Network (1976). Америкийн алдарт кино найруулагч Sidney Lumet-н найруулж, Paddy Chayefsky-н зохиолыг нь бичсэн егөөдөлт, бараан комеди-драм. Уг кинонд үзэлтийн тоо нь буурч хүнд байдалд орсон телевизийн сувгийн нэгэн мэдээний хөтлөгч шууд эфирийн үеэр сэтгэцийн хямралд орж, галзуурсан мэт аашилсан нь нэвтрүүлэгийг нь гэнэтийн амжилтад хүргэж байгаа тухай өгүүлдэг. Киноны гол дүрүүдэд; Peter Finch (түүний сүүлчийн дүр бүтээлт байсан), Faye Dunaway, William Holden, Robert Duvall, Beatrice Straight нар тоглосон. "Network" кино арилжааны хувьд амжилт үзүүлснээс гадна критикүүдээс сайшаал хүртсэн. Оскарын наадамд 10 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг эрэгтэй гол дүр (Peter Finch - нас барсных нь дараа олгосон), шилдэг эмэгтэй гол дүр (Faye Dunaway), шилдэг оригинал кино зохиол (Chayefsky) зэрэг төрлүүдэд ялалт байгуулсан. Америкийн Кино Зохиолчдын Холбооноос Chayefsky-н зохиолыг түүхэн дэх хамгийн шилдэг 10 кино зохиолын нэгээр нэрлэсэн бол Америкийн кино хүрээлэнгээс гаргасан Америкийн шилдэг 100 кино жагсаалтын 64-р байрт "Network" бичигджээ. Кино зохиолч Aaron Sorkin 2011 онд "ирээдүйг урьдчилан таамагласан хэн ч, тэр байтугай George Orwell ч тэр Chayefsky шиг оновчтой бичиж байсангүй" гэж бичжээ.
Энэхүү киног Empire сэтгүүл хамгийн шилдэг 500 кино жагсаалтынхаа 100-р байрт эрэмбэлсэн бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 425-р байрт эрэмбэлээд байна. Хэдэн арван жилийн дараа ч Америкийн Шинэ Давалгаа хөдөлгөөний үеийн энэхүү ухаалаг бараан комеди нь цочирдом, сэтгэл төрүүлсэн хэвээр л байна. Холливуудаас ийм хурц шүүмжлэлтэй, ёс суртанхууны хувьд сүйрлийн шинжтэй кино төрж гарах нь тийм ч элбэг бус байдаг. "Network" киноны ёжлол бараг бүхэлдээ өнөөдөр биеллээ олсон санагдаж байна; реалити шоуны завхайрал, үхлийн тухай нэвтрүүлгүүд, Шинэ даяарчлалын анти-хуманизм, робот шиг хэрэглэгч болж хувирсан үзэгчид гэх мэтээр эдгээр бүхэн ун кинонд агуулагддаг. Lumet-н 1970-аад оны жинхэнэ уур амьсгалыг мэдрүүлсэн найруулга болон Chayefsky-н уур хилэн, гүн гүнзгий бодож боловсруулсан кино зохиол нийлээд хэзээд хурц иртэй байх бүтээлийг бий болгожээ. Ингээд киноны гүн рүү орцгооё. "Network" кино нь телевизийн түүхэн дэх анхны шууд эфирээр өмиа хорлосон явдал болох Флорида мужийн Сарасота хотын мэдээний хөтлөгч Christine Chubbuck-н хэргээс ердөө хоёр жилийн дараа дэлгэцнээ гарсан байдаг. Сэтгэл гутрал, ганцаардалд зовж шаналж байсан энэ мэдээний хөтлөгч хүүхэн хамтран ажиллагсадтайгаа хөндийрсөөр эцэст нь 1974 оны зун камерын өмнө өөрийгөө буудаж хороосон байдаг.
Chayefsky шууд эфирээр амиа хорлох явдлыг киноныхоо үндсэн цэг болгосон ба хожим нэгэн ярилцлагадаа "телевизийнхэн үнэлгээний төлөө юу ч хийхээс буцахгүй, юуг ч хийнэ!" гэж хэлж байжээ. Сэтгүүлч Dave Itzkoff-н номонд дурдсанаар, Chayefsky шууд эфирт амиа хорлосон хүүхний хэргээс санаа авсан нь тодорхойгүй хэвээр байгааг, мөн шууд эфирийн үеэр гарсан үхлийн талаар Chayefsky-н бичсэн кино зохиолын тэмдэглэлд ямар ч иш татсан дурдлага байгаагүй, бараг давхцал болсон гэж бичжээ. Хэдэн сарын дараа л уг сайхь аймшигт явдлыг шууд дурдсан хэсэг кино зохиолд орсон агаад үүнд Beale шууд эфирээр тархиа зад буудна гэж бичсэн байсан ч хожим энэ хэсгийг хасчээ. Найруулагч Lumet гол дүр Beale-г бодит амьдрал дээрх ямар нэгэн хүнээс санаа авч бүтээгээгүй гэж мэдэгдсэн байдаг. Кино зохиолоо бичиж эхлэхээр өмнө Chayefsky телевизүүдийн оффисоор зочилж судалгаа хийсэн. Тэрээр телевизийн удирдлагууд өөрсдөө телевизийн нэвтрүүлэг үздэггүйг мэдээд гайхширсан гэдэг. Itzkoff-н хэлснээр, Уотергейтын дуулиан болон Вьетнам дайны үед зохиолоо бичиж байсан Chayefsky Америкчуудын уур бухимдал инээдмийн цувралаас мэдээнд нэвтрүүлэг хүртэл бүх хэлбэрээр цацагдаж байгааг ажигласан аж. Ингээд тэрээр Америкчууд хөгжилтэй, жаргалтай нэвтрүүлэг хүсэхгүй байна, тэд ууртай байгаа учир ширүүн дориун өнгө аястөй нэвтрүүлэг хүсч байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Зохиолоо бичиж эхэлж байхдаа тэрээр комеди жанраар хийхээр төлөвлөж байсан ч больж, үүний оронд уур бухимдлаа телевизээр гарч буй нэвтрүүлэгийн агуулгад чиглүүлж, үүнийгээ ч зохиолдоо тод тусгажээ. Chayefsky телевизийг засгийн газраас ч хүчирхэг, устгагдашгүй, аймшигтай аварга биет гэж тодорхойлжээ байдаг.
Кино зохиол эцэстээ сэтгэцийн хувьд тогтворгүй мэдээний хөтлөгч болон өргөн нэвтрүүлгийн компани, тэднийг даган эрүүл ухаанаа алдахад бэлэн байгаа үзэгчдийн тухай бараан комеди болж хувирчээ. Телевизийн нэвтрүүлэгийн удирдах ажилтан Diana-н дүрийг NBC-ийн өдрийн цагийн нэвтрүүлэг хариуцсан захирал Lin Bolen гэгчээс сэдэвлэсэн гэж үздэг. Chayefsky Beale-н дүрд Henry Fonda, James Stewart, Cary Grant болон Paul Newman нарын томчуудын нэгийг тоглуулахыг төсөөлж байсан ба Newman руу захидал хүртэл бичсэн; "Энэ дүрд шаардагдах ур чадвар, цар хүрээтэй цөөхөн жүжигчдийн нэг бол та юм" гэж бичсэн байна. Харин Lumet өмнө нь хамтран ажилласан байсан Fonda-г тоглуулахыг хүссэн ч Fonda дүрийг хэтэрхий "хийрхэлтэй" гэж үзэн татгалзсан; Stewart мөн л кино зохиолыг бүдүүлэг, зохимжгүй үг хэллэгтэй хэмээн татгалзжээ. Төслийн нэлээд эхэнд бодит амьдрал дээрх хоёр ч мэдээний хөтлөгчдийг тоглуулахаар судалж үзсэн боловч харамсалтай нь хэн нь ч саналыг хүлээж аваагүй. Мөн George C. Scott, William Holden, Glenn Ford нар Beale-н дүрээс татгалзсан; гэхдээ Holden Schumacher-н дүрд сонгогдохоос өмнө Gene Hackman, Walter Matthau нарт санал тавихаар зэхэж байж. Holden-г сонгосон шалтгаан нь түүний сүүлд тоглоод байсан "The Towering Inferno" киноных нь амжилтаас үүдэлтэй.
Faye Schumacher-д Robert Mitchum-г сонгохыг хүссэн ч найруулагч түүнийг хангалттай боловсон соёлтой харагддаггүй гэж үзээд сонгоогүй гэдэг. Diana-н дүрд Chayefsky Natalie Wood, Ellen Burstyn нарыг бодсон бол студийн зүгээс Diane Keaton, Jane Fonda, Kay Lenz нарын нэрсийг санал болгосон. Харин Lumet Vanessa Redgrave-г хүссэн боловч Chayefsky эсэргүүцсэн байна. Faye 1975 оны намар Diana-н дүрд сонгогдсон ба найруулагч Lumet түүнд дүрээ эмзэг зөөлөн, симпатик харагдуулж болохгүй гэсэн хатуу анхааруулга өгсөн. Schumacher-н эхнэрийн дүрд 1953 онд Arthur Miller-н "The Crucible" жүжгээрээ Тони шагнал хүртсэн Beatrice Straight-г сонгосон нь үнэхээр нүдээ олсон. Критикч Vincent Canby "Network"ийг "гайхалтай, харгис байдлаар инээдтэй, цаг үеэ харуулсан энэхүү Америкийн комеди нь Chayefsky-г Америкийн томоохон ёгт үлгэрч болохыг баталлаа". Критикч Gene Siskel: "энэ бол хялбар байг сонгон аваад түүнийгээ улангасан шүүмжээр бяцалсан, туйлын хөгжилтэй кино". Гэхдээ бүх критик эерэг байсангүй, критикч Pauline Kael киног хэт урт, сургааль айлдсан мэт шинжтэй, Chayefsky телевизийн салбарыг төдийгүй телевиз үзэгчдийг үл хүндэтгэсэн гэж бичжээ. Критикч Gary Arnold мөн төстэйгөөр, кино хатуу ширүүн, нэгэн хэвийн номлосон шинжтэй учир үзэгчдийг үнэмшүүлэхэд ч, зугаацуулахад ч тохиромжгүй гэжээ.
Критикч Michael Billington: "Энэхүү киноны ихэнх хэсэг шар хэвлэлийн гарчиг шиг сагсуу, тулгасан" гэсэн байхад критикч Chris Petit: "Чадварлаг зохиомжилсон, насанд хүрэгчдэд зориулсан, өөрийгөө дөвийлгөсөн, бараг бүхэлдээ хөндий хоосон кино" хэмээжээ. Арьс өнгө, этник судлаач Jack Shaheen "Network"-ийг Арабуудыг дундад зууны фанатикууд мэтээр дүрсэлсэн, Chayefsky Арабуудын талаар өрөөсгөл ойлголттой байна гэж хурцаар шүүмжилсэн байдаг аж. Олон жилийн турш мэдээний хөтлөгчөөр ажилласан Beale ажлаасаа халагдаж байгааг "Network" кино эхэлдэг. Түүний халагдах шалтгаан нь тэр хөгширсөн, архи их уух болсноос гадна хамгийн гол нь нэвтрүүлэгийнх нь рейтинг огцом буурсан. Тэрээр халагдсан талаараа нэвтрүүлэгийнхээ шууд эфирээр зарлаж, энэ ажил нь амьдралынх нь утга учир байсан хэмээн хоёр долоо хоногийн дотор шууд эфирээр амиа хорлох гэж буйгаа мэдэгддэг. План удирдлагын өрөө рүү шилжихэд найруулагч ба техникчид нэвтрүүлэгээ хуваарийн дагуу гаргахад л анхаарч байдаг; тэд сурталчилгааг цагт оруулах, хөтлөгчийн яриаг зөв мөчид нь дуусгах, завсарлагын хугацааг нарийн тааруулах гэх мэт ажилдаа улаарсан харагддаг. Энэ үед гэнэт хэн нэгэн, Beale сая юу гэж хэлснийг та нар сонсов уу? гэж асуудаг, харин нөгөөдүүл нь ажилдаа улаараад анзаараагүй аятай харагдана. Тэд гадна хэлбэр дүрсэд, зар сурталчилгаанд л анхаарахаас урд нь хэн нэгэн ажилгүй болж, ухаан нь солиорч буйг анзаараагүйн тэдний хэр роботжсоныг илтгэнэ. Энэхүү киноны үндсэн санаа нь телевиз гэдэг зүйл яг л эдгээр зорилгоо л бодохоос үзэгчдийн ухаанд юу оруулж байгаа даа огт санаа тавьдаггүйн тухай юм.
Зорилго нь үзэлтийн тоо буюу эдийн засаг, мөнгөний өсөлт л аж. "Network" бүтээл хэрвээ яг энэ сэдэв агуулгаа гүн гүнзгий ухан гаргаж, үүндээ төвлөрсөн бол айхтар хурц, гашуун егөөдөлт кино болох байсан ч одоогийн байгаа агуулгаараа ч классик билээ. Уг киноны нийт жүжигчдийн тоглолт үнэхээр нүдээ олсоноос гадна бишрэм. Киноны хийц, агуулга ухаалаг ба зөвхөн телевизийн салбар руу довтлоод зогсохгүй 1970-аад оны нийгмийн олон асуудлыг зэмлэсэн байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүйсийн тэмцэл, насаар ялгаварлан гадуурхах, чинээлэг дундаж давхаргынхны доройтол, капитализмын мөлжлөг хийгээд хүмүүсийн хоорондын үл ойлголцол гэх мэт олон сэдэв таныг инээлгэж, уурлуулж, сэтгэлийг тань хөдөлгөнө. Chayefsky-н зохиол сайн боловч төгс бус; маш их сэдэв, өргөн цар хүрээг хамрах гэсэн нь ахадсан буюу нэг амьсгаагаар дэндүү ихийг өгүүлж болдоггүй шиг олон сэдэвтээ эцэстээ төөрөлдсөн гэмээр. Энэ кино төгсгөхөд бид хүнлэг сайхан үнэт зүйлс үгүй болж, хорвоо ертөнц муу муухайгийн сүлжээнд бүрхэгдчихсэнийг мэдэрнэ. Тиймээс кино баялаг, сонирхолтой байдаг ба өнөөдөр ч толин тусгал шиг санагдана. Lumet-н найруулга үнэхээр өөгүй нягт, жигд байсан учир бид бараг л донсолгоо мэдрэхгүй. Кинонд Holden, Faye хоёрын дүрүүдийн дунд сонирхолтой богино романс үүсдэг ч бүрэн ойлгомжтой үзүүлдэггүй шиг үндэстэн дамнасан корпорацууд бол энэ цагийн жинхэнэ засаглал гэдгийг харуулахыг зорьдог ч үүнийгээ бас л дутуу дулимаг үзүүлдэг. "Network"-ийн зарим сцэнүүд айдас төрүүлэм эвгүй байдаг, учир нь, үзэгчид ерөөсөө хагас галзуу солиотой нэвтрүүлэг үзэх дуртай байдгийг киноноос харж болно; ингэхлээр үзэгчид юу болж таарч байна вэ? Галзуугийн үзэгчид үү? Ерөөсөө телевиз гэдэг юу юм бэ? Ямар үүрэгтэй юм бэ? Гэж та дахин нэг бодоход хүргэнэ. Анх гарахад нь хүмүүс уг киног фантааз гэж харж байсан байх, харин өнөөдөр бол цаг үеэсээ түрүүлсэн бүтээл байсныг ухаарна.

Comments
Post a Comment