Алуурчны исгэрээн


M (1931). Өгүүлэх нь, түм түжигнэж, бум бужигнасан гудамнаа, нэгэн сохор гуйлгачин өвгөн бөмбөлөг мөмбөлөгхөн заран зогсох агаад дөнгөж саяхан сургуулиасаа тарж гэж хармаар дүрэмт хувцас өмсөж, цүнх үүрсэн охиныг аав нь юмуу, ах нь ч юмуу гэж таахаар намхан, нас гуч хүрээгүй болов уу гэмээр эр хөтлөн явж өнөөх сохор өвгөн дээр ирж, охинд бөмбөлөг худалдан авч өгч буйгаар кино маань эхэлнэ.. охиныг хөтлөн яваа эр туж амандаа Edvard Grieg-ын “In the Hall of the Mountain King” гэх симфонийг эсгэрэн явах ба энэхүү эсгэрэлт, өөрөөр хэлбэл энэ симфони хаана сонсдоно тэнд үхэл оршвой.. Гитлерын нацистууд засгийн эрхэнд гарч олон арван сая хүн үхэж, дэлхий дахин галд шатахаас ердөө хэдхэн жилийн өмнөх Берлин хотод бяцхан охидууд ор сураггүй алга болж, төд удалгүй хотын захаас юмуу, гуу жалгаас алга болсон охидын шившиглэгдсэн цогцос олдох нь нацистуудын хар ёрын өмнөтгөл үү гэлтэй.. эл бузар, аймаар хэрэгт долоо охин өртөж, хот айл тэр чигээрээ үүрээ эвдүүлсэн шоргоолж лугаа үймэн сандран байх үеэр нэгэн ээж охиноо сургуулиасаа ирэхийг хүлээн, хоол юугаан зэхэн, охин ирэхгүй цаг явах тусам сэтгэлийн түгшүүр нэмэгдэн сууж эс чадан нааш цааш холхино.. ингээд план солигдоход цахилгааны шонгийн дээгүүр бөмбөлөг хийсч, ээжийн охиндоо бэлтгэсэн хоолны ширээ эзэнгүй үзэгдэнэ.. энэ нь охиныг үхсэнийг илтгээд зогсохгүй нийт амь үрэгдэж, алуурчны идэш болсон охидоо тоо наймд хүрсэнийг заана.. түгшүүр дохио хотоор нэг хангинаж, цагдаа сэргийлэх бүрэн хүчээрээ алуурчны эрж хайн, мэдээлэл өгсөн юмуу барьж өгсөн хүнд өндөр шагнал амална..

энэ бүх чөтгөрийн хэргийг нэг л хүн хийж байгаа болохыг хэргийн баримт сэлтээс түвэггүй ойлгож болохоос гадна алуурчин өөрөө цагдаагийнхан руу захиа бичиж тохуурхан бахаа хангана.. цагдаагийнхан бяцхан охидыг татах зүйлс болох тоглоом, чихэр жимсийг алуурчны зэмсэг гэж үзэн дэлгүүр хоршоог хяналтандаа авахаас гадна шөнийн баар, цэнгээний газар, мөрийтэй тоглоом, янханы газруудыг байнгын хараан дороо авч, өндөр сэрэмжтэй, далай ихтэйгээр ажиллаж эхэлнэ.. энэ үед, гэмт хэргийн зохион байгуулалттай бүлгүүд буюу мафи цагдаагийн уг сүрлэг ажилгаанд бухимдаж, зэвүүцэнэ.. учир юу гэвээс, бүхий л хууль бус наймаа болон үйл ажилгаанууд нь нэг муу алуурчинаас болж зогсох дээрээ тулж ирсэнд бөгөөд нөгөө архидалт, янхандалт, мөн мөрийтэй тоглоомны газруудыг байнга цагдаа нар эргэж тойрон санаа тавьж эхэлсэн нь үр ашаггүй ажиллах хэмжээнд хүргээд ирүүт дургүйлхэж буй нь энэ.. кино дээр уг санааг: “гудманд одоо янханаас илүү цагдаа нар олон боллоо” гэдгээс харж болно.. ингээд мафийн толгойнууд нь уулзаж хэлэлцээд хүүхэд алаад гай удаад байгаа нөхрийг олж устгахгүй бол бид мөд дампуурлаа гээд хэдий бид бохир ертөнцийнх ч арай ч үр хүүхдээ алдаггүй, яаж ч бохирдсон хүн ёсны хэв хэмжээтэй байх хэрэгтэй гээд муу бузар, хүний адгийг олж алъя гэж санаа нэгдэж, хотын бүхий л хулгайч, гуйлгачидыг татан хамруулан ажилдаа орцгооно.. зүйрлэвэл: цагдаа нар хуулийнхаа хүрээнд дээгүүр самнах бол мафиуд өөрсдийн аргаар доогуурхыг нь самнаж гарна гэсэн үг.. энэ үеэр хуруу, гарны шинжээчид захиаг судалж үзээд, уг захиаг тийм ийм модон ширээн дээр бичсэн байна гэж дүгнэлт хийж, цагдаа нар дүгнэлтийн дагуу таарах ширээтэй бүх айлыг нууцаар шалгаж эхлэн, улмаар алуурчны ар хүзүүн дээр бараг тулж ирнэ.. харин энэ үед нөгөө сохор өвгөн бөмбөлөгөө заран зогсож байтал өнөөх охин үхэхэд сонссон аяа дахин сонсох агаад мафиас даалгавар авсан өвгөн тэр өдөр өөрөөс нь бөмбөлөг авсан хүн алуурчин байсныг хожим мэдэж, одоо харин дахиад гараад ирлээ хэмээн сандран хажуудахь хүндээ тэр эсгэрч байгаа хүнийг хараатах гэтэл үнэхээр нэг охин дагуулсан эр явж байна.. цагдаа болон гэмт хэрэгтнүүд аль нь түрүүлж алуурчныг барих бол? Ер нь барих болов уу?.. 

Австри-Герман гаралтай, хожим Америкт гарсан харанхуйн мастер хочтой Fritz Lang-ын энэхүү классик сэтгэлзүйн триллер нь түүний анхны дуутай кино юм.. Германы Экспрессионист кино “боловсролтой” Fritz Lang уг кинондоо ч хар бараан өнгө, уур амьсгалаа шигтгэж өгсөн бөгөөд алуурчны дотоод сэтгэлзүй, ад чөтгөрийн гэмээр хүсэл дуудлагийг нь үнэмшилтэй үзүүлж чаджээ.. кино зохиолыг Fritz Lang-ын гэргий Thea von Harbou нөхөртэйгөө хамтран бичсэн ба сонирхолтой нь Thea von Harbou хожмоо нацист намд элсэж байжээ.. өдгөө ихэнхи шүүмжлэгчид уг киног нацизмын хар сүүдрийг зөгнөсөн гэж үздэг бол найруулагч маань өөрийн бүтээсэн бүх бүтээл дотроос уг кинондоо хамгийн хайртай байдаг ажээ.. гол дүрд тоглосон Peter Lorre алуурчны дүрийг гайхалтай бүтээж, кино урлагийн түүхэнд түүний бүтээсэн алуурчны дүр түүний царай төрх шиг үл мартагдахаар хоногшин үлдсэн.. Peter Lorre нь хүүхэдрэхүү царайтай, намхан хүн ба голдуу инээдмийн кинонд тоглодог байж, ингээд уг кинонд тоглох саналыг хүлээж авсанаар алуурчин хүн бол өндөр том биетэй, аймаар царайтай гэсэн тогтсон хэвшлийг эвдэж байсан гэдэг.. уг киноноос хойш Peter Lorre-г жинхэнэ амьдрал дээр алуурчидтай холбоотой гэсэн хардлага хүмүүсээс ирдэг байсан гэдэг.. киноны санаа бол: ёс суртахуун, хүний мөн чанар бөгөөд яаж ч дордож, муудаа тулсан хүн адгуус шиг авирлаж болохгүй, ядуу гуйлгачин, янхан архичид ч гэсэн хүн мөстэй, хүнлэг сэтгэлтэй байдгийг харна.. мөн цусыг цусаар гэсэн шударга зарчмыг охидоо алдсан зовж буй ээжүүдээс мэдэрнэ.. кино маань бүх цаг үеийн шилдэг мянган киноны 52-р байрт жагсдаг ба цаг үеэсээ түрүүлсэн суут бүтээл гэж эдүгээ судлаачид үзэх болжээ.. M гэдэг нь “murder” гэдэг утгийг илэрхийлнэ..

  НЭМЭЛТ: Найруулагч Фриц Ланг 1930 онд дараагийн кино хүүхдийн алуурчны тухай байх болно гэж сонингоор зарлажээ. Тэр даруй заналхийлсэн захидлуудад булуулж, Staaken студиуд ч зураг авалт хийх орон зай олгосонгүй. Ланг студийн захирал дээр ороход захирал нь нацист намын гишүүн байсан ба намынхан Лангийг нацист намыг нь харлуулах нь гэж сэжиглээд зураг авах эрх олгоогүй гэж болж таарчээ. Эцэст нь, киноны зургийг 6 долоо хоногт Берлиний ойролцоох студиуд авчээ. Ланг киноныхоо судалгаа хийхдээ Германы нэгэн сэтгэцийн эмнэлэгт 8 долоо хоног байрласан ба Питер Кюртен зэрэг хэд хэдэн хүүхдийн алуурчинтай танилцжээ. Киноны зарии олны хэсэгт хэд хэдэн жинхэнэ гэмт хэрэгтнүүд ашигласан боловч зураг авалтын үеэр 25 хүнийг баривчилжээ.  Шүүмжлэгч, судлаачид уг киног 1920-оод оны зартай цуврал алуурчин "Дюссельдорфын цус сорогч" хочит Питер Кюртенээс үндэслэсэн хийгдсэн гэж дүгнэсэн. Найруулагч Ланг 1963 онд өгсөн ярилцлагадаа "Би энэ киногоо хийхээр шийдээд байх үед Германд Хаарманн, Гроссманн, Кюртен, Денке зэрэг олон цуврал алуурчид байсан" гэжээ. Харин Байцаагч Карл Ломанны дүрийг Берлиний эрүүгийн цагдаагийн газрын дарга, тухайн үед их нэртэй байсан Эрнст Геннат гэгчээс сэдэвлэжээ. Лангийн кинондоо дүрсэлсэн Берлиний мафи бол үнэхээр Германд бэхжээд байсан Ringvereine гэдэг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлээс үндэстэй аж. Кинонд дүрсэлсэн Ringvereine бол харизматик, компанийн захирлуудаас бүрдсэн мэт зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд байдаг нь бодит Ringvereine-д тулгуурлажээ. 

Мөн кинонд шоронд хоригдож байгаа мафийн гишүүдийн ар гэрийнхэнд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа тухай харуулдаг, энэ нь бодит явдлаас улбаатай. Герман эрчүүдийн бие бялдрын төлөө анхлан бөхийн холбоо байсан Ringvereine нь өөрсдийгөө дунд давхаргынхныг төлөөлсөн, маш "хүндтэй" эрхмүүд гэж харуулахыг зорьдог байсан ба мафийнхны адилаар тэд өөрсдийгөө нийгмийн үнэт зүйлсийг сахин хамгаалагчид гэж дүрслэн тодорхой нийгмийн журмыг мөрддөг байсан нь хачирхалтай юм. Тэдний хүссэн дүр төрх бол тэдний гэмт хэрэг нь энгийн хүмүүст хор хөнөөлгүй учруулдаггүй тийм "мэргэжлийн хүмүүс" бөгөөд Ringvereine дээрэмчид гэдгээрээ алдартай байсан боловч тэд хатуу сахилга бат, шаталсан бүтцээрээ психопатик цуврал алуурчдаас эрс ялгаатай байлаа. Ланг тухайн үеийн Германы гэмт хэргийн ертөнцийн талаар: "ийм сайхан киноны материал байхад өөр хэн нэгэн надаас түрүүлчих бий гэж би айж байлаа шүүдээ" гэсэн байдаг. Энэ бол Лангийн анхны дуутай кино байсан ба тэрээр шинэ технологийг бүтээлчээр ашиглажээ. Кино тухайн үед гарч байсан "яриатай" кинонуудтай харьцуулахад нягт хийгээд нарийн саундтрактай байв. Саундтракт өгүүлэгч, камераас гадуурх дуу чимээ, гэнэтийн дуу чимээний өмнө чимээгүй байх агшинууд багтаж байсан ба дуунй эффектээр өгүүллэх боломжтой болоод байсан учир найруулагч кинондоо цөөхөн цомхотгол хийжээ. Кинонд Эдвард Григийн "peer gynt suite no.1"-ийн "In The Hall of the Mountain King" аяыг жүжигчин Лоррегийн алуурчин дүр шүгэлддэг, энэ нь лейтмотив буюу дуурийн техникийг ашигласан анхны тохиолдлуудын нэг аж. Кинонд энэ ая эгшиглэнгүүт үзэгчид алуурчин камерт үзэгдээгүй ч ойрхон байгааг ойлгодог; хөгжмийн санааг дүр юмуу нөхцөлтэй холбох нь өнөөдөр кинонд чухал зүйл болжээ. Питер Лорре шүгэлдэж чадахгүй байсан тул найруулагч маань өөрөө шүгэлдсэн гэдэг.

Comments