Хайр ба донтолт


Candy (2006). Хүүхдийн тоглоомын талбайд аз жаргал хийгээд хүсэл тачаалаараа бүрэн цэнэглэгдсэн залуухан хосууд эгээ л хүүхэд шиг эрхлэн наадаж буйгаар кино маань эхлэх бөгөөд нуруу сайхан, буянтай царайтай залууг Dan (Heath Ledger) гэх бол булбарайхан шаргал үстэй агаад ямар ч эр хүнийг татам бие хаатай бүсгүйг Candy (Abbie Cornish) гэнэ... тэд өсвөр наснаасаа бие биесээ мэддэг болж, улмаар хоёр биендээ татагдаж үерхэсэн нь киноны эхнээс буюу залуус хар тамхи татаж, ингэхдээ Candy хэтрүүлэн хэрэглэн үхэх гэж байхад Dan арай сэргэг байсны азтай байдлаар амийг нь аварч байгаагаар үзэгдэх бөгөөд бүсгүйг үхэж байгааг аварсан Dan-ны эл байдал хайртай бүсгүйгээ хэзээч орхихгүйг зөгнөсөн үйлдэл болно.. 

Dan гэгч энэ эр яруу найраг оролддог ба болсон болоогүй хэдэн шүлгээ сонин сэтгүүлийн газар руу азаа үзэн илгээж, ерөнхийдөө хэрэн тэнэсэн завхарсан сэхээтэн болно.. харин Candy сургуулиа төгсөөд байгаа уран зураг оролддог, дундаж ангийн гэр бүлд өсөн торнисон бөгөөд Dan-ын хэт эрх чөлөөтэй, дураараа амьдралын хэв маягт татагдаж, улмаар түүнд хязгааргүй дурласан болно.. тэд хар тамхи хэрэглэн \судсаараа тарьж\ мансууран байх сцен тун үнэмшилтэйгээс гадна ер нь киноны туршид гарах мансуурлын хэсгүүд бусад “Requiem for a Dream”, “Trainspotting” гэсэн ижил хар тамхины гай гамшгийг сурталчилсан алдартай кинонуудыг бодвол арай даруухан бас уянгалаг зөөлөн..
Dan болон Candy нарын харьцааг бүсгүйн гэр бүлийнхэн мэддэг байв\жирийн үерхдэг гэж бодохоос хамт хар тамхи татдаг гэж мэдэхгүй\ , тэд охиноо зөнгөөрөө муу эр болох Dan-аас салгах гээд чадахгүй, эцэг эхээс ирэх элдэв шахалт дарамт ихсэхийн дээр Dan-ыг ажил олж хий, одоо хариуцлагатай амьдар эс бөгөөс охиноосоо салгана гэж ил далд хэлж эхэлнэ.. ажилгүй бөгөөд өр зээл нь өдөр хоногоор зузаарах Dan-ын байдал хэцүүдэх агаад хар тамхи эхлээд сахилгагүйтсэн сонирхол байсан бол аажмаар хэрэгцээ, амьдрах агаар болж ирэн, Candy хайр сэтгэл болон хар тамхины мансууралдаа зэрэг автан эрүүл нүдээр бүхнийг харах чадваргүй болсон байна.. ингээд, нэг мэдэхэд бүсгүй эцэг эхээсээ холбоо тасран Dan-тай нэг муу овоохойд хамтран амьдрах агаад тэд дараагийн хар тамхиа олохын тулд ойр зуурын хэрэгсэлээ зарж, илүү харсан мөнгийг ичихгүй хармаалдаг болно.. 

хар тамхиа хүсэхээрээ нэгдэн дундаасаа юмаа зардаг байсан манай хоёр албан ёсоор хуримаа хийж нэгэн гэр бүл болох ба хуримаа хийснээр бүсгүй эцэг эхээсээ хараат болж, хайрт Dan-тайгаа амар жимэр тусдаа амьдрах буюу мансууран жаргах үүд нээгдэнэ.. тэд хуримынхаа өдөр сэтгэлээ тогтворжуулах гэж байна гэсээр мансууран өөрсдийгөө эвгүй байдалд оруулна, энэ сцен үзэхэд ичиж зовмоор буюу шинэхэн эхнэр нөхрүүдийн өмнөөс үзэгчийг багагүй шаналгана.. ажилгүй дээр нь их бардам залуухан гэр бүлийн хоёрыг хар тамхины шарталт дотроос нь цохиж, тэсэшгүй болгож ирнэ.. хамаг юмаа зарж, ломбардсан ч эцэг эхдээ хэлэхгүй болгоно гэсэн бардамнал байхаас гадна баригдвал хуулийн өмнө хариуцлага хүлээнэ гэсэн айдас оршино.. тэд мөнгөгүй болж алингаа алдана, ядахад хар тамхины шарталт айхтар ирэх бөгөөд нэгэн ломбардны газар Candy мөнгө олохын тулд биеэ үнэлэснээр энэ кино бол жирийн романтик драм биш болохыг илтгээд зогсохгүй киноны үйл явдал үргэлжлэх тусам хөгзөрч муудах болно.. 

Candy биеэ үнэлж олсон мөнгөөр нь Dan хар тамхи олж ирэн хоёул мансуурдаг болно.. бүсгүй нэгд: хордож тарчилсан бие махбодийн зовлонгоос ангжрах гэж, хоёрт: хайртынхаа өмнө хэр хайртай бататгах гэсэн гэнэн хүслээр хаа газар биеэ үнэлэх бол залуугийн хувьд дотроо энэ бүхнийг буруу муухай гэж хүлээн зөвшөөрөх хэдий ч нэгд: мөн л биеийнхээ хордолтыг сөрөн зогсох тэнхэлгүйд, хоёрт: угийн мөн чанарт нь суусан амиа бодогч, хулчгараасаа болж дуугай л хүлцэнэ.. сайн сайхан цаг хумигдаж Candy хог новш шиг амьдарч байгаа даа болон өөрөө л “хөдөлмөрлөж” нөхөр нь зүгээр авчирсаныг нь “гудран” байхад бухимдан хосууд сав л хийвэл хэрэлддэг болно.. хэрүүл Dan-г мөнгө олж ир буюу гомо нарын цугладаг паркт очиж биеэ үнэл гэдэг яриагаар төгсөх бөгөөд мэдээж Dan-д тийм зориг зүрх байхгүй ч тэдний хайрын гал тод ассаар байлаа.. нэг өдөр аз дайрч Dan бяцхан заль гарган овоохон хэмжээний мөнгө олоод баяртайгаар гэртээ иртэл Candy түүнийг тосон жирэмсэн болсоноо хэлнэ..

 хосууд одоо амьдралдаа хариуцлагатай хандаж шинэ амьдралд хөл тавихын төлөө хар тамхинаас татгалзахаар шийдэцгээнэ.. ингээд хэсэг хугацаа өнгөрөхөд бүсгүй биедээ шингэсэн хорноос болж өвдөн 23 хоногтойдоо үр зулбах агаад Dan дутуу төрсөн үрээ барин зогсох сцен маш гашуудам... уг явдал Candy-д хүчтэй нөлөөлж нүдний гал нь бөхөөд үлэмж дотогшоогоо болох бол Dan бүхнийг шинээр эхлүүлэхээр эхнэрээ дагуулан хөдөө нутгийг зорино, үгүйдээн хөдөөний агаар тэдэнд хэрэгтэй байлаа.. гэвч цэвэр агаар ч, хөдөө нутаг ч тэдний амьдралыг дээшлүүлсэнгүй, учир юу гэвээс хамаг учир газар орчиндоо биш тэдний хамтдаа туулсан, үзсэн бүхнээс улбаатай бөгөөд бүсгүйн эцэг, эхийн айлчлан ирсэн явдал бүсгүйн эцсийн жаахан эрүүл ухааныг хийсгэж орхин эл явдлаас хойш Candy хуучны Candy биш учир нь үл олдох галзуу нэгэн болж хувирна.. нэгэн өдөр Dan ажлаасаа \тэрээр хуучинаа засч залруулах гэж ажил хийдэггүй хүн ажил хийж эхэлнэ\ гэртээ ирэхэд Candy өөрсдийн танилцсан түүхээс авхуулаад бүх дурсамжаа бүх өрөөнийхөө хананыхаа цаасан дээр бичсэн байх агаад үүнийг уншиж хайрт эхнэрээ хүнд өвдсөнийг ойлгосон тэрээр ганцхан удаа гэсэн сэтгэл тайтгаруулалтаар хар тамхиа татахаар явж одно.. маргааш нь сэрэхэд хадам нь утсаар Candy өвдөж эмнэлэгт хэвтсэн гэж хэлнэ.. яваад очтол Candy галзуугийн эмнэлэгт нөхрөө танихгүй хэмжээнд хүртлээ муудсан байна.. эл хэрэг бүсгүйн эцэг эхийн хувьд байж болох хамгийн дорд муу түвшин бөгөөд шалтгаан гарсан дээр охиноо Dan-аас холдуулна.. ингээд хэсэг хугацаа өнгөрчээ, дэлгэцнээ Dan хятад зоогийн газарт угаагч хийж байгаа гарах ба түүнд өөртэй нь уулзахаар нэг бүсгүй ирлээ гэхэд Dan хэн юм бол гэж сэмээрхэн харахад Candy зогсож байна.. Candy яг хуучин шигээ сэргэлэн цовоо, бадамлан асч байх агаад Dan уулзахгүй гэж эхэлж бодсон ч эцэстээ уулзана.. тэд уулзуутаа тэврэлдэж бүр үнсэлцэх бөгөөд тайвширцгааж сууж ярилцана.. 

ойр зуурын юм ярилцаж байгаад Candy шууд л чам дээрээ ирлээ гэхэд Dan хариуд нь одоо буцах замгүй, бид туулдагаа туулж би чамайг зөндөө зовоосон, хоёулаа сайхан бүхнээ өнгөрсөнд үлдээж, дурсаж явъя гэж хэлдэг.. Candy үг дуугүй гарч одох бол Dan уйлсаар үлдэх бөгөөд амьдралдаа ганц зөв шийдвэр гаргасан нь энэ ажээ.. хичнээн адгийн новш байлаа ч засрах боломжтой, үгүйдээн ганц ч болтугай буян үйлдэж болдогийг Dan харуулах ба болоод өнгөрсөн сайхан бүхнээ тэр чигээр нь дурсаж явах нь ухамсартай хүний үйлдлээс гадна өнгөрсөндөө амьдарч болохгүйг Dan-ны сүүлийн шийдвэрээс харагдана.. болохгүй гэсэн юмыг өчүүхэн ч өөгшүүлж болохгүйг Candy бидэнд сануулах ба зөвхөн хайраар л халхлан хорт муу бүхнийг цэцэглүүлж болдоггүйн жишээг бид эл бүтээлээс харна.. Австралийн кино найруулагч Neil Armfield-ын \ Luke Davies-ын Candy: A Novel of Love and Addiction романаас сэдэвлэсэн\ энэхүү бүтээл нь түүний дебют ажил нь байсан бөгөөд миний хувьд эл кино хамгийн өвөрмөц романтик драмаас гадна үзэгчдээ өгөх ухаарал, сэрэмжлүүлэгийн хувьд тун өгөөжтэй бас сургамжтай.. киноны гол дүрүүдэд Heath Ledger, Abbie Cornish гэсэн Австралийн жүжигчид тоглосон ба Heath Ledger-ын амьд сэрүүндээ бүтээсэн цөөхөн шилдэг дүрийн нэг бол Dan, харин Abbie Cornish-ыг олон нийт “Sucker Punch” бүтээлээр нь илүүтэй мэдэх болов уу.. энэхүү олонд хангалттай хүрч чадаагүй, дутуу үнэлэгддэг шилдэг романтик драмыг заавал үзээрэй..

Comments