Хаана ч очсон уйтгартай


Stranger Than Paradise (1984). Америкийн “independent” кино урлагийн нэрт төлөөлөгч, кино найруулагч, зохиолч, бас хөгжмийн зохиолч, ерөөсөө соён гэгээрүүлэгч гэж болох Jim Jarmusch-ын \герман, чех гаралтай\ “диваажингаас ч жигтэй” хэмээх absurdist/deadpan комедийг зүрхлэн танилцуулах гээд үзье.. юун түрүүнд киноны жанрыг тодорхойлох absurdist болон deadpan гэсэн ухагдахууны утгыг товч тайлбарлая.. absurdist – гэдэг нь философийн үүднээсээ амьдралын утга учир хийгээд амьдралын үнэ цэнийн тухай ойлголт юм.. уг тодорхойлт киноны маань гол цөм ба хойно энэ талаар илүү тодорхой өгүүлнэ.. харин deadpan – гэдэг нь комедий жанрын нэгэн хэлбэр бөгөөд сэтгэл хөдлөлгүй, хуурай хошигнолыг хэлж, тухайлбал жүжигчин нүүр царай бидэнд ямар ч эмоц илэрхийлэхгүй гөлгөр гэсэн үг болой.. 

энэхүү кино нь Jim Jarmusch-ын хоёрдахь бүрэн хэмжээний кино болж \түүний хамгийн алдартай оргил киноны тоонд зүй ёсоор орно\ гарсан ба тэр жилийнхээ Канны кино наадмаас Caméra d'Or шагналыг хүртэж, найруулагчийг дэлхий дахинд алдаршуулж, өдгөө минималист агуулга, “independent” чанараараа култ \домог\ хэмжээнд хүртлээ манджээ.. судлаач, шүүмжлэгчид энэхүү киног наяад оны хамгийн нөлөө бүхий киногоор нэрлээд үл барам ерөөсөө холливуудын уламжлалт кино бүтээх аргачлалыг “эвдэж”, орчин үеийн “independent” кино “хэлд” цоо шинэ үзэгдэл болсоноос гадна чөлөөт кино бүтээгчдийн үндсэн суурь кино хичээл нь болсон гэж үздэг ажээ.. кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 385-р байрт жагсдаг.. ингээд, киноны үйл явдал хийгээд киноны талаарх сэтгэгдлээ товчхон, нуршилгүй хүргэе..
Унгар гаралтай Willie \John Lurie-жүжигчинээс гадна алдартай жазз хөгжимчин\ нью иорк хотод өөрийн жижигхэн хөлсний байрандаа хэвтэж байхад утас \суурин\ дуугарч авга эгч нь түүнд “Унгараас үеэл дүү чинь ирж байгаа, чам дээр арав хоноод наашаа \Кливленд \ ирнэ, чи арав хоног харж хандаж байгаад нааш нь явуул” гэнэ.. Willie үүнд бухимдах ба тодорхой эрхэлсэн ажилгүй, хааяа нэг мөрийтэй хөзөр тоглож, ихэнхдээ залхууран хэвтэх түүнд үеэлээ харж хандана гэдэг бөөн түвэг, бас мөнгө үрэгдэнэ гэсэн үг.. дараагийн сценд Eva \ Eszter Balint -жүжигчин бас хийлч\ үеэл дүү нь ах дээрээ ирж байх ба Eva бол байнга хуурцаг тоглуулагчаар жазз хөгжим сонсох охин дөнгөж арваннайм л хүрч яваа насны охин байна.. Willie охиныг тун хүйтэн хүлээж авч, бүр хоол цай ч санал болгохгүй илт хөндий харьцана.. өдөр хоног өнгөрөхөд Eva умгар өрөөг нь цэвэрлэж, дэлгүүрээс тамхи нөөшилсөн мах энэ тэр хулгайлж авчран Willie-д талд засан, улмаар тэдний хоорондох мөс хайлна.. 

үеэлүүд дээр Eddie \ Richard Edson-бас л хөгжимчин\ гэгч мангардуу царайтай бас нэг ажилгүй залуу хааяа ирэх ба тэрээр Willie-ын ганц найз.. Eddie-ын охинтой харьцах харилцаа хандлага илт шохоорхосон аястайг үзэгч бэлээхнээ харах бизээ.. Eva авга эгч рүүгээ явах болоход охинд дөнгөж дасаад байсан Willie урамгүй өдөж өгнө.. дараагийн сцен нэг жилийн дараа гэж эхлэхэд: Willie болон Eddie нар мөрийтэй тоглож байх агаад тэд булхайцан овоо мөнгө залилчихна.. мөнгөнийхөө нэг хэсгээр машин түрээслээд Кливленд, өөрөөр хэлбэл Eva дээр очихоор залуус гараад шидчихнэ.. ингээд тавьж хүрэхэд Кливленд цасаар хучигдсан байж, манай хоёр авга эгчийнхээ жижигхэн байрт очно.. сураг сонсохнээ Eva ойрхон түргэн хоолны газар ажиллаж байгаа гэнэ.. ийнхүү гол гурван дүр маань уулзацгаана.. залуус өдөр авга эгчтэйгээ хөзөр тоглож, орой Eva-тай гурвуул кино \зодоонтой\ үзэж цагийн барна.. Eddie эдгээр өдрүүд уйдаж, Willie-д хандаж “хөгшөөн, хаана ч очсон адилхан уйдах юмаа” гэнэ.. залууст овоо мөнгө үлдсэн учир энд ингэж хөлдөж үхэх гэж байснаас нарлаг Флорида руу Eva-г дагуулаад явж амрах шидэт санаа төрж, Флорида руу жийгээд тавьчихна.. дараагийн сценд манай гурав дэн буудлын жижигхэн өрөөнд багтаж ядан байна.. Eddie мөнгөөрөө нохойны уралдаанд бооцоо тавьж азаа үзье, надад нэг мэдрэмж төрөөд байна гэсээр үүр цүүрээр Willie-тэй хамт явна.. 

орой болж, хамаг мөнгөө алдсан залуус үхэл царайлсаар орж ирнэ.. гэвч Willie бууж өгөхийг хүссэнгүй, үлдсэн хэдэн зоосоороо морины уралдаанд бооцоо тавьж азаа үзэхээр бас л үүр цүүрээр явна.. уйдаж, хийх юмгүй болсон Eva далай эргээр явж байгаад нэгэн дэлгүүрээс нарны бүрх малгай, бас нэг хар хүрэм авч өмсдөг.. тэгтэл түүн дээр нэг залуу хүрч ирээд боодолтой мөнгө өгчихөөд бараг зугтчихна.. энэ нь Eva-ын малгай, хүрэмнээс болж гарсан андуурал байв.. балмагдаж бас баярласан охин энэ мөнгөө бүгдийг нь нөгөө хоёртоо хуваавал дахиад нохой, гахай болчихно гэж бодоод унгар руугаа шууд буцахаар шийднэ.. ингээд, охин мөнгөнөөсөө жаахныг захиатай \захианд би унгар буцлаа гэдэг\ хамт үлдээгээд .. яг явсных нь дараа манай залуус ирнэ, ирэхдээ бооцоонд хожоод мөнгөтэй ирнэ.. тэд захиаг хараад яаравчлан онгоцны буудал дээр очих ба Willie тасалбар авч ороод охиныг дагуулаад ирье гээд явж, харин Eddie машиндаа түүнийг хүлээж үлдэнэ.. гэтэл Willie эргэж ирэхгүй, харин онгоц нисэх бөгөөд энэ бол Willie унгар явсан гэсэн үг бөлгөө.. 

сцен солигдоход Eva унгар явахаа больж, нөгөө дэн буудалдаа ирж байдаг.. манай гурвын энэ зөрөлт тэдний ирээдүйг хэрхэн өөрчлөө бол? Үүнийг бид зөвхөн төсөөлөлдөө л бодож болно.. үзэгчийнхээ бодолд увайгүй орж, зөвшөөрөлгүй бодлыг нь залж чиглүүлдэг олон нийтийн хямдхан киноноос үлэмж илүү, өндрөөс өндөрт орших бодролын, бас оршихуйн чанарыг маань гижигдсэн, цэвэр минималист классик кино.. америк мөрөөдөл тээсэн цагаач залуусын залхуу, хайнга амьдралаар найруулагч бидэнд хүн өөрөө хичээж чадвал хаана ч диваажин байж болохыг хошингонолын хөшгөөр халхавчлан үзүүлсэн \үзэгч өөрөө бодож олох ёстой\ бөгөөд зурагт үзэнгээ хооллох, утгагүй хөзөр тоглох, залхууран лазантах нь залуу хүмүүст огт зохихгүйг хэлжээ.. өөрийгөө дотроосоо олоогүй хүн ийш тийшээ \аялж\ явж олох нь утгагүй бөгөөд нэмэргүйг ухааруулжээ.. гол дүрүүд маань хаана ч очсон олиггүй, зааван нөхцөлд байхаас гадна байнга л хавчигдсан жижиг өрөөнд байгаагаас тэдний дотоод ертөнцийн толь, тусгал гэмээр ажээ..

НЭМЭЛТ: Америкийн кино зохиолч, найруулагч Жим Жармуш 1980 онд "Permanent Vacation" гэх анхны киногоороо Нью-Йоркийн их сургуулийн кино сургуулийн дипломоо хамгаалчихаад дараагийн дөрвөн жилийг уг бүтээлээ хийхэд зориулжээ. Оюутан байхдаа тэрээр алдарт найруулагч Николас Рэйгийн удирдлага дор суралцдаг байсан ба нэг өдөр Рэй түүнийг Германы нэрт кино урлаач Вим Вендерстэй хамтран хийж буй "Lighting over Water" кинондоо туслахаараа авч явжээ. Вендерс Жармуш-д "Der Stand der Dinge" киноноосоо үлдээд байсан бэлэн материалыг өгсөнөөр залуухан Жармуш богино хэмжээний кино хийсэн байдаг нь ирээдүйн "Stranger Than Paradise" киноных нь үндэс болсон аж. 1980 онд бүрэн хэмжээний кино болсон ба 1982 онд Роттердам кино наадамд энэ нэрээрээ олонд хүрчээ. 

Comments