Raise the Red Lantern (1991). 1920-д оны Хятад улс.. эцэг нь нас барсаны
дараа 19 настай Songlian баян чинээлэг Chen Zuoqian-ын эхнэр болох буюу хүчээр
богтлуулж буйгаар кино маань эхэлнэ.. Songlian бол үзэсгэлэнтэй, хүсэл тэмүүлэл
дүүрэн, залуу хүн бүрт байдаг мөрөөдөлдөө хөтлөгддөг бүсгүй.. дөнгөж “оюутан”
насны бүсгүй маань хүний эхнэр байтугай хайр дурлалын талаар ч тодорхой ойлголтгүйгээр
баян Chen Zuoqian-ын дөрөвдөх буюу хамгийн залуу эхнэр нь болно.. гэрийн эзэн
Chen Zuoqian 50 гаран настай ба тэрээр аль хэдийнээ гурван эхнэртэйгээ том,
олон өрөө тасалгаа бүхий өргөөндөө аж төрнө.. ингээд эхнэрүүдтэйн товч
танилцая: том эхнэр Yuru бол хамгийн хөгшин нь, бас хамгийн эрх мэдэлтэй нь,
бүгд түүнийг том эгч шигээ хүндэлж, үгэнд нь орно.. дараагийнх буюу хоёрдахь
эхнэр Zhuoyan бол том эхнэрийг бодвол арай залуу, бас арай зөөлөн, даруухан
нэгэн..
харин гуравдугаар эхнэр Meishan бол залуухны дээр эрч хүчтэй, эрх
дураараа... эхнэрүүд бүгд тус тусын зарцтайгаа тусдаа байшинд амьдарна.. гэрийн
эзэн Chen Zuoqian хонох байшингаа сонгохдоо улаан дэнлүүг асаах ба аль хатны
байшингийн өмнө улаан дэнлүү асна тэнд гэрийн эзэн хонодог уламжлалтай бөлгөө..
энэ заншил бол уламжлагдаж ирсэн ёс ба үүнийг дагаад сонгогдсон эхнэр бүх
хүндлэлийг хүлээж, бусдаасаа илүү эзний ивгээлийг хүртэнэ: жишээлбэл сонгогдсон
эхнэр хөлний массаж хийлгүүлэн тухлах бөгөөд энэ нь асар их нэр хүнд болох бол
эсрэгээрээ бусад эхнэрт байж ядамгүй доромж, ганцаардал болно, үүдэндээ улаан
дэнлүүтэй, гэр дотроо хөлөндөө массаж хийлгэж буй эхнэр бол хамгийн аз
жаргалтай нь болой..
залуу, учир мэдэхгүй, хөдөөний охин Songlian эхэндээ
үүнийг ойлгохгүй байлаа, үүдэнд нь улаан дэнлүү асахыг үл хүсч, тэвчмээргүй зовлонгоос
хол байхыг хүсэх бол бусад эхнэрүүд шинэхэн эхнэрт атаархаж, хорсоно.. өдөрт
бүх эхнэрүүд цуглаж хамт хооллож, даалуу тоглох ба ил далдаар тэд хоорондоо
улаан дэнлүүний төлөө буюу нөхөртөө тоогдохыг, бусдаас давах гэсэн хүслээрээ “байлдана”..
шинэхэн эхнэр Songlian-нд бусад эхнэрүүд наанаа сайн хандавч цаанаа мууг
санана, бүр хөгшин нэгдүгээр эхнэр ч түүнтэй барьцахад харин өнгө зүс, нас
ойролцоо гуравдугаар эхнэр түүнтэй ил дайтна, гэтэл хоёрдугаар эхнэр түүнтэй
арай дотно бол том эхнэр тайвнаар бүгдийг ажиглавч хамгийн хорон нь,
ухаантайгаар чадагч байлаа.. Songlian маань хүссэн ч эс хүссэн орчин
байдалдаа дассанаар, нэг мэдэхэд улаан дэнлүүний төлөө үхэн хатан тэмцдэг
болно, хөгшин нөхөртөө хайргүй ч тэрээр нөхрөө өөрийндөө хонуулахын төлөө эгч
нартайгаа үзэж тардаг болно.. Songlian эцэстээ ялж бүр хүүхэдтэй болно, гэвч гэнэт
гадны нөлөөтэйгөөр үр зулбачих бөгөөд энэ нь хоёрдугаар эхнэр болох хамгийн
дотно эгчийнх нь хорлонт явуулга байв.. мөн эзэн Chen Zuoqian түүнээс нь болсон
уу, үгүй юу түүн дээр ирэхээ больж Songlian-г давхар зовлонд унагана.. ингээд
зогсохгүй Songlian хэнд ч итгэхгүй байх үедээ хамгийн их итгэж, хань болж
байсан өөрийн шивэгчин хүүхэн нь эзнийх нь амраг болсоныг мэднэ, сэтгэл санаагаар
унасан Songlian гуравдугаар эхнэрийн нууц болох энэ гэр бүлийн эмч залуутай
учиртайг хэлж орхино, өөрөөр хэлбэл задруулж болохгүй нууцыг задруулсанаар
өөрөө эхнэрүүдийн нэг болж, хорон муу санаа хийгээд хорт явуулга таригч эгч
нараасаа өөрцгүй болсон байв..
эл явдлаас болж гуравдугаар буюу дуучин эхнэрийг
өргөөний эзэнгүй, нууцлагдмал дээд давхарт аваачин алчихыг Songlian харна.. энэ
аймшигт хэргээс болж Songlian галзуурах бол харин эзэн Chen Zuoqian дараагийн,
тавдахь эхнэрээ буулган авч байдаг.. эл харагдах талаасаа цэвэр гоо зүйг
агуулсан бүтээлийг Хятадын кино урлагийн 5 дахь үеийн алдарт төлөөлөгч Zhang
Yimou найруулсан ба түүний хамгийн алдартай, олон улсад танигдсан киноных нь
нэг билээ.. Хятад улсынхаа төдийгүй Азийн кино урлагийг мандууж, таниулж яваа
мундаг эрхмийн уг аугаа бүтээл нь гарсан цаг үедээ эх орондоо маш их шүүмжлэл
дагуулж, нэг хэсэгтээ Хятадын засгийн газраас кино театруудаар гарахыг хориглогдож
байсан бол харин дэлхий даяар өндөр үнэлгээ аван, асар их магтаалыг дагуулж Хятад,
цаашлаад Азийн кино урлагийг дэлхийд шинээр таниулж, Азиуд кино хийж чаддаг шүү
гэсэн нотломж болсон гэмээр бөгөөд Оскарын наадмын шилдэг гадаад хэл дээрх кино
төрөлд өрсөлдөн, Венецийн наадмаас мөнгөн арслан шагнал хүртсэн билээ.. Хятадын
уламжлалт соёлын хар бараан, сүүдэртэй талыг найруулагч Zhang Yimou харуулахыг
зорьсон гэж зарим кино судлаачид үзэн киноны гол дүр Songlian-г хувь хүн, Хятад
иргэний симбол гэж үзээд гэрийн эзэн бол засгийн газар агаад гэрт тогтсон
уламжлалт ёсыг хууль ба үүгээр Хятадын засгийн газрын түрэмгийлсэн бодлогыг,
дүрмийн хүрээнд тоглоогүй нэгнийг тогтсон систем устгана гэсэн зүйрлэл хэмээсэн
байдаг ч найруулагч Zhang Yimou өөрөө үүнийг үгүйсгэсэн байдаг.. Хятадын нэгэн
сэтгүүлч уг киноны талаар: энэхүү кино нь Zhang Yimou-ын эхэн үеийн кинонуудын
адилаар хэтэрхий барууныхныг баясгахад чиглэгдсэн бөгөөд тэдний анхаарлыг л
татахад зориулагдсан бүтээл хэмээн шүүмжилж байжээ..
эдүгээ тус бүтээлийг 1990-д
оны хамгийн чухал киноны нэг гэж судлаачид үзэх болсон агаад “Empire” сэтгүүл
дэлхийн шилдэг 100 киноны 28-р байрт жагсаасан бол “The New York Times” сэтгүүл
хамгийн шилдэг 1000 киноны тоонд багтаасан ба “TSPDT” сайтаас бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 406-р байрт жагсаажээ.. кинонд гэрийн эзэний царай
бараг гарахгүй, мөн өргөөнд хааяа л үзэгдэх ч түүний хүч, нөлөө тэр чигээрээ
өргөө гэрт оршин бүгдийг удирдан, бүгдийг эзэрхийлэх бөгөөд Songlian болон
бусад эхнэрүүд гадагшаа гарах ямарч эрхгүй, зугтаах ч боломжгүй ногдсон хувь
заяагаа дуугүй, хүлцэнгүйгээр эзэнийхээ хүслийг биелүүлэн амьдарна, өөрөөр
хэлбэл эзэн тэднийг сексийн боол шигээ байлгах нь мөнгө, эрх мэдлийн ноёрхолыг
харуулна.. үзэгч Songlian-тай хамт өргөөнд ирэн Songlian-ын хамтаар хүчирхийлэл,
хэрүүл тэмцэл хийгээд доромж дарамтыг үзэж туулах ба киноны ихэнхи хэсэг байшин
дотор, тэгэхдээ улаан \үхлийг ч бэлгэдсэн байж болох?\ хүрэн өнгөн дэвсгэр дээр
өрнөх бөгөөд хааяа нэг харагдах гадаах байгалийн сцен үзэгдэхэд цас юмуу бороо
орж байх нь, угаасаа киноны дүнсгэр өнгө, баргар уур амьсгалыг илтгэнэ..
байшингийн
засал чимэглэл болон доторх юм бүхэн хурц, баялаг өнгөтэй, хараа булаам
гоо зүйтэй ба энэ нь гадаах сааралтсан хахир байдалтай зориуд эсрэгцэнэ.. Киноны
найруулга хийгээд кино зохиол \киноны зохиолыг Хятадын зохиолч Su Tong-ын Wives
and Concubines хэмээх романаас сэдэвлэсэн\, мөн хөгжим, жүжиглэлт гээд энэ
киноноос өөлөх юм ховор ба төгс кинонд бүрэлдэх ёстой бүхэн эл кинонд бүрэлдсэн
гэж үздэг бөгөөд гайхамшигтай зураглалыг нь дуугүй киноны хольцгүй, хүчирхэг
чанартай адитгам ажээ.. гол дүрд төгс бишрэм Li Gong тоглосон агаад уг дүрээрээ
өөрийн авъяас чадварыг дэлхий хэмжээний гэдгээ тамгалсан.. уг кино үзэгчээ
цэнгүүлэх бус тарчлаах ба аливаа хүчирхийлэл, аллага хийгээд секс, тэр бүү хэл
үнсэлцэж байгаа, хүрэлцэж байгаа сцен дэлгэцнээ үзэгдэхгүй боловч үзэгч бидэнд
түгшүүртэй, дарамтта мэдрэмж төрүүлэхээс гадна эротик төсөөлөл ч хангалттай
төрүүлнэ.. сонирхуулахад, найруулагч Zhang Yimou тус киногоо хожим балет
хэлбэрт оруулан театрт найруулан тавьсан байдаг..
This comment has been removed by the author.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete