Шилэн нүдэт

 


Repulsion (1965). Польш-Францын мастер кино найруулагч Roman Polanski-н сэтгэлзүйн хоррор, триллер. Лондонд бүтээгдсэн энэ кино нь найруулагчийн анхны Англи хэлээр хийсэн кино байснаас гадна түүний хоёр дахь бүрэн хэмжээний кино юм. Кино зохиолыг тэрээр Gerard Brach-тай хамтран бичсэн бол гол дүрүүдэд; Catherine Deneuve, Yvonne Furneaux, Ian Hendry, John Fraser, Patrick Wymark нар тоглосон. Кинонд, эгчтэйгээ хамт амьдардаг сэтгэлийн гүн түгшүүртэй залуухан хүүхэн эгчийгээ явсны дараа байрандаа ганцаараа үлдсэн хойноо олон тооны хар дарсан зүүд зүүдэлж галзууч буй тухай өгүүлдэг. Кино нь гол дүр Carol-н эрчүүдтэй холбоотой, эрчүүдийн түүнийг хүсэн тачаадахтай холбогдсон хар дарсан зүүднүүд, тод халлюциногенийг түүний өнцгөөс төвлөрөн үзүүлдэг. Канны кино наадмаар нээлтээ хийсэн "Repulsion" киног критикүүд сайшаан хүлээн авч, эдүгээ Polanski-н сод бүтээлүүдийн нэг гэж үздэг. Гүн гүнзгий сэтгэл түгшүүлэм, аймшигтай үнэмшилтэй энэхүү сэтгэлзүйн триллер нь эмэгтэй хүн аллага үйлдэхийг зөвшөөрсөнөөрөө тухайн үед ховор үзэгдэл болж байв.

Үзэсгэлэнт Catherine Deneuve-н айсан амьгүй харц кинонд давамгайлдаг буюу энэ нь "Psycho" шедеврийн шүршүүртэй сцэний төгсгөл дэх Janet Leigh-н хоосон харцыг санагдуулна. Мөн найруулагч Joseph Losey-н "The Servant" бүтээлийн эмх замбараагүйтэл, бохир заваанаас тодорхой зүйлсийг авсан гэж үздэг. Бүхэлдээ ганц хүний өнцгөөс галзуурлын ертөнцийг ийм үнэмшилтэй байдлаар харуулсан кино олон биш. Polanski дүр нь айдас түгшүүрийг хэрхэн мэдэрч байгааг яг тэр чигээр нь үзэгчдэд мэдрүүлэхийг хүссэн гэлтэй. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 598-р байрт эрэмбэлээд байна. Ингээд бүгдээрээ шизофренитэй хөөрхөн хүүхэнтэй хамт байх гээд үзэцгээе.

"Repulsion" киноны түүхийг Polanski, Brach хоёр зохиосон ба Brach Парист байхдаа зохиолын ерөнхий тоймыг бичсэн. Төрөлх Польшоосоо Их Британид нүүж ирээд удаагүй байсан Polanski киноныхоо үйл явдлыг Лондонд өрнөж байгаагаар хийхээр шийджээ. Түүний хэлснээр, киноныхоо санааг Brach-н таньдаг байсан, хожим шизофрени өвчнөөр шаналж явсан эмэгтэйгээс авчээ. Polanski, Brach хоёр киноныхоо танилцуулгыг Paramount болон Английн олон студид санал болгосон боловч аль ч студи сонирхоогүй аж. Тэд эцэст нь, төслөө хүчирхийлэлтэй кино, софт порнограф кино хийдгээрээ алдартай Английн жижиг студи болох Compton Films-д санал болгосон ба студийн дарга нарт киноны зохиол тун сэтгэгдэл төрүүлж, хоёр тал тохиролцжээ. Энэхүү кинонд эмэгтэй алуурчныг харуулснаараа өвөрмөц байсан; кинонд ерөнхийдөө Carol-н сексийн талаарх жигшүүрт мэдрэмж хийгээд өөрийг нь эргүүлж буй эрчүүдэд хандах хандлагыг харуулдаг. Аав нь түүнийг багад хүчирхийлж байсан байж болзошгүйг далдуур харуулсан гэдэг, улмаар Carol мэдрэлийн хямрал, сэтгэл гутралын үндэс болсон гэж таамагладаг.

Мөн тэрээр эгчийнхээ найз залуугийн эд зүйлсийг олон удаа ашиглаж байгааг, киноны эхэнд эгчийнх нь найз залуугийн байгаа байдал түүнийг ихээхэн цочроож байгааг ажиглах хэрэгтэй. Эл бүтээлд мөн аливаа хил хязгаарыг эвдэх сэдвийг судалдаг ба Carol-н өөрөөс нь хүлээж буй "эмэгтэйлэг зам"-д нийцэхээс татгалзаж байна гэж харж болно. Кино гол дүрийнхээ мэдрэмжийг улам бүр гүнзгийрүүлдэг; зүүдний үзэгдлүүд нь онцгой эрчимжсэн байдаг. Polanski-н "Apartment" трилогийн эхний бүтээл нь "Repulsion" бөгөөд араас нь гарсан "Rosemary's Baby", "The Tenant" кинонуудын ихэнх үйл явдлууд орон сууцанд өрнөдөг хоррорууд билээ. Критикч Bosley Crowther уг киног өндрөөр үнэлж, Polanski анхны Англи хэлээр хийсэн киногоороо сэтгэлзүйн хоррор жанрт жинхэнэ нам цохилт хийж чадлаа гэсэн буй. Критикч Dave Kehr киноны техник, сэдвийг магтаж; "Polanski камерын удаан хөдөлгөөн, анхаарал сарниулсан давтагдах чимээнээс (цагны цохилт, хонхы жингэнээ, зүрхний цохилт) нямбайлан зохиомжилсон саундтрак, мөн түүнчлэн Carol давчуу, харанхуй орон сууцанд өөрийгөө авсалсны дараа шизофренийн бодит эпизодийг дүрслэхийн тулд экспрессионист эффектүүдийг (хана гэнэт хагаран цуурах, харанхуйгаас түүнийг тэмтрэх гар) ашигладаг" гэжээ.

  Үзэгч Polanski-н зовлонтой "Repulsion" киноны яг тэг дунд ороод ирсэн мэт санагддаг ч үнэндээ энэ бол төгсгөлийн эхлэл юм. Найруулагч маань биднийг гоо сайхны салонд бараг түлхээд оруулчихдаг ба тэнд ихэмсэг эмэгтэй манай гол дүр болох хумсаа хаздаг маникюрчин буюу Catherine Deneuve-г анхааралтай байгаа ч хэмээн загнаж байдаг. Polanski бидэнд түүний сэрүүн зүүдэнд нэвтрүүлдэггүй учир бид энэ "нэвтрэшгүй" хүүхэнтэй ямартай харилцаа тогтоодог; хэдийгээр тэр киноны гол дүр боловч бид түүний талаар тун бага мэдлэгтэй. Deneuve-н нүдийг ойрын зураглалаар авсан киноны нээлтийн гарчгийн үзэгдэл дуусахад "Roman Polanski найруулсан" гэдэг үгс сахлын хутга шиг шууд зүсэн орж ирдэг; бидний олж мэдсэнчлэн, киноны туршид бид түүнтэй ойр байсан ч түүнийг хэн болохыг, яагаад эцэст нь аймшигт аллага үйлдэв гэдэг талаар бүрэн дүүрэн ойлголтгүй үлддэг санагдсан. Анхандаа, Лондонд эгч Helen-тэйгээ хамт амьдардаг Бельги гаралтай Carol ердөө хоосон хуудас шиг л байдаг.

Тэр энгийн л ажилдаа түүртсэн мэт харагдахаас гадна амьдралд нь гарч ирсэн бараг цорын ганц эр болов уу гэмээр Colin гэгч хангалттай сэтгэл татам залууд илэрхий хүйтэн хөндий ханддаг; Colin түүнд хүчтэй татагдах бол Carol яг үүний эсрэгээр. Эгчийнх нь гэрлэсэн амраг болох Michael Carol-н зан авирын талаар дүгнэлт хийснээр  (тэр эмчид үзүүлэх хэрэгтэй гэж хэлдэг) үзэгчид Carol-н этгээд зан авирыг илүү гүн гүнзгий сэтгэлзүйн асуудалтай байж болох талаар таамаглахад хүргэдэг. Гэхдээ кино 1965 онд анх театрт нээлтээ хийхэд нь үзсэн хүмүүс киноны постер дээрх Deneuve-н толгойг 7 болгоод сахлын хутганы ирмэг дээр байрлуулсан графикийг хараад юу хүлээх ёстойгоо тодорхой хэмжээнд ойлгосон байж магадгүй; уг постерт мөн "онгон охины хар дарсан зүүдний ертөнц дэлгэцийн цочирдом бодит байдал боллоо! гэсэн текст байдаг. Замналынхаа туршид Polanski үзэгчдэд "гаднах үнэ цэнийг" зөвшөөрүүлэх гэж оролдож ирэхдээ үүнийхээ доогуур зальтайгаар дүрүүдээ өөрсдийнх ч, үзэгчийн ч дайсагнасан нутаг дэвсгэрт нэвтрүүлэн оруулж ирсэн нь "Repulsion" бүтээлээс ч харагдана.

  Бидний харж байгаа зүйл бол Carol-н гаднах харагдац төрх бөгөөд аажмаар бид түүний харж байгааг хардаг. Симпатигаас татгалзсан энэ кино нь зовж шаналсан дүрийн судалгаа (үйл явдал бараг багатай) ба Carol-г тайлбарлах гэсэн хамгийн жижигхэн үйл ажиллагааны оролдлогыг л санал болгодог. Түүний өвчний шинж тэмдэгүүд нь, эгчтэй хэт их наалдах, эрчүүдийг жигших, насанд хүрсэн сексийн харьцаатай болгоныг үгүйсгэх, хоол хүнсэнд эргэлзэх зэрэг нь сэтгэц судлалын эмгэгийн тухай аливаа сурах бичигт байдаг ч Polanski Carol-н нөхцөлийг Freud-н аргаар тайлбарлахаас зайлсхийдэг. Хүний зан авирыг тайлбарласан сэтгэцийн эмчийн зааварыг хүлээн авахаас зайлсхийдэг найруулагч маань анилист гэхээсээ илүү ажиглагч юм. Polanski гол дүрийнхээ өнгөрсний тухай цорын ганцхан "зөвшилцөл" хийсэн нь (тайлбар шаардсан үзэгчдэд зориулсан цорын ганц тайвшруулсан үндэслэл) бидний киноны эхэн үед хардаг гэр бүлийн жаазтай гэрэл зураг юм. Камер орон сууцны камин зуухан дээгүүр явж байхад насанд хүрсэн хэдэн хүмүүс болон жаахан охин Helen зургийн урд бөөгнөрсөн байхаар шаргал үстэй жаахан охин Carol тэдний ард зайтай ганцаараа зогсож байгаагаар тэр гэрэл зургаас харагддаг.

  Киноны төгсгөлд камер гэрэл зураг дээр буцаж ирэхэд орон сууц Carol-н үйлдсэн аллага, мөн өмхийрсөн хог новшоор дүүрсэн байх агаад хог новш дунд гэрэл зураг шалан дээр унасан харагдана; Polanski энэ удаа жаахан охин Carol-г томруулан, кадр тасрахаас өмнө түүний нүдийг ойртуулсаар байдаг; энэ бол киноны нээлттэй зүйрлүүлсэн гайхамшигтай ритмтэй зураглал. Өнгөрсөн үе  гэж байхгүй учир "Repulsion" кино нь Polanski-н ойрын зураглалын камер Carol-н амьдардаг харанхуй, давчуу орон зайд нэвтэрч байгаа болохоор зөвхөн одоо цаг дээр кино хийгдэж байдаг. Carol  хөшгөө татаж, бүхий л нүх сүвийг бөглөж, орон байраа булш шиг болгодоггүй ба цаг хугацаа нарны гэрэл, шөнийн харанхуйгаас бус харин цагны цохилтоор тэмдэглэгддэг. Гал тогоонд байхад туулай өмхийрч, угаалтанд байсан төмс тийм гэхийн тэмдэггүй болсон байдгаас үзэгчид өнгөрч одсон өдрүүдийг барагцаална. Carol-н нөхцөл золгүй нь мэдээж хэдий ч Polanski жинхэнэ хар зүүдийг бүрэн дүүрэн гаргаж чадсан нь бахдам юм. Polanski-н бишрэм аудио дизайн нь Carol-н уналтын талаарх бидний мэдрэмжид чухал үүрэг гүйцэтгэдэг; голлох акустик эффект нь түрэмгий, санамсаргүй сонсогдох чимээнүүд бөгөөд гол хэсэг нь Carol-н унтлагын өрөөний нимгэн ханыг нэвт сонсогдох Helen-н дур тавилтын ари байдаг.

  Бүдэгхэн, тогтвортой бөмбөрийн чимээтэй нээлтийн аялгуу нь цаазаар авах ялын увертюрыг санагдуулна; эдгээр цохилтууд зочилж ирсэн Colin-н гэнэтийн үнсэлтээс сэжиглэн нүүрээ угаахаар яарах үед түрэмгий, давтамжтайгаар дахин сонсогддог. Хонхны чимээг зөвхөн сүмийн, утасны юмуу хаалганы хонх дуугарах зэрэг гэр зуурын амьдралд ашигласнаас гадна мөн классик байдлаар галзуурлын эхлэлийг цуутайтуулах зорилгоор ашигладаг агаад эдгээр нь гадаах ертөнц дотогш орохыг оролдож байгааг илтгэсэн түгшүүрт дохио аж. Deneuve-н бүтээсэн зовсон шаргал үстэй дүрийг критикүүд киног нь нээлтээ хийснээс хойш Hitchcock-н кинонуудын шаргал үстэй үзэсгэлэнтэй хүүхнүүдтэй харьцууулж ирсэн нь аргагүй буюу "Repulsion" болон "Psycho" кинонууд эмэгтэй хүний нүдийг ойроос яруу найраглаг байдлыг буулгасантай холбоотой болов уу. "Repulsion" бол дотрыг нь урвуулсан "Psycho" гэж нэгэн судлаач хэлсэн буй. Hitchcock бидэнд хохирогчийн нүдээр давхар аллагыг харуулдаг бол Polanski биднийг алуурчны нүдээр бүхнийг харуулдаг. 

Comments