Ухаан бүтэлгүйтсэн үед чөтгөр тусалдаг


Match Point (2005). Өгүүлэх нь, мэргэжлийн газрын теннисчин Chris \гучин нас л хүрч яваа тэрээр танилцсан хүүхэн болгоныгоо өөртөө дурлуулж чадах царайлаг, тун сайхан залуу\ илүү их хувь заяа, илүү их ач буян хүсэж мэргэжлийн спортоосоо зодог тайлж, Лондоны баячуудын сонирхогчдын спорт клубт багшаар орж ажиллах ба нэгэнт амжилт олж, аугаа тамирчин болохгүйгээ ухаарсан тэрээр азаа үзэж баячуудын дунд орж буй нь энэ ажгуу. Тэрээр хувь заяа, аз одонд итгэдэг нэгэн бөгөөд сайхан амьдрах хийгээд дорой аж төрөх нь ганц л хувийн агшин, нэг л нүд цавчилтын үр дүн гэдэгт бат итгэж, сэхэх эс сэхэхийн эгзэгтэй мөчид хүн өөрөө хувь заяандаа эзэн болж, \ямар ч аргаар хамаагүй\ хувь заяагаа атгаж, бүр залж залруулж болно гэдэгт итгэгч юм.

Тэрээр уг үзлээрээ аз хайж баячуудын нийгэмлэгт орох агаад тун удалгүй өөрийн насны үеийн Tom \зорилгогүй, эцэг эхийнхээ үгийг яс дагагч ба өөрөөсөө бусдыг бодохыг ч үл хүсэгч\ гэгч царайлаг, баян залуутай танилцаж, улмаар багш нь болно. Даруухан, төлөв Chris нэг мэдэхэд томоохон компаний өв залгамжлагч, зугаа цэнгэлийн ханхүүгийн дотно анд нь болох бөгөөд тэд хаа ч хамт явах агаад Tom нэгэн үдэшлэг дээр өөрийн гэр бүлийнхнийг Chris-тэй танилцуулах ба төлөв түвшин төрхтэй, өөрийнхөө хүчээр их хотод амь зууж байгаа хүүгийнхээ найзад Tom-ын гэрийнхэн тун элгэсэг хандахын дотор Tom-ын охин дүү Chloe хэн бүхнээс илүү дотно хандах нь анхны харцын дурлал юмуу хуял тачаалын сэрэл гэлтэй. Chloe \дураараа өссөн, дүрэлзэн асаж чаддаггүй мөнхийн дундаж хэмийн хүүхэн болно, нэг үгээр уйтгартай гэсэн үг\ төд удалгүй ахынхаа багшид бас шавь орж, сарын дараа гэхэд Chris-тэй анхныхаа болзоонд явна.

Санаа алдам үзэсгэлэн, амьсгаа бачидам бие энэ бүсгүйд заяагаагүй ч хэн ч энхрийлэм хөөрхөн бөгөөд Chris бүсгүйд тухайн мөчид тун ихээр татагдавч сэтгэлийнх нь мухарт баян айлын хүргэн болох шуналт хүсэл хайртай мэт жүжиглэх зэрэг хуурамч занг цаанаасаа л өрдөж, өдөөгөөд байх бол бүсгүй бүх бие сэтгэлээрээ Chris-д дурлан хайрлаж, түүндээ бүхнээ өгч эхэлнэ. Нэгэн нар гийсэн сайхан өдөр Tom өөрийн ээлжит найз бүсгүйгээ гэрийнхэндээ танилцуулах ба түүнийг Nola \насаараа Chloe-той чацуу тэрээр ядуу тарчиг өсөж, багынхаа мөрөөдөл жүжигчин болохоор шаргуу зүтгэж байгаа ба нэгэн үдэшлэг дээр Tom-той танилцаж ивээлд нь орсон ер нь маш эрчтэй, зоримог гал хүүхэн болно\ гэдэг бөгөөд Америкаас ирсэн тэрээр жүжигчин мэргэжилтэй, хонгор шар үстэй, классик гоо үзэсгэлэн хийгээд эротик гоо үзэсгэлэн зэрэг хослосон үнэнхүү сахиусан тэнгэр байна.

Шинэ хүргэн Chris анхны уулзалт дээр Nola-д унаж тусах бол бүсгүйд ч залуу таалагдах хэдий ч Chris шиг харах бүртээ нүдээрээ идэхгүй. Ингээд, Chris- Chloe болон Tom- Nola гэсэн дөрвөн найз хамтдаа хооллож, хамтдаа кино үзэж, ер нь л хамтдаа явцгаах бөгөөд хамтдаа зугаалах санааг Chris гаргах юмуу үгүйдээн дэмжиж, боломж л олдвол Nola-г харахыг хүсэж, хажууд нь байхыг бодох ба чадахгүй бол уурлаж, унтахдаа Chloe-г Nola гэж төсөөлөн хурьцах нь шунал тачаалынх нь хэмжээг илэрхийлнэ. Тийнхүү байтал тэд дөрвөл хийгээд бүхий л гэр бүлээрээ Tom-ын аавынд очицгоон амрахаар болно, гадаа салхи исгэрэн, бороо цутгах бол тансаг харшид хүмүүс архи шимэн зөөлөн буйдан дээр тухална. Chloe өрөөндөө ном тэврээд таг бол Tom болон Nola-г Tom-ын ээж загнана, ингэхдээ юу гэж вэ гэхээр: жүжигчин мэргэжил ирээдүйгүй, чи угаасаа авъяасгүй, манай компанид орж ажилла, тэгээд хүүг маань харж хандан халамжил хэмээн доош нь хийж нэлээн дээрээс харьцах ба үүнд ядуу ч өөрийн гэсэн зорилготой, түүнээ дагасан үнэ цэнэтэй, өөрийнхөөрөө зөрүүд бүсгүй учир шууд уурлан гараад явчихна.

Tom хүүхнээ дагахгүй дүлэгнэх бол холоос ажиж байсан Chris бороон дунд алхах Nola дээр очиж, улмаар тэр хоёр улаан буудайн талбайн дунд, дээр нь ширүүн бороон дор зориг хүслээр дүүрэн хийгээд барьшгүй хуял тачаалдаа автан секс хийх \ Chloe номоо уншиж л байна\ ба энэхүү сцен маш онц содон хийгээд олон кино үзсэн ч ийм секс сцен үзээгүй билээ, би. Уг явдлаас хойш Nola буруу юм хийснээ ухааран Chris-ээс аль болох зугтах ба уулзахаараа тэр үед би уймарсан байсан, тэр нэг удаагийн явдал байсан гэх бол Chris түүнийг байнга дагаж, хэрэв хоёулахнаа таарвал дарж авахыг байдгаараа хичээнэ. Хэсэг хугацаа өнгөрөхөд, Chris болон Chloe хоёр хуримаа хийж байх агаад Chris хадам аавынхаа компанид том албан тушаал дээр очсон байх бол Tom Nola-аас салж, ээжийнхээ үгэнд орж илүү дээд зиндааны хүүхэнтэй суусан байна, харин Nola эргээд Америк явсан байлаа. Нэг өдөр санаандгүй байдлаар \ Chris-ынхээр бол хувь тавилангаар\ Chris Nola хоёр учирна: Nola саяхан Америкаас эргэж ирсэнээ хэлж, хямдхан түрээсний байранд байгаагаа учрлаад салах гэхэд Chris дугаарыг нь асуугаад амар заяаг нь үзүүлэхгүй бөгөөд тэрээр яг дугаарыг нь авахдаа энэ насныхаа хамгийн буруу зүйлийг хийж байгаагаа мэдэхгүй байв.

Nola түүнд дугаараа өгсөнөөс хойш тэр дугаар хамгийн ханашгүй нууц амрагуудын гол холбоо болох бол Nola-ын ядуухан түрээсийн өрөө хамгийн нойтон нууц амрагуудын хурьцлын оромж болно. Chris цайны цагаас авхуулаад бие засах боломжыг ч ашиглахгүй өнгөрүүлэхгүй бөгөөд энэ үеэр Chloe хүүхэд хүсэж, нөхөртэйгөө байнгын секс хийхийг хүсэхэд харин Chris эхнэрээ харах байтугай бодохоос ой гутаж, хүүхэд олгохгүй гэж секс хийхээс аль болох зайлсхийж, үргэлж ядарч үхэх гэж байгаа дүрд хувирна. Ингээд, нууц амрагийн харьцаанд байсан Nola илүү ихийг хүсэж эхлэх бөгөөд Chris-ыг ганцаар эзэмших гэсэн хайрын шуналд унана. Nola-д цагаар уулзах секс харилцаа биш насаараа хамт байх хань хэрэгтэй байсан ба халуун хайраасаа гурван ч удаа хүүхэд олж, сүүлийнхээ хүүхдээ авхуулж чадахгүй, хүүхдээ гаргаад хамт сайхан амьдрая гэж Chris-д хэлж, гуйна. Харин Chris түүнтэй амьдралаа гэхэд насаараа ядуу, нэг л хэвийн, бүхий л хүмүүс шиг амьдрах байлаа, өөрөөр хэлбэл тансаг амьдралаасаа хагацана гэсэн үг.. 

Chris түүнд цэвэр сэтгэлээр дурлаж хайрлаагүй ба тэдний харьцаа илүүтэй шохоорхол болон гол нь секс дээр тогтож байлаа.. харин Chris-ын Chloe-г гэх бүхэн шууд утгаараа мөнгө, эд хөрөнгө хэдий ч түүнд Chloe-г гэх жаахан сэтгэл байсан нь хэн ч байгаагүйд нь өөрийг нь тоосон хийгээд өөрийнхөөр нь байдаг номхон занд нь хорогдоно. Өдөр хоног өнгөрөх тусам Chloe нөхрөө хардах ч хардалтандаа бүрэн итгэхгүй бол Nola Chris-г бүрэн эзэмшихийн төлөө бүхнээ хийнэ, ингэх шалтаг түүнд байсан нь түүний жирэмсэн болсонтой холбоотой. Chris Nola-тай уулзах болгондоо удахгүй бүх юм сайхан болно, одоо удахгүй хоёулаа хамт байна, би эхнэртээ маргааш бүгдийг хэлнэ, гэх мэтээр цаг, өдөр хожин асуудлыг хойшлуулах ба Chris-ын хувьд нэг дурлавал жаргал, нэмж дурлавал зовлон гээч болно.

 Nola яг галт уул шиг өдөр өдрөөр буцлах ба хэрэв чи чадахгүй бол би очиж бүгдийг хэлнэ хэмээн Chris-ыг олон жилээр хөгшрүүлнэ.. энэ үеэр Chloe жирэмслэх бөгөөд Chris сайхан амьдрал болох хүсэмжгүй эхнэрээ сонгохуу, ядуу ч дур хүсэл, жаргал болсон сайхан хүүхнээ сонгохуу, гэсэн сонголтод тулж ирнэ. Chris далайн давалгаа шиг дараалан ирэх Nola-ны шахалтад болон эхнэрийнхээ хардалтыг зайлуулахын тулд хадам аавынхаа бууны санд орж, бүу хийгээд сум хулгайлах бөгөөд эхнэртээ орой театрт уулзая гэчихээд харин нууц амрагтаа бүх юм бүтсэн гэрт чинь уулзая гэнэ. Chris хэн нэгнийг алах хэрэгтэй ба аль алинтайн хамт байх боломжгүй болж, бас аль нэгийг нь сонгох аргагүй болсон буюу өөрөө уснаас цэвэр гарахын тулд заавал аль нэгийг нь алах ёстой агаад секс хүслээ дагахуу? Эсхүл шунал болон амьдралаа дагахуу гэдэг дээр очно.

 Америкийн нэрт кино найруулагч Woody Allen-ын энэхүү бүтээл нь ёс суртахуун, шунал, хүсэл тачаал болон аз гэсэн өргөн бас гүн сэдэвтэй философийн кино бөгөөд аугаа их зохиолч Достоевскийн “Гэм зэм” романыг уг кинонд гарах зарим сцен болон санаа санагдуулж \киноны эхэн хэсэгт Chris “Гэм зэм”-г уншиж байдаг\, ижил төстэй харагдуулдаг. Тус киноныхоо зохиолыг бичсэн найруулагч Woody Allen: миний энэ кинонд Достоевскийн “Гэм Зэм” романд гардаг шиг бурхан, гэмшил, шийтгэл байхгүй хэмээсэн байдаг..

Достоевскийн бүтээлээс шууд хуулах юмуу романыг өөрчлөн кино зохиол болгоогүй боловч киноны хүүрнэх хэлбэр болон мотиф нь Достоевскийг дуурайсан нь илэрхий ажиглагддаг. Ингэхээр энэ бүтээлийг Достоевскийг шимтэн уншигчид заавал үзэх хэрэгтэй бөгөөд мөн зарим судлаачид Теодор Драйзерын “Америкийн эмгэнэлт явдал” романтай төстэй гэсэн байдаг нь сонирхолтой..

Олон шүүмжлэгчид энэхүү кино нь Woody Allen-ын хэв маягийн биш түүүний \миний хувьд Woody Allen-ын хамгийн шилдэг ажлын нэг\ хувьд шинэлэг бүтээл болсон гэж тухайн үед үзсэн ба нэрт найруулагч маань өөрийнхөө бүтээсэн кинонуудаас хамгийн сайн киногоор эл киног нэрлэсэн байдаг. Киноны гол дүрүүдэд эрчүүдийн хүслэн болсон Scarlett Johansson \Америкийн жүжигчин, дуучин тэрээр дэлхийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн нэг\ болон хүүхнүүдийн хүслэн Jonathan Rhys Meyers \Ирландын жүжигчин ба "Bend It Like Beckham" болон ТВ цуврал "The Tudors" кинонуудаараа алдартай\ нар тоглосон ба шүүмжлэгчид тэдэнд алга ташсан байдаг агаад Scarlett Johansson энэ киногоороо энэ цаг үеийн холливуудын секс билэг тэмдэг гэдгээ тамгалсан. Найруулагч Woody Allen шуналаа сонгохуу? хүслээ сонгохуу? гэсэн моралын асуулт  тавих ба тун бодлогшруулах философийн бүтээл тэр жилийнхээ Оскарын наадмаас шилдэг кино зохиолд өрсөлдсөнөөс гадна кино маань 15 саяар бүтээд 85 саяын ашиг олж Woody Allen-ын бокс оффисын муу амжилтын цувралыг зогсоож байжээ. Шүүмжлэгчид эл бүтээлийг тухайн жилийн хамгийн хурц кино гээд анги давхарга болон бурхангүй үзэлтний талаарх маш чамбай хийгдсэн философийн триллер хэмээсэн байхад зарим нь Лондоны дундаж давхаргын хөрөг зураг гэж магтжээ. Нэрт кино шүүмжлэгч Roger Ebert уг бүтээлийг Woody Allen-ын оргил дөрвөн киноны тоонд багтаасан байдаг.

НЭМЭЛТ: Энэ киног Достоевскийн "Гэм Зэм" романтай харьцуулсаар ирсэн. Тухайлбал киноны гол дүр нэгэн сцэнд энэ номыг уншиж байдаг нь түүнийг Раскольниковтой адилхан болгодог. Энэ дүр бол өөрийгөө дээд хүн гэж батлахын тулд хоёр эмэгтэйн амьдралыг сүйрүүлсэн, гэм буруудаа зовж, эцэст нь гэм буруугаа хүлээсэн буюу хөөрхөн бүсгүйг хүчээр янхан болгосон, бурхныг олж харсан ганцаардсан шаналагч юм. Chris бол өөрийнхөө эрх ашгийг бусдаас дээгүүрт тавьдаг, гэм буруугаа бараг мэддэггүй, азаар баригддаггүй ганцаардмал дүр. Найруулагч Allen өөрийнхөө санааг илүү өнгөцөөр ч ижилхэн байдлаар илэрхийлсэн байдаг. Allen өөрийгөө Достоевскийгоос ялгаатай нь кинондоо Бурхан ч, шийтгэл ч, авралд хүргэх хайр ч байхгүй гэж мэтгэдэг. Достоевскийн сэдвийг өмнө нь Allen "Love and Death" кинондоо элэглэл маягаар ашиглаж байсан.  

Comments