Тэнгэр, тэнгис, гунигласан зүрх


Death in Venice (1971). Усан дээр хөвөгч хот буюу соёл урлаг, үүх түүхээрээ баялаг Венец хот үхэл дуудсан хөх саарал хийгээд гоо үзэсгэлэнг бэлгэдсэн улаан ягаанаар туяаран хэзээд ийм байсан, хойшид ч ийм л байх тэр л янзаараа далай, тэнгэрийн дунд хөвөх мэт уйтай дүнсийх бөгөөд эл хотыг чиглэн нэгэн завь жигд хэмнэлээр айсу ирмой... завь битүү чемодан, цүнхээр дүүрч, хоосон зайнд нь завины жолоодогч болон ачаа тээшний эзэн хоёр дөнгөж л багтах агаад ачаа тээшний эзэнг танилцуулахыг зөвшөөрнө үү, учир нь энэ эрхэм киноны маань гол баатар болой..
 Германы алдартай хөгжмийн зохиолч Gustav von Aschenbach гэгч энэ эрхэм лагшин чилээрхэсний улмаас Венец хотын ойролцоо орших тансаг, дээд зэрэглэлийн амралтын газар ирж буй нь энэ агаад суу билэгт оюун хийгээд алт мэт авъяасаараа цаг үеэ байлдан дагуулж явсан тэрээр эрийг нас, уулыг цас гэгчээр бие бялдар, үзэл санааны хувьд нийгмээсээ хоцрогдох юмуу урлагийн эрс тэрс үзлээрээ бусдад хавчигдаж бие болон оюун их дордсоны учир: нэгд, амраж сувилуулахаар, хоёрт айвуу тайван, олноос хөндий байх гэж усны хот Венец-д ирнэ...
Aschenbach-ыг тодорхойл гэвээс: залуу цагтаа сайхан эр байсны ул мөр бие хаа болон нүүр царайнаас нь илхэн харагдаж, залуугаасаа ном үзэж, боловсрол олсон түүний хөдөлгөөн, биеэ авч явах зэрэг нь сэхээтэнлэг, аргагүй л урлагийн өндөр боловсролтойг нь илтгэх бөгөөд ядарсан, эсхүл залхасан мэт царай нь өвдөөд удаж байгааг нь хэлэхээс гадна бардам ихэмсэгийн илрэл болсон адайр муухай зан нь төрх байдлыг нь улам сүртэй ихэмсэг болгон, өвдсөн шинжийг нь сүр оруулах мэт ээ.. 
Aschenbach гаднаасаа ярвагар, бардам бол түүний нас жар хүрч яваа гэмээр харин доторх хүн нь асар ихээр ганцаардсан нэгэн бөгөөд урлагийн онгод сэрлээ амьдрах хүсэлтэйгээ хамт булшлуулсан нь биеийнх нь байдлыг эмч үзээд тайван амгалан амар гэсэнтэй нь нийлээд үхэхийнхээ өмнөх хэдэн жилийг ганцаараа, тайван шиг амарч өнгөрөө гэсэн үг байв.. хөгжмийн зохиолч амралтын газрынхаа өрөөнд орж ирэн цонхоо нээхэд түүний өрөө далай руу харсан, далайн эрэг дээр элс болон том шүхэр дор тоглож наадах бусад амрагчдыг хараан дороо бэлхэн харахуйц үзэгдэх орчинтой сайхан өрөө байна.. 
хөгжмийн зохиолч хувцсаа янзалж байгаад эхнэрийнхээ зургийг гаргаж ирэн гүн бодолд автах ба кино энэчлэн Aschenbach-ын дурсамж болсон хэсгээр киноны дундуур зүсэн орж ирэх нь киноны гол дүрийн өмнөх амьдрал, түүнийг таньж мэдэхэд илүүтэй дөхөм ч дурсамжийн бүрэн бус хагас хугас, учир дутагдал багатай зэрэг нь киногоо багагүй төвөгтэй болгоно.. ямартай ч киноныхоо гол дүрийн дурсамжийг урьдчлан хэлэхэд \бичлэгээ нуршуу болохоос бас ойлгоход дөхөм гэж үзээд\ хөгжмийн зохиолч маань нэгэн цагт жаргалтай сайхан амьдарч байгаад хүүгээ нялхад нь золгүйгээр алдаж, эхнэртэйгээ үүнээс хойш жаргаагүй бөгөөд урлагийн ертөнцөд баримтлах үзэл санаан нийгэмтэйгээ зөрчилдөж, түүнийг ойлгохгүйн улмаас эрхгүй шахагдаж ирсэнээр бие ч муудаж, энэхүү үхлээ хүлээн хүлцэнгүй дурсамжаа мэрэх Aschenbach-ын дурсамжаар аятайхан биш ч үзэгч аялангаа түүний амьсгаа болгоныг тоолон үхлийг нь тосоцгооно.. 

Венец-д ирсэн анхны оройны хоолоо идэхээр хүлээлгийн өрөөнд орсон Aschenbach түм түжигнэж, бум бужигнаж олны дундаас нэгэн гоо үзэсгэлэнтэй хүүг олж харах буюу эрхгүй хараан түүн дээр зоогдчихно.. хүү эх болон дүү нар болох жаалхан хүүхдүүдтэй хамт явах ба өөрөө арван таван наснаас хэтрэхгүй болов уу гэмээр, урт шар үстэй, булбарай цагаахан царайтай, гоолиг нуруутай ба хальт харахад охин хүүхэд шиг хөөрхөн энэ хөвгүүн эр хүн байтугай эм хүний ч анхаарлыг татахуйц гойд царайлаг ажээ.. эл хөвгүүнийг Tadzio гэдэг бөгөөд Польшоос эх дүүгийн хамт амрахаар Венец-д ирсэн язгууртан гаралтай агаад тус амралтын газар ноёд, ихэс дээдсүүд л ирж амрах буюу өгүүлэн буй түүхийн хугацаа бол хорьдугаар зууны эхэн үе болой.. Aschenbach хооллох газар, далайн эрэг дээрх амрах газар ч Tadzio-г олж үзэж, эсхүл санамсаргүйгээр таарна.. хөгжмийн зохиолч учрал бүхэндээ хүүгийн гоо сайхан төрсөнг дотроо бахдахын дээр залуу насных нь эрч хүч, урт удаан амьдрах он цагийг нь бодож атаархана.. 

атаархал юмуу бишрэл заримдаа хайр болж хувирдаг, энэ хувирал болсон хайр жирийн хайраасаа ч хүчтэй байх нь байх ба амьдралын бүх утга учир хийгээд өөдрөг сэтгэлээ өвчин шаналалдаа гээгээд байсан хөгжмийн зохиолч Tadzio-ын дөнгөж цэцэглэж буй шинэхэн амьдрал, залуу насны ид хав болсон гоо сайханд гүн гүнзгий дурлах бөгөөд эл хачин дурлалд Aschenbach- ын оюун санаа, ур чадвараараа ертөнцийг эзэгнэллээ гэж бодсон бардам бодол гоо үзэсгэлэнгийн өмнө бүрэн сүйрэн унах ба байгаль эхийн төрүүлсэн цэвэр гоо үзэсгэлэнгийн өмнө сурж мэдсэн гоо үзэсгэлэн болох оюун ухааны гоц ухаан ялагдана.. Aschenbach энэ дурлалаа өөрөө хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрийн энэ нурмайсан, хачин балай тэнэг байдлаа үзэн ядаж бушуухан Герман руугаа явахыг завдав ч бага зэргийн асуудлаас болж явах нь хойшлогдох агаад амралтын газраа эргэн ирэхдээ Aschenbach заяагүйгүй ээ зүхэвч Tadzio-гоо ахин харах болсондоо битүүхэн баярлаж, энэ зугтаалт нэмэргүй байсныг дотроо зөвшөөрөн, одоо харин Tadzio-гоо л харан урт наслахыг хүснэ.. хөгжмийн зохиолч Tadzio-г харах гэж аль болох хичээх буюу хөвгүүний байгаа газар ойртон очих юмуу холоос даган явна.. 

хөвгүүн эхний өдрөөс л Aschenbach-ын өөрийг нь нэвт шувт харахыг анзааран, хаа сайгүй даган харах харцыг нь мэдрэх бөгөөд хөгжмийн зохиолч руу гэмгүй инээмсэглэн өнгөрөх бол хөгжмийн зохиолч үүнийг нь аальгүйтсэн өдөөлт гэж сэтгэхэд үнэндээ хөвгүүн учрыг үл ойлгон тоглоом маягаар хөгшин эр рүү инээн шоолж байсан болов уу?.. хайр дурлалдаа шатаж, өөрийгөө удирдаж чадахаа байсан Aschenbach хөвгүүний хараанд өртөх гэж сахал үсээ засуулж, будуулж илүү залуу харагдах гэж хичээх бөгөөд уг чармайлтыг хөвгүүн мэдээж хэрхэн ойлгох билээ??.. киноны төгсгөлд хөгжмийн зохиолч далайн эрэг дээр үхлийнхээ цохилтыг тоолон суухад Tadzio \урлаг судлаачид Tadzio-ын энэ сцен болон ер нь найруулагчийн хөвгүүнийг зурагласан плануудыг Michelangelo юмуу Da Vinci-ын уран зураг шиг гоо зүйтэй гээд хэрэв уран зураг байсан бол Louvre-ын музейд залрах хэмжээний төгс гэсэн байдаг \ шингэх нарны туяа өөдөөс гоо сайхан биеэ далайн усанд булхуулан алхах агаад хөгжмийн зохиолч эл уярам үзэгдлийг гашуун сэтгэлээр амьсгаа хураан харна.. 
эл бүтээлийг ижил хүйстний тухай кино юмуу тийм маягийн бүтээл гэж хүлээж авахаасаа илүүтэй \үнэндээ ч хөгжмийн зохиолчын хандлага ижил хүйстэнээ сонирхогч байдаг бол хөвгүүний хувьд маргаантай\ үе хоорондын оршихуйн зааг юмуу эсвээс залуу хөгшин гэсэн цаг хугацааны мөнхийн бодрол гэж хүлээж авбаас зохино.. түүнчлэн, гоо сайхан, залуу насыг хөгшин, өндөр насан дээрээс харж болгоон бодох бүтээл буюу хэдэн жил болоод нэг үзэх ёстой \үзэх болгонд бид хөгжмийн зохиолчын сэтгэлийг ойлгоно\ кино бүтээл бөлгөө... кино маань удаан хэмнэл, удаан бодлогрошуулсан сценээр баялаг агаад баргийн үзэгчийг уйдаан, тэвчээрийг бармаар удаан тогтсон зураглалтай.. 

 ийн удаж сунжирсан сцен дүрийн дурсамж болон одооны бодолд үзэгчээ шууд хөтлөн аваачих агаад бараг харилцан яриагүй, дүрийнхээ бодолд живүүлж, үлдсэн хугацаанд бодролд автуулах ч хүлээгээрэй таминь, ямар ч хүн тухтай сууж кино үзэхийг боддог, хэн ч амттай хоолыг удаанаар амтлан идэхийг хүсдэг, мөн хэн ч хайртай хүнтэйгээ секс хийхдээ удаан үргэлжлээсээ гэж хүсдэг, тиймээ удаан байна гэдэг илүү таашаахын нэр бөгөөд амьдралын сайхан хором бүхнийг бид удаанаар таашаахыг хүсдэг ээ.. тэгвэл урлагт ч тийм байдаг ба удаан байна гэдэг урлагийг ойлгох алтан дүрэм бөлгөө.. киног Италийн нэрт кино урлаач Luchino Visconti найруулсан ба эл бүтээл нэрт найруулагчийн ГЕРМАН трилогийнх нь хоёрдахь кино нь бол үлдсэн бүтээлүүд нь: The Damned (1969), Ludwig (1973) нар болно.. Luchino Visconti \коммунист байсан\ театр, опера, кино урлаг гээд жинхэнэ урлагийн хүн байсан ба ижил хүйстэнээ сонирхогч гэдгээ нуудаггүй байв.. 
Итали найруулагч маань киногоо Германы уран зохиолч, нийгэм шүүмжлэгч, нобелийн шагналт Thomas Mann-ын роман дээрээс сэдэвлэсэн бөгөөд Thomas Mann нь бэлгэдэлт болон егөөдөлт бичлэгээрээ Германы төдийгүй европын оюун санаа, шашны үзэл сурталыг дэлгэн шинжилсэнээрээ Goethe, Nietzsche, Schopenhauer нартай адилхан үнэлэгддэг оюуны хүн агаад ижил хүйстэнээ сонирхогч байжээ.. киноны гол дүрд английн жүжигчин Dirk Bogarde \ Aschenbach \ тоглосон ба Dirk Bogarde-ын замналынх нь оргил дүр болоод зогсохгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг эрэгтэй гол дүрүүдийн нэгээр Aschenbach-ын дүр нэрлэгдсэн байдаг.. харин Шведийн жүжигчин Björn Andrésen \ Tadzio \ тэр үед арвантаван настай байсан гэдэг ба найруулагч Björn Andrésen-г дүрээ сайн судалж, дүрдээ сайн оруулахын тулд ижил хүйстэнүүдийн клубт оруулж байсан гэдэг бөгөөд Björn Andrésen ярилцлагандаа энэ мөч маш эвгүй байсан гэдэг.. Luchino Visconti гол дүрээ ерөнхийдөн суут хөгжмийн зохиолч \ Thomas Mann-ын зохиолд хөгжмийн зохиолч биш уран зохиолч байдаг ба найруулагч энэ мэт өөрчлөлт нь эх зохиолынхоо санааг алдагдуулсан гэж шүүмжилдэг ч эл кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 198-р байрт жагсдаг\ Gustav Mahler-аас санаа аван бүтээсэн ба киноны хөгжим Modest Mussorgsky, Ludwig van Beethoven, Gustav Mahler нарын хөгжмөөр эгшиглэх хэдий ч киноны чухал, оргил хэсгүүдэд Gustav Mahler-ын хөгжим илүүтэй эгшиглэнээ..

 НЭМЭЛТ: Энэ киноны Tadzio-ын дүрд Шведийн жүжигчин, хөгжимчин Bjorn Andresen тоглосон. Түүний 2003 онд өгсөн ярилцлагыг товчхон хүргэе. Юуны өмнө тэрээр энэ кинонд тоглож алдартай болсондоо харамсдаг, мөн тоглосон дүрийнхээ төрх байдлаас салахын хүсдэгийг нь дамжуулъя. Andresen: "Одоо би энэ киноны сэдвийг хүлээн зөвшөөрөхгүй. Насанд хүрэгчдийн хайраар өсвөр насныхныг хайрлах бол миний эсэргүүцэж байгаа зарчим. Сэтгэлийн хувьд ч, оюун ухааны хувьд ч энэ надад түвэгтэй санагддаг, учир нь би ийм хайрын талаар тодорхой ойлголттой болсон" гээд мөн Канны кино наадамд оролцсон талаараа тэрээр: "Би дөнгөж 16 настай байсан. Visconti болон кино багийнхан намайг ижил хүйстэнүүдийн бааранд аваачсан, кино багийнхны ихэнх нь ижил хүйстэн байлаа. Баарны үйлчлэгчид намайг тун эвгүй байдалд оруулсан, тэд намайг нэг амттай хоол шиг л харцгааж байв. Энэ бол ийм олон явдлын анхных л байв" гэжээ.  

Comments