Nosferatu the Vampyre (1979). Залуухан эхнэр, нөхөр хоёр жаргалтай нь
аргагүй унтаж буйгаар кино маань эхэлнэ.. эхнэр нь хар дарж зүүдлэх бөгөөд
зүүдэнд нь ёрын муухай сарьсан багваахай үзэгдэж буйгаар дэлгэцнээ
дүрслэгдэнэ.. ингээд, нөхөр сандран босч эхнэрээ сэрээн тайтгаруулна.. эл зүүд
киноны ерөнхий утга болох муу ёр, хар хүчний дайралтын толь болж байгааг
анхаараарай.. хуримлаад удаагүй, аз жаргалынхаа бал бурмаас дөнгөж л шимэн буй
шинэ гэр бүлийн өрхийн тэргүүнийг Jonathan \Bruno Ganz – Швейцарийн нэрт жүжигчин\
гэдэг ба үл хөдлөхийн зуучлагч хийдэг энэ эр сайхан сэтгэлтэй, элдэв үлгэр
домгийн мухар сүсэгт үл итгэгч, нэлээдгүй зөрүүд өөрийнхөөрөө хүн бол эхнэр
Lucy \ Францын
жүжигчин Isabelle Adjani-үлэмж гуа сайхан жүжигчний нэгэн шилдэг дүр болсон ба
кино урлагийн түүхэнд тодоор үлдсэн хурц үзэсгэлэнтэй түүнийг харах мөч бүр
гэрлээр цацран байдаг\ бол байгаагаараа л ерөөсөө сахиусан тэнгэртэй
зүйрлэгдэнэ.. Lucy-ыг муу ёрлон хар дарсаны маргааш нөхөр Jonathan -г ажил дээр
нь яаралтай дуудан авчран дарга нь Wismar хотод гүн дракула оршин суух харш
хайж байгаа гэнэ, чи гүн дракулагийн цайз Transylvania руу явж гэрээ хэлэлцээр
хийж ир хэмээн тушаана.. Lucy нөхрийгөө явахыг дуулаад эвгүйцэн, явахыг
хориглох ба муу юм болно гэж бүсгүй зөгнөөд байв. Харин Jonathan залуу хүний
зориг, бас энэ ажлыг бүтээвэл ихээхэн мөнгө олж амьдралаа дээшлүүлнэ гэж
санасаар зөрүүдлэн байж Transylvania руу холын аянд гарна..
ийнхүү Jonathan уул
хад, ус мөрөн гээд бартаатай замаар явсаар Transylvania-д ойрхон ирнэ.. хавь
орчмын дэн буудалд амрахаар буудлангаа гүн дракулатай уулзахаар яваагаа хэлтэл
буудлын эзэн хийгээд буудаллаж байсан хүмүүс айн хэрдхийж зугтахаас наагуур юм
болно.. буудлын эзэн түүнд тийшээгээ зүглэж болохгүй, тийшээ зүглэсэн бүхэн
сураггүй алга болдог, бушуухан буцахыг зөвлөхөд Jonathan мухар сүсэг гээд үл
тоомсорлох боловч буудлын эзэний өгсөн номыг харин авдаг.. номонд дракулагийн
түүх буюу хүний цусаар хооллогч асар их хүчтэй мөнхийн настай мангас гэсэн байх
агаад мангасыг зөвхөн цэвэр ариун сэтгэлт бүсгүй устгаж чадна гэх мэт үлгэр
домог бичигдсэн байхыг харчихаад номоо цүнхэлчхнэ.. маргааш нь Jonathan-г
гүнгийн цайзад хүргэж өгөх хүн олдохгүй, бүр яаж ч гуйгаад, мөнгө шан амлаад
хэн ч түүнд туслахгүй агаад Jonathan өөрөө замын бэрхийг туулж хөлөөрөө сажилж
байтал гүнгийн сүйх тэрэг хүрч ирэн цайзад аваачина..ядарч туйлдсан Jonathan-г
өндөр уулан дээр сүндэрлэх тансаг харш хүлээх бөгөөд идээ будаагаар бялхасан
ширээний ард үзэшгүй муухай царайтай, тийм гэж зүйрлэж дүрслэшгүй хүн ч юмуу,
амьтан ч юмуу гэмээр юм угтах нь өнөөх гүн дракула ажээ.. гүн Jonathan-г
хангалттай дайлж, тун элгэмсэг хандахаас гадна нэг л жихүүцэм, айдсыг бас
төрүүлнэ.. ийнхүү нэг мэдэхэд Jonathan цайзад хэд хоночихсон байх агаад нэг
шөнө санаандгүй байдлаар эхнэрийнхээ зургийг гүнд харуулчихна, гүн бүсгүйн
зургийг харуут гэрээ хэлэлцээрээ түргэсгэхийг хүсч даруй Wismar хотод байшин
худалдаж авахаар тохирно.. тэр шөнөдөө, гүн могой шиг мөлхөсөөр Jonathan-ын
өрөөнд явж орон цусыг нь ханатлаа ууна.. энэ үеэр гэртээ үлдсэн Lucy үргэлж
нөхөртөө санаа зовж, шөнө бүр хар дарж, зүүдэндээ явж, бараг дэмийрч байлаа..
өвдөлт, шаналалд дунд сэрсэн Jonathan өнөөх номоо ахин нэг сэтгэлээсээ уншиж,
энэ бүхэн бодит, тэгээд зогсохгүй өөрт нь тохиолдож байгааг ухааран явахыг
завдахад түүнийг цайзад хорьсон байхыг олж мэднэ.. цайзын эзэн дракула өөрөө
харин авсанд харх болон хувирч Wismar руу, Lucy руу зорин одсон байна..
Jonathan зүдрэн байж цайзаас оргох агаад бушуухан харьж, хотоо бас эхнэрээ
аврахаар яаравчилна.. замдаа тэрээр хазуулсан шархаа даахгүй бие нь дордож
ухаангүй хүн нэг юм гэртээ ирнэ.. Lucy нөхрөө хараад хязгааргүй баярлах бол
Jonathan эхнэрээ танихгүй, хагас солиорлын байдалтай ирнэ.. энэ үед гүн дракула
Wismar хотод үхлийн харанхуй нөмрүүлэн ирнэ.. тэрээр уг жижигхэн хотыг харх
болон үхлийн тахал өвчнөөр заналхийлнэ.. нөгөө талд цэвэр ариун сэтгэлт Lucy
нөхрөө, бас өөрийгөө, цаашлаад хотоо аврахаар тэмцэнэ.. Германы кино урлагийн
“шинэ Германы давалгаа” үед хамаарагддаг, Германы төдийгүй дэлхийн кино урлагт
заяагдсан тун онцгой үзэгдэл буюу бие хүн,кино найруулагч Werner Herzog-ын цус
сорогч, домогт дракулагийн тухай өгүүлэх хоррор төрлийн кино болой.. уг кино
Bram Stoker-ын роман дээрээс сэдэвлэн, 1922 онд мөн Германы суут кино
найруулагч F. W. Murnau-ын Nosferatu \ Werner Herzog уг киног Германы хамгийн
аугаа кино гэж үздэг\ хэмээх классик дуугүй киноны дахин хийсэн шинэчлэлт ба
эхний хувилбараа гүйцэхгүй, гүйцэн илүү гарсан гэж хоёр тал болон судлаачид
“үзэлцдэг”.. гэхдээ энэ хувилбар оригоосоо техникийн хувьд ч, жүжиглэлтийн
хувьд ч, яруу тансаг байдлаараа ч илүү сайн гэж би үзэх бөгөөд Werner Herzog F.
W. Murnau-ын ориг хувилбарын шүтэн бишрэгч, эл бүтээлийг дахин хийх мөрөөдөл нь
байж, хамаг оюун чадлаараа урлаж хийн гайхалтай бүтээл болгож чаджээ..
кино
гарсан дороо шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, өдгөө хүртэл өндөр үнэлгээгээ
алдаагүй байгаа ба киноны зарим нэг онцгой сценүүд болох үүлний нүүдлийг,
байгалийн догшин байдлыг Popol Vuh хамтлагийн хөгжмийн хамтаар үзэхэд өөрийн
эрхгүй нуруугаар хүйт даахаас аваад нэг л ёрын баргар санагдана.. киноны уур
амьсгал болон өнгө төрх бусад бүх дракулагийн киногоо бодвол бодитой бас
үнэмшилтэй.. үүнд нэн ялангуяа дракулагийн дүрийг бүтээсэн Германы нэрт
жүжигчин Klaus Kinski-ын гайхамшигтай тоглолтыг онцлох ёстой агаад найруулагч Werner Herzog болон
жүжигчин Klaus Kinski нар нийт таван кинонд хамтран ажилласан байдгаас энэ
бүтээл нь хоёрдахь нь ажээ.. Klaus Kinski-ын бүтээсэн дракула бусад хямдхан
кино дээр гардаг шиг царайлаг юмуу сүпер баатар шиг биш агаад хэрвээ үнэхээр
дракула амьдрал дээр байсан бол Klaus Kinski-ын бүтээсэн дракула шиг л байх
байсан болов уу гэж кино шүүмжлэгчид магтсан байдаг.. Klaus Kinski дүрийн
хувиралтын нүүр будалтандаа дөрвөн цаг суудаг байсан гэдэг ба Werner Herzog эл
бүтээлээ дөнгөж 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүтээж байжээ.. кино домогт цус
сорогчыг ганцаардмал талыг буюу оршихуйн өнцгөөс харуулсан гэдэг.. мөн цус
сорогчыг жинхэнэ арт төрлөөр, өнгөлөг хийгээд үзэсгэлэнтэй яруу найраг шиг
бүтээл болгожээ..
НЭМЭЛТ: Найруулагч Вернер Херцог
кинондоо зориулан Нидерландын зан авирын биологич Маартен 'т Хартыг хөлслөн кинонд
гарах хархуудын учрыг олуулахаар болж. Гэвч Херцогийн хархуудтай харьцаж байгаа
харгис байдал Хартад таалагдаагүй учир Нидерланд мэргэжилтэн маань хамт
ажиллахаас татгалзжээ. Унгараас авчирсан хархуудын нөхцөл маш муу байсан учир
удалгүй хархууд бие биенээ идэж эхэлжээ. Мөн Херцог хар бус хархуудыг хараар
будахыг хүсч, үүний улмаас хархуудыг буцалсан усанд хэдэн секунд дүрж байсан
тул хархууд эхнээсээ үхэж эхэлжээ. Хартын таамаглаж байсанчлан амьд үлдсэн
хархууд будгийг долоож эхэлж. Ер нь Херцог кинондоо гарах морь, хонь зэрэг
амьтадад тун таагүй хандаж байсан гэдэг.
Comments
Post a Comment