Шөнийн эмэгтэй




Nights of Cabiria (1957). Дэлхийн дайны дараах унтаа нойрноосоо сэрж буй мэт Ром хот. Ядуу Ром \ Federico Fellini Ром хотыг дэлхийн хамгийн сайхан хот гэж үздэг байсан\. Гуйланчлал, орон гэргүйчүүд, янханчлалаар дүүрсэн нийгэм. Ядуу, ядарсан газар мөнгөний төлөө буюу амьдрахын төлөө хүмүүс бүгдийг хийнэ. Мөнгөний төлөө тэд биеэ худалдахаас гадна биеэ биенээ худалдана. Кинонд зөвхөн Ром хотыг
л үзүүлж байгаагаас бус аль ч улсын, ямар ч хотыг Ром гэсэн хотоор төлөөлүүлсэн байдлаар үзүүлсэн нь илэрхий бөгөөд тодорхой. Ерөнхийдөө бидний амьдарч буй нийгмийн бодит байдлыг, үнэн байдлыг маань дэндүү “амьдралтайгаар”, хүлээн зөвшөөрөмгүй хэдий ч эвлэрэхээс өөр аргагүй бодитоор үзүүлсэн, гашуун үнэн, өөрөөр хэлбэл неореализм кино төрлөөс илүү дээр дурьдсан бүхнийг дүрсчүүлэх кино төрөл байхгүй бизээ. Киноны гол дүр бол Ром хотын ядуусын дүүрэгт амьдрах, ганц бие, гуч гарсан, шавран байшинд суух Cabiria гэгч ба энэ бүсгүйн амьдралд анхаарлаа хандуулахыг хүсье. Найруулагч маань уг эмэгтэйн дүрээр ерөнхий бүх санаагаа гаргаж, түүний эргэн тойрондох бусармаг зүйлсээс үзэгч бидний жигшлийг төрүүлэхийг хүссэн буйзаа. Cabiria-аа бол тэр цаг үеийн маш олон бүсгүйчүүлийн адил гудманд зогсох биеэ үнэлэгч. Cabiria-д гоо үзэсгэлэн, гоё галбир байхгүй ч эрчүүдийг татах увдистай. Тэрээр цэвэр ариун сэтгэлтэй бөгөөд үргэлж хөгжүүн явдаг өөдрөг, хиргүй гэнэн байдлын биелэл болно. Хэдий янханы дүр боловч Cabiria-н дүр кино урлагийн хамгийн өрөвдөм, шударга бас ариун дүр болно. Мөн хамгийн санаанаас үл мартагдам, давтагдашгүй онцгой шилдэг дүр билээ. Cabiria зовж цуглуулсан мөнгөө хадгалах ба нэг сайхан өдөр цагаан морьтой ханхүү ирж түүнийг аваад явна гэж үргэлж итгэнэ. Нэг нартай өдөр царайлаг сайхан залуу Cabiria-н амьдралд орж ирнэ. Cabiria ч түүнд ухаангүй дурлаж бүхнээ зориулна. Гэрийнхээ хана, таазаар дүүрэн зургийг нь өлгөж наана. Гэвч сайхан залуу түүнд үнэндээ сайн байсангүй. Нэг бороотой өдөр голын эрэг дээрээс Cabiria-г түлхэж унагаад, мөнгөтэй цүнхийг нь аваад зугтана. Хууртаж, тэнэг байдалд орсон бүсгүй амьд гарсандаа л баярладаггүй юм бол үнэндээ хөөрхийлтэй. Гэвч тэрээр бүхнийг дахиад л шинээр эхэлж, гудмандаа зогсон гэрэлт ирээдүйдээ итгэсээр. Ингэж яваад шөнийн клубын үүднээс алдарт жүжигчин залуутай санамсаргүй таарна. Нэрт жүжигчин болох залуу сэтгэлт бүсгүйтэйгээ хэрэлдээд ааш авир муу байх ба уй гунигаа дарахын тул гудманд байх Cabiria-г дуудаж хамт “шоудна”. Хайртай хүндээ гомдсон гомдлоо тайлахын тулд Cabiria-г бүр гэртээ аваачна. Тансаг, дээд зэрэглэлийн байшинд анх удаа очиж байгаа Cabiria шоконд орно. Гэвч яг тэр мөчид хэрэлдсэн найз хүүхэн нь ирж таарна.. энэ мэт хөгжилтэй юм шиг мөртлөө эмгэнэлтэй сцен олон. Цаашаа Cabiria маань ийнхүү хөглөж яваад илбэ, ид шид, ховсдолт хийдэг үзүүлбэрт санамсаргүй байж байгаад орчихно \тэрээр шөнөөр үйлчлүүлэгч хайж байгаад сониуч гэнэн зангаасаа болж ямар нэг юманд орчихдог байв\. Cabiria ховсдуулсан үедээ дотоод бүх сайн сайхан, хүнлэг, энэрэнгүй байдлаа мэдэхгүй гаргаж орхино, нэг ёсондоо хамаг нууцаа, хамаг сэтгэлээ олны өмнө илчилсэн гэсэн үг. Ингээд юу болсоныг мэдэхгүй байж байтал түүн дээр нэг цэвэрхэн, цэмбэгэр залуу ирж танилцая гэнэ. Залуугийн ярихаар бол тэр үдэш (ховсдуулан бүх юмаа ярьдаг) түүнийг анх харсан агаад бүсгүйд дурласан гэнэ. Мөн түүнчлэн хиргүй сайхан сэтгэлтэйг нь гайхаж, яг л миний хайж байсан, мөрөөдлийн бүсгүй гэснээр Cabiria-г гуйж эхэлнэ. Cabiria харин тэр үдэш танихгүй хүмүүст хамаг амьдралаа ховсдуулахын нөлөөнд автан байж ярьсандаа зовж, үүнд анхааралтай хандана. Харин дурласан залуу нь бол төрийн албан хаагч, нүдэнд дулаахан залуу байгаа нь Cabiria-д дахин нэг итгэл төрнө. Залуу уйгагүй бүсгүйг гуйж, хэдэн болзооны \тун аятайхан болзоонууд\ дараа хуримлах санал тавина. Cabiria их сүсэг бишрэлтэй, өөрийнхөө нүгэлээ байнга бурханд наманчлаж, ирээдүйгээ даатгах ба их зовсны эцэст, олон хууртагдсаны эцэст одоо л бурхан түүнийг сонсож ханхүүг нь явуулж гэж итгээд гэрлэх саналыг зөвшөөрнө. Өнөөх залуу нь Cabiria-г хамт амьдрах юм чинь бүх юм хумаа зараад хүрээд ир гэхэд Cabiria байр оронгоо зарж, зарсан мөнгө дээрээ хуримтлуулсан байсан хэдээ нэмэн цүнхлээд ирээдүйн нөхөртөө очно. Cabiria өмнөх гашуун туршалагаа мартаагүй болохоор мыг яаж мэдэхэв гэж сүйт хархүүгээ туршин цүнхтэй мөнгөө эхлээд шууд өгтөл залуу авахгүй ба харин хоёулаа ойгоор зугаалъя гэнэ. Үүнд Cabiria байтугай бүх хүүхэн итгэх байсан буйзаа. Ингээд хосууд ойгоор явсаар хадны эрмэг дээр ирэхэд сүйт залуу Cabiria-г хаднаас түлхэхийг завдах ч арай зүрхлэхгүй ч нүднээс нь бүх санаа нь уншигдана. Бүсгүй цүнхээ өгөх ёстойг, өгөхгүй байх аргагүйгээ тэр харцнаас олж харан цүнхээ өгөхөд залуу цүнхийг аваад арилж өгнө. Cabiria залууд гомдохоос илүүтэй өөрийнхөө гэнэн тэнэгт, мөн амьдралд гомдож олон цагаар уйлан хадны эрмэгт хэвтэнэ. Тэрээр босч, ойгоор явсаар замруу ороход замаар баахан хүмүүс дуулж, бүжиглэн, бас хөгжимдөхтэй таарах ба Cabiria-ын гунигт царай төрх уг хөгжөөнөөр дусал дуслаар гэрэлтэн гийж бүр инээгээд ирнэ. Тэр дахин биеэ үнэлэхийг мэдэхгүй, түүнд одоо юу ч байхгүй, гэхдээ түүнд заяагдсан мөнхийн бадрангуй сэтгэл байх агаад тэр сэтгэл үргэлж дүрэлзэн асаж, сайн сайханд итгэх итгэлээ өнөд тээсээр эцсийн амьсгаагаа авах нь дамжиггүй ээ.

 дэлхийн хамгийн нөлөө бүхий, шилдэг кино урлаач Federico Fellini-н бас нэгэн гайхамшигтай, төгс кино.. уг киноны гол дүрийг найруулагч Federico Fellini-н эхнэр Giulietta Masina бүтээсэн болно.. өөрөөр хэлбэл эхнэр нөхөр хоёрын кино.. Giulietta Masina уг киног амьдруулагч, амин сүнс нь гэж болох тэр жилдээ  Канны кино наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртэж байв.. тухайн цаг үедээ эмэгтэй Charlie Chaplin гэгдэж байсан мундаг жүжигчин.. кино тэр жилдээ шилдэг гадаад киногоор Оскараас шагнагдаж байсан ба Federico Fellini Оскарын яг энэ төрөлд өмнөх жил нь “La Strada” бүтээлээрээ бас шагнагдаж байлаа.. киноны нэг гол чанар бол мухар сүсгийг эсэргүүцсэн, шүүмжилсэн байдал болно.. Cabiria бурханд маш их мөргөж, гуйна.. даанч юу ч өөрчлөгдөхгүй.. бурхан гэж байхгүйг дахин нэг нотлосон бүтээл юмдаа.. кино бүх цаг хамгийн шилдэг мянган киноны 202-р байрт жагсдаг.. Дахин хэлье Cabiria-н дүр бүх цаг үеийн хамгийн шилдэг, ер бусын өөдрөг, итгэл бадраах эмэгтэй гол дүр болно.. киноны хөгжмийг Federico Fellini-н найз, суут Nino Rota киноны хөгжмийг бичсэн.. Найруулагчийн замналын эхэн үеийн кинонууд ширүүн гутранги өнгө аястай байдаг бол сүүл үеийнхэн нь илүү нүд гялбам уран зөгнөлт шинжтэй болсон байдаг ба эл кино нь замналынх нь шилжилтийн үед хамаарахаас гадна үйл явдал нь дайны дараах ядуу Ромыг дүрсэлсэн хэвээр байдаг. Энэ бол Холливуудын ямар ч блокбастер киноноос илүү үнэ цэнэтэй урлагийн бүтээл юм.

НЭМЭЛТ: Киноны нэрийг 1914 оны Италийн "Cabiria" киноноос авсан ба ерөнхийдөө Cabiria дүрийг харин Федерико Феллини өмнөх "The White Sheik" киноноосоо санаа аван бүтээжээ. Гэвч Италийн ямар ч газар биеэ үнэлэгчийг гол баатраа болгосон киног санхүүжүүлэхийг хүсэхгүй байв. Эцэст нь нэрт продюсер Дино де Лаурентис санхүүжүүлэхээр болсон. Феллини зарим дүрээ буюу янхнуудын дүрээ "Il Bidone" киноныхоо зураг авалтын үеэр танилцсан бие үнэлэгчдээс сэдэвлэсэн. Киногоо бодитой болгохын тулд Феллини Ром хотын гэмт хэрэгтнүүдийг сайн мэддэг Пьер Паоло Пасолинийг кино зохиолдоо ажиллахыг урьсан.  

Comments