Хайр зүүдэнд ч ирж болно




On Body and Soul (2017). Өвлийн улирлыг хамгийн үзэсгэлэнтэй улирал гэдэг.. цасан мананд хучигдсан ойн цоорхойд эр, эм буга тоглон наадаж буй уран зураг шиг үзэсгэлэнтэй зураглалаар кино маань эхэлнэ.. хугарч, нүцгэрэн цасаар хучигдсан модод хийгээд зайрмагтсан гол сэрүүцэм бас сүрдэм сэтгэгдэл төрүүлэх бөгөөд эр, эм хоёр буга өгүүлэх киноны маань эгэл бус ч гайхалтай хайрын түүхийн шууд тусгал бөлгөө.. Будапешт хотын захад орших багахан хэмжээний мах нядалгааны газрын менежэрийг Endre \Géza Morcsányi\ гэдэг ба ажилдаа гаршсан түүнийг ажлын хамт олон нь хүндлэхээс гадна ихэнхдээ дуугүй, ганцаараа зожгорох түүнээс нэг ажилтнаас бусад ерөнхийдөө зайгаа барина.. Endre тавь гарч яваа эхнэрээсээ салж ганцаараа амьдрах ба ганц охин нь хэдийнээ амьдралаа зохиогоод явчихсан.. ажлаа тарж ганцаараа зоогийн газар орох эсвээс зурагт үзэнгээ өдөр болгон нэг л газраасаа авдаг хоёр лааз пивоо уунгаа хооллох энэ нэг хэвийн байдал мөнхөд үргэлжилнэ.. Endre бодсоноо шударгаар түс тас хэлчихдэг хахир ааштайгаас гадна ямар ч ажиллагаагүй сул унжих зүүн гар нь түүнийг эрэмдэг нэгэн гэсэн сэтгэлийн боогдмол ертөнцөд чөдөрлөх мэт.. 

гунигтай нэг л янзын амьдралаасаа ганц баясал цэнгэл эдэлж, зүйрлэшгүй амгаланг мэдэрдэг үе нь шөнийн унтлага буюу зүүд зүүдлэх бөгөөд Endre өөрийгөө эр буга болсоноор зүүдэлж, цас хаялсан ойд байгаагаар унтах болгондоо зүүдэлнэ.. түүний зүүдэнд бас нэг буга байх агаад тэр согоотой зүүдэндээ учиргүй дотно байна.. ийнхүү байтал Endre-ын ажил дээр махны чанарыг шалгагчаар гуч арай л хүрээгүй болов уу гэмээр залуухан бүсгүй шинээр ажилд орно.. бүсгүйг Mária \ Alexandra Borbély \ гэнэ, үзэсгэлэнтэй гэж хэлмээргүй ч аятайхан агаад бүрэг ичэмхий гэхэд дэндүү ичимхийгээсээ болж ажил дээрээ барагтай хүнтэй ярихгүй, хааш яиш хувцаслаж, алхаж гишгэх нь ч эв хавьгүй учир бусад нь ч бүсгүйг ойшоолгүй, харин ч бүр гадуурхах маягтай хандана.. Mária мөн л гэртээ ганцаараа амьдарч, олон нийттэй хэрхэн харьцаж, яаж биеэ авч явахаа сэтгэлзүйчээс очиж байнга асуух ба бүсгүй аутизмын зан төлөвтэй ч асаргаанд байх хэмжээний биш боловч юм цээжлэх, тогтооходоо онцгойгоос гадна гар утас ч хэрэглэдэггүй нь ганцаардалдаа гүн живсэн нэгэн болой..

Mária-ын өдрийн хамгийн жаргалтай мөч нь шөнө буюу зүүдэндээ жингүүдэн хорвоогоос тасрах ба бүсгүй зүүдэндээ өөрийгөө эм буга буюу согоо болсон байдалтайгаар зүүдлэн үзэсгэлэнтэй байгальд эрх дураараа жаргахдаа бас нэг эр буга байнга дэргэд нь хань болох нь түшигтэй санагдаж, шөнө болуут зүүдлэхээр яаран орондоо ордог байв.. Mária болон Endre нарын мөс шиг хүйтнээс эхлэв ч өдөр өдрөөр энэ мөс гэсч, харилцаа дулаарах бөгөөд адилхан ганцаардлын мананд тэнүүчлэх сэтгэл хийгээд гадна өнгөөсөө л олны дунд онцгойрч тодрох биес алгуурахан бие биедээ татагдаж, эхний алхмыг Endre хийхэд бүсгүй үл тоомсорлох хэдий ч гэртээ харьсан хойноо ичингүйрэн өөрийнхөө алдаанд шүүмжтэй хандахаас нь Mária хэзээний Endre-г хардаг болсныг илтгэнэ.. өөрийг нь бусад шиг далдуур муулалгүй, хүндэлж, тэгэхдээ заримдаа илт хараа унагаад байгааг нь бүсгүйн мэдрэн Endre-г бодож эхэлсэн ч зориг нэг л гаргаж зүрхлэхгүй бол Endre хэн нэгний сул дорой байдлыг шоолох юмуу дорд үзэх явдлыг тэвчдэггүй учраас бүсгүй энд тэнд өмөөрөхөөс гадна гандаж ангасан зүрх ус чийгийг өөрийн эрхгүй хүсэх байгалийн жамыг яалтай.. энэ зуур нядалгааны газар Sanyi \ Ervin Nagy \ гэдэг өндөр, царайлаг залуухан эр ажилд орно.. 

давилуун, сагсуу, бүх байдлаасаа хүүхэмсэг Sanyi ажилд оруутаа л улаан хөлтнүүдийг урдуураа гишгүүлэхээ болино.. Endre-д шинэ залуу таалагдахгүй ба ядаж байхад Mária-г нь өнөөх сагсуу царайлаг чинь увайгүйгээр эргүүлэх нь тэсгэл алдуулна.. гэтэл нэг өдөр нядалгааны газар хулгай гарч бүх ажилчид сэжиглэгдэх дотор Endre, Mária хоёр ч багтах агаад цагдаагийн газраас сэтгэл судлаач дуудаж ажилчидтай уулзаж өнгөрсөн шөнө юу зүүдэлсэн талаар нь асуухаар болно, ингэж зүүдийг нь яриулах нь хулгайчыг барих содон арга гэнэ.. сэтгэл судлаач Endre, Mária хоёрын яг ижилхэн, бүр тохиролцсон мэт нэг зүүдний талаар буюу өөрсдийгөө буга болсоноор зүүдэлж, зүүдэлсэн газар орчин ч яг ижилхэн байж таарах нь сэтгэл судлаачийг мэл гайхуулна.. 
 сэтгэл судлаач Endre, Mária хоёрыг хамтад нь суулгаж байгаад хачирхалтай зүүдийг нь дундан хэлж өгөөд хэрэв тоглож маяглаж байгаа бол болихыг сануулна.. эл явдал сэтгэл судлаачаас илүүтэй манай хоёрыг гайхуулж, балмагдуулах агаад Endre энэ ер бусын явдлаа уулзаж ярилцая хэмээн бүсгүйд хандаснаар тэдний харьцаа маш дотно болж ирнэ.. тэд хамтдаа хоолонд орж, орой зүүдэндээ учирч юу хийснээ өдрийн цагаар ярьцгаана.. харин энэ зуур хулгайч олдохгүй бол Endre Sanyi-ыг хардаж байсан ч эсрэгээрээ ажлынх нь газрын ганц найз нь байж таардаг..

 Endre бүсгүйтэй харьцаагаа илүү гүнзгийрүүлэхийг хүсч нэгэнт нь л зүүдэндээ уулздаг юм чинь хамтдаа нэг өрөөнд унтаад үзье гэсэн санал тавихад бүсгүй ч хүлээн зөвшөөрнө.. тэр шөнө тэд унтаж чадахгүй бөгөөд хөзөр тоглож, Endre элдэв санаачлага гаргах боловч Mária энэ бүхэнд бэлэн байсангүй ганцаардлынхаа буланд шигдэхийг хүснэ.. Mária өөртөө хатуу шүүмжтэй хандаж, өөрийгөө илүү нээлттэй байх ёстой гэж хэзээч хийж байгаагүй зүйлсээ болох: гар утас авч, \ Endre-тэй л ярих гэж\ рок хөгжим сонсож, порно үзэж, гадуур үнсэлцэж, тэврэлдэх хосуудыг ажиглан туршлага хуримтлуулна.. одоо л үзүүлээд өгье гэсээр Endre-тэй уулзахад мань эр одоо энэ харилцаагаа зогсооё, хүүхдүүд биш, гайхамшиг ч гэхүү, гай гамшиг ч гэхүү энэ зүүд бодит биш, бид зүүдэндээ сайхан байж болох ч амьдрал дээр боломжгүй гэсээр Mária-г өөрөөсөө түлхэх бөгөөд Endre гэртээ харингуутаа өөр хүүхэнтэй унтаж, унтасныхаа дараа өөрийгөө маш их зэмэлнэ.. гэмшсэн Endre уучлалт гуйхаар ч юмуу, эсхүл зүүдэндээ уулзая гэдэг ч юмуу тодорхойгүйгээр бүсгүй рүү залгах мөчид сэтгэлээр унаж, өөртөө гутарсан Mária усан онгоцондоо орж хэвтээд судсаа ханаад хөгжмөө тултал нь чангалсан байх агаад утсаа сонсох болов уу?..

  Унгарын эмэгтэй кино найруулагч Ildikó Enyedi-ын энэхүү романтик драм нийгэмд гаднах төрхөөрөө болон дотоод сэтгэлийн төлвөөсөө болж ганцаардаж, гадуурхагдсан хоёр хүний зүүдээрээ холбогдон хоёр биедээ дурлаж байгаа ер бусын гайхалтай түүхийг өгүүлэх бөгөөд энэ бүтээл бол хэдий фантази чанартай ч ганцаардаж, өөрийнхөө булангаас гарч чадахгүй байгаа хүнд урам зориг, итгэл өгөх үлгэрийн мэт, гэхдээ мэдээж насанд хүрэгчдийн үлгэр болой.. энэхүү кино маань 67 дахь удаагийн Берлиний кино наадмын тэргүүн шагнал Golden Bear шагналыг хүртсэн.. кинонд тоглосон жүжигчдийн тоглолтыг магтахгүй өнгөрч болохгүй.. сонирхуулахад, Alexandra Borbély, Ervin Nagy хоёр амьдрал дээр хосууд ажээ..

Comments

  1. Endre эр хүн байж бас л ноён нуруугүй зан гаргаж шүү.
    Гэрт нь ирээд авраад эмнэлэгт хүргээд биенээ ойлголцоод зүүдэндээ уулздаг шигээ жаргалтай болно бх

    ReplyDelete

Post a Comment