The
Cranes Are Flying (1957). Цэлмэг тэнгэрт тогоруун цуваа нисэн өнгөрөхөд
Москва хотын гудамжинаа хайрынхаа сэтгэлд согтож, халхлах үүлгүй
тунгалаг ирээдүйдээ бат итгэцгээн зугаалах залуухан хоёр хос атаархам
хөгжилтэйгөөр сэтгэл тэнүүн, зөвхөн эл цаглашгүй жаргалтай мөчдөө
гацчихсан юм шиг алхахуй.. хосууд тогоруун цувааг харж хөгжин байх үед
киноныхоо гол дүрүүдтэй хурдхан шиг танилцаад авцгаая..
нүдэнд дулаахан, тийм ч царайлаг биш ч төрх байдлаасаа зоримог
шийдэмгий, үнэнч залууг Борис гэх бөгөөд шударга сайхан сэтгэлтэй эцэг Федор болон эх, \кинонд эх нь чухал байр суурь эзлэхгүй учир нарийн
тодотгохгүй\ эршүүд эгч Ирина, аавынхаа талын хамаатан үе тэнгийн, царай
зүс сайтайн дээр хөгжим тоглох муугүй авъястай, муу юманд ухаан
зарахдаа гаргууд Марк, мөн тэгээд эцэст нь хайрт эмээгийнхээ хамт орон
сууцанд амьдарна..
Харин киноны маань гол дүр Вероникад бурхан тэнгэр
гоо үзэсгэлэнг харамгүй заяасан бөгөөд ялимгүй эрх дураараа, жаахан
хэтэрсэн мэт сахилгагүй хүүхдээрээ зан ааш нь залуу сайхан өнгө төрхийг
нь улам энхрий, халдашгүй ариун болгох ба тэвчээртэй, зоригтой шударга
зан чанар хийгээд өөртөө итгэлтэйг нь нотлох үйл хөдлөлөөс нь тодхон
харж болох, харин бүсгүйн гэрийнхний талаар ярих нь илүүц болохоор шууд
алгасч, тогоруун цувааг хөөрөн баясан харж байгаа хос хоёроо
танилцуулахад ийм байна.. өгүүлэн буй он цаг бол дэлхийн хоёрдугаар
дайны үе буюу нацист Герман итгэл эвдэн Орос руу дайрахаас ердөө ганцхан
хоногийн өмнө болой..
Зөрүүд дээр нь эх оронч Борис дайнд явах
өргөгдлөө сайн дураараа өгчих ба үүнийгээ гэрийнхэн болон хайртай
Вероникатай ч хэлэхгүй байж байгаад явахынхаа өмнөхөн хэлж эцэг болон
сүйт бүсгүйнхээ сэтгэлийн тийм гэхийн аргагүй гонсойлгоно.. эцэг жаал
загнаж байгаад тайвширан хүүгийнхээ зөрүүдийг хүлцэн өнгөрүүлэх бол
хурим бодож байсан Вероника хамгийн их хүндээр эл мэдээг хүлээж авав ч
угийн хатуу, тэвчээртэй тэрээр “би яах болж байна” гэж цөхрөн хэлээд л
өнгөрнө.. сайн дурынхныг цэрэгт татах өдөр ирэхийг тохиолдуулан
Федорынхон хүүгээ дайнд морьдуулах цайллага хийх бөгөөд үүнд Вероника
хамгийн хүндтэй зочин байв, бүсгүй энэ айлаар орж гардаг, нэг үгээр
хэзээний бэр нь болсон ба тэр өдөр чухам яагаад ч юм Вероника цайллагаас
хоцрон сүйт хархүүгээ гаргаж өгч чадахгүй..
Вероника санд мэнд Федорынд
ирэхэд Борис өртөө руу явсан байх агаад өртөө дээр очиход бас л
хожимдож, Борисынхоо марш алхаагаар алхаж байгааг холоос үзэж, хичнээн
дуудавч сонсохгүй байх нь нулимсыг улам асгаруулах бол Борис сэтгэлтэй
хүүхнээ хүлээж, хүлээж явахдаа, яагаад ирсэнгүйг нь гайхаж, гэнэт явах
болсоноо хэлэхэд нь бүсгүйг өөрт нь гомдож гэж бодон, гэмшил харуусал
хослон алхана аа.. Борис явахдаа Вероникад чихмэл тоглоомон хэрэм \тэр
Вероникагаа хэрэмхэн гэж өхөөрдөн дууддаг\ болон хэлж амжаагүй сэтгэлийн
үгсээ бичсэн захиа үлдээж, захиагаа хэрмэн дотроо хийж, эмээдээ “үүнийг
Вероникад өгөөрэй” гэж хэлээд явсан ба эмээ ч хэрмийг бүсгүйд өгөвч
бүсгүй хэрмэн дотор захиа байгааг мэдэхгүй, зүгээр ийм тоглоом үлдээж
гэж бодон жаахан гомдолтой үлдэж хоцорно, Борис яаруу сандруу явахдаа
захиагаа хэрэм дотроо хийснээ эмээдээ хэлж амжаагүй агаад захиаг тийм
байдалтай байгааг хэн ч мэдэхээргүй байжээ..
Сүүлд салахдаа түр тар
хийсэн хийгээд дайн руу ирэх эсэх нь тодорхойгүй нөхцлөөр хайртыгаа
явахад эцсийн удаа ч юмуу, салах ёсны журмаар үнсээгүй Вероника айхтар
шаналах агаад Борис явсанаасаа хойш чимээ сураггүй болж, хот ч жинхэнэ
дайны байдалдж жилжих буюу агаарын бөмбөгдөлтөөс хотын оршин суугчдын
хамгаалсан газар доорх хорогдох байр хүртэл бий болжээ, энэ хугацаанд..
хот байн байн бөмбөгдөлтөд өртөж, харин Борисоос сураг ажиггүй, Вероника
санаа зовон, бодол болон сураг хүлээх агаад түүнийг нэг хүн сүүдэр шиг
дагах нь Марк ажээ.. Марк бүсгүйд дурлаад удаж байгаа бөгөөд сэтгэлээ ч
аль эрт илчлээд амжсан.. үүнийг нь бүсгүй тас хорьсон бол Борис
мэдээгүй, Борисыг явахаас өмнө Вероника Маркын хандлагийг зухас хэлэхэд
Борис мэдээж итгээгүй бас тоож үзээгүй, харин ч явахдаа Марк-д сүйт
бүсгүйгээ харж хандахыг гуйсан нь Маркын олз болсон гэлтэй.. аймхай,
хулчгараа урлагийн хүн болно гэсэн нэрийдлээр хайцаалан дайнд явахаас
мултарсан Марк ээлжит нэгэн бөмбөгдөлттэй шөнө Вероника сэтгэлээр
туйлгүй унаж, үхсэн ч хамаа алга хэмээн цөхрөн байх үед нь чоно
борооноор гэгчээр дайран хүчээр эзэмдэж бүсгүйн үнэт бахархлыг үгүй
хийн, нэг ёсондоо өөрийн болгоно... чухам юуны учраас ийм эмгэнэлтэй
явдал болсныг хэлэхийг зөвшөөрнө үү..
Дайны үеэр гэртээ үлдэгсэд арын
алба болох эмч сувилагч хийнэ, үүнд эцэг Федор, охин Ирина болон
Вероника нар ажиллах бөгөөд нэг гайт өдөр Вероникаг гэртээ иртэл гэрийг
нь юу ч үгүй бөмбөгдөж, хөөрхий бүсгүйг өнчрөн хоцроход сайхан сэтгэлт
Федор түүнийг бэрээ гэж үзэн гэр бүлдээ авчээ.. эцэг эхээ үүрд алдаж,
хайртаасаа сураг тасарсан бүсгүй зовлондоо уймран үхэхийг хүсэх бөгөөд
ээлжит бөмбөгдөлтийн үеэр цөмөөрөө хорогдох байрт ороход Вероника яавал ч
яаг гэж гэртээ үлдэхэд Марк түүнтэй хамт үлдэж боломжийг ашиглан сайхь
бузар хэргээ үйлджээ... энэ үеэр эх орон оо хамгаалан эрхлэгээр тулалдаж
явсан Борис амь үрэгдэх агаад зүгээр нэг үхэх биш нөхрөө авраад өөрөө
амь эрсддэг..дайны үеэр шуудан уддаг тул түүний үхсэн мэдээ ар
гэрийнхэнд нь очихгүй ба хамт тулалдаж явсан нөхөртөө үхэхээсээ өмнө
Вероникагийн зургийг өгч амжжээ.. ийнхүү хэсэг хугацаа өнгөрч, дайн
шувтрах дөхжээ..
Вероникаа ичсэн сэтгэл, нэр нүүрээ бодож Марктай
хуримласан байх агаад Федороор ахлуулсан энэ гэр бүл Москвагаас нүүж
шархдсан цэргүүдийг эмчлэх эмнэлэгт ажиллаж, амьдарцгаана.. эцэг Федор
эмч хийх бол Ирина, Вероника хоёр сувилагч хийж, Марк хөгжим тоглох
нэрийдлээр архидан согтуурч, элдэв бусын хүүхнүүдтэй явалдана.. Борисоос
огт чимээгүй учир цөм наанаа амьд гэж ярицгаавч дотроо үхсэн гэдэгт нь
итгэцгээнэ.. Борисыг хүлээж чадалгүй Марктай суусанд Ирина Вероникаг
үзэн ядах бол Федор юу ч хэлэхгүй.. Борисыг амьд, тэгээд заавал эргэж
ирээд өөрийг нь аваад явна гэдэгт Вероникаа итгэх бөгөөд өглөөнөөс үдэш
хүртэл захиа занаа, сураг чимээг тэвчээртэй хүлээж, үүнийгээ амьдралын
хэв маяг, дүрэм журам болтол нь өөртөө суулгаж, Маркыг ерөөсөө тоохгүй,
ам л нээвэл хэрэлдэн “Марк чамайг төрөөгүй байсан ч болоосой гэж би
хүсэж байна” хараан зүхнэ.. харин өнөөх мангар хар нь хошуу дэвсэн
нялганана..
Нэг өдөр эмнэлэг дээр шархдсан цэрэг эрийн сүйт хүүхэндээ
хаягдсандаа амиа хорлох завдлыг Федор айхтар зэмлэн буруушаахдаа, тэр
хүүхний тэвчээргүйг, өөрийнх нь төлөө тулалдаж тахир дутуу болсныг нь үл
тоомсорлон өөр эр дагаж тэнэглэснийг нь онцлон дурдан сүрхий аашилж
байхын Вероника сонсон, энэ бүхэн яг өөрт нь хандаж хэлж байгаа \тийм ч
бай, үгүй ч бай ялгаагүй\ гэж бодож, сэтгэлээр гутран, өөрийгөө үзэн
ядаж амиа хорлохыг завдах мөчид зам дээр нэг жаалхан хүү хариугүй машинд
дайруулах гэж байх бөгөөд бүсгүй хүүг авран нэрийн асуутал “Борис гэх
ба эцэг эхээ алдсан өнчин амьтан” байна.. бүсгүй өнчин жаалыг өрөвдөхийн
сацуу нэрийг нь хайрлан гэртээ аваачих ба хүүг нөгөө хэрэм тоглоомоороо
тоглуулах гэтэл алга байж, Ирина тоглоомыг Марк хүнд өгөхөөр аваад
явсан гэнэ.. уурандаа шатаж, яахаас ч буцахгүй болсон Вероника Маркын
байгаа газар очиход өнөөх нь бөөн согтуучуудын дунд, хэрэм нь нэг
хүүхний гарт буюу захиаг нь уншиж байна.. хэрэм дотроо захиатай байсныг
Вероника ингэж л мэдэх бөгөөд захиаг уншихад “миний цорын ганц хайраа,
дайн болж байхад бид зүгээр сууж болох уу? Намайгаа уучлаарай, үүнээс
өөр арга байсангүй, удахгүй эргэж ирээд урт удаан хамт амьдарнаа” гэсэн
байх ба Вероника гэртээ ирээд шууд Маркаас салах бол Федор Маркын
увайгүй зан хийгээд өөрийнх нь нэрийг ашиглаж мөнгө зээлж байсныг бас
олж мэдээд түүнийг гэрээсээ хөөж орхино..
Уг явдлаас хойш Федорынхон
Вероникаг уучилж, хуучин шигээ хайрлацгаана.. төд удалгүй нэг
шархдсанаасаа болж халагдсан цэрэг Федорынд ирж Вероникатай уулзах агаад
Борисыг үхсэн гээд бүсгүйд эмгэнэл илэрхийлж гарын үнсэнэ.. энэ бол нэг
төрлийн баталгаа боловч тэр цэрэг Борисыг үхсэн л гэж сонссоноос яг
нүдээр харж, оршуулж булхыг нь хараагүй гэнэ.. энэ бүхэн жаахан ч гэсэн
итгэл найдварын галыг Вероникад үлдээх бөгөөд ерөөс итгэл найдвар нэгхэн
хувь байсан ч итгэл найдвар хэвээрээ л оршин байдаг билээ.. ингэж
байтал дайн дуусч, Оросын ард түмэн нацистуудыг эчээнд нь дарж, тэнгэр
дахин цэлмэж тогоруун цуваа нисэн өнгөрөхөд ялсан баатрууд эх орондоо
ирэх бөгөөд эцгээ, нөхрөө, ахыгаа хүлээж тоссон хүүхнүүд цэцгэн
баглаагаар жигдэрсэн нь эгээ л цэцгийн талбай шиг ээ.. энэ дунд Вероника
бас цэцэг барих зогсох ба харцаараа бас хүслээрээ Борисоо хайж, гараад
ирээсэй гэж хүсэх нь дэндүү өрөвдөм, дэндүү сэтгэл хөдөлгөм.. энэ үеэр
Бористой хамт явсан, үхснийг харж, бүр оршуулсан найзтай нь Вероника
уулзаж зөвхөн Борист л байх ёстой өөрийнхөө зургийг олж авсанаар баярлаж
хөөрсөндөө уйлцгаан байсан олны дунд итгэл найдварынхаа эмгэнэлт
төгсгөлд ганцаар уйлан явах нь зүрх зүсэм ээ...
Зөвлөлт-Гүржийн кино
найруулагч Mikhail Kalatozov-ын \Америкт ЗХУ-ын элчин сайдаар ажиллаж
байсан\ эл дайны сэдэвт, тэгэхдээ дайны үеэрх арын албанд үлдсэн
хүмүүсийн сэтгэлзүйн зовлон жаргалыг өгүүлсэн бүтээл 1958 оны Канны кино
наадмын шилдэг киноны шагналыг хүртсэн бөгөөд ЗХУ-аас Канны дээд шагнал
хүрсэн цорын ганц кино болсон байдаг.. кинонд нэг ч нацист цэрэг юмуу
тулалдааны хэсэг байхгүй, харин илүүтэй эр цэргүүдээ хүлээсэн охид
ээжүүдийн сэтгэл санааны байдал, тэгэхдээ хамгийн гол нь ард үлдсэн
эмэгтэйчүүд маань ямар их тэвчээр гарган хүлээж, тэвчээргүй үнэнч бус
нэгэн нь ямаршуухан байдлаар хүлээлт гэсэн зовлонт уяанаас өөрийгөө
чөлөөлж байсныг ойлгоход түлхэц болох кино бөгөөд энд хэн нэгнийг
буруутгахаасаа өрсөж дайныг хараавал зохино.. дайн хичнээн хосуудыг үүрд
салгаа бол? Дайн хичнээн гэр бүлийг өнчрүүлсэн бол? Аливаа юмыг хүлээх
маш хэцүү байдаг бөгөөд хайртай хүнээ хүлээх шиг хэцүү бэрх зүйл энэ
ертөнцөд үгүйээ.. энэхүү кинонд хүлээлтийг тэсэшгүй хүндээр үзүүлэх
агаад борис киноны дунд үхэж, үзэгч ч үүнийг хэдийн мэдэх ч вероникагийн
хамт киноны хамт бид борисыг хүлээгээд л байна, гараад ирээсэй, амьд
байгаасай, ид шидээр ч болов уу амьд байгаасай гэж хүсэх нь эл киног
гойд онцгой хүлээлтийн \хамгийн шилдэг?\ тухай харуулсан кино болгодог..
Киноны гол дүр Вероникагийн дүрийг кино судлаачид дайны үеэрх
зөвлөлтийн эмэгтэйчүүдийн түгээмэл төрх гэж үзэхдээ илүүтэй хурц
зоригтой зан, шийдэмгий ухаалаг чанарыг нь тодотгосон бөгөөд үүн дээр
нэмээд үнэнч, нинжин сэтгэлийг нь оролцуулаад Вероникагийн дүр бол төгс
эмэгтэйг дүрсэлсэн дүр гэж би бодох... Вероникад тоглосон Tatiana
Samoilova \ Оросын ардын жүжигчин\ авъяас чадвар хийгээд гоо
үзэсгэлэнгээрээ эл бүтээлийг жирийн дайны романтик кино биш хосгүй
төгөлдөр кино болгосон ба кино урлагийн түүхэнд тохиосон хамгийн
үзэсгэлэнтэй, төгс бүсгүйн дүрийн нэгийг Tatiana Samoilova бүтээсэн..
хараад ханашгүй, дэндүү ялдамхан, зүрх зогсом үзэсгэлэнтэй төрх, дүрийг
Tatiana Samoilova эл кинонд мөнхрүүлсэнд нь баярлаад баршгүй.. кинонд
зураглаачаар ажилласан Sergey Urusevskiy-ын гэрэл сүүдрийн зохицол
хийгээд бараг газраас өнгийн авах гар дээрх зураглал киног бүх цаг үеийн
хамгийн гоо зүйтэй киноны нэг болгох ба Sergey Urusevskiy дайны үеэр
цэргийн зураглаач явсан нь энэ кинонд ажиллахад их туршлага болжээ... эр
зориг, үнэнч сэтгэл хийгээд хулчгар зангаас хайр сэтгэл, хүнлэг чанар
хүртэл үзүүлэх эл кино яах аргагүй хамгийн шилдэг дайны сэдэвт романтик
кино ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 476-р байрт жагсана..
сонирхуулахад, Francis Ford Coppola болон Martin Scorsese нар эл киног
дуртай бүтээлээрээ нэрлэсэн байдаг..
НЭМЭЛТ: Киноны гол дүр Вероника
бол Сталины дараах эриний Зөвлөлтийн кино урлагийг дэлхийд таниулахад чухал
үүрэг гүйцэтгэсэн гэдэг буюу илүү түвэгтэй олон хэмжээст киноны эмэгтэй
баатруудыг сурталчилан таниулж, дайны нөлөөг эгэл ард түмэнд ойлгуулах
зорилготой кино болон дүрүүд бий болгож байсан цаг аж. Вероникагийн түүхийг
зөвхөн Зөвлөлтийн үзэгчид хүлээн авч, өрөвдсөнгүй, Вероника-д тоглосон жүжигчин
Татьяна Самойлова Европт од болж, ер нь энэ дүрээрээ байнга дурсагдах болсон.
Тус кино Канны кино наадмын дээд шагналыг хүртэж, дэлхий нийтээрээ жүжиглэлт,
зураглал, эвлүүлэг, продакшны ажлыг нь талархан хүлээж авсан. Францууд Самойловагийн
цэвэр, жинхэнэ шинжийг өөрсдийнхөө од Брижит Бардотай харьцууулж байв.
Самойлова нэгэн наадмын үеэр шүтэн бишрэгчээсээ цаг бэлгэнд авсан ба бэлэг дээр
"Эцэст нь бид Зөвлөлтийн киноноос хуурамч биш жинхэнэ төрхийг харлаа"
гэж бичсэн байжээ.
Comments
Post a Comment