Хоосон мөрөөдөл


 Cabaret (1972). Америкийн мюзикл киноны нэрт кино найруулагч Bob Fosse-н бүжгийг нь дэглэж найруулсан мюзикл драм. Англи-Америкийн зохиолч Christopher Isherwood-н 1939 онд бичсэн "Goodbye to Berlin" роман болон уг романаас сэдэвлэн John Van Druten-н 1951 онд "I Am a Camera" гэдэг жүжгийн зохиолоос үндэслэн Joe Masteroff-н тайзны мюзиклээс сэдэвлэн киноны зохиол Jay Presson Allen бичжээ. Киноны гол дүрүүдэд; Liza Minnelli, Michael York, Helmut Griem, Marisa Berenson болон Joel Grey нар тоглосон. Киноны хөгжим, дууг Fred Ebb, John Kander хоёр бичжээ. Уг кино Оскарт кино наадамд шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй гол дүр (Liza Minnelli), шилдэг эрэгтэй туслах дүр (Joel Grey) гэсэн 8 төрөлд ялалт байгуулсан (шилдэг кино төрөлд ялалт байгуулаагүй хэрнээ хамгийн олон төрөлд ялагч болсон кино одоо ч хэвээрээ байгаа) "Cabaret" кинонд тайзны жүжгийн хөгжмийн зохиолуудаас хэд хэдэн дууг ашиглажээ. Уламжлалт театрын мюзикл-д гол дүрүүд нь сэтгэлээ дуулж илэрхийлэх замаар үйл явдлыг урагшлуулдаг бол энэхүү кинонд мюзикл үзүүлбэрүүд нь бараг бүхэлдээ диегетик шинжтэй байдаг ба мюзикл хэсэг дийлэнхдээ шөнийн клубт өрнөдөг.

Энэхүү туйлын ёс суртахуунгүй, галзуурлаар урамшсан мюзикл цаг хугацааны мөнхийн шалгуурыг давж классик гэгдэх болжээ. Веймарын үеийн ялзарч, хөгцөрсөн Берлиний шөнийн клубээр дамжуулан найруулагч Bob Fosse Холливуудын түүхэн дэх хамгийн гайхамшигтай эмэгтэй гол дүрийн тоглолтыг бэлэглэсэн. Үзэсгэлэнтэй мөртлөө сул дорой Sally Bowles-н дүрийг Liza Minnelli бишрэм бүтээсэн буюу энэ дүр түүний замналын титэм юм. Зураглаач Geoffrey Unsworth-н гэрэлтүүлэг болон кадрууд тухайн үеийн Берлинийг мэдрүүлэхээс гадна найруулагч Fosse-н Grey болон Liza хоёрт зориулсан тачаангуй үзэгдлүүд харц булаам байдаг. Уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 296-р байрт жагсаагаад байна. "Cabaret" кинонд дүрсэлсэн үйл явдал нь зохиолч Christopher Isherwood-н Веймарын Бүгд Найрамдах Улсаар хийсэн адал явдлаас сэдэвлэн учир хагас намтарчилсан түүх гэж үзэж болно. 1929 онд буюу тэрээр "Алтан хорьны" сүүлчийн жилд Веймарын үеийн Берлинд байсан найз, зохиолч, яруу найрагч W. H. Auden дээр зочлон очсон агаад Isherwood удалгүй хотын "Жазз эрин"ий зугаа цэнгээний кабаренуудаар явж, тэнд байх эрэгтэй биеэ үнэлэгчтэй ойртохын тулд Берлинд нүүж очжээ. Тэр Auden, Stephen Spender зэрэг зохиолчдын хүрээлэлд ороод 19 настай байсан кабаре дуучин Jean Ross гэдэг хүүхэнтэй танилцжээ.

  1931 он гэхэд Англи зохиолч маань Jean Ross-той даруухан байранд хамтран амьдарч байлаа. Жүжигчин болох хүсэлтэй Jean хормой султай хүүхэн байв. Isherwood ч зүгээр байсангүй, 16 настай Герман хөвгүүнтэй амрагийн харилцаа үүсгэж амжсан. Зугаа цэнгэл, замбараагүй бэлгийн амьдралаасаа болж Jean удалгүй хар тамхины хар үүлэнд уначихав. Энэ хооронд Isherwood баян playboy John Blomshield гэгчтэй танилцсан ба энэ хүнээс санаа аван киноны Maximilian-н дүрийг бүтээж. Blomshield Isherwood болон Jean-тэй цэнгэн хөгжилдөж, хэн хэнтэй нь бэлгийн харилцаанд орохыг оролдож байгаад хамт гадаадад аялахыг уриалж байснаа гэнэт ор сураггүй алга болсон аж. 1931 оны зун Jean жазз хөгжимчин Peter van Eyck гэгчээр жирэмсэлсэн; зальтай хүүхэн хүүхдийн эцэг нь Isherwood гэж хэлж, улмаар түүний тусламжтайгаар үр хөндөлт хийлгэж, бараг л амиа алдах дөхсөн байна. Jean-г эдгэж байх зуур Германы улс төрийн нөхцөл өдрөөс өдөрт дордож байлаа. Берлинд ядуурал, ажилгүйдэл гаарч, Зүүний болон Барууны намуудын зодоон, жагсаал цуглаан өдөр шөнөгүй болсноор Isherwood, Spencer зэрэг хүмүүс тус улсаас дүрвэх шаардлагатайгаа ойлгож. Берлиний гудамжнаас сүйрэл мэдрэгдэж байсан гэж хожим Spencer дурджээ. Adolf Hitler-н дарангуйлал бэхжсэний дараа 1933 онд Isherwood Германыг орхин гарсан. Нацистууд Берлин дэх ихэнх кабаренуудыг хаав.

Isherwood-н олон танилууд гадаад руу дүрвэж, эсхүл бөөнөөр хорих лагерьт амиа алдах хувь тавилантай учирсан. Эдгээр үйл явдлуудаас сэдэвлэн Isherwood "Berlin stories" зохиолоо бичсэн бөгөөд үүнд 1937 онд бичсэн "Sally Bowles" тууж нь багтаж, хожим 1939 онд "Goodbye to Berlin" нэртэйгээр дахин хэвлүүлжээ. 1971 онд найруулагч Fosse оригинал Бродвейн найруулагч Harold Prince-ээс продюсер Cy Feyer "Cabaret" мюзиклыг кино болгох гэж байгааг дуулжээ. Fosse Feyer-тэй уулзаад найруулагчаар ажиллуулж өгөхийг гуйсан ба тэрээр өмнө нь "Sweet Charity" гэдэг мюзикл найруулсан нь бүтэлгүйтсэн учраас студийн удирдлагууд түүний оронд Billy Wilder, Joseph L. Mankiewicz, Gene Kelly нарын илүү алдартай найруулагчдыг сонирхож байлаа. Харин Feyer Fosse-г ажилд авахыг хүсч байсан тул студийн удирдлагуудад хандан, Fosse мюзикл үзэгдлүүдийг дэглэх, найруулах онцгой авъяастай гэж магтаад хэрэв мюзикл элементүүдийг бага анхаарч, номыг яг таг дүрслэх гэж оролдвол энэ төсөл бүтэлгүйтэх болно гэж агхааруулснаар Fosse найруулагчийн суудалд заларсан аж. Дараагийн саруудад хэдийнээ кино зохиллчоор хөлслөгдчихсөн байсан Jay Presson Allen-тай кино зохиол дээр хамтран ажилласан. Presson Allen киноныхоо зохиолыг Joe Masteroff-н тайзны зохиолоос үндэслэн бичсэн байсанд Fosse дургүй байсан учраас Allen-н зохиолыг илүү боловсронгуй болгохоор Hugo Wheeler гэгчийг хөлсөлжээ. Wheeler кино зохиолд багагүй хувь нэмрээ оруулсан ч эцсийн кретидэд Presson Allen ганцаараа орсон байдаг. Wheeler бол Isherwood-н найз байв.

  Тиймээс тэр Isherwood-н эх зохиолыг нь өөрчилсөн тайзны мюзикл-г шүүмжилдэг байсныг эрхгүй сайн мэддэг байв. Иймээс Wheeler оригнал номын үйл явдлыг илүү үнэн зөв тусгахыг хичээж; тухайлбал эрэгтэй биеэ үнэлэгч болон еврей гаралтай өв залгамжлагч бүсгүйн тухай дэд түүхийг сэргээн оруулж. Мөн тэрээр ижил хүйстэн зохиолч Isherwood-н бэлгийн чиг баримжааных нь нээлттэй хандлагыг ашиглан гол дүрийн эрэгтэйг мюзикл-д гардаг шиг гетеросексуал бус харин бисексуал болгон өөрчилсөн байна. Fosse мюзикл үзүүлбэрүүдийнхээ ганцаас эс тооцвол бараг бүхэлд нь Sally-н дуулж бүжиглэдэг клубт төвлөрүүлсэн нь 1930-аад оны Германы ёс суртахууны доройтлын симбол газар болгохыг хүссэнийх аж. Feyer найруулагчаа сонгохоосоо өмнө Sally-д Liza Minnelli-г, мөн тайзны хувилбарт тоглочихсон байсан Joel Grey нарыг төсөлдөө сонгочихсон байв. Студийн зүгээс Grey-г заавал тоглуул, эсхүл өөрөө яв гэсэн сонголт өгсөн бөгөөд эцэст нь Fosse бууж өгсөн байдаг. Найруулагч маань Sally-н бисексуал амрагийн дүрд Michael York-г сонгосон ба Liza түүнтэй хамтран ажиллах хүртлээ огт итгэхгүй байсан гэдэг. Liza Minnelli Бродвейн мюзиклын хувилбарын сонгон шалгаруултад орж байсан ч туршлагагүй гэгдээд сонгогдоогүй боловч тэр хэдийнээ Тони наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртчихсэн байсан нь сонин.

  "Cabaret" кино нээлтээ хийж байх үед Liza "The Sterile Cuckoo" киногоороо Оскарт нэр дэвшчихсэн туршлагатай нэгэн болсон байлаа. Жүжигчин бүсгүй маань Sally-н дүрийг өөрийнхөөрөө үзүүлэхийг зорьсон ба тэрээр аав, алдартай кино найруулагч Vincente Minnelli-н заавраар ажиллажээ. Liza зориудаар "Жазз эрин"ий секс симбол болсон жүжигчин Louise Brooks-н төрх байдлыг дуурайсан ба "Cabaret" киноны Sally шиг жүжигчин Louise Brooks алдартай жүжигчин болох зорилгоор Веймарын үеийн Берлинд түр хугацаагаар ирээд цэнгэн хөгжилдөж байжээ. Variety сэтгүүл "Cabaret"-ийг тухайн жилийн хамгийн "нялуун" киногоор нэрлэсэн. Критикч Roger Ebert уг киног ердийн мюзикл биш хэмээгээд мюзикл кино заавал үзэгчдийг баясуулж, хөөргөх ёстой гэсэн улигт ойлголтыг дагаагүй нь амжилттай болсных нь гол шалтгаан болсон гэж бичжээ. Найруулагч Fosse киноныхоо үндсэн материалын хар бараан өнгө аясыг зөөлрүүлэлгүй тэр чигт нь үлдээсэн нь чухамдаа оножээ. Критикч A. D. Murphy: "Энэхүү кино нь боловсронгуй, ухаалаг, тачаангуй, бохир, увайгүй, сэтгэл дулаацуулам хэрнээ бодлогошруулам. Найруулагч Fosse гарамгай найруулгаараа 40 орчим жилийн өмнөх Германы нөхцөл байдлыг гайхалтай дахин бүтээжээ". Критикч Roger Greenspun: "Энэ бол төгс төгөлдөр бус боловч таашаал өгдөг киноны нэг. Кино эхнээсээ төгсгөл хүртэл эгээ л нүдний өмнө амилан тодрох мэдрэмжийг төрүүлдэг"

Критикч Pauline Kael эл мюзиклыг өндрөөр үнэлж, ийнхүү тоймлон бичжээ: "Гайхалтай мюзикл кино. Улс төрийн кабаре хэлбэртэй энэхүү кино нь уруу таталтын егөөдөлт юм. Найруулагч, бүжиг дэглээч Fosse тухайн цагт үеийг буюу 1931 оны Берлинийг алсаас өвөрмөцөөр зурагласан. Бид эл ёс суртахууны доройтлыг хээнцэр, жигшмээр зүйл гэж хардаг. Гэсэн хэдий ч кинонд амьтанлаг эрч хүч байдаг ба бүх зүйлс сексийг илэрхийлэх шиг санагдана. Кино ёс суртахууны ялзралыг ашиглаад зогсохгүй зохих байр суурийг нь өгдөг. Liza Minnelli-н цацруулж буй хөөр хөгжөөн, эрч хүч нь түүнийг нүдний өмнө жинхэнэ од болгон хувиргасан". "Cabaret" кино дэлгэцнээ гараад критикүүдээс сайшаал хүртсэн хэдий ч зохиолч Christopher Isherwood болон кино дахь дүрүүдийн бодит эх сурвалж болсон хүмүүс харин киног тийм ч таатай хүлээж аваагүй байдаг. Isherwood киног шүүмжилж, түүний үзэж байгаагаар кинонд ижил хүйстнүүдийн харилцааг сөрөг талаас харуулсан гэжээ. Үүнтэй төстэйгөөр, кинонд Sally Bowles буюу бодит Jean Ross киног хоёрдмол утгатай хэмээн үзсэн; тэрээр 1930-аад оны Берлинийг дүрсэлсэн байдал нь бодит байдлаас тэс ондоо болсон гэжээ. Гэхдээ зугаа цэнгэлд дуртай, дураараа амьдрагч Британийн цагаачдын бүлэглэлийг дүрсэлсэн байдал нь үнэн байсан гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд Jean: "Бид нар эцэг эхийнхээ үеийнхний баримталдаг буржуа жишгийг эрс эсэргүүцдэг байлаа. Тиймээс бид Берлинд очсон. Тэнд нөхцөл байдал хамаагүй чөлөөтэй байсан" гэжээ.

  Критикч Jamie Russell "Cabaret" киног X ангиллын үнэлгээ авсан анхны мюзикл кино гээд энэ мюзикл Liza-г Холливуудын супер од болгож, мөн мюзикл жанрыг шинэчилсэн гэж бичжээ. Критикч Peter Bradshaw өөрийн гаргасан шилдэг 10 мюзикл киноныхоо жагсаалтынхаа тэргүүнд "Cabaret"-г оруулсан ба чөтгөрлөг сэтгэл татам, аймшигтай дур булаам, ес суртахууны доройтлын цөхрөл нэвт шингэсэн хамгийн тачаангуй хэрнээ увайгүй кино гэсэн буй. Уг бүтээл нь 1970-аад оны бусад кинонуудтай харьцуулахад илүү далд агуулгатай боловч ялзрал, секс хоёрдмол байдал, хуурамч мөрөөдөл, нацизм зэрэг сэдвүүдийг хөндсөн нь харин тов тодорхой юм. Сексээр цэнэглэгдсэн, хагас намтарчилсан, замбараагүй сексийн харилцаа, зугаа цэнгэлийн амьдралыг харуулсан үнэнхүү гаж этгээд мюзикл юм. Уг кинонд зохисгүй үг хэллэг, сексийн далд утга санаанаас өгсүүлээд ижил хүйстэний хийгээд гетеросексуал харилцааны тухай чөлөөтэй яриа хөөрөө, мөн антисемитизм, үр хөндөлт гардаг нь шуугиан тарихад хангалттай байлаа. 

Comments