Ариун сэтгэлт

 


Nights of Cabiria (1957). Италийн мастер кино найруулагч Federico Fellini-н комеди-драм. Кино зохиолыг тэрээр Ennio Flaiano, Tullio Pinelli болон Pier Paolo Pasolini нарын хамтаар бичсэн. Киноны гол дүрд алдарт Giulietta Masina тоглосон ба тэрээр Cabiria-н дүрээрээ Канны кино наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Мөн уг кино Оскарын кино наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино шагнал хүртсэн бөгөөд өмнөх жил нь Fellini "La Strada" киногоороо мөн тус шагналыг хүртэж байсан (Giuliette Masina мөн тоглосон). "Nights of Cabiria" киног Fellini-н оргил туурвилуудын тоонд оруулж ирсэнээс гадна 20-р зууны хамгийн шилдэг кинонуудын нэг гэж өргөмжилдөг бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 199-р байрт жагсаагаад байна. Giulietta-н гүйцэтгэлийг кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг эмэгтэй тоглолтуудын нэг гэж үнэлдэг.

Киноны түүх нь үндсэндээ удаа дараа мэхлэгдэн шархалдаг ч романтик хайрын дуусашгүй нөөцтэй, цагаан сэтгэлт биеэ үнэлэгчийн хүүхний амьдрал болон замналыг нь харуулсан таван уртасгасан эпизодоос бүрддэг. Giulietta-н хэтрүүлэгтэй нүүрний мимик, алиалагч төрх байдал дуугүй комедийн хэвшмэл хэлбэрийг санагдуулам манерист байдаг ч Fellini өөрийнхөө гэнэн цайлган байдлын төсөөллийг чадварлагаар уялдуулж өгсөн байдаг. Найруулагч Pasolini-н бичсэн Ромын гудамжны бохир ширүүн хэллэгийг үл харгалзан хэт мелодраматик, мөрөөдлийн уг кино нь ердийн утгаараа "неореализм" гэж ангилахад тохиромжгүй боловч Fellini-н бусад киноны нэгэн адил хэмжээлшгүй их татах увдистай байдаг. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе.

  Дэлхийн дайны дараах унтаа нойрноосоо сэрж буй мэт Ром хот. Ядуу Ром \ Federico Fellini Ром хотыг дэлхийн хамгийн сайхан хот гэж үздэг байсан\. Гуйланчлал, орон гэргүйчүүд, янханчлалаар дүүрсэн нийгэм. Ядуу, ядарсан газар мөнгөний төлөө буюу амьдрахын төлөө хүмүүс бүгдийг хийнэ. Мөнгөний төлөө тэд биеэ худалдахаас гадна биеэ биенээ худалдана. Кинонд зөвхөн Ром хотыг л үзүүлж байгаагаас бус аль ч улсын, ямар ч хотыг Ром гэсэн хотоор төлөөлүүлсэн байдлаар үзүүлсэн нь илэрхий бөгөөд тодорхой. Ерөнхийдөө бидний амьдарч буй нийгмийн бодит байдлыг, үнэн байдлыг маань дэндүү “амьдралтайгаар”, хүлээн зөвшөөрөмгүй хэдий ч эвлэрэхээс өөр аргагүй бодитоор үзүүлсэн, гашуун үнэн, өөрөөр хэлбэл неореализм кино төрлөөс илүү дээр дурьдсан бүхнийг дүрсчүүлэх кино төрөл байхгүй бизээ. Киноны гол дүр бол Ром хотын ядуусын дүүрэгт амьдрах, ганц бие, гуч гарсан, шавран байшинд суух Cabiria гэгч ба энэ бүсгүйн амьдралд анхаарлаа хандуулахыг хүсье.

  Найруулагч маань уг эмэгтэйн дүрээр ерөнхий бүх санаагаа гаргаж, түүний эргэн тойрондох бусармаг зүйлсээс үзэгч бидний жигшлийг төрүүлэхийг хүссэн буйзаа. Cabiria-аа бол тэр цаг үеийн маш олон бүсгүйчүүлийн адил гудманд зогсох биеэ үнэлэгч. Cabiria-д гоо үзэсгэлэн, гоё галбир байхгүй ч эрчүүдийг татах увдистай. Тэрээр цэвэр ариун сэтгэлтэй бөгөөд үргэлж хөгжүүн явдаг өөдрөг, хиргүй гэнэн байдлын биелэл болно. Хэдий янханы дүр боловч Cabiria-н дүр кино урлагийн хамгийн өрөвдөм, шударга бас ариун дүр болно. Мөн хамгийн санаанаас үл мартагдам, давтагдашгүй онцгой шилдэг дүр билээ. Cabiria зовж цуглуулсан мөнгөө хадгалах ба нэг сайхан өдөр цагаан морьтой ханхүү ирж түүнийг аваад явна гэж үргэлж итгэнэ. Нэг нартай өдөр царайлаг сайхан залуу Cabiria-н амьдралд орж ирнэ. Cabiria ч түүнд ухаангүй дурлаж бүхнээ зориулна. Гэрийнхээ хана, таазаар дүүрэн зургийг нь өлгөж наана. Гэвч сайхан залуу түүнд үнэндээ сайн байсангүй. Нэг бороотой өдөр голын эрэг дээрээс Cabiria-г түлхэж унагаад, мөнгөтэй цүнхийг нь аваад зугтана. Хууртаж, тэнэг байдалд орсон бүсгүй амьд гарсандаа л баярладаггүй юм бол үнэндээ хөөрхийлтэй. Гэвч тэрээр бүхнийг дахиад л шинээр эхэлж, гудмандаа зогсон гэрэлт ирээдүйдээ итгэсээр.

Ингэж яваад шөнийн клубын үүднээс алдарт жүжигчин залуутай санамсаргүй таарна. Нэрт жүжигчин болох залуу сэтгэлт бүсгүйтэйгээ хэрэлдээд ааш авир муу байх ба уй гунигаа дарахын тул гудманд байх Cabiria-г дуудаж хамт “шоудна”. Хайртай хүндээ гомдсон гомдлоо тайлахын тулд Cabiria-г бүр гэртээ аваачна. Тансаг, дээд зэрэглэлийн байшинд анх удаа очиж байгаа Cabiria шоконд орно. Гэвч яг тэр мөчид хэрэлдсэн найз хүүхэн нь ирж таарна.. энэ мэт хөгжилтэй юм шиг мөртлөө эмгэнэлтэй сцен олон. Цаашаа Cabiria маань ийнхүү хөглөж яваад илбэ, ид шид, ховсдолт хийдэг үзүүлбэрт санамсаргүй байж байгаад орчихно \тэрээр шөнөөр үйлчлүүлэгч хайж байгаад сониуч гэнэн зангаасаа болж ямар нэг юманд орчихдог байв\. Cabiria ховсдуулсан үедээ дотоод бүх сайн сайхан, хүнлэг, энэрэнгүй байдлаа мэдэхгүй гаргаж орхино, нэг ёсондоо хамаг нууцаа, хамаг сэтгэлээ олны өмнө илчилсэн гэсэн үг.

Ингээд юу болсоныг мэдэхгүй байж байтал түүн дээр нэг цэвэрхэн, цэмбэгэр залуу ирж танилцая гэнэ. Залуугийн ярихаар бол тэр үдэш (ховсдуулан бүх юмаа ярьдаг) түүнийг анх харсан агаад бүсгүйд дурласан гэнэ. Мөн түүнчлэн хиргүй сайхан сэтгэлтэйг нь гайхаж, яг л миний хайж байсан, мөрөөдлийн бүсгүй гэснээр Cabiria-г гуйж эхэлнэ. Cabiria харин тэр үдэш танихгүй хүмүүст хамаг амьдралаа ховсдуулахын нөлөөнд автан байж ярьсандаа зовж, үүнд анхааралтай хандана. Харин дурласан залуу нь бол төрийн албан хаагч, нүдэнд дулаахан залуу байгаа нь Cabiria-д дахин нэг итгэл төрнө. Залуу уйгагүй бүсгүйг гуйж, хэдэн болзооны \тун аятайхан болзоонууд\ дараа хуримлах санал тавина. Cabiria их сүсэг бишрэлтэй, өөрийнхөө нүгэлээ байнга бурханд наманчлаж, ирээдүйгээ даатгах ба их зовсны эцэст, олон хууртагдсаны эцэст одоо л бурхан түүнийг сонсож ханхүүг нь явуулж гэж итгээд гэрлэх саналыг зөвшөөрнө.
Өнөөх залуу нь Cabiria-г хамт амьдрах юм чинь бүх юм хумаа зараад хүрээд ир гэхэд Cabiria байр оронгоо зарж, зарсан мөнгө дээрээ хуримтлуулсан байсан хэдээ нэмэн цүнхлээд ирээдүйн нөхөртөө очно. Cabiria өмнөх гашуун туршалагаа мартаагүй болохоор мыг яаж мэдэхэв гэж сүйт хархүүгээ туршин цүнхтэй мөнгөө эхлээд шууд өгтөл залуу авахгүй ба харин хоёулаа ойгоор зугаалъя гэнэ. Үүнд Cabiria байтугай бүх хүүхэн итгэх байсан буйзаа. Ингээд хосууд ойгоор явсаар хадны эрмэг дээр ирэхэд сүйт залуу Cabiria-г хаднаас түлхэхийг завдах ч арай зүрхлэхгүй ч нүднээс нь бүх санаа нь уншигдана. Бүсгүй цүнхээ өгөх ёстойг, өгөхгүй байх аргагүйгээ тэр харцнаас олж харан цүнхээ өгөхөд залуу цүнхийг аваад арилж өгнө. Cabiria залууд гомдохоос илүүтэй өөрийнхөө гэнэн тэнэгт, мөн амьдралд гомдож олон цагаар уйлан хадны эрмэгт хэвтэнэ. Тэрээр босч, ойгоор явсаар замруу ороход замаар баахан хүмүүс дуулж, бүжиглэн, бас хөгжимдөхтэй таарах ба Cabiria-ын гунигт царай төрх уг хөгжөөнөөр дусал дуслаар гэрэлтэн гийж бүр инээгээд ирнэ. Тэр дахин биеэ үнэлэхийг мэдэхгүй, түүнд одоо юу ч байхгүй, гэхдээ түүнд заяагдсан мөнхийн бадрангуй сэтгэл байх агаад тэр сэтгэл үргэлж дүрэлзэн асаж, сайн сайханд итгэх итгэлээ өнөд тээсээр эцсийн амьсгаагаа авах нь дамжиггүй ээ.

"Cabiria" гэдэг нэрийг 1914 оны Италийн "Cabiria" гэдэг киноноос авсан бол Cabiria-н дүрийг Fellini өмнөх кино болох "The White Sheik" киноны богинохон сцэнээс авсан. Fellini энэ киногоо хийхэд  нь Masina-н өмнөх кинонд бүтээсэн дүр ихэд нөлөөлж. Гэвч Италид хэн ч биеэ үнэлэгчийг гол дүр болгон харуулсан киног санхүүжүүлэхийг хүсээгүй ба гэхдээ эцэст нь, Dino de Laurentiis мөнгө гаргахаар болсон. Найруулагч маань зарим дүрээ "Il Bidone" киноныхоо зураг авалтын үеэр танилцсан жинхэнэ биеэ үнэлэгчээс сэдэвлэсэн аж. Бодитой, жинхэнэ байлгахын тулд тэрээр Ромын гэмт хэргийн ертөнцийг сайн мэддэг гэдгээрээ алдартай Pasolini-гоор харилцан яриагаа бичүүлжээ. "Nights of Cabiria" Америкт нээлтээ хийхэд критикч Bosley Crowther: "la Strada" болон дайны дараах Италийн бусад неореалист кинонуудын нэгэн адилаар энэ кино үйл явдлаас илүү сэдвийг хөгжүүлэхэд чиглэгдсэн. Киноны сонирхол нь эмэгтэй гол баатарын амьдралд тохиолдож байгаа зөрчил бус харин түүний амьдралын хэв маягаас харагдах хүмүүний золгүй байдлын гүн гүнзгий, далд үр дагаврыг үзүүлэхэд оршиж байна. Энэ кинонд хоёр сул тал бий; энэ нь бохир заваан уур амьсгалтай бөгөөд гол дүрд ямар нэгэн ойлгомжгүй, хангалтгүй шинж байдаг. Дүрийн бүтэц нь амьдарч буй орчинтой харьцуулбал этгээд, логик үгүй ба хошин манеризм нь сэдвийн муухай реализмтай зөрчилддөг.

  Киног анхны нээлтээ хийхэд нь Францын найруулагч François Truffaut Fellini-н өнөөг хүртэлх хамгийн шилдэг кино гэж магтаж байв. Олон жилийн дараа критикч Janet Maslin "Nights of Cabiria"-г кино урлагийн сод бүтээл, төгсгөлийн кадр нь Холливуудын ямар ч блокбастер кинонуудаас илүү шар үс босгом үнэ цэнэтэй гэжээ. Cabiria яг л хүүхэлдэйн зургаас гараад ирэв үү гэлтэй царай төрхтэй байдаг; мөрөө хавчиж байгаа, алхаа гишгээ, нүүрний мимик нь жүжгийн гүйцэтгэлийг санагдуулна. Мэдээжээр, биеэ үнэлэгч байх ямагт тодорхой хэмжээгээр жүжиглэхийг шаарддаг ч Cabiria Charlie Chaplin-н Бяцхан Тэнүүлч дүрийг дуурайгаад байгаа юмуу, эсхүл угаасаа Chaplin-н алдарт дүрээс сэдэвлэсэн байх гэсэн санааг өгнө. Cabiria өөрийгөө комик дүрээр хуяглавал эргэн тойрныхоо муу муухайд өртөхгүй гэж бодож бөйх шиг байдаг. Эсхүл энэ нь дүр бүхий жүжиглэлт бус харин жинхэнэ өөрөө байж магадгүй. Тэр гэмгүй цагаахан, нүгэлтнүүдийн дундах гэгээнтэн байж ч болох. Giulietta Masina-н тоглолтын нэг таашаам зүйл бол өөрийгөө хэтэрхий хянадаггүйд оршдог ба Cabiria-н төрх байдал заримдаа хиймэл юм шиг санагдахын зэрэгцээ үргэлж өөрийнхөөрөө байгаа мэт мэдрэгддэг. Гайхамшигт Giulietta Masina-н нөхөр нь Fellini байсныг бид бүгд мэдэх билээ.

Энд өгүүлж буй киноноос гадна "8 1/2", "Amarcord" болон "La Strada" гэсэн 4 киногоороо Fellini Оскараас шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг авсан байдаг. "Nights of Cabiria" бол тухайн үедээ түүний хамгийн бага танигдсан кино байсан ба "La Dolce Vita" киноныхоо ихэнх материалыг энэ киноноосоо аваад дахин боловсруулсан гэдэг. Fellini байнгын хамтрагч хөгжмийн зохиолч Nino Rota-тайгаа мөн л энэ кино дээрээ хамтран ажилласан ба энэ кино нь илүү насанд хүрэгчдийн сэдвээр хийгдсэн Chaplin, Fellini хоёрын хамтрал шиг байдаг. Cabiria дүрийн цаана Бяцхан Тэнүүлч байж болох авч Chaplin-н дүр хорон санаатнууд хийгээд жаргалтайгаар төгсдөг ертөнцөд амьдардаг бол Cabiria Ромын бие үнэлэгчдийн доод түвшинд амьдрах гэж үзэж тардаг. Cabiria бол хөдөлмөрч хүүхэн, тэр цагдаагаас зугтан бутанд нуугддаг, ачааны машинд авиран гардаг, зодоон хийдэг шазруун, гүжирмэг хүүхэн. Тэр өөрийн гэсэн байшинтай, энэ байшин нь бараг хогийн цэг дээр байдаг ч тэрээр үүгээрээ бахархдаг. Аюултай эрчүүдэд татагддаг тэрээр хэзээ нэгэн цагт жинхэнэ романтик хайраа олно гэдэгтээ итгэлтэй явдаг билээ. Биеэ үнэлэгч байна гэдэг хаана ч, хэзээ ч дасан зохицихын нэр гэлтэй; Cabiria алдартай кино жүжигчиний гэрт очдог хэсэгт тэрээр шөнийг нохойтой хамт өнгөрүүлэхээс өөр аргагүйд хүрдэгээс харагдана. Нэгэн үзэгдэл Cabiria Ариун Mary-н тахилын ёслолд биеэ үнэлэгчийн зуучлагчтай хамт оролцдог агаад энэ үйлдэл нь түүнийг ямар нэгэн гэтэлгэлийг эрэлхийлж байж болохыг илтгэнэ.

Уг үзэгдлийн дараа, тэрээр нэгэн сайн үйлстэн нэгэн цагт үзэсгэлэнтэй ч, амжилттай ч явсан боловч одоо нүхэнд амьдардаг эмэгтэйд хүнс өгч байгааг хардаг. Түүний ирээдүйн амьдрал ийм болох магадлалтай. Cabiria бол нүгэлтэй ажил хийдэг хэдий ч гэтэлгэлийг эрэлхийлж байгаа дотоод сэтгэлдээ ариухан хүүхэн юм. Тайзан дээр гараад гипнозид ордог хэсэгт тэрээр өөрийнхөө бүхий л итгэл найдвар хийгээд чин сэтгэлээ илчилдэг билээ. Найруулагч Fellini бол үг,хөгжмийг яруу найрагч байлаа. Тэр кинонуудаа хийхдээ хэзээ ч диалогийг бичиж авдаггүй байсан ба үргэлж дараа нь синхрончлон буулгадаг байв. Зураг авалтын талбай дээр Fellini бараг бүх сцэнд хөгжим тоглуулдаг байсан ба түүний ихэнх дүрүүдийн алхаа, хөдлөл зэргээс энэ нь мэдрэгддэг, ийм суурь хөгжим бүгдийг нэг хэмнэлд оруулдаг аж. Харин энэ кинонд Cabiria хэмнэлийг сонсож байгаа ч өөрийнхөө аялгуунд алхаж байгаа мэт санагддаг. 

Comments