Хөөрхөн охид үргэлж инээмсэглэж байх ёстой


 The Substance (2024). Францын кино найруулагч Coralie Fargeat-н Body хоррор жанрын уг кино тэр жилийнхээ шуугиант кинонуудын нэг байсан билээ. Найруулагч бүсгүйн бүрэн хэмжээний хоёр дахь уг кино (дебют нь 2017 оны "Revenge") егөөдөлт, гротеск, хэт реалист дүрслэлийн элементүүд ашигласан. Киноны гол дүрүүдэд Demi Moore, Margaret Qualley, Dennis Quaid нар тоглосон. Эмэгтэй хүн хөгшрөхийн хэцүүг, заавал туранхай гоё байх ёстой гэсэн нийгмийн дарамт нь найруулагчид энэ киногоо хийх санаа сэдлийг өгчээ. Кино Канны наадмаас шилдэг кино зохиол шагнал хүртсэн бол Оскарын наадмаас шилдэг нүүр будалт шагнал хүртсэн. Ойрд үзээгүй чанартай хоррор байлаа.

  Бие болон ухааны дуализмын судалгаа болсон уг киног "Dr. Jekyll and Mr. Hyde", "The Picture of Dorian Gray" классик романуудтай адилтгаж, "The Fly", "The Thing", "Mulholland Drive", "Requiem for a Dream", "2001: A Space Odyssey" шедевр кинонуудаас санаа авсан гэж үздэг аж. Эмэгтэй хүний хөгшрөлтийг эмэгтэй хүний нүд, мэдрэмжээр үзүүлэхийн зэрэгцээ эмэгтэй хүнийг ажиглаж буй эрэгтэй хүний харааны судалгаа болсон кино гэж үзэж болно. Камерийн хэтрүүлэгтэй өнцөг, планууд нь эмэгтэй хүний төгс байхад тэмүүлсэн хүслийг егөөдсөн. Ерөөсөө энэ кино эмэгтэй хүний төгсөд тэмүүлсэн тэмүүллийн хар бараан талыг харуулсан егөөдөлт. Мөн киноны хөндсөн өөр нэг чухал сэдэв бол аливаа донтолтын тухай. Demi Moore замналынаа шилдэг дүрүүдийн нэгийг бүтээсэн бол Margaret Qualley ирээдүйтэй жүжигчин болохоо батлав. Дур булаам хоррорын гүнд орцгооё.

"The Substance" киноны үндсэн сэдвүүдийн нэг бол хөгшрөлтөөс айх айдас болон энтертайнмент салбар залуу насыг хэт илүүд үзэх болсон тухай юм. Нэгэн цагт алдартай жүжигчин, Оскарын шагнал хүртэж явсан Elizabeth цаг хугацааны өршөөлгүй урсгалд бүх зүйлээ алддаг. Түүний арвин их туршлага, авъяас чадвараар бий болсон мэргэжлийн өв нь илүү залуухан, илүү шинэлэг төрхийг чухалчлах болсон ертөнцөд огтоос үнэ цэнэгүй болдог ба түүний чухал хүн хэвээрээ үлдэх гэсэн цөхөрсөн үйлдэл нь сүйрлийн үнээр мөнхийн залуу сайхан болгодог "Бодис" рүү хөтөлж байна. Найруулагч Fargeat-н кинонд хөгшрөх нь эмэгтэйчүүдийн хувьд аймшиг, жигшим зүйл гэж дүрсэлдэг. Залуу, үзэсгэлэнтэй хэвээрээ байж чадаагүй нь эцэстээ үргэлж шийтгэгддэг бөгөөд энэ чинь л энтертаймент салбар буюу найруулагчийн бүтээлч хэтрүүлэгтэй шүүмжлэл болно. Энтертайнмент салбарт эрчүүд нас ахисан ч ажил олсоор байдаг бол эмэгтэй жүжигчдийн хувьд нас ахих тусам дүр авааад бэрхшээлтэй болж ирдэг.

  Elizabeth энэ системийн бүтээгдэхүүн бөгөөд бусдын нүдэн дээр өөрийнх нь үнэ цэнэ буурч байгааг харахаас өөр аргагүй болж байна. Энэхүү доромжлолын үйл явц нь түүнд өөрийгөө үзэн ядах, ямар ч үнээр хамаагүй төгс төгөлдрийг эрэлхийлэхэд нь гол түлхэц болдог ба өөрийнх нь бодлоор үнэ цэнэ өдрөөс өдөрт буурч буй. Ийм шаналгаатай "үнэн" юм шиг санагддаг цорын ганц газар бол зөвхөн кино урлагийн салбар биш; жишээлбэл, Sue нуугдах өрөө барьж, ихээхэн чимээ гаргаж байхад хөрш нь Elizabeth-г тав тухыг нь алдагдуулж байна гэж бодоод хаалгыг нь балбаж, хашгирдаг. Бараг нүцгэн шахуу үзэсгэлэнтэй Sue хаалга онгойлгоход хөрш даруйхан хашгирахаа больж, харин ч бүр туслах санал тавьдаг билээ. Өөрийнхөө гэрт ч гэсэн Elizabeth залуу, хөгшний ялгаварлах байдлаас ангид байдаггүй. Elizabeth-н эмгэнэлт явдлын арк нь энэхүү сэтгэлгээний сүйтгэгч үр дагаврын шууд тайлбар болно; "өөрийгөө" хоёр биед хуваасан буюу нэг нь хөгшин, нөгөө нь залуу; тэр системийг хуурахын оролддог.

Гэвч тэр хөгширч байгаа биеэсээ зугтааж чадахгүй; Sue-н залуу нас, амжилт нь түүний доройтлыг хурдасгахыг ердөө ажиглахаас өөр аргагүй болгодог. Elizabeth цаг хугацааны эсрэг тэмцэх тусам Sue түүнийг улам ихээр эзэмддэг бөгөөд киноны гротески "body" хоррор нь эл физикал айдсын илрэл юм. Elizabeth-н хуруу Sue нэмэлт цагийг хулгайлсанаас болж хурдан үхжиж, өнгөгүй болж, аймшигтай хэлбэртэй болсноор гарнаас бусад биеийн хэсэгтэй харьцуулашгүй харагддаг. Elizabeth-д төвлөрсөн хэсэгт түүнийг тааламжгүй саарал, цацарсан гэрлээр гэрэлтүүлдэг бол Sue-н ертөнцөд амьд байх сүүлчийн хугацаа хүртэлх гэрэлтүүлэг нь түүний амьдардаг Лос Анжелес хотын ягаан, гялалзсан, үргэлж таашаагдсан хувилбарыг харуулдаг. Киноны төгсгөлд Elizabeth өөрийгөө бүрэн алддаг ба тэр үхдэг, Sue ч үхдэг, түүний бие махбодгүй царай Холливуудын Алдрын гудамжнаас арчигдана. "The Substance" кинонд хөгшрөлтийг ялагдашгүй дайсан, эмэгтэйчүүдэд сөрөг нөлөөтэй байгалийн үйл явц гэж харуулдаг. Киноны туршид Elizabeth-н цаг үеийнхээ энтертайнмент ертөнцтэй хамааралтай байдлаа хадгалахын төлөөх тэмцэл нь түүний мөн чанарын талаарх гүн гүнзгий зөрчил болж хувирдаг.

Тэрээр замналаа авч үлдэхийг хүсэн цөхөрсөн эмэгтэйн дүрээр эхэлж, замналаа үргэлжлүүлэхийг хүсч байхдаа өөрийнхөө гурван "хувилбарыг"-д төөрсөн эмэгтэй болж төгсдөг. Мэдээжээр, эндээс Sue үнэхээр Elizabeth-н нэг тал мөн үү, эсхүл түүнийг бүтээхэд Sue хувь тавилангаа огт өөр хүний хувь тавилантай холбосон уу гэдэг асуулт үүсгэнэ. Уг кино хүмүүс хүрэшгүй идеалын араас хөөцөлдөхдөө хэрхэн өөрсдийгөө үгүй хийдгийг судлахын тжлд иймэрхүү шийдэгдэмгүй асуултыг ахин дахин гаргаж тавьдаг. "Бодис" нь тов тодорхой заавруудтай ирдэг; хамгийн олон удаа давтагддаг заавруудын нэг бол "шинэ бие" болон оригнал хэрэглэгч нь "нэг" гэдгийг санаж байх дүрэм юм. Elizabeth-н өөрийгөө таних хямрал нь энэ өөрчлөлтийг туулахаас өмнө эхэлдэг; тэрээр саажилттай биеийн дисморфиасаасаа болж аль хэдийнээ хоёр хүнд хуваагдчихсан байдаг. Жүжигчин Demi Moore үзэсгэлэнтэй эмэгтэй боловч (кинонд үзэгчдэд дахин дахин сануулдаг) тэрээр жинхэнэ өөрийгөө үзэшгүй муухай, харин "идеал" өөрийнхөө хувилбарыг цорын ганц хүлээн зөвшөөрөхүйц гэж үздэг. Тэр өөрийгөө зурагтаар байнга үздэг, түүний орон байрны таазнаас шал хүртэлх асар том цонхны өөдөөс түүний аэробикийн хувцастай аварга том сурталчилгааны самбар харж байдаг.

Тэр Sue-г бүтээхдээ өөрийн хяналт дор хэдий ч сайжруулсан хувилбар байлгахыг хүсдэг. Гэвч Sue түүнийг Elizabeth өөрийгөө үзэн яддаг шиг үзэн яддаг; энэ бол Elizabeth хуучин биеэ одоогийнхтойгоо харьцуулахдаа мэдэрдэг жигшим хар дарсан зүүдний илрэл аж. Elizabeth өнгөрсөнтэйгөө холбоотой хэвээр, нэгэн цагт ямар сайхан байсан дурсамжиндаа автаж, Sue-д "цаг хугацаагаа" хулгайлуулсандаа уурлаж байхад Sue хаягдах мэдрэмж үзээгүй учир одоо цагтаа мансууран байдаг. Кино эл хуваагдлыг бие махбодийн болон сэтгэлзүйн аль алинаар нь харуулдаг ба Elizabeth, Sue хоёр нэг оюун ухаантай боловч тэдний хүсэл тэмүүлэл сууриараа нийцэхгүй. Elizabeth Sue-ээр дамжуулан алтан үеэ эргүүлэн авчрахыг хүсдэг бол Sue одоо цагтаа амьдарч, төгс биеийнхээ буяныг эдлэхийг хүсдэг. Elizabeth өмнө нь хэн байсан тухайгаа бодон гиюүрч, өөрийнхөө байгаа шинжийг шүүмжлэх тусам Sue-гээс улам л хөндийрнө. Elizabeth-н хяналтаа эргүүлэн авах гэсэн цөхөрсөн оролдлого түүнийг сүйрэлд хүргэж, харин Sue-н үр дагаваргүйгээр оршиж чадна гэсэн итгэл үнэмшил нь жинхэнэ гротески үхэлд хүргэж байна.

  "The Substance" кинонд донтолтыг бие хийгээд ухаан аль алиныг нь эзэмддэг зогсошгүй хүч гэж харуулахаас гадна кинонд Sue, Elizabeth хоёрын "Бодис"-той харьцах харилцааг энэ цагийн бусад кинонуудад эмийн, мөн хар тамхины донтолтыг хэрхэн авч үзсэнтэй адилаар дүрсэлжээ. Elizabeth тарьж эхэлмэгц "тэд" амьд үлдэхийн тулд шуудхан л "Бодис"-ноос хамааралтай болчихдог. Elizabeth-н донтолт нь түүнийг амьдралаа удирдан хянах чадвараас нь салгаад аюултай, хор хөнөөлтэй нөхцөлд оруулж, эцэстээ амийг нь авч одож байна. Elizabeth "Бодис"-оос хамааралтай болохоосоо өмнө гаднах үнэлэмж, анхааралд байхаас хамааралтай байдаг; тэр зөвхөн залуу насыг эрэлхийлээд зогсохгүй Холливуудад залуу, үзэсгэлэнтэй эмэгтэй байж чадах баталгаат бишрэлийг хүсдэг. "Бодис" нь энэ боломжгүй асуудлыг хялбар шийдлийг амлаж байгаа ч үр дүн нь үхлээс илүү аймшигтай үр дагавар байдаг. Elizabeth амьдралаа эргүүлэн авахын оронд донтолтын тойрогт гацчихдаг. Sue энэ тойрогт ороод тэр мөн л донтолтын золиос болдог. Тэр илүү их "Бодис" хэрэглэж, Elizabeth-ээс "хулгайлах" тусам өөрийн ирээдүйгээ хянах чадвараа алддаг. Тэрээр амжилт, гоо үзэсгэлэнгийн төлөө эрүүл мэндээ "барьцаалж", өөрийгөө хийгээд Elizabeth-г үхэх эрсдэлд оруулдаг.  Найруулагч Fargeat кинонд гарах "Бодис"-оороо аливаа донтолт хяналтаас гарвал ямар төгсгөлтэй байж болохыг харуулсан агаад бүх донтолт түр зуурын, хэсэг хугацаанд сэтгэл ханамж өгдөг ч донтогчоос тэр хэрээр золиос шаарддаг ажээ. 

Comments