The
Silence (1963). Өгүүлэх нь, галт тэрэгний тасалгаанд арав орчим насны
нэгэн хүү болон хоёр нас биед хүрсэн хүүхэн суух ба манай киноны гурван
гол дүрүүд болой... зорчигчид дуугаа хураан явах бөгөөд насанд хүрсэн
хоёр хүүхний хоорондын харьцаа илт хүйтэн бас хөндий.. хүүхнүүдийн арай
эгчмидийг нь Ester \ Ingrid Thulin \ гэдэг бөгөөд оюунлаг, орчуулагч
мэргэжилтэй энэ хүүхэн өвдсөн харагдах нь лав
өвчиндөө шаналан багагүй удаж байгаа нь илэрхий.. харин арай дүүмэд
хүүхнийг Anna \ Gunnel Lindblom \ гэдэг ба мэдрэмтгий, прагматик энэ
хүүхэн гаднаасаа л хуял тачаал ихтэй нь өмссөн зүүснээс нь бас сэтгэл
гижигдэм галбир биеэс нь харагдана..
тэгвэл хүүг Johan \ Jorgen
Lindstrom \ гэдэг агаад аливаа няхуур ажиглан явах энэ хүү болбаас
Anna-ын хүүхэд болно.. Anna эгчийгээ дуртай дургүй асран явна.. энэ
гурван хүн хаанаас хаа хүрч яваа нь үл мэдэгдэм бөгөөд гэртээ харьцгааж
байгаагийн нэг юм цөөхөн өрнүүлэх яриа нь дундаас нь мэдэж болно.. мөн
Johan галт тэрэгний цонхоор гадагш харахад бөөн олон танк харагдах нь
дайны дараа юмуу, дайны өмнөх он жилүүдийн үед киноны үйл явдал өрнөж
байна уу гэж таамагламаар.. ийнхүү явсаар манай зорчигчид европын нэг
хотод ирж буудалд түр бууна.. чухам ямар улсад ирсэн нь мөн л
тайлагдашгүй агаад хачин ойлгомжгүй хэлээр ярихыг нь Ester орчуулан хэл
нэвтрэлцэнэ..
эгч дүүс хоорондоо бараг үг солихгүй, сольсон ч дүү нь
хэдэрлэн аашлах бол эгч нь гуйн царайчлана.. тэдний хооронд өмнө нь
томоохон асуудал үүсч байсан байх гэж таамаглахаас цаашгүй, учир нь
тэдний харьцаанаас нь дүү нь олон жилийнхээ гомдолын хариуг аваад байгаа
мэт, харин эгч нь үхлүүт өвчин олж үхэл амьдралын зааг дээрээс ухаан
орж дүүгээсээ өршөөл эрж буй мэт санагдана.. буудалд буусан даруй Anna
гадагшаа гарлаа гээд явна.. тэрээр шуудхан бааранд орж хундага юм
захиалтал үйлчлэгч залуу илт сээтэн хаяж хөлөнд нь түрэмгийгээр хүрч
хүсэл санаагаа илэрхийлнэ.. Anna дургүйцэнгүй босч явсаар нэгэн театрт
ортол хажууд нь суух хүүхэн залуу хоёр хэнэг ч үгүй хурьцал үйлдэж
байна, үүнээс жигшсэн Anna даруй театрыг орхин явна.. энэ зуур өвчин бас
ганцаардалдаа шаналах Ester орон дотроо ном уншин архи ууна.. уйтгар
гуниг, өвчин юугаасаа түр ангжирах гэж тэрээр гар хангалга хүртэл
хийнэ.. тэгвэл энэ үед буудлын өрөөнуудээр, гудмаар Johan хэсүүчлэн
тэнэж буудлын үйлчлэгч өвөөтэй найзлахаас өгсүүлээд алиалагч одойчуудтай
хүртэл танилцаад амжина.. буудлын өвгөн үйлчлэгч хүүд сайн хандахаас
гадна өвчтэй Ester-д санаа тавин үйлчлэнэ..
ингээд Anna ирнэ.. юу
харсан, үзсэнээ эгчдээ барагалж гайхуулан хэлэхэд эгч нь дахиж битгий
тийшээ яв, надтай хамт байгаа ч гэж гуйна.. дүү нь эгчийнхээ эл
шаналсан, хардсан, алингаа алдаж байгаагаас ханамж таашаал авч улам
зөрүүдлэнэ.. тэдний ярианд өнгөцхөн дурьдагдах эгч дүүс болохыг нь
батлах зарим нэг үг, өгүүлбэрийг анзаарахгүй өнгөрвөл энэ хүүхнүүд ижил
хүйстэнүүд, тэгээд амрагууд явж байгаад нэг нь өвдөнгүүт нөгөөх нь хаяж
байна гэж ойлгогдохоор ажгуу.. Anna бааранд өөрийг нь өдсөн залуутай
унтана гэж хэлчихээд гараад явна.. Ester эвхэрч өнхрөн уйлан хоцорно,
өрөөндөө.. Anna хэлсэнээрээ нөгөө залуугаа авчран хурьцаж эхлэхэд
тэднийг Johan харчихаад Ester дээр очин харсан болгоноо хэлнэ, Ester тэр
даруй Anna-ын өрөөнд очиход Anna ирэхийг нь мэдээд зориуд эгчийгээ
зовоохоор байдалтай угтана.. Anna эгчийгээ доромжилж бахаа хангах бол
Ester бүр шалдаа бууж, би чамайг өрөвдөж байна гэхээс өөр үг үл хэлнэ.. маргааш өглөө нь Anna хүүгээ дагуулаад буудлыг орхих бол Ester
хүсээгүй ганц зүйл болох өвчиндөө ганцаараа тарчлан үхэх л үлдэнэ..
Johan явахдаа Ester-д бид эргэж ирнээ гэж хэлдэг..
Шведийн кино урлагийн
ноён оргил, дэлхийн киноны ертөнцийн аугаа их мастер Ingmar Bergman-ны
артхаус, сэтгэлзүйн драм төрлийн, хар-цагаан бүтээл..
уг кино их
мастерын итгэл үнэмшлийн трилогийн нэг бөгөөд Through a Glass Darkly
(1961), Winter Light (1963) гэсэн бүтээлүүд нэгдэн уг трилогийг
бүрдүүлдэг.. Ingmar Bergman бидэнд үл тайлагдах, гэхдээ бас үл мартагдам
урлагийн бүтээлийг үлдээсэн бөгөөд киноны тарчлаантай ч гайхамшигтай
үзэсгэлэнтэй уур амьсгал, өнгө төрх хэзээд кино сонирхогчдын ярианы
сэдэв байх болов уу.. Ingmar Bergman-ны олон кинонд хамтран ажилласан
Шведийн нэрт кино зураглаач Sven Nykvist-ын ажил гайхамшигтай байж
киноны өгүүлэх санаа, уур амьсгалыг гэрэл сүүдрээр төгс илэрхийлж
чадсан.. кино бараг харилцан яриагүй ба харилцан яриа ч киноны утга
санаанд голлох хүчин зүйл барагтаа л болохгүй.. мөн хөгжим бараг
байхгүй, сайн зураглал, жүжигчдийн тоглолт, хөдөлгөөн үйлдэл бүхнийг
хэлэхээс гадна үзэгчийн гярхай ажиглалт, хурц мэдрэмжээр бүрэн таньж
болох жинхэнэ урлагийн бүтээл..
эгч дүү хоёрын харьцааг тайлбарлахад
түвэгтэй.. кино гарсан даруйд ашиг орлогийн хувьд асар амжилттай байсан
бол зарим улсад хагас порно, эгч дүүсийн сексийн харьцаа буюу цус
холилдолтыг сурталчиллаа, гэх мэтээр шүүмж дагуулан олон оронд зарим
хэсгийг нь хасч гаргаж байжээ.. үнэхээр ч кинонд гар хангалга, хурьцал,
нүцгэн эмэгтэй зэрэг үзэгдэл гардаг агаад жараад онд Ingmar Bergman
нэлээд радикалаар бүтээлээ туурьдаг байсантай холбоотой.. киноны гол
санаа мэдээж секс биш юм, харин ч болбаас хүмүүсийн үл ойлголцол хийгээд
үл итгэлцлийн тусгал юм.. кинонд гарах Ester, Anna хоёр нь нэг эмэгтэй
хүний хоёр төрх юмуу, эмэгтэй хүний бие болон оюун санааг илэрхийлсэн
биет дүрүүд гэж шүүмжлэгчид үздэг..
нэг ёсондоо, Anna бол залуухан, дур
булаам, эмэгтэй хүний хүсэл тачаал хийгээд бие махбодь бол Ester нь илүү
оюунлаг, өрлөг нинжин сэтгэлийн талыг харуулсан дүрс юм, өөрөөр хэлбэл
энэ хоёр дүрс эсрэгцэж байгаа юм.. тэгвэл Johan-ын дүр киноны түлхүүр
буюу үзэгч биднийг төлөөлсөн ажиглагч дүр юм.. Johan огт инээхгүй бөгөөд
эгч дүүсийг ч, үзэгчийг ч кинотой холбогч гүүр мэт, тэрээр хүүхнүүдийг
дандаа ажигласан, ажсан өнцөгөөс харах нь үзэгч бид юм.. мөн Johan-ын
цонхоор танк хардаг сценийг эр билэг эрхтэнг бэлгэдсэн гэдэг, энэ нь
танкыг билэг эрхтэнээр зүйрлэжээ.. уг кино нь бүх цаг үеийн хамгийн
шилдэг мянган киноны 476-р байрт жагсдаг..
НЭМЭЛТ: Дэлхийн 2-р дайны дараа Ингмар Бергман
Европын хотуудаар аялжээ, түүнд холбоотнуудын бөмбөгдөлтөнд өртсөн Гамбург хот
сэтгэгдэл төрүүлснээр уг киноныхоо загварыг гарган авсан аж. Мөн нэгэн
эмнэлэгт, тарган, хөгшин эрийг дөрвөн сувилагч дамжлаад явж байхыг харсан нь
санаанд шингэж хоцорсон гэдэг. Гүнж ба чөтгөрийн тухай кино хийхээр төлөвлөөд
байсан ч хоолойны өвчин нь түүнд саад болж, улмаар гадаад хотоор аялагчдын
тухай санаа боловсорч эхэлсэн. Эхлээд гол дүрүүд эрэгтэй байхаар байсан ч
өөртэй нь хэт ойрхон болчиж магадгүй гэж айгаад эмэгтэй болгожээ. Бергман өмнө
нь кинондоо секс дүрслэхээс ичдэг гэж байсан бол энэ кинондоо сексийг хэрхэн
мэдэрдэгээ үзэгчдэд хүргэхийг хүссэн мэт байдаг. Вуди Аллен Анна, Эстер хоёрыг
нэг эмэгтэйн зөрчилтөөнтэй хоёр тал гэж дүгнэсэн; үнэхээр ч Анна усанд орж,
секс хийж байгаа нь физикал талыг харуулах бол Эстер орчуулга хийж, юм бичиж
байгаа нь хэлний талыг харуулна.
Comments
Post a Comment