншиж, эхтэйгээ энэ тэрхэн
үг солилцоно. Шөнө болж эх хүү хоёр унтах үеэр хүү ээжээсээ: та аавтай
хэрхэн танилцаж, бас яагаад аавд дурласан талаар асуухад эх хэлнэ:
аавтай чинь амарч явахдаа танилцсан гээд аав чинь гоё сайхан нэгэн
байгаагүй ч би дассан гэж хэлдэг; маргааш болоход Jeanne
Dielman ахиад л эртлэн босож, кофегоо чанаж, хүүгийнхээ гутлыг тослон
цэвэрлэх бөгөөд хүүгээ явуут шуудангийн газарт очиж садан төрөл рүүгээ
захиа занаа бичнэ. Ингэж яваад харихдаа тэрээр кафе орж аяга кофе уух
ба Jeanne Dielman-ын хувьд гадуур гарч олон нийтийн дунд байх ганц үе нь
энэ бөлгөө.
Хүүхэн гэртээ ирээд оройн хоолоо бэлдсэний дараа аятайхан
хувцсаа өмсөж хонх дуугарахыг хүлээх бөгөөд өдрийн дунд үе буюу гурван
цагаас таван цаг \үзэгчийн баримжаагаар\ хүртэл өрөөндөө хэн нэгэн эр
хүнтэй хамт байна. Jeanne Dielman бол өдрийн цагийн биеэ үнэлэгч буюу
нөхөргүй, хичээлдээ явсан хүүгээ эзгүйчлэн ашиглаж гэрээрээ биеэ үнэлдэг
дээд зэрэглэлийн янхан болой. Ганцаардаж уйдсан, ажилгүй дээр нь
нөхөргүй хүүхэн ингэж л хатуу ширүүн нийгэмд амьдрах ба оройн таван
цагаас өмнө явах үйлчлүүлэгчийнхээ мөнгийг зочныхоо өрөөнд байх томоохон
шаазан вааранд хийж хуримтлуулна. Jeanne Dielman бол өдөр болгоныхоо
цагийг яс барьдаг дээд зиндааны биеэ үнлэгч бөгөөд түүний үйлчлүүлэгчид ч
нас биед хүрсэн, ихэнхдээ хөгшин байрын тогтвортой эрс байна. Хүүхэн
өдөртөө нэг л үйлчлүүлэгчийг хүлээн авах ба явуут нь усанд орж, дараа нь
даруй хоолоо хийж эхлэх бөгөөд хүү гэртээ орж ирэхдээ юугч мэдэхгүй,
анзаарч сэжиглэх ч юмгүй цэвэрхэн болгосон байна.
Нэгэн хэвийн өглөө
Jeanne Dielman кофегоо дутуу \чухам яасныг мэдэхгүй\ чанаж орхих буюу
өглөөний бүтэлгүйтэл хойш хойшдын тогтсон хэмнэлийг нь өөрчлөх бэлгэдэл
болох ба оройн хоолны төмсөө түлж орхих бөгөөд төмсөө түлсэн асуудал
түүний ээлжид үйлчлүүлэгчтэйгээ секс хийж байхдаа дур ханаснаас \кинонд
анх удаагаа\ үүдсэн байх буюу хүүг ирэхэд хоол бэлэн бус ээж нь нэг л
өөр болсон байв. Ингээд, дараагийн план эхлэхэд Jeanne Dielman хөгшин
эрийн дор байх ба ханасан эр тааламжтайн аргагүй цээжээ маажиж байтал
хүүхэн цээжинд нь хутга шааж ална. Бөөн цус болсон Jeanne Dielman
хоолоо хийлгүй ширээн дээрээ суух ба гэрлээ асаагаагүй өрөөнд цонхоор
тусах сар болон машины \хүү нь мөдгүй ирнэ\ гэрэл л тусна. Үзэгч юу
юугүй ирэх хүүг нь хүлээнгээ хүүхнийг бушуу босоод нүүр амаа цэвэрлэхээс
өгсүүлээд унтлагын өрөөнд байх цогцсыг нэг тийш болгоосой гэж тэсэхгүй
хүснэ.
Jeanne Dielman хөдөлгөөнгүй суусаар л байх ба түүний энэ хөшсөн
мэт байдал үнэн яршигтай ба асар түгшүүртэй. Нэгэн хэвийн амьдралын
мөнхийн хүрд түүний сэтгэлзүйд нөлөөлөв үү? Эсвээс дур тавилт сэтгэлзүйд
нь хүчтэй нөлөөлсөнөөр энэхүү аймшигтай уйтгартай амьдралаасаа ийм
харгис аргаар хагацах сэдэл өдөөв үү?. Хүүрнэлийн нэг л юмаа буюу кофе
чанах хийгээд Jeanne Dielman-ын хүүгийнхээ гутлыг тослох явцыг байнга
давтан бичиж байгаа нь аль болох үзэгчээ киноныхоо уур амьсгалд оруулж,
үгүйдээн өчүүхэн ч атуйгаа мэдрүүлж, ойлгуулах гэсний чармайлт болов уу. Үхэл бүтэн 201 минутын эл бүтээлд бид үнэндээ ч хоол хийж байгаа
\барагалж хоолны нэвтрүүлэг шиг нарийн үзүүлнэ\ юмуу зүгээр л буйдан
дээр юм бодон суух Jeanne Dielman-ыг ихэвчлэн харах ба бид түүнтэй хамт
суугаа юм шиг, эсвээс үнэхээр Jeanne Dielman гэдэг эмэгтэйн оршин
байсныг нотлох баримтат кино үзэж байгаа юмуу \кино хөгжимгүй\ гэмээр
хүчтэй уур амьсгал төрүүлэм сэтгэгдэл төрүүлнэ. Баримтат кинотой
төстэй гэснийг улам тодотгох шинж бол кино маань нэг эмэгтэйн амьдралын
өдөр хоногийг нэгд нэгэнгүй \үүнд усанд орох ч орно\ зурагласан байдал
нь тийм болгож байна.
Киноны камер огт хөдлөхгүй буюу жүжигчинээ дагаж
хөдлөх юмуу араас, дээрээс нь дагахгүй бөгөөд камер нэг байрандаа
хөдөлгөөнгүй тогтож зураглана. Энэ тогтсон удаан зураглал хүүхний
амьдралыг ний нуугүй үзэгчийн өмнө дэлгэхээс гадна “үхмээр” залхуу
хүргэнэ. Энэ кино бол олонд бус цөөнхид \тэгэхдээ урлагийг ойлгодог
хүмүүст\ зориулсан кино гэдэг нь эндээс харагдах буйзаа. Jeanne Dielman
яагаад янхан болсон нь тодорхой биш ч нэг зүйл тодорхой нь мөнгөний
төлөө биш юм. Түүний ганцаардал, оюун ухааны доройтол нь янхан болж түр
зуур ч гэсэн энэ бүхнээс хөндийрөх гэсэн сэтгэлийн хоосролоос үүдэлтэй
гэж үзэж болох ба найруулагчийн санаа бол нийгмийн дундаж давхаргын
ялзралыг минималист маягаар буюу нэг хүүхний өдөр тутмын амьдрал дээр
төвлөрүүлэн үзүүлэх гэсэн санаа гэж бодох.
Jeanne Dielman хоосон хөндий
ертөнцдөө анх удаа дур ханах тэр мөчөөс ухаарал сэхээрэлд эзэмдүүлэн
өмнөх бүхэндээ жигшсэндээ хүний аминд хүрсэн гэж бодох. Киноны гол дүр
Jeanne Dielman-нд Франц-Америк жүжигчин Delphine Seyrig гайхамшигтай
тоглосон. Delphine Seyrig-ын энэ кинонд тоглосон зориг зүрх хийгээд
мундаг жүжиглэлтэд нь бөхийн мэхийхээс аргагүй буюу кино урлагийн
түүхэндэх шилдэг дүр бүтээлтийн нэг болно. Киног Бельгийн эмэгтэй кино
найруулагч Chantal Akerman найруулж, бас зохиолоо өөрөө бичжээ. Тэгээд
зогсохгүй киноны баг бүрэлдэхүүн тэр чигээрээ эмэгтэй хүмүүсээс бүрдэж
байсан нь киног “Феминист кино ” жанрын бүтээл болгоно. Ийм болгож буй
үндсэн нөхцөл бол улс төр хийгээд нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр
суурь яригдаж байх цаг үетэй давхцсан нь нүдээ олсон хэрэг болсон хэмээн
судлаачид тэмдэглэсэн байдаг ажээ.
Гэвч энэ бүтээлийг зөвхөн “Феминист кино ” гэж харвал дэндүү өрөөсгөл хэрэг бөгөөд Jeanne Dielman-аар бид
өөрсдийнхөө бас бусдын амьдрал ийм л байдгийг үнэнээр нь тольтох мэт
харж чадна; өөрөөр хэлбэл, эл бүтээл амьдралаа хий дэмий, цаг нөгцөөх
маягаар өнгөрүүлж буй хүмүүс хийгээд нэг хэвийн амьдралдаа гацчихсан тэр
хүмүүсийг цочроох, сэрээх бүтээл юм. Хоол хийхийг ил гаргаж харин секс
хийхийг нь нуусан нь хоржоонтой ба энэ бол эмэгтэй хүний эрхэм нууцлаг
чанарыг найруулагч мэдрүүлэх гэсний буйзаа. Мөн түүнчлэн Jeanne
Dielman-ын маш цэвэрч, ажлаа яс хийх, тэгэхдээ залхахгүй ёс номоор нь
хийх өдөр тутмын ажил нь залхуу хүнийг ч залхаах ба энэ нь залхуучуудад
хандсан егөө мэт ээ. Бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй кино
найруулагчдын нэг Chantal Akerman-ын энэхүү киног The New York Times
сонин: кино түүхэн дэх хамгийн анхны төгс эмэгтэйлэг кино гэсэн бол олон
шүүмжлэгчид эмэгтэй хүний найруулсан хамгийн шилдэг кино гэдэгт санал
нийлцгээдэг. Chantal Akerman киногоо бүтээхдээ гол урам зориг болон
санаагаа ээжээсээ авсан гэдэг. Эл бүтээл маань бүх цаг үеийн хамгийн
шилдэг мянган киноны 96-р байрт жагсдагаас харахад ямар чухал, мөн нэр
хүндтэй кино болох нь ойлгогдоно.

Comments
Post a Comment