Zabriskie Point (1970). Кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн гэсэн өнгө аяс бүхий дахин давтагдашгүй арга барилаараа кино ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөж, модернист хийгээд артхаус кино урлагийг өдий зэрэгт хүргэсэн хүндтэй эрхэм бол Италийн кино найруулагч Michelangelo Antonioni билээ... кино урлагийг нэг том далай тэнгис гэж үзвэл тэр далай доторх цөөхөн үнэмлэхүй аварга загасын нэг бол Michelangelo Antonioni байсан бөгөөд түүний бүтээлүүдийг ерөнхийдөн нэг жанрт авч үзвэл тэр нь модернист хэв маяг зонхилох ба арилжааны гэхээсээ илүүтэй цэвэр урлаг руу чиглэсэн бүтээлүүд байдаг.. орчин үеийн бужигнасан, замбараагүй амьдрал хүний дотоод ертөнцөд хэрхэн нөлөөлж буйг болон хүнд гаднаас нөлөөлсөн тэр үймээн, задралын эрчилсэн салхи эргээд хэрхэн гадагшлаж байгааг модернистууд үзүүлэхийг чухалчилдаг ажээ..
Ингэхдээ, гол дүрийнхээ сэтгэл санааны уймраан, шаналгааг ямар нэгэн шууд харилцан яриагүйгээр харин зөвхөн уран зураг мэт хосгүй хүчтэй дүрслэлээр үзүүлэхийг оролддог.. модернистууд киногоо анхнаасаа хялбархан ойлгогдохоор бүтээдэггүй, тэдний бүтээлүүд хүнд, удаан мэрж байж идэгдэх талхтай харьцуулам хатуу байдаг.. хүүрнэгч бээр ийнхүү олон зүйл нурших нь суут найруулагчийн бүтээлд анхнаасаа хөнгөн хуумгайгаар биш гүн гүнзгий хандах буюу оюун санаагаа цэвэрлэн чөлөөлсөн хойноо үзвээс илүүтэй таашааж чадах ба ойлгохгүй аваас киноны муу биш харин өөрийгөө киночин болоогүй байна гэж бодвоос зохино..
Michelangelo Antonioni-ын
аугаа замналд магад ганц муу кино байсан нь одоо танилцуулж байгаа кино
болой.. ямартай ч ихэнхи шүүмжлэгчид тэгж үздэг бөгөөд замналынхаа бараг
ихэнхи чухал бүтээлээ туурвьчихсан, ид оргил үедээ явсан Michelangelo
Antonioni-ын англи хэл дээр хийсэн хоёрдахь \анхных нь Blowup \ эл
бүтээл нь санхүү ашгийн хувьд ч, шүүмжлэгчдийн зүгээс ч дампуурлал
хүлээж авчээ.. англи хэл дээр хийсэн анхны бүтээл нь асар өндөр амжилт
дагуулсан бол хоёрдахь ингэж сүйрнэ чинээ хэн санах, ямарсайндаа “суут
ухаантны бүтээсэн бүх цаг үеийн хамгийн муу кино” гэж тэр үедээ
цоллуулахав дээ..
Кино маань 7 саяар бүтээгдсэн ч ердөө ганцхан саяын ашиг л олов.. гэвч бүх зүйл цаг хугацааны үнэнд гүйцэгддэг хойно, он жил өнгөрөхийн хэрээр эл бүтээлд хандах шүүмжлэгчдийн хандлага нааштай болж ирсээр өдгөө яг энэ цаг мөчид тус кино маань культ, домгийн хэмжээнд үнэлэгддэг болж, бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 925-р байрт жагсаж байна.. мэдээж, Michelangelo Antonioni-ын хамгийн муу кино нь ч дундаж мянган кино нийлүүлсэнээс ч илүү үнэ цэнэтэй бөлгөө.. тус киноны утга санаа бол америкийн соёлын эсрэг хандсан шүүмж гэж үзэж болно.. кино радикал үзэлтэй оюутнуудын мэтгэлцээн өрнөж байгаагаар эхлэх бөгөөд гол дүрийн оюутан залуу \үзэл санааны төөрөгдөлд орж өөрийгөө мэдэхээ байсан\ нөхөдтэйгөө санал зөрөлдөж хурлыг орхин явж Вьетнамын дайны эсэргүүцэгчдийн залуустай нийлэн цагдаа нартай үзэлцэж явахдаа нэг нөхрөө буудуулан хөнөөлгүүлнэ.. тэрээр зугтааж явахдаа бага оврын нисдэг онгоц хулгайлах ба могойн үүр шиг орооцолдож, мушгирсан урт замууд болон өндөр, өндөр барилга, мөн хаа сайгүй нүдэнд тусах зар сурталчилгааны самбаруудыг онгоцон дотроосоо харж явсаар California-ны цөлд зам дээр машинаар ганцаараа явах нэгэн залуухан хүүхэнтэй учирна..
Эл хүүхэн \сэтгэл санааны хямралд гүн автаж бас л өөрийгөө алдсан нэгэн\
дарга руугаа яваа нарийн бичиг ба бас давхар нууц амраг нь.. холын замд
хүүхэн ажил албандаа нухлагдсан нэг хэвийн царайнууд болон ёс
суртахуунаа алдсан хүүхдүүдтэй учирсаар цөлд залуутай уулзаж танилцана..
тэд хамт явж, бодлоо солилцож яваад Zabriskie Point \ үнэхээр ч Death
Valley гэдэг цөл газарт байдаг\ газарт ирээд кино урлагийн түүхэнд
тодоор үлдсэн секс хийнэ.. энэхүү секс сцен зүгээр нэг эротик сцен биш
бөгөөд бараг кино доторх кино шиг тусдаа нэг арт болмоор агаад гоо зүй,
шийдлээрээ \энэхүү киноны гол сцений нэг\ гайхамшигтай.. ингээд хосууд
салж, залуу цагдаад алагдах бол хүүхэн даргынхаа тансаг харшид ирэх
үедээ залуугийн үхлийг радиогоор сонсож туйлгүй гуниж харуусах ба киноны
төгсгөлийн дэлбэрэлтийн хэсэг бол хүүхний дотоод сэтгэлийн тэсрэлт бас
төсөөлөл болой..
Энэхүү хэсэг киноны хамгийн алдартай нь агаад кино түүхэндэх хамгийн хүчтэй философлог төгсгөлийн нэг болно.. Michelangelo Antonioni Марксист үзэлтэн байсан нь эл кино дээрээ тод томруун харагдана.. киноны гол дүрүүдийн нүдээр бид хэрэглээний капиталист нийгмийг минут тутамдаа харах ба дүрүүдээрээ ёс суртахууны болон нийгмээсээ \дайнаас болж\ болж хэрхэн төөрөгдөж байгааг олж үзнэ.. киноны маань гол дүрийн хүүхэнд авангард бүжигчин Daria Halprin тоглосон бол залууд Mark Frechette тоглосон агаад сүүлд банк дээрэмдэж шоронд ял эдэлж байхдаа сэжигтэй байдлаар амиа алдсанаар олдож байв..
Эхлэл-өрнөл-төгсгөл гээд байх юмгүй нь дээр бараг харилцан яриагүй \модернист урлагийн шинж\ эл киноны хөгжмийг Pink Floyd, The Youngbloods, Kaleidoscope, Jerry Garcia, Patti Page, Grateful Dead, Rolling Stones гэсэн домогт рок хамтлаг дуучид эгшиглүүлэх бөгөөд Pink Floyd л гэхэд кинонд зориулсан цомог \маш сайн\ гаргасан байдаг.. The Doors хамтлагийг бас оролцуулах гэж байгаад больсон нь харамсалтай.. киноны уур амьсгал хийгээд өнгө төрх хөгжимтэйгөө салшгүй нэгэн цогц болсон уран бүтээл тийм ч олон биш бөгөөд эл киног хөгжимгүйгээр нь даанч төсөөлөмгүй ээ..

Comments
Post a Comment