Матаач

 


On the Waterfront (1954). Грек-Америкийн нэрт кино найруулагч Elia Kazan-н гэмт хэрэгт, драм. Америкийн эрэн сурвалжлах сэтгүүлч Malcolm Johnson-н 1948 онд New York Sun сонинд нийтлүүлсэн "Crime on the Waterfront" цуврал өгүүллэгээс санаа авч Budd Schulberg кино зохиолыг бичихдээ өөрийнхөө зохиосон түүхээс сэдэвлэжээ. Malcolm Johnson-н энэхүү нийтлэл нь 1949 онд Пулитцерийн шагнал хүртсэн. Киноны үйл явдалд, Нью Жерсигийн Хобокен боомт хотын үйлдвэрчний эвлэлийн мафижсан ялзрал, боомтын ачигчдын луйвар, хүчирхийлэл, ядуурлыг дэлгэрэнгүй өгүүлдэг. Киноны гол дүрүүдэд; Marlon Brando, Eva Marie Saint (түүний дебют), Karl Malden, Lee J. Cobb, Rod Steiger нар тоглосон. Нийгмийн хамгийн доод түвшний амьдарч байгаа хүмүүсийн ёс суртахууны доройтлыг үзүүлсэн "On the Waterfront" кино нээлтээ хийгээд арилжааны амжилт үзүүлж, критикүүдээс сайшаал хүртэж, өнөөдөр Америкийн кино урлагийн хамгийн чухал киноны тоонд орох болжээ.

Оскарын кино наадамд 12 төрөлд нэр дэвшиж, шилдэг эрэгтэй гол дүр (Marlon Brando), шилдэг эмэгтэй туслах дүр (Eva Marie Saint), шилдэг кино, шилдэг найруулагч гэх мэт төрлүүдэд ялалт байгуулсан. Elia Kazan-н бодлогошруулам, мэргэжлийн өндөр түвшинд урласан энэхүү мелодрамд эрч хүчээр дүүрэн гүйцэтгэлээрээ Marlon Brando кинонд жүжиглэх боломжуудыг дахин тодорхойлж, кино урлагийн ландшафтыг эгнэгт өөрчилсөн гэж үздэг. Жүжигчдийн А зэрэглэлийн гүйцэтгэлүүд, Schulberg-н мартагдашгүй тод уур амьсгалтай кино зохиол, найруулагч Kazan-н Америк Бус Үйл Ажиллагааны Комисс-д салбарынхаа нөхдүүдийг коммунист гэж матсан явдлын тусгал гэгддэг уг кино юу юунаас илүү Brando-н кино; түүний аугаа тоглолтын ачаар кинотой холбогдох хар тал бүдгэрч анзаарагддаггүй. Кинонд бас шашны симбол ч бий; Malloy Иудагаас Христийн дүр болж хувирдаг билээ. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 204-р байрт жагсаагаад байна. Энэхүү киног 1952 онд Америк Бус Үйл Ажиллагааны Комисс-д кино урлагийн салбарын 8 коммунистыг тодорхойлон матсан гэж буруушаасан хүмүүст Kazan-н барьсан хариу гэж судлаачид үздэг. Түүнийг буруутгасан хүмүүсийн нэг нь түүний найз, хамтран зүтгэгч, нэрт зохиолч Arthur Miller байсан ба Miller "The Hook" нэртэй зохиолын оригинал хувилбарыг биччихээд байсан юм.

Kazan зохиолыг найруулахаар тохиролцоод байсан агаад 1951 онд тэд энэ төслийг бүтээх талаар продюсер Harry Cohn-той Columbia Pictures дээр уулзжээ. Cohn зарчмын хувьд "The Hook"-ийг кино болгохоор тохиролцсон боловч ялзарсан үйлдвэрчний эвлэлийн албан тушаалтнуудын дүр төрхийг хэрхэн бүтээх нь асуудал болсон. Cohn киноны эсрэг дүрүүдийг коммунистууд болгон өөрчлөхийг хүсэхэд Miller татгалзсан. Студи киног "Америкийг эсэргүүцэгчдийн" тухай болгохыг хүсч байхад Miller татгалзсан нь Cohn хачирхалтай санагдаж, энэ тухай захидал илгээжээ. Kazan Miller-ээс зохиолыг дахин бичихийг хүссэн; Miller түүнийг журмын нөхдөөсөө урвасанд дургүй байсан тул татгалзад төслөөс гарсанаар Kazan Schulberg-г орных нь зохиолчоор авчээ. Хожим нь, Schulberg зохиолын судалгаа хийж боомт хот хэрхэн хоёр жилийг өнгөрүүлсэн тухай ийнхүү ярьсан; "Би тэнд хоёр жил амьдарсан. Би босогчдын зохион байгуулдаг уулзалтуудад оролцож, боомтын уушийн газруудаар тэнүүчилдэг байлаа. Би тэнд амьдрал ямар байдгийг харсан. Харсан зүйлийнхээ талаар Kazan-д тайлагнадаг байв. Тэр намайг бичиж байхад олон санал зөвлөгөө өгдөг байсан". Brando анх Malloy-н дүрээс татгалзсан; Frank Sinatra (киноны зураг авалт хийгдэж байсан Хобокен хотын уугуул) оронд нь тоглохоор албан ёсны бус аман тохиролцоо хийгээд байсан ба Sinatra бүр хувцас сонголтод хүртэл оролцчихоод байж.

Гэвч Kazan Brando-г илүүд үзсэн хэвээр байв, учир нь Brando тоглохоор болбол киноны төсөв нэмэгдэх магадлалтай байлаа. Brando-н агент Jay Kanter Brando-н бодлыг өөрчлөхөөр шаргуу оролдож байв; энэ хооронд Kazan жүжигчин гэхээсээ илүүтэй найруулагчийн нүдтэй гэж үзсэн жүжигчин Karl Malden-д "Brando шиг" жүжигчин олоод дэлгэцийн шалгаруулалт хийгээдэх гэсэн даалгавар өгч, энэ нь продюсер Sam Spiegel-н толгойд Malloy-н дүрд Brando л тохирно гэсэн бодол суулгах зорилготой байсан ба ийнхүү Malden Edie, Malloy хоёрын романтик сцэнд Paul Newman болон Joanne Woodward хоёроор дэлгэцийн текст хийсэн нь үнэхээр ч продюсерийн бодлыг өөрчилсөн буюу Spiegel Brando-г тоглуулахыг зөвшөөрөхтэй зэрэгцэн Kanter ч Brando-г ятгаж чаджээ. Харин Sinatra уурлаж, санваартны дүрийг өг гэж, гэвч Malden энэ дүрд тоглохоор хэдийнээ гэрээлчихсэн байж. Критикч Pauline Kael уг киног Америкийн ядуусын амьдралын гүнээс учир утгатай, нарийн түвэгтэй дүрийг бүтээж чадсан гэж магтсан. Тухайн үеийн кино үзвэрүүд үеэр үзэгчид үймээн самуун дэгдээж байсан учраас олон кино театрт дэг журам сахиулахын тулд цагдаа дуудах шаардлага үүсч байжээ.

Зарим судлаачид Brando-н гүйцэтгэлийг кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглолт, кино урлагийн эргэлтийн цэг болсон гэх мэтээр дүгнэдэг. Terry Malloy-н дүрээрээ Brando жүжиглэх метход аргыг дэлгэрүүлж, кино урлагт Stanislavsky-н арга барилд суурилсан жүжиглэх хүчийг төгс харуулсан гэж үздэг. Найруулагч Martin Scorsese: "Дэлгэцийн гайхалтай жүжиглэх хүчний талаарх бидний мэддэг бүхэн Brando-той холбоотой; та түүний тоглосон "On the Waterfront" киног үзэхдээ төсөөлж болох хамгийн шижир яруу найргийг динамик хөдөлгөөнөөр харна". Brando Алтан Баримал гардан авахдаа тун даруухнаар "Bing Crosby "The Country Girl" киногоороо Оскар авна гэж бодож байлаа" гэсэн байдаг. Найргийг Kazan хожим номондоо, Америкийн кино урлагийн түүхэнд үүнээс илүү сайн гүйцэтгэл байхгүй гэж бодож байна, би лав мэдэхгүй гэжээ. Жүжигчин Al Pacino нэгэн ярилцлагадаа уг киноны тухай ярихдаа үйл явдал гэхээсээ илүүтэй Brando-н тоглолт анхаарч байсан гээд; "Би театраас гарч чадаагүй, би өмнө нь үүнтэй төстэй кино үзэж байгаагүй" гэсэн буй. Жүжигчин Anthony Hopkins киноны алдарт такситай сцэний Brando-г харахад одоо ч гайхамшигтай байдаг хэмээжээ. Харин Jack Nicholson түүний тоглолтыг "магадгүй ямар ч үеийнхний хамгийн оргил нь байх" гэж тодорхойлж, "Та тэр залуугаас нүдээ салгаж чадахгүй, тэр бишрэм байсан" гэжээ.

1982 онд найруулагч Orson Welles кино болон найруулагчийг шүүмжилж, Kazan бол урвагч, тэр тухайн үеийн бүх хамтран зүтгэгчдээ Америк Бус Үйл Ажиллагааны Комисс-д худалдчихаад дараа нь энэ киногоороо өөрийнхөө үйлдлийг баяртайгаар тэмдэглэсэн гэж буруушаажээ. Malloy ялзарч доройтсон үйлдвэрчний эвлэлийн албан тушаалтнуудын талаар мэдээлэл өгөхийг сонгосноор ёс суртахууны журмыг дуулгавартай дагадаг, өөрөөр хэлбэл кинонд тэрээр ёс суртахууны хувьд зөв шийдвэр гаргаж байгаа нь тодорхой байна. Түүний талд католик шашны санваартан болон нинжин сэтгэлтэй багш болох гэж буй бүсгүй багтдаг ба ийм дэмжлэг нь үзэгчдийн өрөвдөх сэтгэлийг аажмаар нэмэгдүүлдэг. Түүний боломжит сонголтын талаарх харгис эргэлзээ, доог тохуу киноны туршид өөрийг нь хийгээд найз нөхдөд нь нөлөөлдөг бөгөөд шалтгаан нь, мэдээжээр, хэн ч гэсэн өөрийнхөө ажил, амьдралын талаар санаа чилээх нь ойлгомжтой юм. Гэсэн хэдий ч киноны төгсгөлийн сцэнд эдгээр сэтгэгдлүүд үлэмж өөрчлөгддөг; бүхий л ажилчид цус нөжтэйгөө холилдсон Malloy-г ажилдаа буцаж очиж байгааг хараад дагаж, Johnny-г ганцааранг нь үлдээж буй нь тэд дагах шинэ удирдагчаа сонгосныг илтгэнэ.

Эндээс, эдгээр ядарсан ажилчид сэтгэлийнхээ гүнд бүгдээрээ Malloy-н хийснийг хийхийг хүсч байсныг нотолж байна. Malloy-н үйлдвэрчний эвлэлийн албан тушаалтнуудын талаар мэдээлсэн сонголт бол Kazan, Schulberg нарын Америк Бус Үйл Ажиллагааны Комисс-д хуучин коммунистуудын тухай мэдээлэл өгсөн сонголтын цуурай мэт боловч киноны дүр нь Kazan, Schulberg нараас хамаагүй илүү ёс суртахуунтай бол Kazan-н хүрсэн үр дүн ёс суртахууны хувьд эсрэгээрээ юм. Kazan үе тэнгийнхээ хамгийн оюунлаг, бүтээлч, улс төрийн идэвхтэй хүмүүсийг буюу сэхээтнүүдийг хар жагсаалтад оруулсан байдаг. Malloy-н матаач сонголт хүртэх ёстойгоо л хүртсэн харгис дарлагч Johnny-г л балласан. Kazan-н гэрчлэл нь түүнд найруулагчийнхаа замналыг саадгүй үргэлжлүүлэх боломжийг олгосон боловч түүний дараагийн олон бүтээл "On the Waterfront" шиг сэдэвтэй байснаас харж үзвэл Америк Бус Үйл Ажиллагааны Комисс түүний бүтээлч ертөнцөд олон жил нөлөөлж байсныг хэлэх мэт, эсхүл тэр гэм буруугийн мэдрэмжээсээ үүдэн нэг л сэдэвтээ хадагдчихсан байх. Сэдэд давтагдаж байгаа нь Kazan хувь хүний ёс суртахууны эрхийг бүлэглэл эсхүл засгийн газрын эрхээс илүүд үзэх шаардлагатай болсныг харуулж ч байж магадгүй.

"On the Waterfront" киноны төгсөглд Malloy өөрийг нь хүндэлдэг, биширдэг хүмүүсээрээ хүрээлүүлдэг бөгөөд тэрээр муу хүмүүсийг матсанаараа хамт олондоо өргөмжлөгдөж байна. Kazan замналаа амжилттай бий болгосон ч Холливудад хэзээ ч бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй, матсан шийдвэр нь түүнийг ёс суртахууны хувьд тодорхойгүй нөхцөлд оруулжээ. Malloy-д амьдралыг ойлгоход хамгийн их тусалдаг хоёр дүр болох үзэсгэлэн хүүхэн Edie болон оюуны мастер болсон санваартан Barry хоёр хоёулаа өнгө мөнгөнд биш оюуны үнэтүүдэд итгэдэг. Edie хүмүүс бусдад тусалж, бие биендээ санаа тавьж, зөв зүйлийг хийхийг хүсдэг гэдэгт итгэх итгэлээ алддаггүй. Санваартан Barry бурхны төлөөлсөнөөр бусдад зөв зүйл хийхэд нь тусалж чадна гэсэн итгэл үнэмшлээ хадгалсаар байдаг. Barry, Edie хоёр үйлдлээ хүмүүсийн төлөө гэсэн итгэл үнэмшил дээрээс үндэслэдэг бөгөөд кино тодорхой зарчмуудын дагуу амьдрахын үнэ цэнийг зөвтгөдөг. Ерөнхийдөө, Malloy итгэл үнэмшлээ зөв болгосноор өөрийгөө авардаг ба бусад дүрүүд нь Edie, санваартан Barry шиг итгэл үнэмшилгүй байдаг учраас зүг чиггүй байж, улмаар баларч байна. Edie, санваартан хоёроос эсрэг мөнгө, эрх мэдэл, хэмжигдэхүйц материаллаг зүйлсэд итгэдэг ёс суртахууны доройтолд орсон үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд байдаг.

Киноноос бид Johnny-г хүнд хэцүү амьдралаас гарч ирсэн гэж ойлгож болох авч түүний эрх мэдлийн төлөөх хүсэл эцэстээ түүнийг ёс суртахууны дампууралд оруулж байгааг харуулна. Эрх мэдэд хүнийг завхруулдаг гэсэн энэхүү санаа зөвхөн Johnny-д хамаарахгүй; эрх мэдлийн тоглоомд жинхэнэ найз гэж байдаггүй, зөвхөн илүү их эрх мэдэлд шунах, тэр эрх мэдлээ хамгаалах л чухал гэсэн санааг киноноос харж болно. Johnny эрх мэдлээ хадгалах эсхүл илүү их эрх мэдэлтэй болоход зориогүй ганц ч шийдвэр гаргаж чаддаггүй ба тэр Malloy-д мөнгө өгдөг ч үнэндээ энэ нь өөрт нь үнэнч байхыг шаардсан хэрэг буюу түүнийг худалдаж авч байна гэсэн үг. Кинонд, тагтаанууд торонд хоригдсон байдаг; тэд эмзэг, тэдний төрөлхийн хүсэл нь нисэх боловч нисэхгүй байхаар сургандсан байдаг. Тагтаанууд нисэх, идэх, тоглох, унтах гэх мэт энгийн, кинонд гардагаас өөр амьдралын хэв маягийг төлөөлдөг бөгөөд энэ нь бүх талаараа тагтаа Malloy-г бэлгэдэж байгааг илтгэнэ. Хэдийгээр тэр ширүүн дориун боксчин ч гэсэн тагтаануудад маш их анхаарал халамж тавьж байгаагаас нь дотоод сэтгэлийг нь харуулна; түүний дотор хатуу бас зөөлөн зэрэгцэн оршиж байна.

Malloy бол мөрөөдөгч, мэдрэмжтэй хүн бөгөөд Edie тэр хоёрын тагтаа болон шонхорын тухай ярианы ихэнх хэсгийг тэднийг өөрсдийнхөө тухай ярилцаж байна гэж ойлговол зохино. Олон талаараа, Malloy үндсэндээ тагтаа буюу тэр байшингийн дээвэр дээр амьдардаг; үзэгчид түүнийг орон сууцанд байгаагаар огт хардаггүй, түүний гэр бол дээвэр. "On the Waterfront" кинонд бээлий нь тухайн сцэндээ бас киноны агуулгад чухал үүрэг гүйцэтгэдэг. Бээлий нь сцэний динамикт шилжилт орж байгааг илтгэж, мөн дүрийн зовнил, сексийн амьдрал, эсхүл эмзэг шинж гэх мэт шинэ давхаргыг илчилдэг. Edie цэцэрлэгт хүрээлэнд цэвэрхэн цагаан бээлийгээ унагахад Malloy бээлийг нь аваад оролдож эхэлдэг бөгөөд энэ нь хүүхний ёс суртахуун, сахилга батыпн мэдрэмжийг бусниулдаг. Malloy бээлийнд гараа шургуулж байгаа нь зүйрлэлээр хүүхэнд хүрч байгааг илтгэнэ. Энэ дохио зангаа нь дотно бас түрэмгийгээс гадна сексийн шинж чанартай. 

Comments