Од ба Гэгээ (2018). Хээр талд нэгэн залуу тэнгэр ширтэн хэвтэж байхад цагаан морьтой жаалхүү хүрч ирээд "Та төөрчихөө юу?" гэж асуухад залуу "Магадгүй, тэгсэн бололтой" гэж хариулдаг. Энэ бол киноны эрэгтэй гол Од ба киноны үлдсэн хугацаанд бид түүний төөрөлдлөөсөө гарах үйл явцын гэрч болно. Найруулагч Л. Бат-Амгалан ярилцлагадаа, Монголчууд бид идентитигаа олохгүй төөрөлдсөөр байгааг киногоороо харуулахыг зорьсон гэж хэлсэн нь Одын өөрийгөө олох гэсэн, танихыг эрмэлзсэн, өөрийнхөө бүтээл болохыг хүссэн зөрчил, шаналлаас харагдах буюу энэ утгаараа Од нь найруулагчийн өөрийнх нь тусгал болж байна. Уран бүтээлч хүний туурвихуйн жаргал ба зовлон, хоосрол ба бүтээлч сэтгэлгээг Од-оор дамжуулан үзүүлэхдээ Бат-Амгалан өөрийнхөө мэдрэмжийг зэрэгцээ харуулсан бололтой. "Од ба Гэгээ" киноны талаар би найруулагч Daashka Meeks-тэй ярилцаж байхад тэр "Энэ кино бол Улаанбаатарыг параллель маягаар харуулсан кино. Зохиол болон дүрийн хөгжүүлэлт сул боловч хийц, уур амьсгал, зураглал сайтай кино" гэж хэлж байв. Би түүнтэй санал нэг байгаа ба яагаад санал нэг байгаагаа хойно дэлгэрүүлэн өгүүлэх болно
Монголын кино найруулагч Л. Бат-Амгалан (мөн эвлүүлэгчээр ажилласан) болон Их Британийн кино найруулагч Иян Аллардайс (мөн зураглачаар ажилласан) хоёрын хамтран бүтээсэн драм. Бат-Амгалан Англид болсон богино хэмжээний кино наадамд "Гайхамшигтай нислэг" киногоороо драм төрөлд ялалт байгуулж, Panavision камераар кино хийх эрхийн эзэн болсноор "Од ба Гэгээ" киноны үүсэх эхлэл тавигджээ. Энэ кино миний ойлгосноор Panavision камераар хийгдсэн цорын ганц бүрэн хэмжээний Монгол кино бололтой (залруулгыг дуртайяа хүлээж авна). Киноны зураг авалт тун сайн болжээ. Зуны дулаахан Улаанбаатар Panavision болоод Аллардайсын кадраар урьд хожид байгаагүйгээр тодрон гэрэлтэж, бараг л өөр улс оронд очсон мэт дүрслэлийг мэдрүүлсэн. 21-р зууны Улаанбаатарын магтуу дүрслэл дээр уг киноны магадгүй хамгийн чухал элемент болсон дуу хөгжим ороод ирэхээр тун өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлнэ. Киноны хамгийн сонирхолтой бас онцгой сцэн бол Гэгээгийн ээжийн дуулдаг уртын дуун дээрх Од, Гэгээ хоёрын шөнийн клуб дахь бүжиг санагдсан.
"Од ба Гэгээ" кинонд хурц өрнөл байхгүй, эргэлт, тайлал үгүй, төгсгөл нь ч хангалттай биш. Нэг үгээр кино зохиол маш сул. Киноны үйл явдал тун энгийн; Од гэдэг 27 (найзууд нь түүний эморлийг 27 настайдаа үхсэн домогт артистуудтай харьцуулдаг) залуу өдрийн цагаар синхрон орчуулагч хийж оройгоор уушийн газарт амьд хөгжмийн хамтлагтайгаа тоглоно. Тэрээр киноны эмэгтэй гол дүр болох Гэгээтэй синхрон орчуулгын газарт танилцахтай зэрэгцэн ковер дуу дуулдаг хамтлагт байхгүй гээд хамтлагаасаа гардаг. Од, Гэгээ хоёр танилцаад хамтран дуу зохиож, хамтдаа хөгжим тоглох явцдаа бие биедээ дурлах шиг болдог, лав Гэгээ түүнд татагдсан нь илэрхий харагддаг. Тэд хамт тоглолт хийхээр тохиролцдог ч товлосон цагтаа Од очдоггүй. Гэгээ гомдоно. Гэхдээ Од маань ийш тийшээ "харваж" байгаад хамтлагтаа эргэн орж, Гэгээтэй тоглолтоо хийснээр кино жаргалтайгаар төгсдөг.
Гэгээ бол цоглог, идэвхтэй, мөн гэр хороололд амьдардагаараа Од-оос эрс ялгаатай (энэ кино болон "Баавгай болохсон", "Сэр Сэр Салхи" гэсэн сүүлийн үеийн Монгол кинонуудад хот ба гэр хорооллын ялгааг онцлон гаргасан). Тэд адилхан хөгжимд хайртай ч Гэгээ илүү хөгжимлөг гэр бүлд өссөн төдийгүй тэдний ялгарлыг гитар, амьд хөгжим болоод үндэсний хөгжмийн зэмсэг, классик төгөлдөр хуураар тодотгосон. Одын дүрд Б. Дөлгөөн, Гэгээгийн дүрд М. Номин-Эрдэнэ нар тоглосон. Залуусын дунд алдартай энэ дуучид миний хувьд шинэхэн байсан ба киноны сул талуудын нэг нь маргаангүй тэднийг тоглолт болж байна. Тэд киноны дуутай, хөгжимтэй сцэнүүдэд сайн, тухтай байсан боловч жүжигчдийн хувьд "өнгөө" олсонгүй. "Од ба Гэгээ" бол цэвэр уран бүтээл туурвигчдын тухай кино юм. Гэгээ ээждээ Од-той харьцах харилцаагаа "ажлын хамтрагчид" гэж хэлснээс энэ шууд харагдана. Та киноны постер юмуу трайлерийг үзээд романтик кино гэж бодсон бол үгүй. Киноны туршид Гэгээ Одыг шохоорхолоор төөнөсөн харцаар ширтэж байхад Од огт тоохгүй байгааг анзаараарай. Бас тэд шөнийн клубээс гарч явахад Гэгээ Одын гараас атгах гэхэд Од гараа авч байгааг анзаарваас Од түүнд сэтгэлгүйг илтгэнэ. Хэдий киноны төгсгөлд Од, Гэгээ хоёр хамтдаа байдаг ч тэд хос болохгүй нь Одын гадаадад гарах амбиц, Гэгээгийн урлаг бол мэдрэмж гэсэн утгатай үгсээс харж болно; өөрөөр хэлбэл тэд сайн ураг бүтээлийн хамтрагчид байж чадахаас амраг хосууд байхад тохиромжгүй санагдсан.
Энэхүү киноны зохиол хийгээд дүрийн хөгжүүлэлт тааруу, сул байгаа нь магадгүй Бат-Амгалан болон түүний багийнханд үнэтэй камер түрээслэх хугацаа хангалттай байгаагүйтэй холбоотой байж болох юм. Тэд богино хугацаанд зураглал, дүрслэлдээ анхаараад зохиолоо хангалттай хөгжүүлж амжаагүй эсхүл анзаараагүй орхисон байж магадгүйг гэж хувьдаа таамаглаж байна. Дүрүүдийн түүх, намтар, мэдээлэл тодорхой бус. Сонгосон хүмүүс нь хөгжмийн тал дээр сайн байсан ч жүжиглэх гүйцэтгэл дээр мэдэгдэхүйц сул. Туслах дүрүүд болох жүжигчин Б. Гарьд нийт бүрэлдэхүүнээс хамгийн сайн нь байсан бол жүжигчин У. Цогтбаярын дүр кинонд хошин өнгө аясыг нэмээд зогсохгүй найруулагчийн гол санаа болох төөрөлдсөн, эрэл хайгуул хийсэн Монголчуудын төрхийг илтгэгч бас нэгэн дүр юм.
Найруулагч Бат-Амгалан кинондоо гүн гүнзгий агуулга өгч, үзэгчээ бодлогошрүүлахаас зайлсхийж, харин илүү хөгжим шиг мэдрэмж төрүүлэхийг хүссэн гэж ярьж. Нэг үгээр та уг киног мэдрэх л ёстой аж. Би мэдэрч чадсан эсэхээ сайн мэдэхгүй байна, ямартай ч "Од ба Гэгээ" хөгжим, дүрслэлийг чухалчилсан (үүнийгээ ч сайн хийсэн), дүрслэл хийгээд хөгжмөөр бүтсэн бараг л уртасгасан клип шиг санагдсан. Яг л амттай чихэр шиг, амттай ч хэрэгцээтэй биш, тухайн үедээ л сайхан болохоос үлдэцгүй. Би хувьдаа үзэгчээ бодлогошруулж, бодлоороо хөтлөгдөн ямар нэгэн шийдэл юмуу санаанд хүргэдэг киног илүүд үздэг. Гэхдээ "Од ба Гэгээ" киноны дүрслэлийн эстетик, хөгжмийг бүтээлчээр ашигласан байдлыг үнэлж байна.
21-р зууны Монголын кино урлагт залууст зориулсан, нэн ялангуяа хөгжмөөр залуусын дотоод ертөнц, хүсэл тэмүүлэл, орчин тойрныг үзүүлсэн кино ховор байсан учир би уг киног цаг үеэ олж хийгдсэн кино гэж бодож байна. Уг киноны магадгүй хамгийн чухал элемент хөгжим байх. Гэгээгийн ээж "дуу хөгжим байгаагүй бол ер нь хүн яаж амьдрах байсан бол" гэж хэлдэгээс дээрх харагдахын сацуу энэ үг Философич Ницшегийн хэлсэнтэй төстэй биш гэж үү?. "Од ба Гэгээ" киноны төгсгөлд, Од, Гэгээ хоёр хамтран тоглолт хийдэг хэсэг надад Америкийн кино найруулагч Питер Богдановичийн "The Thing Called Love" киног эрхгүй санагдуулсан; ер нь "Од ба Гэгээ" үзэж байхдаа өөр янз бүрийн гадны кинонуудтай харьцуулж бодохдоо Богдановичийн залуусыг хөгжим л хялбархан бас хурдан ойртуулдаг тухай кинотой ойролцоо болохыг мэдэрсэн.
Од Гэгээгийн ээжийн дууг бичиж авснаа дахиж сонсож байгаад Гэгээгийн хэлсэн "хөгжмийг чихээрээ биш сэтгэлээрээ сонс" гэдгийг санаад эргээд хамтлагтай орж, бас Гэгээгээс уучлалт гуйгаад эргэн нөхөрлөдөг. Гэгээгийн дээрх үг бол найруулагч Бат-Амгалангийн мэдрэмжийг чухалчилсан санааны давталт юм. Нэг хэвийн байхаас залхасан, илүү сайжрах гэж киноны туршид тэмцэж, цөхөрч явсан гол дүр Од маань киноны төгсгөлд эргээд байдаг дээрээ бууж байгаа нь киноны зохиолыг хэр тааруу болсныг илтгэнэ. Тэр уг нь ямарваа нэгэн байдлаар урагшилж, дэвших ёстой байсан, ингэсэн бол кино илүү утгатай болох байлаа.

Comments
Post a Comment