The Dead (1987). Өгүүлэх нь, 1904 он, Дублин хотод цас
зөөлөн хялмайлан орж ахуйд, нэгэн байшингийн өмнө хэдэн минутын зайтайгаар
морин тэрэгтэй зочид ээлж дараалан бууж ирэх агаад өмссөн зүүсэн хээнцэр
байдлаас нь ажихуйл ямар нэгэн баярт \зул сар?\ ирж байгааг нь төвөггүй
ойлгоно.. тэгвэл байшин дотор зочдоо хүлээн, баярын ширээ, хоол унд, зочдодоо
хүлээж аван ая тухыг нь алдагдуулахгүй хэмээн хичээх гурван хүүхэн борви бохис
хийлгүй сандчиж, тэвдэн үйлчлэхдээ үйлчлэн, хүлээн авахдаа хүлээн авна..
эл байшингийн
эзэд болох хижээл насны нөхөргүй, дууны багш эгч дүү хоёр эмэгтэй болон тэр
хоёрын хамаг ажлыг нь нугалах залуухан зээ бүсгүй гурав өөрсдийн садан төрөл,
найз нөхдөө жилийн яг өдийд гэртээ урин оройн зоог барьж, дуулж бүжиглэн
өнгөрүүлдэг уламжлалаараа зочдоо хүлээх бөгөөд хүндэт зочдод ч ээлж ээлжээр орж
ирнэ..
зочид уван цуван ирж, түрүүлж ирсэн нь дөнгөж саяхан ирсэнтэйгээ яриа
хөөрөө дэлгэн хуучлаж, сүүлдэж ирэх нэгнийхээ талаар ярилцах зэргээс үзэгч бид
кинонд гарах дүрүүдтэй танилцах буюу дүрүүдийг хөндлөнгөөс, өөрөө биет байдлаар
баярт очоод нэг булангаас зочдыг ажиглан таних боломжийг кино маань олгоно..
эдгээр баярт уригдан ирсэн олон дундаас киноны гол дүр нэг гэрийн хоёр болох
Gabriel \нөхөр\, Gretta \эхнэр\ нарыг найруулагч анхаарлын төвд аваачина..
ингээд баяр өндөрлөж зочид тарж үзэгч бид Gabriel, Gretta хоёрыг даган тэдний
байрласан буудалд ирэх ба замын турш дуугаа хурааж, гүн бодлогшрон явах эхнэрээ
Gabriel гайхна.. саяхан өндөрлөсөн баярын хоолны үеэр тэд дуурийн дуучдын тухай
ярилцаж байсан агаад гаднах хувцсаа өмсцгөөж байшингаас гарах мөчид зочдын нэг
нэгэн сонсоглонтой сайхан дуу дуулж, энэ үед яг шатаар бууж явсан Gretta тэр
дуунд ховсдуулчихав уу гэмээр таг зогсон, тэр дууг бүх бие сэтгэлээрээ мэдрэн
тэгэхдээ бүр орчиноосоо тасрах мэт болон сонсож үүнийг нь шатны дор зогсох
Gabriel яг харж таарч, эхнэрийнхээ нууцлаг гэхдээ маш үзэсгэлэнтэй нууцлаг
төрхийг олж хардаг агаад үгээр илэрхийлэмгүй энэ агшинг чадварлаг уран зураач л
тодорхой илэрхийлэх болов уу гэмээр далдын сэрэл мэдрэмжинд автан гайхсан
Gabriel ч мөн үлгэрийн юм шиг энэхүү хоромд хөшчихнө.. киноны энэхүү мөч бол яг
торгон мөч бөгөөд Gretta-ын нууцлаг төрх, Gabriel-ын гайхаж биширсэн байдал
дээр өнөөх чихэнд чимэгтэй дуу хавсарсанаар цэвэр яруу найраглаг, ариун тунгалаг
урлагийн мэдрэмжтэй сцен болж, кино урлагийн бүхий л түүхэндэх хамгийн
гайхамшигтай сценүүдийн нэг болон үлджээ.. Gabriel эхнэрээ тэр дууг сонссоноос
хойш хачин байгааг, бодол нь тэртээ алсад явж байгааг анзаарч, мөн яагаад тэр
дуунд тэгтлээ ухаанаа алдсаныг гайхаж, буудалд ирээд энэ талаар ярилцана..
Gretta түүнд өмнө нь хэзээч ярьж байгаагүй нэгэн түүх ярьж өгнө.. энэ түүх бол
17 настай Gretta болон Michael Furey нарын хайрын түүх юм.. Michael Furey тэр
дууг дуулж өгдөг байсан ба хайр татам энэхүү хүү уушгины сүрьеэтэй байсны
улмаас үхжээ..
бороотой тэр орой Gretta сүмийн сургууль руу явах гээд зогсож
байтал Michael Furey хүрч ирсэн агаад энэ уулзалт тэр хоёрын сүүлийн уулзалт
байлаа.. Gretta түүнийг бороонд цохиулна, харьж үз гэхэд Michael Furey эсрэгүүцэн,
би амьдрахыг хүсэхгүй байна гэж хэлсэн бөгөөд тэр өдрөөс төд удалгүй хүү үхэж,
уг үхэлд Gretta өөрийгөө буруутгаж, тэр надаас болж, намайг харах гэж бороотой
өдөр ирж өвчнөө хүндрүүлсэнээр үхсэн байх гэдэг.. ингэж хэлээд Gretta уйлж уйлж
байгаад унтдаг бол Gabriel тэр танихгүй хүүгийн эхнэрийг нь хайрласан хайр ямар
аугаа байгаа вэ? Уг хайрыг нь мэдэрсэн миний эхнэрийн сэтгэл хичнээн аугаа
байгаа вэ? Ийм хайрыг би хэзээч мэдэрч явсангүй, ер нь ч үзэхгүй байх гэж
бодоод, үргэлжлүүлэн: бидний хайр, харуусал, итгэл найдвар хийгээд хүсэл тачаал
бүгд үхдэг талаар шөнөжин бодож хонодог агаад энэ үеэр гадаа цас орсоор л
байдаг.. бүх цаг үеийн хамгийн хачирхалтай бөгөөд гайхалтай хайрын түүхийг
өгүүлсэн энэхүү бүтээлийн төгсгөл амттай, зөөлөн гуниг сэтгэлд цуурайтуулсаар
төгсдөг.. кино маань ердөө 83 минут л үргэлжилж, киноны гуравны хоёр нь баярын
хэсгийг харуулж төгсгөл болох хамаг шим шүүс нь төгсгөлийн арван минутад л
болдог.. баярын хэсэг сэтгэл хөдөлгөм бас хөгжилтэй хэсгүүдээр баялаг бол
төгсгөлөөрөө уг кино ер бусын гунигтай.. Америкийн домогт кино урлаач John Huston-ны хамгийн сүүлийн кино..
John Huston киногоо найруулахдаа нас өндөр гарсан байсан ба тэргэнцэр дээр,
бараг хүчилтөрөгчийн аппараттай байсан гэдэг.. Англи хэлтэй хамгийн аугаа уран зохиолч гэгддэг Жеймс Жойсийн "Дублинчууд" зохиолын богино өгүүллэг дээрээс сэдэвлэн бүтээсэн ба
найруулагчийн хамгийн дуртай зохиолч байсан учир үхэхээсээ өмнө кино болгоё гэж
бодсон болов уу.. кинонд найруулагчийн маань охин Anjelica Huston гол дүр бүтээж,
хүү Tony Huston кино зохиол болгон бичжээ.. кино онц гойд гэхээргүй энгийн
хийцтэй, одооны үзэгчдэд уйтгартай санагдах болов уу.. гэвч шүүмжлэгчид киноны
яруу тансаг кино хэлийг, үзэсгэлэнтэй бас бодлогшруулсан хөнгөн гунигийг
урлагийн өндөр түвшинд үнэлж, бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 394-р
байрт жагсааж, заавал үзэх кинонд \үүнд шинэ жилээр бас үзэх ёстой\ оруулдаг..
классик уран зохиолоос амжилттай кино болж, тус зохиолынхоо нэрийг унагаагүй
цөөхөн тохиолдлын нэг..
Comments
Post a Comment