Орос рулет


The Deer Hunter (1978). Америкийн нэгдсэн улс Вьетнам улстай дайтаж байсан 1967 онд өгүүлэх кино маань өрнөх бөгөөд үзэгч таныг Пенсильваний гангийн үйлдвэр дагаж хөгжсөн Клайртон хэмээх жижигхэн хот руу хандуулъя.. нар жаргаж, тэнгэр харанхуйд ууссан нь ажлын цаг дууссаны дохио бөгөөд киноны гол дүр болсон таван \бүгд орос гаралтай \ залуу гангийн үйлдвэрээсээ найзынхаа эрхэлдэг бааранд очиж зад наргихаар яарах нь хүндлэхүйц хоёр шалтгаантай ба шалтгааныг тайлбарлахаасаа урьтаж гол дүрүүдтэйгээ хурдхан танилцаад авъя.. Mike бол ноён нуруутай, дуугай ч бусдыгаа манлайлагч, харин Nick ан авд нугасгүй дурлагч агаад үргэлж өөрийнхөө үйлдлийг эргэцүүлэн шинжигч, найзууд дундаа Mike, Nick хоёр хоорондоо илүү дотноос гадна илүү ойлголцоно..

 Stan цаг үргэлж гомдоллосон алиалагч шиг туранхай эр бол Peter лужир биетэй хээ шаагүй эр, харин тавдах эрийг Steven гэх бөгөөд маргааш түүний хурим болох учир найзуудынхаа хамт шөнөжин ганц бие байх сүүлчийн цэнгээнт өдрөө үдэх гэж буй нь энэ ажээ.. түрүүний чухалчлан үзэх хоёр шалтгааны нэг нь Steven-ны хуримаар илчлэгдсэн бол удаах нь Steven, Mike, Nick гурав хуримын дараа вьетнам явж эх ороныхоо төлөө тулалдах хүндтэй эрхэм үүрэг агаад нэг ёсондоо үдэлтийн “архидалт” бол хоёрдугаар шалтгаан юм, учир нь тэд амьд эргэж ирээ ч үү, үгүй ч үү.. ингээд тэд баар эрхэлдэг John гэгч бүдүүн найз дээрээ давхиж очиж баарын хаалгаж байгаад андуудаараа биллиард тоглонгоо архи пивийг халгиулан цалгиулан хүртэцгээх ба энэ үед бааранд Frankie Valli –ын "Can't Take My Eyes Off You" хэмээх алдарт дуу эгшиглэхэд цөм дагаж дуулцгаана.. энэхүү сценд гарах дуу болон залуусын наргиан хөгжилтэй бас хэн хүн бүхний наргиж явсан ахуй цагийг эргэн бодуулсан тун алдартай сцен билээ...


залуус өглөө хүртэл наргиж, улаан нүдэлсэн юмнууд тэр чигтээ хуримандаа явахаас аргагүй болох бол энэ үед киноны маань бас нэг чухал дүр Linda гэх бүсгүй согтуу аавдаа зодуулан, муухайгаар хараалгуулан байна.. энэ бүсгүй Steven-ны эхнэр болох бүсгүйн найз, хуримынх нь гэрч ба мөн Nick-ын найз бүсгүй болой.. тус хотын гангийн үйлдвэр хэсэг байрласан дүүргийнхэн цөмөөрөө орос гаралтай бөгөөд хуримд олон хүн оролцсон, нүсэрээс гадна орос маягийн томоохон хурим болно.. орос дуу бүжиг, гол мөрөн шиг урсах архи пиво, согтуу хөлчүү хүмүүсийн шоглоом наргиа гэх мэтчлэн хуримын олны хэсэг үнэмшилтэй бөгөөд үзэгчээ хуримын нэг хэсэг болгоод зогсохгүй энэ үеэр дүрүүдээ илүү ойроос ажиглах боломж олгох маш далайцтай сайн сцен.. аавдаа зодуулсанаас хөхөрсөн нүүрнээсээ ичих Linda олноос хөндийрсхийн байхад Mike түүнийг бүжгэнд урьж, бас юм ярилцан хамт пиво уух нь Mike бүсгүйг сэтгэлдээ бодож явдаг нь энэ сценээс харагдах агаад дэндүү дотогшоогоо тэрээр энэ зан чанараасаа болж бүсгүйг өмнүүрээ найздаа алдсан гэмээр ээ.. 

оросын ортодокс шашны уламжлалт ёсыг шинэхэн гэрлэгсэд гүйцэтгэх болно, энэ нь хундага дүүрэн дарсыг ганц ч дусал унагахгүйгээр бүгдийг нь уух ба хэрэв унагавал муу ёр, зол заяагүйг илтгэнэ, гэтэл бүсгүй санамсаргүйгээр хоёр ч дуслыг асгаж орхих ч хэн ч үүнийг нь анзаарахгүй, харин энэ нь тэдэнд муу юм тохиолдохын зөгнөл байлаа.. ингээд хурим жаргах дөхөж Steven-ны эхнэр баглаа цэцгээ ганц бие хүүхнүүд рүү шидэхэд цэцгийг Linda өрсөн авахад хажууд нь байсан Nick тухайн нөхцлийг ашиглан гэрлэх санал тавихад бүсгүй ч шууд зөвшөөрч тэд Nick-ыг дайнаас ирэхээр хуримлахаар тогтоно.. хурим найр төгсөхөд манай гол дүрүүд шал согтуу машинаар давхилдан зугаална, энэ үед Mike чармай нүцгэлэн шөнийн гудмаар солиотой мэт гүйхэд араас нь Nick гүйцэж очин найзууд шөнөжин юм ярьж хонох агаад Nick найзаасаа тэнд \вьетнам\ очоод юу ч болсон намайг битгий орхиороо гэж гуйхад Mike хэзээ ч найзыгаа орхихгүй гэж амалдаг аа.. дараагийн өдөр нь Mike, Nick, Stan, John, Peter нар сүүлийн удаа уламжлалт болсон бугын андаа гарцгаана.. 

бичвэрээ нуршуу болгохгүйн тулд гайхалтай үзэсгэлэнтэй байгальтай хийгээд найзуудын хүүхэд мэт тоглоом шоглоомноос бяцхан үл ойлголцол багтсан сайхан сценийг алгасаад найзууд ангаасаа амжилттай ирэн John-ны бааранд пивоор байлдаж байхуйд John төгөлдөр хуур дээр суун Chopin-ны хөгжмөөс тоглоход залуусын царай төрх төлөв түвшин, бүр сүүдэрлээд ирэх нь тэдний зугаатай сайхан амьдрал эгнэгт төгсөж байгааг болон айсу уй гунигийг зөгнөнө.. дараагийн планд Mike, Nick, Steven гурав вьетнам-д дайны үеийн цэргийн шоронд хоригдож байна.. тэд бусад цэргийн хамт усан дотор модон шоронд хоригдох агаад яг толгой дээр нь модон байшинд вьетнамын тав зургаан цэрэг мөрийтэй тоглоцгооно.. вьетнам цэргүүд зүгээр нэг мөрийтэй тоглоом биш хоригдлуудаараа Орос рулет гэх аймшигтай тоглоомоор мөрийцөн зугаацах агаад Орос рулет гэдэг нь тоглогч зургаан сум ордог гар буунд нэг сум хийгээд рультийг эргүүлэн азаа үзэж өөрийгөө буудах ба амьд үлдэх хувь зургаад нэг гэсэн үг, ингээд хий буудвал нөгөө тоглогч мөн энэ адилаар өөрийгөө буудаж мөрийцнө.. Вьетнамууд Mike болон Steven хоёрын тоглох ээлж ирсэнийг мэдэгдэнэ, энэ хүртэл олон цэрэг үхчихсэн байв.. Steven, Mike хоёр өөд өөдөөсөө харж сууцгаан хүчээр тоглох буюу хэрэв тоглохгүй гэвэл буудуулна, ингэхээр яадаг ч байсан үхнэ гэсэн үг.. уг явдалд Steven аль хэзээний ухаанаа алдаж, уйлж дуулан өршөөл эрэх бол удирдлагаа алдаагүй Mike түүнийг зоригжуулж, ингэхээс өөр аргагүй гэж ятгана, ингээд Steven албаар дээшээ буудсанаар шийтгүүлж үхдлүүд болон хархуудаар дүүрсэн усанд хоригдоно..

 дараагийн ээлжинд Nick, Mike хоёр тоглохоор болох ба Mike найздаа хандаж зоригтой бай, зургаан сум ордог буунд гурван сум захиалж оруулаад бууг булуугаад харуулуудыг алъя, дохио хүлээ гэж хэлнэ.. ингээд тоглоом эхлэхэд Nick, Mike аль аль нь азаар нэг, нэг удаа хий бууддаг ба энэхүү Орос рулет сцен киноны хамгийн алдартай сценээс гадна ерөөсөө кино ертөнцийн хамгийн аймшигтай бас шилдэг сцений нэг болой.. Mike харгалзагчаас гурван сум хүсч, хүссэнээ авуутаа түргэн хөдлөн харуулуудыг устгах ба мэдээж түүнд Nick тусална.. залуус Steven-нээ гаргаж аваад салан дээр гаран гол даган явж байтал азаар америкийн нисдэг тэрэг тааралдана.. нисдэг тэрэг усан дээр бууж чадахгүй учир агаар дээрээс тэднийг авах гэж оролдох бөгөөд ядарч, тамиргүйтсэн залуусаас Nick чүү чаа нэг юм амжиж гардаг бол Steven барьц алдаж ус руу унахад араас нь Mike аврахаар ус руу үсэрнэ.. Steven унахдаа чулуутай таарч хөлөө хугалсан байх агаад Mike түүнийг үүрэн ойрхон цэргийн эмнэлэгт хүргэж өгөөд цаашаа явдаг.. хэсэг хугацаа өнгөрөхөд Nick Сайгон хотын эмнэлэгт байх ба өдөржин Linda-ынхаа зургийг харж, учиргүй гэнэт уйлах юмуу нэрээ заримдаа мартаж, нэг үгээр оюун ухаан нь хүчтэй гэмтсэн байна, тэрээр хайртай бүсгүй рүүгээ ярих гээд зүрх нь хүрэхгүй бөгөөд одоо хосуудыг газарзүйн байршил холдуулахаас илүү сэтгэлзүйн дотоод гэмтэл эгнэт алслан холдуулжээ.. тэрээр албан тушаалаасаа татгалзаж, хотын аль л болж бүтэхгүй газраар явж байгаад Grinda гэгч Орос рулетын мөрийтэй тоглоом зохион байгуулдаг хүнтэй танилцаж, бүхэл бүтэн ертөнц болсон газар доорх хамгийг увайгүй новшийн газар явж орно.. тэр харанхуй нүх болсон газарт Орос рулет тоглогчид нь дандаа дайны улмаас солиорсон хүмүүс байх ба тоглогчдыг тойроод мөрий болон мөнгөндөө улайрсан хүмүүс шаагицгаана.. тэдэн дунд Mike бас байх агаад манай найзууд эхэндээ бие биенээ харахгүй ч Mike Nick олж хараад уулзах гэсэн ч найз нь цаашаа Grinda-г дагаад олны дунд уусчихна.. 

дайн эцэслэж, том цолтой болсон Mike гэртээ ирэх бөгөөд түүнийг Peter, Stan, John, Linda нар баатарын хэмжээнд угтахаар бэлдэж байсан ч Mike зориуд очихгүй.. Mike угаасаа ийм сүржин юманд дургүй даруухан хүнээс гадна тэрээр одоо хүртэл хамт дайнд явсан Steven болон Nick-ээсээ сураг дуулаагүй, өөрөөр хэлбэл хамт ирээгүйдээ гэмшиж энэ бүхэнд шууд бус ч гэсэн өөрийгөө буруутгана.. баярын хүлээлт тарсан хойно Mike Linda-г зорьж очин аминчихан уулзах бөгөөд бүсгүй түүнийг хараад үгээр илэрхийлэмгүй ихээр баярлаж шуудхан л хүзүүнд нь асчихна.. бүсгүйн энэ үйлдэл эдгээр он жилүүдэд ямар их ганцаардсаныг нь харуулахаас гадна Nick нь ирээгүй ч Mike сүйт залуугийнх нь сайн найз учир түүнийг нь санагдуулсанд эрхгүй уйлна.. Linda Nick-ээс ямарч сураггүй \хүлээж цөхөрсөн байна\ гээд хамт хооллоё, бүр хамт хоноё гэж Mike-д санал тавина.. эмэгтэй хүн эр хүнд ингэж шалдаа буух нь зохимжгүй ч олон жилийн хүлээлт, ганцаардсан сэтгэл мөн хэдийнээ гуч хүрсэн хүүхэн дахиж хүн хүлээх насгүй учир өөрт нь Mike сайн байсныг гадарлах болохоор ийнхүү бүх зүйлээ өгнө.. Mike бүсгүйтэй унтах эсэхдээ өөртэйгөө зөрчилдөж, зөрчилдөж хамт хонохдоо юу бодож хоноо бол гэдэг асуулт.. маргаашнаас нь Mike найзуудтайгаа уулзаж, хотоороо зугаалах ба түүнийг Linda сугадан жаргалтай явах нь би одоо эр нөхөртэй гэсэн мэт хараа дээгүүр бардам.. 

Mike шуудхан л Steven-ыг сураглан эхнэрийнд нь очиход эхнэр нь сэтгэлзүйн асуудалтай болчихсон байв ч Mike-д нөхрийнхөө байгаа газрын утасны дугаарыг өгнө... тэр даруй Mike залгахад Steven ойрхон цэргийн эмнэлэгт байна гээд эндээс явах сониорхолгүй, энд бүх юм сайн гээд утсаа тасалчихна.. Mike бууж өгсөнгүй эмнэлэг дээр давхин очиход Steven хоёр хөлгүйн дээр сэтгэцийн асуудалтай болсон байна.. энэхүү хоёр найз ахиж нэг дэлгэцнээ хамт гарах сцен хоолой зангирам ба Steven тахир дутуу болсондоо гутран гэртээ харихыг хүсэхгүй бол Mike түүнийг аваад явж чаддаг.. Steven энэ үед Сайгон -оос маш их хэмжээний мөнгө байнга ирдэг гээд Mike-д бөөн доллар харуулах ба Mike энэ их мөнгийг Nick явуулж байгааг ухааран, ерөөсөө Saigon явахаар шийднэ.. ийнхүү Mike хүссэн газартаа ирэх бөгөөд бөөн юм болж байж Grinda-г олно, Grinda-г олно гэдэг найзыгаа олно гэсэн үг билээ.. Mike их мөнгө зарлагдаж найзыгаа байгаа газар очих агаад энэ нь өнөөх л харанхуй, галзуурсан олон шуугисан нүх байх ба энд Nick зоригтойгоороо алдаршсан тоглогч болоод зогсохгүй бүрэн солиорсныг Mike олж мэдээд найзыгаа бүх байгаа мөнгөөрөө худалдаж авна.. 

гэтэл Nick явахгүй тоглохыг хүсч, Mike аргагүй эрхэнд тамын ширээнд дахин буу барин суух ба азаар Mike эхнийхээ ээлжинд хоосон буудах бол хоёрдахь ээлжинд Nick-г өөрийгөө буудах хүртэл Mike түүнийг сэрээх гэж, амьд авч үлдэх гэж тэр жаахан хугацаанд байдгаа шавхсан ч Nick тархиа зад буудчихна.. дараагийн планд Mike, Peter, Stan, John, Linda нар Nick-ын оршуулгыг хийцгээж байх агаад тэргэнцэртэй Steven араас нь дагана.. оршуулганы дараа залуус John-ны бааранд цайллаж байгаагаар кино төгсөнө.. Америкийн кино найруулагч Michael Cimino-ын энэхүү суут бүтээл Америкийн \энэ кино маань TSPDT сайтаас тодруулсан бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 160-р байрт жагсдаг\ бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны тоонд орохоос гадна домогт “загалмайлсан эцэг” киноны хамтаар далаад оны хамгийн шилдэг кинонд тооцогдож, кино шүүмжлэгч, судлаачдаас өдгөө “туульсын” гэж өндрөөр хүндлэгддэг.. Michael Cimino кино зохиолоо Deric Washburn-ын хамтаар зургаан долоо хоногийн хугацаанд бичсэн ба кино товлосон хугацаанаасаа хэтэрч, төлөвлөсөн төсөвөөсөө илүү гарсан ч эцэст амжилттай бүтэж тэр жилдээ оскараас таван төрөлд ялалт байгуулсанаас: шилдэг кино, шилдэг найруулагч бас шилдэг туслах дүр гэх мэт болно.. кино маань гурван найзын дайнд яваад эргэж ирэхэд хэнийх нь ч амьдрал урьдных шигээ биш болсныг хийгээд үлдсэн хүмүүс нь ч тэднийг өөрөөр хүлээж авдагийг харуулсанаар тун хүнд сэтгэлзүйн кино бөгөөд эл кино бол дайны эсрэг кино юмуу, дайныг буюу эх оронч үзлийг бадраахаасаа илүүтэй сэтгэлийн, хүн гэдэг амьтны хайр, үнэнч сэтгэлийг хөндөж уяраасан цэвэр сэтгэл зүрхний кино юм.. кино маань Michael Cimino найруулагчийн замналд тохиосон ганц шилдэг кино ба үзэл суртал хийгээд ёс суртахууны хувьд тэр үеийн нийгэмдээ шок болж байсан.. киноны хуримын сцен тавин минут үргэлжлэх ба хуримын сценийг авахад таван хоног болоод зогсохгүй кинонд гарах архи пиво цөм жинхэнэ байсан гэдэг.. 

мөн түүнчлэн, киноны хамгийн алдартай буюу кино ертөнц даяар маргаан дэгдээж байсан Оросын Рулетийн талаар хэлэхэд, амьдрал дээр Орос рулет Америк болон Вьетнамуудын хооронд байсан гэсэн баталгаа байдаггүй ба цэвэр кино уран сайхан гэсэн ч энэ бол киноны симбол буюу хүсээгүй байгаад дайнд явах нь азаа үзэн өөрийгөө буудахтай ижил билээ.. уг кино маань Вьетнамын дайны талаарх болон ер нь Америкт бүтээгдсэн шилдэг дайны сэдэвт кинонууд болох: Francis Ford Coppola-Apocalypse Now (1979), Oliver Stone-Platoon (1986), Stanley Kubrick-Full Metal Jacket (1987) нарын бүтээлтэй энэ зэрэгцэнэ.. одоо киноны жүжигчиний бүрэлдэхүүнийг танилцуулъя, одооны өндөрлөгөөс харахад энэ кинонд бүх одод чуулсан юм.. Mike - Robert De Niro, тухайн цаг үедээ хамгийн алдартай эрэгтэй жүжигчин явсан түүнийг кино багийнхан нэр хүндийн дагаж мөнгө болон алдар нэр ирнэ гэж хүлээж байсан нь үнэхээр биелсэн бөгөөд олон кино судлаачид Robert De Niro энэ киноныхоо дүрээр Оскар авах ёстой байсан гэцгээдэг.. 

Nick- Christopher Walken, тэрээр энэ дүрээрээ Оскараас шилдэг туслах дүрийн шагнал авсан ба үнэнхүү бишрэм тоглосон.. Steven- John Savage\ Do the Right Thing –д тоглодог \ тоглодог ба Peter-ын дүрд тоглогч мэргэжлийн жүжигчин биш орон нутгийн ажилчин байжээ.. Stan- John Cazale, нэрт жүжигчиний сүүлчийн кино байсан ба уушганы хорт хавдар туссан тэрээр энэ киногоо үзэж чадаагүй.. найруулагч болон киноны багаас хорт хавдартайгаа тэмцэж байсан John Cazale-ыг солихыг хүсэхэд Robert De Niro өмнөөс нь мөнгө төлж, тэр үед John Cazale-тай хамт амьдарч байсан Meryl Streep-ын гуйлтаар John Cazale кинонд үлдэж байжээ.. энэ киногоороо Meryl Streep анх удаа Оскарт нэр дэвшсэн бөгөөд түүний аугаа замнал номхон, эр хүнээс хэт хамааралтай бүсгүйн дүрээс эхэлжээ.. эрчүүдийн нөхөрлөлийг хамгийн бодитой бөгөөд урам хайрласан кино болгоод зогсохгүй үнэнч сэтгэл хийгээд хууралтын талаар гүн бодолд автуулахад киноны хөгжим болох Stanley Myers-ын аялгуу үзэгчээ соронз лугаа татах ба энэ аялгуун бүх цаг үеийн хамгийн шилдэг аялгууны тэргүүн эгнээнд заларна.. миний хамгийн дуртай киноны нэг болой..

НЭМЭЛТ: Киноны хамгийн их маргаан дагуулсан ярианы нэг бол Вьетнамын дайны үед Оросын рулет байсан эсэх талаар байв. Шүүмжлэгчид Вьетнамын дайны үед ийм баримт байгаагүй, энэ бол бодитой бус гэж үзсэн. Дайныг сурвалжсаныхаа төлөө Пулицерийн шагнал хүртэж байсан сэтгүүлч Петр Арнеттын хэлснээр дайны үед Оросын рулетын талаар ямар хэрэг, мэдээлэл байхгүй, энэ бол киноны сэдэв төдий зүйл гэсэн буй. Харин найруулагч Кимино өөрийнхөө киног улс төрийн, полемикийн, ерөөсөө шууд утгаараа ямар нэгэн тодорхой үзлийг илэрхийлэхийг хүсээгүй гэж эсрэгүүцсэн байдаг. Гэвч дайны үед Оросын рулет ашиглаж байсан тухай Сингапураас эх сурвалжтай мэдээллүүд байсан гэж Кимино хэлсэн. Тэгвэл шүүмжлэгч Рожер Эберт киноны Оросын рулет гэдэг санааг хамгаалсан буюу энэ нь киноны зохион байгуулалтын симбол болдог, аливаа дайн хэрэггүй гэсэн ерөнхий санааг хамгийн сайн гаргаж өгсөн мэдэгдэл гэжээ. 

Жүжигчин Кристофер Уолкений хэлснээр кинонд түүхэн нөхцөл байдал чухал биш байсан: "Энэ киног бүтээж байхад хэн ч Вьетнамын тухай дурдаж байсныг би санахгүй байна" гэсэн байхад Роберт Де Ниро үүнийг дэмжсэн мэт: "Кино дайныг зураглаж байгаа ч энэ үнэхээр тохиолдсон эсэхээс үл хамааран ингэж төсөөлөх нь үнэхээр амархан юм. Магадгүй ийм зүйл болсон байх. Би мэдэхгүй байна. Хайр дурлал, дайнд бүх зүйл шударга байдаг шүүдээ" гэжээ. Харин продюсер Барри Спинкинс киногоороо бахархаж байгаа ч Вьетнамчуудыг дүрсэлсэн байдлаасаа харамсдаг гэжээ: "Бидний хэн нь ч энэ киног дарлал мөлжлөгийн тухай гэж боддоггүй. Гэхдээ бид мунхаг авирласан гэж бодож байна. Надад өөр үг олдохгүй байна. Бид Вьетнамын ард түмэнд муу хандсанаа ухаарсангүй" хэмээжээ. Харин продюсерүүд киноны мөн чанар, сэдлийн талаар найруулагч Киминогийн тайлбарыг яаравчлан хамгаалсан: "Энэ кино нь Вьетнамын тухай биш байсан. Огт өөр зүйлийн тухай юм. Хар тамхи эсхүл цэрэг эрсийн ёс суртахууны уналтын тухай ч биш. Энэ бол хувь хүн дарамтад ороод хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа тухай; өөр өөр эрчүүдийн янз бүрийн хариу үйлдэл үзүүлж байгаа тухай юм. Энэ кино бол ер бусын нөхцөлд байгаа гангийн үйлдвэрт ажилладаг гурван эрийн тухай. "Apocalypse Now" бол сюрреалист кино, энэ бол сургаальт зүйрлэлийн кино. Кинонд Хойд Вьетнамын шоронгийн харуулууд Америкийн олзны цэргүүдээр Оросын рулет тоглохыг албадаж байгааг харуулдаг. Үзэгчид Америк хоригдлуудыг энэрэн өрөвдөж байгаа нь гинжин хэлхээг бүтэн болгож байна. Дайнд зовж шаналж байсан зарим ахмад дайчид Оросын рулетыг бодитой зүйрлэл гэж үзэж байсан байдаг" гэж продюсер Майкл Дили ярьсан байдаг. 

Төгсгөлийн сцэнд бүх гол дүрүүд цуглараад "God Bless America" дууг дуулдаг, энэ хэсэг ихээхэн маргааны сэдэв болсон. Ингэж төгсгөж байгаа нь эх оронч үзлийг шүүмжилж байна уу, эсхүл ёжилж байгаа хэрэг үү гэсэн асуулт гарч ирсэн бөгөөд Майкл Кимино энэ талаар: "төгсгөл үнэндээ эх оронч үзлийн илэрхийлэл биш, харин эв нэгдлийн илэрхийлэл юм. Хүмүүс асуудалд орж, дотроо шаналж, сэтгэл нь өвдөж байхдаа хамтдаа байж ямар нэгэн юм хийх хэрэгтэй үе байдаг. Энэ тохиолдолд тэд дуулж байна. Тэдний дуулж байгаа дуу бол Америк хүүхэд бүрийн цээжээр мэддэг, Сургуульд байхдаа сурсан тэр дуу юм. "God Bless America" дууны үгийг бүгд мэддэг. Тиймээс энэ эв нэгдлийн дуу болж, багаасаа мэддэг дуугаа тэд хамт дуулж байгаа хэрэг. Энэ дууг дуулснаар тэд гэр бүл болон нэгдэж, энэ нь гэр бүлийн нэгдэл болж байна. Энэ Сүүлчийн Зоогийн оронд шинэ гэр бүлийн анхны өглөөний цай болдог" гэжээ.

Comments