The Discreet Charm of the Bourgeoisie (1972). Испанийн мастер кино найруулагч Luis Buñuel-н зохиолыг нь бичиж, найруулсан сюрреалист, егөөдөлт, бараан комеди. Уг сюрреал комедид Францад суугаа Миранда улсын (зохиомол улс) элчин сайд болон түүний хэсэг бүлэг хөрөнгөтөн найзуудын хамтдаа хооллох гэсэн үргэлжилсэн оролдлогууд тувт бүтэлгүйтэн тасалдаж байгааг харуулдаг. Хамтдаа тансаг оройн зоог, дэгжин үдэшлэгт оролцохыг хичээдэг боловсролтой, дунд эргэм насны зургаан хөрөнгөтнүүдийн удаа дараагийн хачирхалтай бүтэлгүйтэл нь найруулагчийн гарын үсэг болсон сюрреалист хэв маягаар баялаг буюу "The Discreet Charm of the Bourgeoisie" нь Buñuel-г хамгийн ойлгомжтойгоор илтгэсэн кино нь юм. Эл бүтээл критикүүд болон арилжааны хувьд амжилт олж, Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртсэн. Киноны гол дүрүүдэд; Fernando Rey, Paul Frankeur, Delphine Seyring, Julien Bertheau, Stephane Audran, Bulle Olgier, Milena Vukotic болон Jean-Pierre Cassel нар тоглосон.
Кино сэдэвчилсэн хэд хэдэн сцэнээс бүрдэнэ; хөрөнгөтөн найзуудын таван цугларалт, өөр өөр дүрүүдийн дөрвөн зүүд. Киноны эхлэл цугларалтуудад төвлөрдөг бол сүүлчийн хэсэг зүүд дээр төвлөрдөг ч аль аль нь хоорондоо сүлэлддэг. Мөн бусад дүрүүдийг оролцуулсан сцэнүүд бий; тухайлбал Мирандагийн маоист терррористын элчин сайдыг хөнөөхөөр завдсан хоёр сцэн бий. Киноны ертөнц логикгүй ба хачирхалтай үйл явдлуудыг дүрүүд хүлээн зөвшөөрдөг. Buñuel энэхүү сюрреал шедеврийнхээ зохиолыг Францын зохиолч Jean-Claude Carriere-тэй хамтран бичсэн бөгөөд энэ кино нь түүний өмнөх кинонуудаас илүүтэй хачин, эротик шинжтэй болсон. Buñuel энэ урвуу хөнтөрүүлэлтдээ янз бүрийн суртал ухуулгыг шингээж, радикал соёлыг хэрхэн өөрчилсөнийг харж болно. Чамин, үзэсгэлэнтэй цэцгийн хүлэмж шиг уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 172-р байрт эрэмбэлээд байна.
Өөрийнхөө бүтээлүүдийг давтаад байна гэж мэдэрсэн Buñuel 1970 онд "Tristana" киногоороо зодог тайлж буйгаа мэдэгдсэн. Энэ явдлын дараахан Buñuel продюсер Serge Silberman-тай уулзсан ба продюсер түүнд оройн зоог барихаа мартсан, зургаан өлссөн найз нь гэнэт зочлон ирсэн түүхийг ярьсан нь найруулагчид маань гэнэтийн урам зориг, санаа сэдэл төрүүлжээ. Buñuel Францын зохиолч Jean-Claude Carriere-г хамтрагчаараа сонгож, Silberman тэдэнд урьдчилгаа мөнгө өгснөөр тэд эхний нооргийг гурван долоо хоногт бичсэн бол 1971 оны зун гэхэд киноны тав дахь нооргийг дуусгажээ. Buñuel өмнө нь хамтран ажиллаж байсан Fernando Rey, Michel Piccoli зэрэг олон жүжигчдийг сонгож, жүжигчдийнхээ хувийн онцлогт тохируулан дүрүүдийг нь өөрчилжээ. Найруулагч маань эмэгтэй дүрүүддээ жүжигчин сонгоход амаргүй байсан ба Delphine Seyring, Stephane Audran хоёрт хүссэн дүрдээ тоглох сонголтыг өгсөн байдаг. Jean-Pierre Cassel сонгон шалгаруулалтын үеэр Buñuel өөрийг нь ганцхан хараад л сонгосонд гайхсан гэдэг. "The Discreet Charm of the Bourgeoisie" киног критикч Robert Benayoun найруулагчийн хамгийн шууд бас хамгийн олон нийтийн кино гэж дүрсэлсэн.
Критикч Vincent Canby: "Ер бусын хөгжилтэй, төгс жүжиглэлттэйгээс гадна энэ кино нь зөвхөн Buñuel-н мэдрэмжээр л эвгүй эллипсист түшиглэхгүйгээр хүрч чадах гайхалтай хурд, итгэлтэй байдлаар хөдөлдөг". Buñuel хожим нь киноных нь талаарх ихэнх критикүүдийн анализид сэтгэл дундуур байгаагаа хэлсэн байдаг. Мөн тэрээр киноных нь сурталчилгааны постер дээрх бөмбөгөр малгайтай, хөлтэй уруулны зурагт дургүйгээ илэрхийлсэн байдаг. Buñuel, Silberman нар 1972 оны сүүлээр киноныхоо сурталчилгааг хийхээр Америк руу аялсан. Нэгэн сэтгүүлийн сурвалжлагчид киноныхоо хамгийн дуртай дүрийг зүүдний цувралд гардаг жоомнууд гэж ярьсан байдаг. Лос Анжелест зочилж байхдаа Buñuel, Carriere, Silberman нарыг Buñuel-н хуучны найз найруулагч George Cukor үдийн зоогт урьжээ. Бусад зочдын дунд Billy Wilder, Alfred Hitchcock, John Ford, William Wyler, Robert Mulligan нарын алдартай найруулагчид байв. Buñuel-н дуртай найруулагчдын нэг Fritz Lang зоогт оролцож чадаагүй ч Buñuel маргааш нь түүн дээр биечлэн очоод гарын үсэгтэй зураг авчээ. Бүх кино бидэнтэй тоглодог, хамгийн шилдэг нь үүнийгээ хүлээн зөвшөөрдөг; барагалж бүх кино түүхээ бодит мэт байлгахыг хүсч, биднийг нухацтай авч үзээсэй гэдэг. Комеди жанрын кинонууд дүрэм зөрчихөд асуудалгүй байдаг билээ. Buñuel-н дийлэнх нь кинонууд ямар нэгэн байдлаар комеди жанрынх авч кино тэр хошигноддоггүй, онигоо яриулдаггүй, түүний комеди нь зальжин, хорон байдаг.
"The Discreet Charm of the Bourgeoisie" киног түүний өөр нэг сор бүтээл болох "The Exterminating Angel"-тэй зэрэгцүүлэн авч үзье; сүүлд дурдсан кинонд хэсэг бүлэг зочид нэгэн байшинд оройн зоогт ирээд тэндээсээ явж чадахгүй байгаа тухай өгүүлдэг. Зочид нууцлаг байдлаар байшинд хэдэн долоо хоногийг өнгөрөхөөс аргагүй болдог ба зочдын иргэншсэн төрх байдал алдагдаж байхад гадаа байх цагдаа болоод хэвлэлийнхэн яаж ч чаддаггүй. Одоо толины нөгөө талын гацсан хүмүүс буюу миний энд онцолж буй киног авч үзвэл, энд тэд байнга оройн зоогт ирдэг, заримдаа бүр ширээнд суудаг ч хэзээ ч хоолоо идэж чаддаггүй. Тэд буруу үед ирдэг, эсхүл орсон ресторанд нь оршуулга болж байдаг, эсхүл цэргийн сургуулилт тэдний хооллолтыг тасалдуулдаг. Оройн зоог бол хөрөнгөтөн ангийн нийгмийн үндсэн зан зүйл юм. Оройн зоогийн үеэр тэд эд хөрөнгө, ололт амжилтаа бие биедээ харуулдаг ба хийх ажилгүй тэдэнд хоол идэх нь ямар нэгэн юм хийх, ямар нэгэн юм ярих "ажил" болдог аж. Оройн зоогоор онгирч, сагсуурч, өөрсдийгөө харуулах нь хөрөнгөтнүүдийн хувьд тайвшрал, амар амгалан болдог.
Уг киноны хошигнол бол Buñuel хоолыг тасалдуулж буй аргаараа ялзарч буй Европын язгууртнуудын гүнд нуугдаж буй завхайрал, хар тамхины наймаа, хууран мэхлэлт, цэргийн эргэлт, гажуудал, уйтгар гунигийг гаргаж тавьсан явдал юм. Түүний гол баатрууд улс төрчид, цэргийнхэн хийгээд баячууд байдаг, харин найруулагч маань шашин сүмийнхнийг шоолохоо мартаагүй, туслах дүрийн хамба лам нь цэцэрлэгийн хувцас өмсөж, баячуудын цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллах фетиштэй байдаг. "The Discreet Charm of the Bourgeoisie" кино нь Buñuel-н хамгийн амжилттай бүтээл байсан ба алдарт "Belle de Jour" киноноос нь илүү мөнгө авчирчээ. Энэ кино нийгмийн үймээн самуун оргилдоо хүрч, Вьетнамын дайн дүрэлзэн асч, хөрөнгөтөн дээд давхаргынханыг жигших нь моодонд орж байсан үед гарсан нь амжилтынх нь нууц байж болох. 1972 онд жаахан мэдлэгтэй үзэгчид уг киног бусад руу дайрсан бүтээл гэж харж байсан бол өнөөдрийн үзэгчид, ялангуяа сэхээтэн үзэгчид юу гэж харах бол гэдэг сонин. Luis Buñuel (1900-1983) бол Мексик, Испани, Холливуудад ажиллаж байсан сюрреалист найруулагч юм. Тэрээр Salvador Dali-тай хамтран "Un Chien Andalou" гэдэг магадгүй бүх цаг үеийн хамгийн алдартай богино хэмжээний киног хийсэн байдаг.
Buñuel улс төр, санхүү, урлагийн цөллөгт олон жил амьдарсан бөгөөд тэр үргэлж эрх баригчдыг үл хүндэтгэж, хүмүүний мөн чанарын егөөдөн шоолж, өөрийнхөөрөө ажиллаж ирсэн. Түүний дүрүүд нь ихэвчлэн амиа хувиа хичээсэн, сэтгэл ханамжийн төлөө аливаа зарчмаас зөрөхөд бэлэн байдаг. Түүний баганын тавцан дээр 37 жил амьдарсан гэгээнтний тухай "Simon of the Desert" кинонд ч гэгээнтэн маань өөрийнхөө эго-гоор сэдэлжиж байдаг буюу гэгээнтэн өөрт нь татагдсан хүмүүсийг хайрладаг. "The Discreet Charm of the Bourgeoisie" киноны анхны кадраас л үзэгчид түүний дүрүүд хэрхэн биеэ авч явдагийг мэдэж болдог; тэд өөрсдийн байр сууриа хувцасаараа илэрхийлдэг. Buñuel-н кинонд, хувцас зөвхөн хүнийг бүтээдэггүй, хувцас нь өөрөө хүн болдог. Найруулагч маань хувцас, гуталны фетиштэй байсныг санавал энэ нь ойлгомжтой санагдахуйц юм. Кино бие даасан үзэгдлүүдэд хуваагдаж, эелдэг нийгмийн уйтгартай өнгөц байдал ба үүний дор нуугдаж буй хүсэл тачаалыг харуулдаг. Найруулагчийн маань үзэж байгаагаар хөрөнгөтнүүдийн ёс зүй бол хүмүүний мөн чанарын хамгийн сул, эмзэг шинж төрх юм. Киноны өгүүлэмжийн урссан жигд байдлыг Buñuel-н бүтэц хөгжилтэйгөөр нураадаг.
Жишээлбэл; эмэгтэй дүрүүд кафед цайлах гэж байхад залуухан дэслэгч хүрч ирээд өөрийнхөө дурсамжийг ярьснаар кино түүний эргэн дурсах түүх рүү ордог; дэслэгч ярьж дуусаад хүүхнүүдэд өдрийг сайхан өнгөрүүлэхийг хүсээд явж оддог. Мөн хөрөнгөтнүүд цэргийн даргын гэрт уригдан очоод сайхан зоог барилаа гэтэл хөшиг нээгдэж, тэд театрын тайзнаа байгаагаа ухаардаг. Дүрүүд нь төөрөлдсөнөөс бус харин Buñuel энэ мэт илэрхий арга ашиглан өөрийгөө зугаацуулж байгаа учраас зүүдэн дотор зүүд өрнөж байгаа юм. Энэхүү кино нь зэрлэг юмуу ууртай бус, харин гайхширсан, циник ба найруулагч маань эл бүтээлээ хийхдээ 72 настай байлаа. Продюсер Silberman Buñuel-н арыг дааснаар тэрээр төсөөлөл, хүслүүдээ биелүүлэх боломжтой болсноор уг киноноос гадна "That Obscure Object of Desire" шедевр нь бүтсэн. Buñuel-н сүүлчийн кинонуудад ажилласан хамтран ажилласан Carriere мөн Buñuel-н намтар бүтээлд тусалжээ.

Comments
Post a Comment