Толинд харах мөч




The Double Life of Veronique (1991). 1990 он, дэлхийн улс төрийн хоёр туйлт систем өөрчлөгдөж байх үеийн Польш улсын хаа нэгтээ найрал дуучдын тоглолт задгай талбайд болж байх агаад яг тоглолтын үеэр ширүүн бороо гэнэт орж дуучид төдийгүй үзэгчдийг ч ум хумгүй тарцгаахад хүргэнэ.. борооноос цөмөөрөө дайжихад ганц л дуучин дуулсаар үлдэж, чин сэтгэлээсээ аз жаргалтай дуулах бүсгүйг Weronika (Irène
Jacob) гэдэг ба залуухан үзэсгэлэнтэй эл бүсгүй бороог ч, ер нь юуг ч үл ажран дуулах энэхүү сцен хосгүй.. 

усан хулгана болтлоо норсон Weronika харих замдаа найз залуу Antek-тайгаа тааралдан, улмаар залуус Antek-ын гэрт очиж “дурлал” үйлдэцгээнэ.. маргааш нь, Weronika аав дээрээ очиж “найз залуугийн хамтаар Kraków явж өвчтэй авга эгчээ эргэхээ” хэлэх агаад мөн нэмж “энэ хорвоо ертөнц дээр би өөрийгөө ганцаараа биш, надтай адилхан хэн нэгэн байгаа гэж мэдэрдэгээ” хэлнэ.. ингээд, тэрээр авга эгчийндээ очих бөгөөд Kraków хотод ирсэнийх гээд найзтайгаа уулзахаар найрал дуучдын бэлтгэлээ хийдэг газар очтол найрал дуучид ид бэлтгэлээ хийж байхтай таарсан нь бүсгүйн хувьд мөрөөдлөө биелүүлэх сайхан боломж болно.. учир нь, санаандгүй байж байгаад найрал дуучдын багшийн анхааралд тэрээр өртөж хоолойгоо шалгуулах боломж бүрдэх агаад багш ч Weronika-ын гайхалтай сайхан хоолойг шууд л бишрээд хөгжмийн найруулагчид шалгалт өгөөд үз гэж зөвлөнө.. баяр хөөрөндөө нисэх шахсан Weronika гудманд явж байгаад бөөн үймээн самуун болсон эсэргүүцлийн хөдөлгөөнтэй таарах ба төр засгаа эсэргүүцэн боссон олны хөдөлгөөнийг ажиж яваад Польш улс болон уг эсэргүүцлийн хөдөлгөөнийг харж зогссон бүлэг жуулчидтай таартал жуулчидын дунд Weronika өөрөө явж байна..
бүсгүй балмагдан хөшиж орхих бөгөөд арай өөр л хувцастай болохоос яг өөрөө буюу ихэр шиг төстэй бүсгүйг харж цаг хугацаанд гацсан мэт таг гөлөрчихнө.. харин нөгөө Weronika эсэргүүцлийн хөдөлгөөнийг болон хотын байдлыг гэрэл зургийн аппаратаар авч байгаад бусад жуулчидынхаа хамт автобусанд суугаад алга болж өгөх ба эл үйл явдал ердөө тавхан минут орчим л үргэлжилнэ.. тус явдлыг гайхалтай гэхүү аймшигтай гэхүү, юу ч гэсэн Weronika ч үзэгч ч мэл гайхаж, цочирдоцгооно.. дараагийн өдрүүдэд бүсгүйн зан араншин их өөрчлөгдөж бас зүрх нь өвддөг болно.. найз залуугийнхаа дуудлагыг авахаа байх бөгөөд найрал дуучдын шалгаруулалтад тэнцэж амьдралдаа чухал алхам хийнэ.. 

Antek бүсгүйтэй гудманд уулзахад Weronika түүнээс уучлалт гуйж, мөн хайртайгаа илэрхийлэх нь салж явах гэж байгаа шинж тэмдэг бүрэн илрэх мэт болно.. ингээд, томоохон тоглолтод Weronika оролцон соло дуулдаг хэсгээ дуулж байгаад гэнэт нас нөгчих бөгөөд түүний сүнс аажмаар холдон сарниж алга болно.. яг тэр өдөр Парис хотноо нэгэн эр, эм хоёр гал халуунаар хурьцаж байх агаад хурьцал дууссаны дараа эмэгтэй нь гэнэт шалтгаангүй уйтгарлаж, бүр зовлонтойгоор уйлж эхлэх бөгөөд энэ шалтгаангүй авирласанаа гэнэтхэн асар их уй гашууд автсан гэж тайлбарлана.. энэ бүсгүйг Véronique (Irène Jacob) гэдэг бөгөөд төрсөн хотдоо бага ангийн хөгжмийн багшаар ажилдаг, ганц бие гуа сайхан залуухан бүсгүй болой.. маргааш нь, Véronique ангидаа арваннаймдугаар зууны хөгжмийн зохиолч Van den Budenmayer-ны \эл хөгжмийн зохиолчын хөгжмийг Weronika-г үхдэг тэр оройны тоглолтод тоглож байсан\ хөгжмийг танилцуулж байх үеэр сургууль дээр нь утсан хүүхэлдэйгээр театарчилсан тоглолт хийж хүүхдүүдэд толилуулдаг хүүхэлдэй хийгч хүрч ирэн Véronique -ын зүрх сэтгэлийг тун ихээр татна.. хүүхэлдэй хийгч залуугийн намба төрх хийгээд ажилдаа дурласан чин сэтгэл нь бүсгүйг өөртөө дурлуулахад хангалттай байж, тэгэхдээ уулзаж амжилгүй тэд салцгаана.. тэр өдрөөс хойш Véronique-ын гэр рүү дуудлагууд ирж, харин утасны цаанаас хүн ярихгүй зөвхөн яриаг нь сонсож бас Van den Budenmayer-ын хөгжим л цаана нь эгшиглэнэ.. 

ингээд бас зогссонгүй гэрийн хаягаар нь хоосон захидал дотор гуталны үдээс болон ямарч яриагүй элдэв юмсын шуум бичсэн хуурцаг ирэх ба бүсгүй энэ бүхнийг нөгөө хүүхэлдэй хийгчтэй холбоотой гэж сэжиглэнэ.. Véronique аав дээрээ очоод “би хүнд дурлачихлаа, гэхдээ хэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна” гэж хэлдэг.. мөн түүнчлэн “бүхий л амьдралынхаа туршид би энд болон бас өөр нэг газар зэрэг амьдарсан мэт санагдлаа, миний өрөөсөн эсхүл дахиад нэг би байгаа гэж мэдрэгддэг” гэж хэлнэ.. Véronique хэсэг хугацаанд хүүхэлдэй хийгчийг эрсэний эцэст олох бөгөөд түүнийг Alexandre Fabbri гэдэг хүүхдийн номын зохиолч эрэгтэй байна, гэтэл Véronique-гоос урьтаж Alexandre Fabbri бүсгүйг аль хэзээний олсон буюу өнөөх үл таних дуудлага, үдээс зэрэг хүүхэлдэй хийгчийн хийсэн хэрэг байна.. хоёр биенээ удаан хайсан дурласан зүрхүүд ахиж цаг алдалгүй учраа ололцож, санасан мөрөөдсөн сэтгэлээ биеийн таашаалаар ханатлаа нөхөцгөөнө.. Alexandre Fabbri бүсгүйн гэрэл зургийн цомгийг үзэж байгаад Польш-д жуучлан аялж яваад дарсан зургууд дотор Véronique өөрөө байхыг олз харан гайхаж Véronique-д хэлэхэд бүсгүй зургийг хараад ийм зураг дарсанаа анзаараагүйгээ мэдээд хэзээ ч ийм зураг даруулж байгаагүй бас ийм хувцас өмсөж байгаагүй гэж хэлээд баахан гайхасны эцэст айхтар гашуудан уйлна.. 

миний бодлоор бүх цаг үеийн хамгийн шилдэг арван кино найруулагч дотор Польш найруулагч Krzysztof Kieślowski орох бөгөөд кино урлагийн мөн чанар хийгээд гоо зүй талаасаа Krzysztof Kieślowski үнэхээр онцгой нэгэн.. энэхүү бүтээл нь нэрт найруулагчийн нутгаасаа гарч хийсэн анхных нь кино ба кино судлаачид эл бүтээлийг кино урлагт хийгдсэн цэвэр метафизик шедевр, кино урлагийн түүхэнд тохиосон бяцхан гайхамшиг гэж маш өндрөөр үнэлдэг.. киног бүрэн дүүрэн тайлбарлах хэцүү бөгөөд ойлгомжгүй нууцлаг хийгээд фантази чанартай тул тайлбарлахаасаа илүүтэй мэдрэх нь чухал агаад зөн билэг, мэдрэмж гэсэн хүний оршихуйн мөн чанарт хандсан бүтээл гэж үздэг.. зарим судлаачид киноны цаад санааг улс төрийн үйл явдлыг зүйрлэсэн гэдэг ба энэ нь болбоос Véronique Америк буюу барууны ертөнц бол Weronika социалист улсуудыг төлөөлөн, үхэж байгаагаар нь социалист улсуудын уналт, задралыг зүйрлэсэн гэж үздэг бөгөөд кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 377-р байрт жагсдаг.. 

киноны гол дүр хоёр өөр Véronique-ын дүрд Франц болон Швейцарийн жүжигчин, цаг үеийнхээ шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг явсан Irène Jacob тоглосон ба эл дүрээрээ тэр жилийн Канны кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн.. эл кинондоо тоглох үедээ Irène Jacob 24 настай байсан ч ур чадвар, гуа сайхнаараа кино урлагийн оргилд заларч, судлаач шүүмжлэгчдээс асар өндөр сайшаал хүртсэн ба дэлгэцнээ гарахдаа дотроосоо болон гаднаасаа амьдлаг, тачаангуй харагддаг чанарыг зэрэг эзэмшсэн жүжигчин ховор бөгөөд Irène Jacob-ын гоо үзэсгэлэнгүйгээр уг киноны яруу найраглаг, зөн совингийн гайхамшгийг төсөөлөшгүй.. киноны зураглаачаар ажилласан Slawomir Idziak-ыг магтаад барахгүй ба түүнгүйгээр бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй зураглалтай кино төрөн мэндлэхгүй байв.. Slawomir Idziak-ын зураглал ихэнх үед Irène Jacob-ын нүүр царай болон гоолиг бие дээр төвлөрөх нь Irène Jacob-ын хоёр дүрд тоглох чадварыг үзэхээс гадна хамгийн чухал нь бүсгүйн гоо үзэсгэлэнг ханатлаа харах үнэт боломжийг олгоно.. энэ нь, нэг үгээр Slawomir Idziak-ын ажил үзэгч бидэнд уран зураг лугаа адил гоо зүйн өндөр чанартай бүтээлийг үлдээжээ.. кино маш гоёмсог өнгөлөг хийгээд хийссэн мэт хөнгөхөн камерын зураглалтай ба энэ кино нь насанд хүрэгчдэд зориулсан болно..

НЭМЭЛТ: Кинонд метафизикийн элемент их байдаг боловч киноны үйл явдлын ер бусын (supernatural) талыг огт тайлбарладаггүй. Хожим "Three Colours: Blue" киноны нэгэн адилаар Zbigniew Preisner-ын хөгжим үйл явдалд чухал элемент болдог ба кинонд түүний нэрийг зохиомлоор Van den Budenmayer гэж гаргадаг. Киноны зураглалд өнгийг, камерийн шүүлтүүрийг ашиглан эфирийн уур амьсгалыг бүрдүүлдэг буюу зураглаачийн ажил үнэнхүү маягтай байдаг. Зураглаачаар ажилласан Slawomir Idziak өмнө нь "Dekalog" бүтээлд энэ техникийг туршиж үзэж байсан ба найруулагч Kieslowski дараагийн "Three Colours" трилогидоо энэ аргыг түлхүү ашигласан. Kieslowski өмнө нь нэг хүний амьдралыг олон төрлөөр судлах санааг "Blind Chance" ашиглаж байсан ба Veronique/Weronika дүрийн сонголт нь "Dekalog" бүтээлийн 9-р ангид товчхон гардаг. 

Comments