Аймшиг! Аймшиг!


Apocalypse Now (1979). Далаад оны Америкийн кино урлагт тохиосон “Шинэ холливууд” давалгааны гол төлөөлөгчдийн нэг, Америкийн төдийгүй кино ертөнцийн суутан Francis Ford Coppola-ын дайны талаар \тодруулбал дайны эсрэг\ өгүүлсэн “Өнөө цагийн там” нэртэй гайхамшигтай бүтээлийг танилцуулахын ялдар уг бүтээлийг үзэх хүслийг тань төрүүлэхийг хичээнгүйлэн оролдлоо.. 

 далан оны эхэн үедүүд “Загалмайлсан эцэг” нэг, хоёр болон “Яриа” бүтээлүүдээрээ Francis Ford Coppola кино ертөнцийг сууриар нь эгнэгт өөрчилсөн бөгөөд түүний суу чадвар ингээд дууссангүй даланзургаан онд Joseph Conrad-ын "Харанхуйн зүрх" хэмээх зохиолыг кино зохиолч John Milius хамт засан кино зохиол болгож, бүтэн гурван жил ноцолдсоны эцэст даланесөн онд эл бүтээлээ өлгийдөн авчээ.. ойролцоогоор нэг арван жилд дөрвөн шедевр бүтээл туурвина гэдэг гайхамшиг агаад далаад он тэр чигтээ Francis Ford Coppola-ын ноёрхол дор өнгөрсөн гэвэл уурлах хүн хэр олон бол? Юутай ч эл бүтээл эзэндээ Канны кино наадмын дээд шагналыг авчирсаны дээр оскарын хоёр төрөлд ялалт байгуулсан буюу шилдэг зураглаач \нэрт Vittorio Storaro \ хийгээд шилдэг дуу бичлэг төрлүүд болно..

 мөн түүнчлэн Sight & Sound сэтгүүл 2012 оны санал асуулгаараа бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны 14-р байрт жагсаасан бол TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноныхоо шинэчилсэн жагсаалтад эл киног 11-р байрт жагсаасан нь Francis Ford Coppola-ын “загалмайлсан эцэг” киноны хоёрдугаар ангийнх нь өмнө бичигдэх болжээ.. түрүүн дурьдсанчлан, кино гурван жилийг дэлгэцнээ гарах гэж дуншсан ба киноныхоо нэр шигээ тамын замыг туулсан гэдэг.. 1976 онд Coppola-ын гэр бүл киноныхоо зургийг авахаар Manila хотод газардсан ба хуваарь дагуу бол зургаан долоо хоногт багтааж зураг авалтыг хийх ёстой байтал цаг агаарын хүндхэн нөхцөл болон ажилчидаа олгох цалингаа хулгайд алдсан, мөн гол дүрүүдэд тоглосон Martin Sheen, Marlon Brando нарын биеийн байдлаас болж зураг авалт сунжирсан агаад Francis Ford Coppola нутаг буцаж, Чингис хааны тухай ном уншиж урам зоригоо сэргээн эргэж ирэн киногоо дуусгасан гэдэг..

зураг авалтын хугацаа сунжрах тусам мөнгө урсаж, найруулагч өөрөөсөө мөнгө гарган эрсдэл үүрсэн гэдэг бол Martin Sheen энэ үеэр зүрхний шигдээс болж зарим үед төрсөн дүүгийн орлон тоглуулж , харин жин нэмж хөдөлж чадахгүй шахуу байсан Marlon Brando-ын ихэнхи хэсгийг харанхуйвтараар, ингэхдээ голдуу толгой хэсгийг нь зураглажээ.. асуудал бэрхшээл ингээд дууссангүй, найруулагч киноныхоо төгсгөлийг олохгүй шаналж, олон хувилбараар байдаг гэсэн цуурхал домог шиг дэлгэрсэн бөгөөд найруулагч киноныхоо материалыг эвлүүлэн бэлэн болготол гурван жилийг үзжээ.. кино эхлэхэд Сайгон хотын зочид буудалд Америкийн тусгай байлдааны ажиллагааны ахмад Willard \ Martin Sheen \ согтуу толины өмнө нүцгэн зогсоод галзуу солиотой хүн шиг аашилж мөн уйлах агаад түүний галзуурлыг байлдааны үзэгдэлтэй найруулагч бүтээлчээр ашигласны нэг том шинж бол буудлын өрөөний таазны сэнсийг нисдэг тэрэгний сэнс шиг санагдуулам зурагласан байв.. 

энэ үе бол 1969 он, гурван жил Вьетнамд алба хаасан Willard дайны хор уршгийг бие сэтгэлээрээ мэдрэн сэтгэлзүйн хүнд шарх амссан ба ахиж гэртээ харьж чадахаа нэгэнт байж, ширэнгэд, нэн ялангуяа байлдаж л амьд явж чадахаа үзэгчид өгүүлнэ.. кино Willard-ын бодрол, хүүрнэл маягаар өрнөх ба хүүрнэгчээр Michael Herr ажилласан.. Willard буюу Martin Sheen эл эхлэл хэсэг зохиол дээрээ үнэндээ байгаагүй бөгөөд жүжигчин маань шал согтуу байж элдэвээр аашилж, тэр бүү хэл найруулагч руу дайрсан гэдэг ч энэ хэсэг тун сайн болж чаджээ.. ахмадыг согтуу хэвтэж байхад түүн дээр генерал Corman, \ G. D. Spradlin – загалмайлсан эцэг киноны хоёрдугаар ангийн Senator Pat Geary\ хурандаа Lucas (Harrison Ford-энэ дүрийнхээ нэрийг өөрөө сонго гэхэд тэрээр George Lucas-ыг хүндэтгэн Lucas нэрийг сонгожээ ) нар ирж нэгэн нууц даалгавар өгнө, ажилгүй байхыг тэвчиж чаддаггүй ахмад ч шууд зөвшөөрнө... шинэ даалгавар бол, Вьетнамын голоор дамжин Камбож-д хүрэн тэндхийн ширэнгэн ойд өөрийн армийг байгуулсан солиорсон америкийн тусгай хүчний хурандаа Kurtz-г (Marlon Brando) олж даруй алах байв.. ахмадад Kurtz-ын зураг болон хувийн материалыг өгөөд шуудхан аян замд нь үднэ.. ахмадын ойлгосноор тэр Kurtz гэгч нь өөрийгөө бурхан шиг тахиулж, зэвсэг хэрэгслээр тоноглогдсон армийг байгуулсан ба барагалж ширэнгэн ойд эзэнт улсаа бий болгоод байв.. Willard түүнийг маш ихээр сонирхож замын турш үзэгчийн хамтаар Kurtz-г судална.. 

ахмад Вьетнамд очуут Америкийн гол мөрний эргийн хамгаалалтын усан онгоцныхонтой нэгдэх агаад "Chef" хочит Jay, George Phillips, Lance мөн Miller \ Laurence Fishburne-тэрээр кинонд тоглохын тулд насаа нэмж хэлсэн гэдэг ба зураг авалт эхлэх үед арвандөрөвтэй байжээ\ гэсэн цэргүүдийн хамт солиорсон хурандааг олж алахыг төлөө урт удаан, голоос гол руу амь өрссөн тушаалаас өөр сонголт, найдваргүй аян замд гарна... тэд эхний өдрөө л агаарын хүчний командлагч, дэд хурандаа Kilgore гэдэг цэргүүдтэй хайртай, чанга дуугарч ярьдаг, удирдах хүсэлтэй \ Robert Duvall-тэрээр энэ дүрээрээ дэлгэцнээ ердөө арваннэгэн минут л гардаг ба гайхалтай жүжиглэлтээрээ оскарт нэр дэвшиж байв\ дэд хурандаатай учирч хамтдаа Вьетнамын сургууль, сургууль орчмыг нисдэг тэрэгээр хуйхлан сөнөөнө.. санаанд нь хүрсэнгүй гэж бүр бөмбөгдөгчид онгоцыг хүртэл дуудах ба нисдэг тэргүүдийн дайрдаг хэсэг Richard Wagner-ын “Ride Of The Valkyries” хөгжимтэй хоршин үнэнхүү сүрлэг сценийг бүтээсэн бөгөөд эл кинонд гарах олон сэтгэл хоногшим сценүүдийн нэг ээ.. 

Willard ахмадаар удирдуулсан баг гол мөрөн дамжин явахдаа барын идэш болохоо дөхөн, ер нь онгоцноосоо буух хэрэггүйг ойлгоцгооно... ахмадаас бусад гишүүд хар тамхи татах юмуу рок хөгжим сонсож, элдэв бүрийн нүцгэн хүүхний зураг үзэх нь гэрээ санах зовлонгоос нь ангижруулна.. энэ зуур ахмад маань хурандаа Kurtz-ын хувийн материалтай улам ойр танилцаж, хурандааг шалгарсан офицер байсныг, өч төчнөөн одон медалтай цэрэг байсныг мэдэн бишрэх сэтгэл нь зузаарч байв...ингээд, тэд нэгэн хуаранд ирнэ, энэ хуаранд “Playboy”-ын охид уйдаж үхэх гэж байгаа цэргүүдийг зугаацуулахаар ирсэн агаад бас л алдартай сцен билээ.. уг зугаанаас манай багийнхан ч хоцорсонгүй хоёр торх шатахуунаараа хоёр цаг зугаацах эрх аван нисдэг тэрэг дотор жаргалаа эдэлцгээнэ.. маргааш өдөр нь тэд нэгэн гэр бүлийн завьтай тааралдаж, завин дээр учиргүй нэг юмруу гүйсэн хүүхний гэнэтийн хөдөлгөөнөөс болж гэр бүлийнхнийг цөмийг нь сумаар сийчэн ална.. гэтэл хүүхэн буу руу биш нохойн гөлөг рүүгээ явсныг олж мэдээд харамсах ба мөн ахмадын хар бараан талыг эл явдлаас үзэгчид ч, багийнхан ч олж үзнэ.. дараагийн тэдэнд тохиолдсон явдал: тэдэн рүү ойгоос нум сум, жад шидэж дайрч нэг гишүүнийг нь хөнөөнө.. аялал улам бүр муудах буюу хор хохирол нэмэгдэж, энэ бүхэнг үзсэн надад ДАНТЕГИЙН “тэнгэрлэг туульс” зохиолын там зохиол санагдаж байлаа.. 

гурван цаг гаруй үргэлжлэх эл бүтээлд гарах бүхнийг тоочих боломжгүй бөгөөд ахмадаар ахлуулсан багт тохиосон олон тамтай явдлыг ч нэг нэгэнгүй тоочих нь нуршилт болох учраас товчлон шууд төгсгөл хэсэгт орохыг хүсье.. киноны төгсгөл хэрд л бид солиотой хурандаа Kurtz-г харж, түүний байгуулсан эзэнт гүрэнг үзэхэд тийм гэхийн аргагүй аймаар буюу энд тэндгүй үхдэл, дүүжлүүлсэн цогцос овоорч тамд орсон мэт санагдана.. өөрөө тэрээр халзан, зэвүүн хоолойтой, бас байнга яруу найраг уншиж чангаар дуудах агаад ширээн дээрээс нь Jessie Weston-ны From Ritual to Romance, Sir James Frazer-ын The Golden Bough гэх номнуудыг олж үзнэ.. ахмад энд ирэхдээ багийнхаа ихэнхи гишүүдийг алдаж, тамлуулж, тарчлан зовох бөгөөд түүнтэй Kurtz-ыг тахин шүтсэн америкийн гэрэл зурагчин \ Dennis Hopper \ эртэй танилцаж амжина.. энэ эр ахмад болон хурандаа хоёрын ойлголцлын гүүр болсон гэж үзэж болохуйц.. 

эцэст Willard хурандааг хөнөөх бөгөөд өөрөөр хэлбэл Kurtz өөрөө амиа тавьж өгдөг, хурандаа нэгэнт үхлүүт өвчин туссан учир эсэргүүцэл бараг үзүүлэхгүй амиа өгдөг.. хурандаа хүссэн бол аль эрт Willard-г хөнөөх байтал амьд байлгасаар эцэст нь өөрийнхөө аминд хүргүүлэх шалтгаан нь түүний олсон санаа, энэ нэг үзэл байсан болов уу.. хурандаа үнэхээр солиорсон уу гэдэг бүрхэг.. тэр өөрийн ертөнцдөө \Америкийн мутараас хөндий\ санаа амар, библи-ээс авхуулаад олон ном зохиол уншиж гэгээрсэн гэмээр байдалтай байдаг.. түүний эзэнт гүрэн рүү аюултай гэж үзэн Америкчууд дайрсан, харин тэрээр үнэндээ аюултай байсан уу? Мөрөөрөө л байсан биш үү?.. нэгэн цагт шилдэг цэрэг, эх орны шалгарсан хөвгүүн байсан түүнийг Вьетнамын дайнд үзэж харсан аймшигтай явдлууд өөрчилсөн буюу нүдийг нь нээж ухаан оруулсан байж болох?.. Willard түүнийг алчихаад гадаа гарч ирэхэд эзэнт гүрний иргэд бүгд өвдөг сөгдөх бөгөөд ахмад хааныг алж хаан болсон гэдэг нь ойлгогдоно.. киноны эхлэл болон төгсгөлд алдарт The Doors хамтлагийн “The End” дуу эгшиглэнэ.. ахмад Kurtz-тэй адил тамаар аялсны эцэст гэрэл гэгээт үнэнийг олсон ба жаахан дутууг нь эзэнт гүрэнд байсан хугацаандаа олсон гэж бодох.. дайн юуг ч сайжруулдаггүй гэдгийг бид эл киноноос бүрнээ үзэж болох ба дайны үнэр, дайны хар дарсан зүүд шиг орчинг энэхүү бүтээл маань төгс зураглал хийгээд төгс жүжигчдийн тоглолтоор төгс мэдрүүлнэ..

 кино маань 31.5 саяар бүтэж 150 саяын ашиг олсон ба киног магтсан, сайшаасан судлаачдын үгийг энд бичвэл дуусашгүй юм болох учраас товчхондоо: эл кино нь хамгийн шилдэг Вьетнамын дайны талаарх өгүүлсэн \миний бодлоор энэхүү кинотой The Deer Hunter кино эн зэрэгцэнэ\кино гээд ерөөсөө дайны талаарх хамгийн шилдэг, заавал үзэх ёстой бүтээлүүдийн нэгээр нэрлэгддэг ээ.. киноны жүжигчдийн бүрэлдэхүүн одоо ингээд харахад мөрөөдлийн гэмээр, тодорхойлвол: Martin Sheen, Marlon Brando, Robert Duvall, Laurence Fishburne, Harrison Ford, Dennis Hopper, G. D. Spradlin нар гээд харахад сүрдэм бас онцгой.. Francis Ford Coppola киноныхоо зохиолыг бичихдээ шууд Marlon Brando-г бодож зориулсан агаад өндөр цалин, согтуурхаж байнга хожимдож ирэхийг нь үл тоож заавал түүнийг л тоглуулна гэж зүтгэсэн нь зөвдөж, кинонд бараг гучин минут л гарах Marlon Brando хэр зэргийн жүжигчин гэдгээ дахин нэг харуулсан агаад тэрээр ихэнхи хэсэгтээ импровиз хийж тоглосон гэдэг.. 

харин Willard-ын дүрд тоглох жүжигчинээр эхэлж Steve McQueen-г найруулагч сонгоод байсан ч Steve McQueen удаан хугацаагаар америкаас холдож чадахгүй гэж дүрээс татгалзсан ба найруулагч Al Pacino-д санал хүргүүлтэл Al Pacino ширэнгэн ойд байж өвчин авахаас бас “загалмайлсан эцэг” киноны хоёрдугаар ангид тоглож байхдаа Доминиканд өвдсөн шигээ өвдөхийг хүсээгүйн учир, айснаасаа саналаас татгалзжээ..  Willard-ын дүрд Jack Nicholson, Robert Redford, Clint Eastwood гэсэн холливуудын аварга загаснуудыг тоглуулах гээд бүтсэнгүй, Clint Eastwood киног хэтэрхий харанхуй гээд орхижээ.. ингээд найруулагч маань Martin Sheen дээр тогтсон бөгөөд Francis Ford Coppola түүний “загалмайлсан эцэг” киноныхоо Michael-ын дүрд тоглуулахаар шалгаруулт явуулж байхдаа хэр сайн жүжигчин болохыг нь олж мэдсэн байжээ.. тэгвэл хурандаа Lucas-ын дүрийг эхлээд James Caan-нд санал болготол нөхөр маш өндөр цалин нэхсэнээр энэ дүрийг Harrison Ford авчээ.. дайн хүний хар бараан, муу муухай талыг хэрхэн өдөөж, түүндээ автуулж байгааг эл кино үзүүлэхээс гадна дэлхийн түүхэнд байсан, байгаа, байх ч дайн гэгчийн талаар гүн бодлогшруулах чухал кино..

 НЭМЭЛТ: Киноны оргил хэсэг болох орон нутгийнхны мөргөлийн үеэр мачете үхрийг нядалдаг, энэ үйл явдлыг Коппола болон эхнэр Элеанор нар кино багийнхантайгаа хамт сонирхон үзэж байжээ. Америкт бол энэ явдал амьтдад харгис хэрцгий хандлаа хэмээн бөөн асуудал үүсгэх байсан бол Филиппин улсад ямар ч хориглох, цагдах асуудал байгаагүй ч Америкийн Хүмүүнлэг нийгэмлэг уг кинонд "хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэсэн үнэлгээ өгчээ. Мөн жинхэнэ хүмүүсийн цогцсыг кинонд ашиглах гэж оролдсоны улмаас цагдаа нар кино багийнхны паспортыг шалгаж, цэргүүд цогцсыг аваад явжээ. Харин кинонд жинхэнэ цогцсын оронд орлон тоглогчдыг ашиглажээ. Зураг авалтын үеэр Деннис Хоппер, Марлон Брандо хоёр таарамж муутай байсан тул Брандо Хоппортой зэрэг зураг авалтад орохоос татгалзаж байжээ. Барууны империализмын хоёр нүүрт байдал бол уг киноны үндсэн сэдэв. Кино Вьетнамын дайн, ерөнхийдөө Барууны империализмыг дагалддаг увайгүй байдлыг байнга онцолдог. Уг кино дайны эсрэг илт биш ч ардчилал, эрх чөлөөний нэрийг барьсан АНУ-ын хийсэн дайны харгислалыг илчлэхийг оролддог ба агаарын довтолгоо, гүүрний сцэн дээр Coppola АНУ-ын оролцооноос шууд үүдэлтэй үхэл сүйрлийг тодорхой дүрсэлдэг. Америкийн цэргийн гэмгүй энгийн иргэдэд туслахын оронд тэднийг хөнөөдөг бөгөөд тэд харь газарт байгаа ч өөрсдийн газарт байгаа мэт аашилж, хайр найргүй алж хяддаг билээ. Кинонд Willard-ын даалгаврыг хоёр нүүртний жишээ болгон харуулдаг; олон тооны утгагүй аллагын дунд АНУ-ын арми эрч хүчээ дэмий үрж, цэргийн дээд албан тушаалтнуудын нэгийг хөнөөх замаар амьдардаг. Kurtz галзуурсан байж магадгүй ч АНУ-ын цэргүүд болон Вьетнамын энгийн иргэд үхэж байхад яагаад түүнийг алах нь нэн тэргүүний асуудал болж байгаа нь тодорхойгүй байдаг.

 Вьетнамчууд гэр орныхоо төлөө тэмцэж байхад Америкийн цэргүүд гэртээ харихаар тэмцэж байна; гэвч Америкийн цэргүүдийн хувьд гэр бол серфинг, Playboy охид, Psychedelic рок хөгжим юм. Энэ кинонд гарах цэргүүд дээрх зүйлсийн төлөө амьдардаг буюу энэ тэдний үнэт зүйлс нь юм. Willard тэдний хоосон, абсурд байдлын талаар үргэлж боддог билээ. Kilgore-г танилцуулдаг сцэнд мөн Америкийн сэтгүүлчдийн баг цэргүүдийг хөгжилтэй кинонд тоглуулж, камер руу битгий хараарай гэж хэлдэг. Нэгэн цагт Вьетнамын дайны тухай бичлэг агаарын долгионы ихэнх цагийг бүрдүүлж, дайны эсрэг хөдөлгөөнийг улам хурцатгаж байсанчлан кино багийнхан дайныг зугаа цэнгэл болгон хувиргаж байна. Утгагүй агаарын довтолгооны дараа Kilgore эрчүүддээ серфинг хий эсхүл дайт гэж тушаадаг. Кинонд хаа сайгүй оршдог харанхуй нь соёл иргэншил байхгүй болохыг онцолдог ба киноны ихэнх хэсэг сүүдэрт бүрхэгдсэн байдаг. Уурын онгоц ширэнгэ руу гүн нэвтрэх тусам харанхуй улам ихэсдэг. Киноны зураглал нь мөрнийг өргөн, гялтгасан усан замаас өтгөн ургамлаар хучигдсан харанхуй болоод нарийхан горхи шиг харагдуулдаг. Мөн Kurtz-ын царай үргэлж шахуу сүүдэрлэгдэж, бүтэн үзэгдэх нь тун ховор байдаг билээ.

Comments