Possession (1981). Польшийн кино найруулагч Andrzej Zulawski-н сэтгэлзүйн, хоррор драм. Кино зохиолыг тэрээр Frederic Tuten-тэй хамтран бичсэн. Кинонд олон улсын тагнуулч (Шинэ Зеландын жүжигчин Sam Neill) болон түүний эхнэр (Францын жүжигчин Isabelle Adjani) хоёрын салалтыг үзүүлэхдээ улс төрийн сэдвийг цаад дэвсгэрээ болгож, харин сэтгэлзүйн түвэгтэй, галзуурлын айдас төрүүлэм төрхийг гадарга талдаа харуулсан. Франц, Баруун Германы хамтарсан бүтээл болох "Possession" киноны зураг авалтыг 1980 онд Баруун Берлинд авсан. Zulawski-н цорын ганц Англи хэл дээрх кино ба Канны кино наадмаар нээлтээ хийж, Adjani тус наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Энэхүү кино нь Европ болон АНУ-д арилжааны хувьд амжилт олоогүй болоогүй, ялангуяа АНУ-д бүтэлгүйтсэн гол шалтгааныг эвлүүлгээр маш их танаж хассантай холбож үздэг. Жилээс жилд киноны нэр хүнд өссөөр өнөөдөр култ статустай болсон. Найруулагч Zulawski кино зохиолоо эхнэрээсээ салж байх хүнд хэцүү үедээ бичсэн; энэ талаар хойно илүү дэлгэрэнгүй өгүүлнэ. Ингээд кино урлаг дахь эмэгтэй жүжигчиний хамгийн ер бусын, төгс төгөлдөрт ойртсон гүйцэтгэлтэй буюу гайхамшигт Isabelle Adjani-аар хөтлүүлсэн киноны гүнд нэвтрэх гээд үзэцгээе.
Хүлээлтийг сүйтгэж хаядаг шигээ жанруудыг үр дүнтэйгээр хольсон "Possession" кино нь жүжигчдийн хүчирхэг тоглолт болон зэвүүцэм муухай дүрслэлийг ашиглан нарийн түвэгтэй сэдвүүдийг санал болгодог. Кино судлаач Bartlomiej Paszylk эл бүтээлийг кино урлагийн түүхэн дэх хамгийн нууцлаг, хувиршгүй хоррор кинонуудын нэгээр нэрлэсэн буй. Zulawski-н энэхүү толгой эргүүлэм кинонд гэрлэлт хадан цохионоос үсрэх гэж байгаа мэт санагдах нь найруулагчийн тухайн үеийн хувийн сэтгэл, мэдрэмж гүн туссаных аж. Үзэшгүй муухай амьтан, үргэлжлэх тусам улам цуст, улам фантааз элементүүдтэй болдог эл кино үнэндээ хүмүүний хатуу ширүүн бодит байдлаас урган бий болсон. Энэ ердийн нэг айдас, жигшил төрүүлдэг кино биш харин байж ядан тарчилсан сэтгэл хөдлөлийн цуурай юм. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 436-р байрт жагсаагаад байна.
Критикүүд уг киног жанрт хамаатуулах гэж оролдохдоо Roman Polanski-н "Repulsion", David Cronenberg-н "The Brood" кинонуудтай адилтгах гэж үзсэн авч сэтгэлзүйн драм, сэтгэлзүйн хоррор, supernatural хоррор гэгддэг уг киноны төрөл жанр одоо ч маргаантай буй. Олон улсын жүжигчдийн бүрэлдэхүүнтэй бүтсэн уг кино төрсөн газар Берлин нь хуваагдсан, хагаралтай нутаг орон байлаа. Кино ширүүхэн салалтаар эхэлж, "Repulsion" кино хэв маягийн сэтгэлзүйн самуурал руу огцом жигшилтэйгээр эргэж, 1970-аад оны авангард (магадгүй "Eresaerhead") body хоррор болсноо, эцэст нь "хямдхан" метафизикийн хүрээнд төгсдөг. Олон критикүүд кинонд гарах аймшигт тэмтрүүлтэй амьтныг бодитоор оршдоггүй, энэ нь Anna-н сэтгэцийн өвчний тусгал, мөн Mark-н эхнэрийнхээ араар тавилтыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ухааны үр дүн гэж тайлбарладаг.
Ямар ч байлаа гэсэн судлаач, критикүүд муухай амьтан, ерөөсөө киног эхнэрээсээ салснаас болж сэтгэлээр унасан найруулагчийн өшөө авалт гэж нэгэн дуугаар хэлдэг. "Possession" киноны туршид хоёрдмол шинжийн мотиф анзаарагдахуйц байдаг; нөхөр, эхнэр хоёр хоёулаа үхдэг ч тэднийг орлосон идеал нөхөр, эхнэр хоёрын загвар орлон гарч ирдэг. Anna өнөөх цуцашгүй, үргэлж дэргэд нь байдаг амраг-амьтнаасаа Mark-н давхар дүрийг өсгөн бойжуулдаг; жинхэнэ Mark сургуулийн багш Helen-тэй учир ургуулдаг буюу Helen бол Anna-н хуулбар ба гэхдээ илүү эелдэг зөөлөн, Mark-аас юу ч шаардлагагүй, нэг үгээр идеал гэрийн эзэгтэй юм. "The Devil" киноных нь нэгэн адилаар найруулагч маань Берлинийг Польш болон Европын социалист блокийн бусад орнуудаас хамгийн алслагдсан цэг гэж зориудаар сонгосныхоо дараа улс төрийн далд санаагаа хоррор жанраар хучсан. "Possession" киноны үйл явдлыг гэр бүлийн харилцааны хагарал, гэр бүл салалтын бэрхшээлийн тухай намтарчилсан бүтээл гэж тайлбарлах нь дутагдалтай. Кинонд хоёр орон сууцны байшин байдаг; орчин үеийн байшинд Mark, Anna хоёр хүүгийн хамт амьдардаг бол нөгөөд нь Anna мангас шиг амьтнаа нуудаг хуучны орхигдсон байшин байдаг ба энэ нь Кройцберг буюу Берлиний хананы хажууд байрладаг.
Мөн кинонд тагнуулт триллерийн элементүүд багтсан байдаг. Тагнуулын ажилтан Mark гэр бүлийнхээ төлөө ажлаасаа гардаг; Anna гэр бүлээ орхин "харанхуй хүчний агент" болдог. Мөргөлдөөнд хоёулаа үхдэг бөгөөд киноны сүүлийн кадруудад хоёр хэсэгт хуваагдсан хотод эхэлсэн зэвсэгт мөргөлдөөнийг шууд дурддаг нь энэ цөмийн сүйрэлд хүргэж болзошгүйг илтгэнэ. Судлаач Paszylk-н бичсэнээр, кинонд агуулагдаж байгаа зүйрлэлүүд нь "задарч буй улс"-ыг илэрхийлдэг аж. Киноны үйл явдал Хүйтэн дайны үеийн Баруун Берлинд өрнөж байгаа нь гэр бүл салалтын зүйрлэлд чухал холбогдолтой буюу энэ нь Зүүн Берлинээс тусгаарладаг хана нь нэгэн цагт нэгдмэл байсан зүйл тасарсны симбол ба гэвч найруулагчийн нэмэлт зорилго нь Берлиний хана Төмөр хөшгийг, мөн Герман улс нь кино хийсээр байхын тулд орхин явах ёстой Польшийг бэлгэдсэн байх магадлалтай гэдэг. Zulawski кино зохиолч Daniele Thompson-д хандан хамтран ажиллая гэж. 20 орчим хуудастай ноорог хүлээж авсныхаа дараа Thompson Frederic Tuten-г санал болгосноор Zulawski түүнтэй уулзахаар Нью-Йоркийг зорив. Тэд Zulawski-г гүн хямралд автчихсан байх үед Нью-Йорк, Парист кино зохиол дээр ажилласан.
1976 онд тэрээр эхнэрээсээ салсан. Zulawski нэг орой гэртээ иртэл таван настай хүү нь гэртээ ганцаараа байгааг олж харсан ба эхнэр нь хүүгээ хэдэн цагаар ганцааранг нь орхисон энэ явдлыг тэрээр шууд кинондоо буулгаж оруулсан. 1978 онд эрх баригчид "On the Silver Globe" киноны ажлыг зогсоосны дараа найруулагч бодит хоригтой тулгарч, Польшоос явахаас өөр аргагүй болсон. Цагаачлан явахдаа тэрээр амиа хорлохыг үргэлж бодсоор байсан ба шинэ төслөө эхлүүлснээр энэ бодлоосоо ангижирчээ. Zulawski болон киноны продюсерүүд Anna-н дүрд Isabelle Adjani-г шууд сонгосон. Тухайн үед Isabelle аль хэдийнээ од болчихоод байсан боловч профессорүүд түүнийг саналыг хүлээн авна гэдэгт найдаж байлаа. Walter Hill-н "The Driver" кинонд тоглон Холливуудад замналаа эхлүүлэх гэсэн амжилтгүй оролдлогынхоо дараа Isabelle Европын кино урлагтаа буцаж очихоор шийджээ. 1979 онд тэрээр "Nosferatu the Vampyre" кинонд амжилттай тоглосон ч 1975 онд "The Story of Adele H" киногоороо Оскарт нэр дэвшсэн амжилттаа давтаж чадсангүй. Түүний менежментийн компани саналаас татгалзаж, Zulawski Judy Davis-г сонгов. Zulawski Judy-н тоглосон "My Brilliant Career" кино дахь тоглолтыг үзээд сэтгэл нь хөдөлсөн байснаас гадна тус кинонд мөн хараахан олны танил болоогүй байсан Sam Neill тоглоод байж (тэрээр Mark-н дүрд тоглосон). Judy дүрийг авах эсэхдээ эргэлзэж байтал гэнэт Isabelle саналыг хүлээн авч байгаагаа мэдэгджээ. Энэ дүр нь жүжигчин бүсгүйг сэтгэл хөдлөлийн хувьд маш их ядраасан; тэрээр нэгэн ярилцлагадаа, дүрээсээ гарах гэж хэдэн жилийг зарцуулсан гэдэг.
Критикч J. Hoberman түүнийг гүйцэтгэлийг "жинхэнэ хийрхэлийн ари" гэж нэрлэсэн буй. Зураг авалт дууссаны дараа Isabelle амиа хорлохыг завдсан гэсэн цуурхал тархсан ба Zulawski үүнийг баталсан байдаг. Time Out сэтгүүл түүний дүрийн зан авирыг "хяналтгүй сэтгэл хөдлөл, цэвэр сексийн айдастай дервиш үйлдэл" гэж тодорхойлсон. Zulawski метроны коридор дахь Anna-н сцэний тухай; "Хоёр зураг авалт хийсэн. Энэ сцэнийг өглөөний таван цагт метро хаалттай байхад хийсэн. Тэнд хүйтэн байсан болохоор Isabelle бие болон сэтгэлийн ихээхэн хүчин чармайлт гаргах ёстой болсныг би мэдэж байлаа. Энэ сцэнийг эцэс төгсгөлгүй давтах нь төсөөлөшгүй санагдсан. Дэлгэцэн дээр үлдсэн зүйлийн ихэнх нь эхний зураг авалтынх юм. Хоёр дахь зураг авалтыг лабораторид материалыг сүйтгэж магадгүй гэсэн үүднээс юмыг яаж мэдэхэв гэж нөөцөлж авсан" гэжээ. Sam Neill мөн киноны догшин байдлын тухай ийнхүү өгүүлсэн: "Би энэ киног бүхий л талаараа миний тоглосон хамгийн тэрслүүд кино гэж нэрлэнэ. Zulawski биднээс одоо бол хийж ч чадахгүй, хүсэх ч үгүй зүйлсийг хийхийг хүссэн. Би бараг галзуурдагийн даваан дээр мултарч гарсан".
Zulawski коммунист ертөнцтэй ойрхон учраас Берлинийг үйл явдал өрнөх газар болгон авсан ба киноны ихэнх хэсгийг Баруун Берлиний хананы хажуу дахь Кройцберг хэсэгт авсан. Zulawski киногоо сюрреалист, цэвэрхэн чанартай харагдуулахыг хүссэн тул зураглаач, гэрэлтүүлэгчээр Bruno Nuytten болон Steadicam камерчинаар Andrzej J. Jaroszewicz нарыг хөлслөсөн. Италийн алдартай тусгай эффект артист, "Alien" киноны аниматроник толгойг бүтээгч Carlo Rambaldi кинонд гардаг тэмтрүүлтэй амьтныг бүтээхэд тусалсан. "Possession" нээлтээ хийгээд критикүүдээс ерөөсөө эерэг үнэлгээ авсан ба критикч Derek Malcolm найруулагчийн авъяас чадвар болон киноны тусгай эффектийг магтсан боловч киног хэтэрхий ноцтой гэж дүгнэжээ. Критикч Dennis Schwartz: "гуйвшгүй галзуурам жигтэй мөргөл".
Критикч Leonard Maltin эл бүтээлийг аллага, аймшиг, далд явуулга бүхий төөрөгдөм драм гэсэн байхад Vincent Canby киног Roman Polanski-н "Repulsion" кинотой харьцуулсан байдаг. Тэгвэл Variety сэтгүүл Zulawski-н найруулга, симболизм, хэмнэлийг сайшааж, "олон тооны симбол, номхоршгүй, бишрэм найруулга нь энэхүү харьцуулашгүй үлгэрийг олон түвшний симболизмтой нэгтгэснээр култ классик болсон" гэжээ. Зарим критикүүд Isabelle Adjani гүйцэтгэлийг утгагүй, уялдаа холбоогүй гэж баалсан байдаг. Уг кино Америкт төдийлөн амжилт үзүүлээгүй шалтгааныг "Possession"-ыг Америкт хоррор гэж сурталчилж, аймшгийн кино театруудад гаргасан нь алдаа болсон буюу анхнаасаа артхаус кино театруудад гаргасан бол илүү сайн хүлээж авах байсан гэж үздэг. "Possession" Канны наадмын дээд шагналд өрсөлдөөд Andrzej Wajda-н (Zulawski-н ментор) "Man of Iron" кинонд ялагдсан ч нэр хүнд хийгээд шүтэн бишрэгчдийн хувьд өнөөдөр илүү гарсан гэж бодож байна. Ёс суртахууны өгөөш тавиад сууж байдаг критикүүдэд энэ кино бузар муугийн "сав" байх нь тодорхой, үнэхээр ч үзэхэд тун ойлгомжгүй бас хүнд дүрслэлтэй.
Гэхдээ та өөрийгөө кино сонирхогч, эсхүл ахисан түвшний үзэгч гэж боддог бол энэ киног үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл саяны тодорхойлсон үзэгч үргэлж өөрийгөө шинэ туршлага мэдрэмжээр сорьж, мөн хөгжүүлж шинэчлэгдэж байх ёстой. Ингэхдээ мэдээжээр зөвхөн хүлээн зөвшөөрөгдсөн кинонуудаар шүү дээ. Хямдхан цагийн гарзуудад зориулах үнэт цаг бидэнд байдаггүй. Кинонд гарах задарч буй гэрлэлтийн харилцаа нь сэтгэлзүйн түвшинд Ingmar Bergman-н "Scenes from a Marriage" бүтээлийг, харин үзэгдэх цочирдом түвшинд Lars von Trier-н "Antichrist" киног санагдуулам. Bergman, Cronenberg (The Brood) нар шиг найруулагч Zulawski энэ киногоо хийж байхдаа өөрийнхөө доторх чөтгөртэй учраа олох гэж үзэж тарж байлаа. Zulawski бүхий л хувийн романтик харилцааныхаа сүйрэл мөхлийг кинондоо тусгасан буюу эгээ л идсэн хоолоо бөөлжиж гаргаад юу юу идсэнээ харж байгаа аятай ширтэж, бас биднийг ч түүгээрээ "дайлж" байна. Хүйтэн устай түмпэнд толгойгоо дүрэхэд нэгэн зэрэг сэргэж, айдаг шиг кино танд ийм мэдрэмж өгнө; сайн кино таныг яг л ингэж тарчлаах ёстой байдаг. Кинонд камер хосуудыг паталогийн вуайеризмд автсан мэт ямагт хянаж, тойрон эргэлдэнэ.
Isabelle Adjani-н тоглолтод энэ бүтээлийг ингэж шагшигдах үндсэн шалтгаан гэж хувьдаа боддог. Түүний гүйцэтгэлийн нөлөө, мөн дүрийн өвийг үнэлж баршгүй мэт. Мангас Anna-н мөн чанараас үүссэн үү? эсхүл гэр бүл салалт мангасыг төрүүлдэг гэсэн санаа байна уу? тодорхойгүй боловч хоёр зүйлд би итгэлтэй байна; нэгдүгээрт, ээжтэйгээ амьдардаг Heinrich-н дүр ямар ч байдлаар үзэшгүй муухай амьтнаас нээх дутахааргүй жигшим байдаг бол хоёрдугаарт, гаднаасаа диваажин шиг харагдаж байгаа гэр бүлийн харилцаанд их бага хэмжээгээр зайлшгүй тамын харанхуй байдаг явдал юм. Дахин давтагддаг хоёрдмол мотиф (Mark, Anna хоёр хоёулаа үүсэл нь тодорхойгүй, бие махбодийн хувьд адилхан боловч зан чанарын хувьд эсрэг тэсрэг клонуудтай) мөн тайлбарлал багатай үлдэж байна. Энэ бол зүгээр нэг мангастай кино биш, харин утга гүн, симбол ихтэй, ой санамжаас гаршгүй бүтээл.

Comments
Post a Comment