Миний нөгөө Би

 


The Double Life of Veronique (1991). Польшийн мастер кино найруулагч Krzysztof Kieslowski-н драм. Киноны зохиолыг тэрээр Krzysztof Piesiewicz-тэй хамтран бичсэн бөгөөд киноны гол дүрд Швейцарь-Францын жүжигчин Irene Jacob тоглосон. Энэхүү бүтээлд, Польшийн найрал дуучин сопрано хоолойт Weronika болон түүний давхар дүр болох Францын Veronique хоёроор дамжуулан идентити, хайр, хүмүүний зөв совин зэрэг сэдвүүдийг авч үздэг; Weronika, Veronique хоёр биесээ таньдаггүй ч хэл, газарзүйн хил хязгаарыг трансцэндент болгосон нууцлаг, сэтгэл хөдлөлийн холбоогоор холбогдсон байдаг. "The Double Life of Veronique" төрөлх Польшоосоо гадна хэсэгчлэн бүтээсэн анхны кино ба уг бүтээл Канны кино наадмаас FIPRESCI шагнал болон шүүгчдийн шагнал хүртсэнээс гадна Irene Jacob шилдэг эмэгтэй гол дүрийн шагналын эзэн болсон буй. Нэг нь Польшид, нөгөө Францад амьдардаг хоёр залуухан хүүхний зэрэгцээ амьдралыг Kieslowski тансаг, оньсого маягаар найруулжээ.

Франц Польшийн хамтарсан продакшн болсон зүүд мэт уур амьсгалтай, нарийн нямбай найруулагтай эл кино нь хоёр улсын хамтын ажиллагааны нөхцлөөс үүссэн мэт хоёрдмол шинжтэй байдаг ба мөн энэ кино  Польшид коммунист засаглал нуран унаж, улсын санхүүжилт зогссон үед найруулагч маань өөрийгөө уран бүтээлчийн хувьд дахин төрүүлэх идентитигаа хайж байсныг давхар илтгэсэн мэт санагдана. "The Double Life of Veronique" нээлтээ хийсэн даруйдаа критикүүдээс ихэнхдээ эерэг үнэлгээ авсан; критикч Jenny Jediny: "Олон талаараа энэ кино бол кино урлагийн бяцхан гайхамшиг" хэмээгээд найруулагч Kieslowski артхаус кино сонирхогчдын дунд нэр хүндтэй байсан тул цаасан дээр буулгахад утга нь төдийлөн ойлгомжтой бус уг киног алдартай болоход нөлөөлж, киноны сэтгэл хөдлөлийн өнгө аяс нь онцгой содон, магадгүй төгс гэж хэлж болохуйц мэдрэмж төрүүлдэг гэж бичжээ. Критикч Hal Hinson: "Алмайруулам яруу найргийн шинжтэй, нууцлаг гунигтай аялгуу шиг" гэж тодорхойлсон. Мөн тэрээр үзэгчээсээ нарийн мэдрэмж шаардсан боловч тун бодитой кино гэж онцлоод; "Кино биднийг өөрийн ертөнцдөө бүрэн татан оруулдаг ба ингэснээр бид өөрсдийн ертөнцдөө эргэн ирэхдээ энэ ертөнцөө урьд өмнө нь төсөөлж байснаас маань хамаагүй баялаг, гүн гүнзгий ер бусын болохыг мэдэрнэ" гэж дүгнэжээ.

Критикч Hal Hinson: "Irene Jacob камерын өмнө ер бусын нээлттэй, эмзэг мэдрэмтгий байж чаддаг жүжигчин юм. Тэр үзэсгэлэнтэй хэдий ч тун өвөрмөц харагддаг, агаад түүний царайны хувьд маш баялаг тул үзэгчдийг анхаарлаас гардаггүй. Түүний жүжиглэх онцлог нам гүм, дөлгөөн байдаг; тэр илүүдэл хөдөлгөөнгүйгээр сэтгэлээрээ тоглож байсан мэт харагддаг. Гэсэн хэдий ч тэр дэлгэцнээ гайхалтай амьд, бодитой оршдог. Тэр тачаангуй хэрнээ гүн гүнзгий сэтгэлийг зэрэг хослуулж чаддаг цөөхөн жүжигчдийн нэг юм". Критикч Caryn James: "Veronique бол жинхэнэ утгаараа яруу найргийн шинжтэй дүр бөгөөд эл бүтээлд хоёр эмэгтэйн зан төрх, сэтгэл хөдлөлийг холбосон нууцлаг холбоог харуулдаг боловч тэдний амьдралын тухай тодорхой, нэгтгэсэн идеаг өгөх зорилго агуулаагүй байдаг". Критикч Roger Ebert: "Энэ бол миний үзэж байсан хамгийн үзэсгэлэнтэй кинонуудын нэг. Зураглаач Slawomir Idziak Irene Jacob-оос пре-Raphael хэв маягийн гоо үзэсгэлэнгийн гялбааг бий болгож чаджээ. Тэр баялаг өнгөний палитр ашигласан, үүнд тод улаан, ногоон өнгөнүүд багтсан ч эдгээр нь ямарваа зүйлийг симболчилдоггүй, харин бусад өнгийг улам тодотгох үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр өнгөтэй хоршдог өөр нэг өнгө бол алтан шаргал өнгө ба мөн үүн дээр арьсны өнгө нэмэгддэг.

  Кино хийгдэх үед 24 настай байсан Irene өө сэвгүй арьстай учраас камер түүний царайн дээр удаан тогтдог". Критикч David Parkinson энэхүү киног хүүхэлдэйн театр шиг нарийн хийцтэй, эмзэг, үзэсгэлэнтэй кино гээд Irene-н гүйцэтгэлийг Канны шилдэг болохуйц дээд зэрэглэлийнх гэж магтжээ. Критикч Elbert Ventura уг бүтээлийг Kieslowski-н хамгийн үзэсгэлэнтэй киногоор нэрлэж, "тодорхой бус түүхтэй, учир битүүлэг хэмнэлтэй, уур амьсгал болон өнгө аяст голлон анхаарсан энэхүү тайлбарлагдашгүй кино нь энгийн өгүүлэмжтэй гэхээсээ илүүтэй яруу найраглаг шинжтэй" гэжээ.  Кинонд метафизикийн элемент их байдаг боловч киноны үйл явдлын ер бусын (supernatural) талыг огт тайлбарладаггүй. Хожим "Three Colours: Blue" киноны нэгэн адилаар Zbigniew Preisner-ын хөгжим үйл явдалд чухал элемент болдог. Киноны зураглалд өнгийг, камерийн шүүлтүүрийг ашиглан эфирийн уур амьсгалыг бүрдүүлдэг буюу зураглаачийн ажил үнэнхүү маягтай байдаг. Зураглаачаар ажилласан Slawomir Idziak өмнө нь "Dekalog" бүтээлд энэ техникийг туршиж үзэж байсан ба найруулагч Kieslowski дараагийн "Three Colours" трилогидоо энэ аргыг түлхүү ашигласан. Kieslowski өмнө нь нэг хүний амьдралыг олон төрлөөр судлах санааг "Blind Chance" кинондоо ашиглаж байсан; Veronique/Weronika дүрийн сонголт нь "Dekalog" бүтээлийн 9-р ангид товчхон гардаг.

  Найруулагч Kieslowski-н "The Double Life of Veronique" кино анхлан Канны наадмаар нээлтээ хийхэд кино урлагийн ертөнц баяр хөөр болон угтан авсан; критикч Georgia Brown нийтлэлдээ "Бид энэ кинонд ховсдуулсан гэж би бодож байна. Өгүүлэмжийн урьдчилсан нөхцөлгүй мэт санагдах энэхүү Франц Польшийн хамтарсан бүтээл сүүлийн үеийн Европын бусад ямар ч киноноос илүүтэйгээр биднийг гайхшруулж, татсаныг өөрөөр яаж тайлбарлах билээ?" гэж бичжээ. Тиймээ, энэ кино яг ховс шиг үзэгчээ алмайруулах чадвартай ба кино ид шидийн мэт ертөнц бүтээснээрээ үзэгчдийг заавал ойлгох бус спиритуал түвшинд харж, мэдэрч, сэтгэлдээ буулгахыг уриалсан мэт байдаг. Эл бүтээл бол энгийн бүтэц хийгээд тайлбарлашгүй нарийн түвэгтэй бүтцийн тэнцвэрийг олж чадсанаараа онцгойром юм. Kieslowski нэгэн ярилцлагадаа киноныхоо тухай "Мухар сүсэг, мэргэ төлөг, зөн совин, зөгнөл, мэдрэмж, зүүд зэрэг нь хүний дотоод ертөнцийг бүрдүүлдэг, энэ бүхнийг кинонд буулгах хамгаас хэцүү" гэж өгүүлсэн байдаг. Өөр нэгэн ярилцлагадаа тэрээр "Энэ киноны түүх нь нэрлэх боломжгүй зүйлсийн тухай өгүүлдэг, хэрэв нэрлэх гэж оролдвоос эдгээр нь ач холбогдолгүй, утгагүй мэт санагдах болно" гэжээ.

"The Double Life of Veronique" киноны сэдэв нь энгийн; Францад амьдрах хүүхэн, Польшид амьдрах хүүхэн хоёр үндсэндээ нэг хүн шиг боловч эрс ялгаатай байдаг ба киноны өгүүлэмж нь найруулагчийн нөхцөл байдалдаа ухаалгаар хандсан хариу гэж харагддаг, Kieslowski хоёр өөр улсад зураг авалт хийхдээ хоёр өөр хүнийг, эсхүл нэг хүнийг хоёр хүн болгосон нь түүний нөхцөл байдлын тусгал ч байж болох шүү дээ. Гэхдээ киноны өгүүлэмж нь энгийн биш Польшийн Weronika санамсаргүйгээр дуулах шалгаруултад орж тэнцээд концертын гоцлол дуучин болдог. Зүрхний асуудалтай Weronika Краковыэ талбайд өөртэйгөө усны дусал шиг адилхан хүүхэнг харсныхаа дараахан удалгүй концертынхоо дундуур дуулж байхдаа үхдэг. Сайхь адилхан хүүхэн бол Францын Veronique буюу хөгжмийн багш тэрээр Польш Weronika оршин байдгийг огт мэддэггүй нь мэдээж төдийгүй Weronika үхсэний дараа тэрээр учир битүүлэг гуниг, ганцаардалд автаж, улмаар дуучныхаа ажлыг орхидог. Дараа нь, тэр сургууль дээр нь хүүхэлдэйн театрын жүжигчин Alexandre-г толины тусгалд хараад дурлачихдаг. Veronique нэрээ нууцалсан утасны дуудлага хүлээн авдаг ба энэ нь түүнийг айлгахаасаа илүү сонирхолыг нь татдаг. Харилцуурын цаана Weronika-н үхэхээсээ өмнөхөн дуулж байсан дуу, мөн өөрийнх нь сургууль дээрээ заадаг байсан хөгжмийн хэсгүүд зэрэг Францын Veronique-д сонсогддог.

Мөн түүнд төрөл бүрийн дуу чимээний цуглуулга болсон кассеттай нууцлаг хайрцаг ирэх бөгөөд мөрдөгч болсон Veronique бичлэгийн мөрөөр явж байгаад Alexandre-тэй уулздаг буюу залуу түүнийг хүлээж байдаг; Alexandre түүнд сайхь бичлэг түүний шинэ романых нь туршилтын нэг хэсэг байсан гэж хэлдэг. Мөн Alexandre Veronique-д эмэгтэй хүн ингэж мөрдлөгө хийж явах психологийн хувьд зохимжгүй гэж хэлдэг, хүүхэн үүнд гомддог ч эцэстээ тэд амрагууд болцгоодог. Энэ киноны үйл явдал, нэн ялангуяа Францтай хэсэг оньсого шиг, өөрөөр хэлбэл тодорхойгүй, бараг урьдаас бэлтгэсэн мэт санагдана. Kieslowski эх орноосоо холдож, "The Double Life of Veronique" Польшид хийж байснаас шал ангид кино шиг харагдаж байгаа ч үнэндээ тийм биш юм. Найруулагч маань өөрийгөө кино ертөнцдөө хэвээрээ л байсан. Мэдээж Баруун Европын орчин болон дүрслэлийн хэв маяг өөрчлөгдсөн хэдий ч Kieslowski-н мистик, спиритуал өгүүлэмж огт өөрчлөгдөөгүй. "Blind Chance" кинонд нэг үйл явдлаас улбаатай үүсэж болох гурван өөр тохиолдлыг үзүүлдэг бол "No End" кино нь натуралист шинжтэй ч нас барсан нөхрийгөө дахин харж байгаа эмэгтэйн тухай өгүүлдэг.

  Харин алдарт арван ангит "Decaloque" бүтээлд хувь тавилан хийгээд хүмүүсийн амьдрал өөр хоорондоо хэрхэн холбогддогийг реалист байдлаар үзүүлдэг билээ. "The Double Life of Veronique" кино илэрхий улс төрийн сэдэв агуулаагүй гэдгээрээ онцлогтой ба 1960-аад оны дунд үеэс баримтат киноны найруулагчаар ажиллаж эхэлсэн Kieslowski Коммунист Польштой асуудалтай байсан ч 1990-ээд оны эхээр Польшийн улс төрийг сонирхохооо бүрмөсөн больсноо мэдэгдсэн юм. Үүнийг илтгэх нэгэн жишээ бол Краковын талбайд жагсаал болж байхад Weronika бодолдоо автан, хүмүүсийн эсрэг чиглэлд алхаж байгаа харагддаг; Kieslowski ч бас өөр зүйлсийг бодож байсан нь дээрх сцэнд тусгал болон илэрч байна. Kieslowski хос дүрдээ найруулагч Louis Malle-н "Au revoir les enfants" кинонд жижигхэн дүр бүтээснээс өөрөөр танигдаагүй Irene Jacob--г сонгохдоо Malle-н кинонд гүйцэтгэсэн тоглолт нь нөлөөлсөн гэдэг. Irene дараа нь Kieslowski-н "Three Colors" трилогийн "Red" кинонд тоглосон билээ. Үзэгчдийн сэтгэлд ямар нэгэн дүрээр хоногшоогүй байсан үзэсгэлэнт Irene "The Double Life of Veronique" киноны туршид бараг кадр болгонд харагддаг учир уг киног түүнгүйгээр төсөөлөшгүй, энэ кино, түүний нэр хоёр хамтдаа явдаг нь аргагүй юм. Irene-д төвлөрсөн уг кино нь гол дүрийн жүжигчнээ үзэгчдэд зориудаар дурлуулахаар бүтээгдсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ.

  Weronika-г анхны том планаар авдаг хэсэгт хүүхэн бороонд ганцаараа дуулж байдаг,түүний царайнаас баяр баясгалан шууд харагддаг. Энэ кадр Weronika бол спиритуал төдийгүй дур хүслийг таашаадаг болохыг илтгэх ба тус сцэний дараа Weronika найз залуутайгаа янагладаг нь сайхь мөчийн үргэлжлэл шиг байдаг. Weronika-н энэхүү шинж чанар Veronique-д бас адилхан байдаг буюу тэд адилхан амархан уйтгарладаг, дурламтгай, дур тачаалд сэрэлтэй байдаг. Сэтгэл хөдлөл өндөртэй Weronika, Veronique хоёр нэгэн зэрэг сексийн хувьд дур тачаал ихтэй бас дур тачаалгүй юм шиг байдаг ба тэд сексийн идэвхтэй амьдралтай ч тэдний дээд таашаал нь секстэй хамаагүй байдаг ба бороонд дуулах Weronika-н төрх болоод орондоо ном унших Veronique-г харуулах камерын хөдөлгөөн зэргээс тэдний дээд таашаал бол урлаг болохын ойлгож болно. 

Comments