My
Darling Clementine (1946). Өгүүлэх нь, “O.K. Corral”-ын дэргэд болсон
домогт буудалцаанаас жилийн өмнө ах дүү Earp-үүд болох Wyatt \Henry
Fonda\ , Morgan, Virgil, мөн James нар хөсөг тэрэг болон морь малаа
туусаар Аризона мужийн Tombstone хотоор дайрч өнгөрөхдөө бага дүү
James-сээ бусдын гарт хөнөөлгүүлсэнээр том ах Wyatt дүүгийнхээ өшөөг
авахаар уг хотын шериф болж байгаагаар кино маань эхэлнэ..
өгүүлэн буй киноны үйл явдал 1882 онд болж байгааг онцлоод, энэ цаг үед
зэрлэг өрнөдөд хэн зоригтой, самбаатай нь амьд үлдэж, аймхай
хулчгарынхаа эд малыг эзэгнэн суудаг ёстой зэрлэг ширэнгийн хууль
үйлчилдэг байсныг дурдъя.. хүн бүр буутай байх ба хүний амь нохойн
аминаас хол илүү гарахааргүй байв.. киноны маань гол баатар Wyatt хэрсүү
ухаантай, чоно шиг сэргэг, зориг төгөлдөр бөгөөд шериф хийж явсан
буугаар гаргууд тулалддаг хавь ойрдоо цуутай эр болой..
Wyatt шижигнэсэн
гурван сайхан дүүгээ дагуулан Tombstone хотод \тэр үед суурин байсан ч
хот гэж бичлээ\ түр буудлах үед орон нутагтаа танхай, бүдүүлгээрээ
бусдыг айлгах болсон Clanton өвгөн идэр хөвгүүдийнхээ хамт угтаж, зочдод
хандаж “морь малаа зарахгүй биз” гэж асуугаад мэдээжээр татгалзсан
хариу сонсоно.. Wyatt бага дүүдээ мал болон хөсөг тэргүүдээ харуулж
үлдээн өөрөө нөгөө хоёр дүүгээ дагуулан хот руу орж үс сахлаа
авахуулахаас гадна дэлгүүр хоршоо орохоор зорино.. угийн шударга бус
юмыг үзэж чаддаггүй Wyatt хотод оруутаа л нүднийхээ өмнө өрнөсөн
танхайрлыг зогсоох агаад тэрээр энэ хотыг шерифгүй, хөл толгойн
солигдсон газар болохыг ойлгоно, энэ үед хотын иргэдээс зоригийг нь
шагшиж шерифээр үлдээч гэж гуйсан ч тэрээр татгалзана.. Wyatt-ыг буцаад
иртэл James дүү нь алагдаж, морь малыг нь туугаад алга болсон байх
агаад уг хэргийг Clanton хөвгүүдийн хамт үйлдсэн нь эргэлзээгүй..
Wyatt
шууд давхиж очоод үзэлцэж болох ч ингэвэл бусад дүү нараа эрсдэлд
оруулж, гэмгүй улсыг ч хөнөөж мэдэх тул хотод эргэж очин шериф болж өшөө
хуулийн дагуу авахаар шийднэ.. Wyatt шериф болж хот аажмаар дэгэндээ
орох бөгөөд хотын зартай янхан хүүхэн Chihuahua \ Linda Darnell \
гэгчтэй тэрсэлдэж эхлэх ба Chihuahua бол уг хотыг албан бусаар удирддаг
Holliday \ Victor Mature \ гэгчийн амраг нь болохоор шинэ шерифтэй
шазруун үзэж, Holliday-г ирэхээр Wyatt-г үзнэ дээ гэж сайрхахад олон
түмэн ч хоёр чанга эрийн нүргээнтэй уулзалтыг тэсгэлгүй хүсэж хэн нэгэн
нь үхэх нь тодорхой гэлцэн бооцоо тавина.. энэ Holliday гэгч нь эмч
мэргэжилтэй бөгөөд хотын эмч хэдий ч мэргэжлээрээ ажиллахаа больж үргэлж
архи уун хөзөр тоглож, байнга муухайгаар ханиалгахаас нь харвал уушгины
хүнд өвчинд нэрвэгдсэн нь илэрхий.. энэ эр тэнэгдүү зоригтой, буугаар
сайн тулалддаг учир бусад нь айх ба амиа хичээмтгий ч шударгуу, зэгсэн
дажгүй эр болой.. ингээд, шериф, эмч хоёр уулзах ба эмч байр сууриа
алдсанаа тооцдоггүй юм гэхэд хүүхнийг нь доромжилсны хариуг нь шерифээс
авна гэж харж байтал эрчүүд хэн хэнийгээ байр суурийг ойлгон хүндэтгэж
ганц шил юмны араас бараг найзууд болцгооно.. хэдий тэд байгалиасаа
дайсанууд ч хожим тэдний эсрэг зогсох хүчний өөдөөс тэд хамтдаа
тулалддаг агаад тэднийг нэгтгэх хүчин зүйл үгүй л бол хэзээ нэгэн цагт
хоорондоо үзэлцэх нь тэнгэрт хоёр нар байдаггүйтэй жишээлж болох мэт..
жинхэнэ эрчүүд шиг ярилцаж учраа ололцох эмч болон шерифийн энэ сцен тун
гоё..
энэ үед Clementine \ Cathy Downs \ гэгч харваас хатагтай төрхтэй
бүсгүй хотод ирнэ.. эл бүсгүй эмчийн өнгөрсөн амьдралтай холбоотой буюу
эмчийг хайсаар энд ирсэн экс нь агаад тэдний хооронд чухам юу болоод эмч
түүнээс зугтаасныг хэн ч мэдэхгүй.. Clementine-г ирсэнээс хойш эмч улам
их ууж, ингэхдээ бүсгүйг бараг хөөж туух бол гал цогтой Chihuahua
амрагаа хардаж харамлан дэгжин хатагтай руу галзууран дайрна.. хайр нь
бүтэлгүйтсэнд гомдож, хөөгдсөндөө гутарсан Clementine-г шериф харж
хандана, залуу сайхан бүсгүйн төрх, сурвалжит ааш аяг шерифийг дурлалын
мананд төөрүүлж, өнөөх чанга эр чинь түүнийг харахаараа хүүхэд шиг
аягалдаг болно.. Clementine хотоос явахаа больж, хотод сургууль байгуулж
өөрөө багшлахаар шийддэг агаад энэ нь соёл иргэншлээс холдсон хотыг
гэрэл гэгээ удахгүй нөмрөхийн бэлгэдэл юмаа..
хардалтандаа живсэн
Chihuahua нэг өдөр Clementine руу үсрэн дайрахад шериф болиулах бөгөөд
Chihuahua-тай ноцолдож байхдаа хүүхэнд алуулсан дүүгийнх нь зүүлт байхыг
олж хараад хэн өгсөн гэхэд тэрээр эмч гэнэ.. шериф эмчтэй бараг ирүүл
хийхийн даваан дээр Chihuahua худал хэлснийг мэдэж, үнэн мөнийг олохоор
Chihuahua дээр ирнэ.. Chihuahua тэдэнд хандаж “Clementine ирсэнээр
эмчийг алдах нь гэж айж, ингээд уурандаа Clanton-ын хөвгүүдийн нэгтэй
явалдахад тэрээр түүнд энэ зүүлтийг өгсөн” гэж хэлж дуусаагүй байтал буу
тас хийж Chihuahua хөсөр унана, энэ нь цонхоор Clanton-ны өнөөх хүү
буудсан байжээ.. шериф алуурчны хойноос дүү Virgil явуулах хэдий ч төд
удалгүй дүүгийнхээ цогцсыг хүлээж авдаг.. энэ зуур эмч Chihuahua-д мэс
ажилбар хийсэн ч амийг нь аварч үл чадна..
уг явдал шерифийг хоёр
дүүгийнхээ өшөөг авах эрх олгох бол эмч Chihuahua-н өшөөг мөн авахаар
Wyatt-тай нэгдэж, ингээд тэд Clanton болон түүний хөвгүүдтэй “O.K.
Corral” гэгч газар алдарт гучин секундын тулаан хийнэ.. олон
Америкчуудын үздэгээр Америкийн хамгийн шилдэг кино найруулагч гэгддэг
John Ford-ын энэхүү вестерн нь түүний олон шилдэг вестерн бүтээлийн
хамтаар вестерн киноны стандартыг тогтоосон ба эл кино нь зөөлөн, уярам
чанараараа жанртаа онцгойрон хамгийн шилдэг вестернүүдийн тэргүүн
эгнээнд зогсдог.. кино аажуухан хэмнэлээр өрнөж, сүүдэртсэн гэрэлтүүлэг
дор дүр болгоны олон төрх зан хув заяагаа бүтээнэ.. их найруулагч John
Ford киноныхоо зохиолыг Stuart N. Lake-ын “Wyatt Earp: Frontier Marshal”
номноос сэдэвлэсэн бөгөөд Wyatt Earp гэгч шериф үнэхээр бодитоор
байснаас гадна “O.K. Corral”-ын тулаан нь америкт домог болсон бөгөөд
Wyatt Earp-ын түүхээр олон кино бүтээгдсэн байдаг аа.. киноны гол дүрд
алдарт Henry Fonda тоглосон ба тэрээр дэлхийн хоёрдугаар дайнд явж
ирчихээд шууд энэхүү кинонд тоглосон бол найруулагчийн дэлхийн
хоёрдугаар дайны дараа бүтээсэн анхных нь кино болжээ.. энэ бүтээл маань
бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 121-р байрт жагсдаг аа..
НЭМЭЛТ: Алдарт хууль сахиулагч
Вайатт Эрпийн тухай өгүүлсэн олон кино байдгаас энэ кино хамгийн сайнд нь орох
буюу суут Найруулагч Жон Форд түүнийг таньдаг байсантай холбоотой. 1931 онд
Стюарт Лэйк гэгч Эрпийг нас барснаас хоёр жилийн дараа түүний анхны намтар
номыг бичжээ. Форд кино болгох эрхийг олж авсны дараа Лэйк 1946 онд номоо
кинонд зориулан дахин бичжээ. Хоёр ном хоёулаа ах дүү Эрп болон тэдний О.К.
Коррал дахь гэмт хэрэгтнүүдтэй хийсэн зөрчлийг нэлээдгүй уран сайханжуулж
буулгасан байдаг аж. Номууд хэвлэгдэж, кино гарах хүртэл О.К. Корралын
буудалцааны түүхийг Америкчууд бараг мэддэггүй байв. Найруулагч Форд
холливуудад туслах ажилтан буюу хүүхэд байхдаа Эрп-тэй танилцаж, түүнд кофе
зөөж өгдөг байжээ. Энэ үеэр Эрп түүнд сайхь тулааныг ярьж өгдөг байсныг хожии
Форд энэ кинондоо тусгаж өгсөн байна. Форд эхлээд энэ түүхээр кино хийх
хүсэлгүй байсан ч 20th Century Fox-д гэрээний дагуу ажиллахаар өөр замгүй болж
энэ кино хийгджээ.
Comments
Post a Comment