Shame (2011). Их Британийн кино найруулагч Stevs McQueen-н эротик, сэтгэлзүйн драм. Кино зохиолыг тэрээр Abi Morgan-тай хамтран бичсэн бөгөөд Америкт нээлтээ хийхдээ NC-17 үнэлгээ авсан. Киноны гол дүрүүдэд Michael Fassbender, Carey Mulligan нар тоглосон ба критикүүд тэдний гүйцэтгэл, найруулга, секс донтолтыг бодитой дүрсэлсэн хэмээн магтсан. McQueen 2008 онд "Hunger" кинондоо хамтран ажилласан продюсер Iain Canning-тай дахин нэгдэх энэ төслөө хөгжүүлж эхэлсэн бөгөөд "The Iron Lady" кинонд амжилттай ажилласан Abi Morgan-г кино зохиолчоор авсан. Найруулагч иаань мөн "Hunger" кинонд хамтарсан Fassbender-г анхны бас цорын ганц сонголтоор авсан. Carey Mulligan, James Badge Dale хоёр араас нь Fassbender-н дүрийн охин дүү, боссын дүрд тоглохоор нэгджээ.
"Би хэлж чадашгүй олон давааг давсан" гэж кинонд жүжигчдийн сонгон шалгаруулалтын найруулагчаар ажилласан Avy Kaufman ярьсан байдаг. NC-17 үнэлгээтэй кинонд жүжигчид сонгох том сорилт байжээ. Найруулагч түүнд гол дүрийн шөнийн цагийн бэлгийн хамтрагчид гэх мэт жижиг дүрүүдэд ч гэсэн дээд зэрэглэлийн жүжигчид олохыг даалгадаг байжээ. McQueen-н санаа бол эдгээр хамтрагчид чимээгүй байдлаараа түүхийг урагшлуулж, Brandon-н сэтгэлийн төлөвийг харуулах, эсхүл харц, үйл хөдлөлөөр харилцааныхаа түүхийг илэрхийлэх явдал байв. Мэдээжээр, жүжигчид тодорхой хэмжээнд бие махбодийн шаардлага хангасан байх ёстой байсан. Ингээд Fassbender, Mulligan хоёрын тоглолтоор бахдсан, секс донтогчийн шаналгаат түүхийг товчхон өгүүлсү.
Нью Иорк хотын метронд ойролцоогоор гуч орчим насны хүүхэн, залуу хоёр яг өөд өөдөөсөө харан сууцгаах агаад залуу өөртөө итгэлтэй эхэмсэг харцаар хүүхнээс өчүүхэн ч ичсэн шинжгүйгээр хөлнөөс толгой хүртэл нь харах бол хүүхэн эвгүйрхэн дургүйцсэн өнгө гаднаа гаргах ч дотроо таатайн аргагүй байгаан хөөрхөн хоёр хацар нь улайснаас харагдана. Хэдэн минут өнгөрсөн ч залуу ширтсээр л байх агаад харц шалиг хүслийн толь болоод зогсохгүй хүүхнийг өрөмдөх мэт эрээ цээргүй ширтэх харцны цаана ямаршуухан садар бодол эргэлдэж байгааг хэн ч гэсэн тааж ядах юмгүй байлаа. Залуу хүүхнийг харцаараа нүцгэлээд, тэгээд эзэрхийлж байв, яг үүнийг ч мэдэрсэн бүсгүй эхлээд эвгүйрхэж байсан бол аажмаар хүлээн авч сүүлдээ таашаан соёрхож, зүсэн зүйлийн садар юм дотроо төсөөлөн амьсгаан түргэсэн байж чадахаа болин метро зогсонгуут зугтаах шахан гүйж одох ба залуу араас нь гүйгээд олны дунд ороод барааг нь алдахдаа хүүхнийг сүйн бөгжтэй байсныг нь тодхон санаж үлддэг.
Аятайхан хүүхэнг хамар дороосоо алдсандаа бус маш их сэрэл нь хөдөлсөндөө ч биш, зүгээр дадсанаараа ажил дээрээ ирүүтээ эрчүүдийн бие засах өрөөнд орж гар хангалга хийдэг. Энэ залууг Brandon гэдэг, царайлаг бол цайралаг, нуруутай бол нуруутай, ганц бие бөгөөд боломжийн ажилтай, хотын төвд байртай, ёстой л нэг нөхөр хайсан хүүхнүүдийн мөрөөдлийн ханхүү гэхэд болно. Гэвч тэрээр бусдаас шал өмнөө хүн байв, барагтаа бол инээдэггүй, даргатайгаа нийлж бааранд орж хүүхэн чихдэхээс өөрөөр найз нөхөд, хамт олон үгүй, өөрөө ч энэ байдлаа эрхэмлэдэг бөгөөд гэр бүлтэй дарга нь түүнийг хань татаж хүүхэн эргүүлнэ, дарга олон үгтэй онигоо ярьсан марзан эр бол Brandon илүүтэй дуугүй байж зөв газар, зөв цагтаа хэдхэн үг хэлчихээд харц болон төрөлхийн хүүхэн татах авъяасаараа онцгойрон. Түүнд хүүхэн орондоо оруулах шиг амар ажил байхгүй ба өөрөө ямар ч хүүхэнд дурлахгүй, татагдахгүй, мөн түүний хамгийн урт удаан үерхэл дөрвөн сарын л настай байв. Даргад Brandon-ны хүүхнүүдийг соронз шиг татдаг чанар тун таалагддаг буюу хэрэгтэй учир байнга дагуулж шоудах агаад ажил дээр ч Brandon-ыг өмөөрч, зарим алдааг нь өршөөж хэлтрүүлнэ; жишээлбэл: Brandon-ны ажлын компютер замбараагүй порно үзсэнээс болж вирустсан байхыг нь дарга нь тоохгүй өнгөрөөнө. Brandon ажлаа тарж гэртээ очоод хоолоо идэнгээ порно үзэх юмуу “камсекс” хийх ба эсхүл гэртээ дуудлагийн биеэ үнэлэгч авчран хурьцана.
Тэрээр өглөө босоод л шүршүүрт орж байхдаа гар хангалга хийж, ажлынхаа цайны цагаар бие засах өрөөнд гар хангалга хийх зэргээр өдөрт гурваас доошгүй ямар нэгэн байдлаар дур ханана, нэг ёсондоо киноны маань гол баатар бол секс донтон. Царай зүстэйн дээр мөнгөтэй түүнийг үргэлж хүүхнүүд тойрон эргэх бөгөөд ажлынх нь газрын нөхрөөсөө салсан Marianne гэх хүүхэн түүнд илт сээтэн хаяж эхэлнэ, Brandon ч учрыг ойлгон тэд болзоход Marianne нэг шөнийн хөнгөн хүүхэн биш, харин энэ харилцаагаа ихэд чухалчлан үзэж байгааг Brandon ойлгоно. Brandon болзоон дээрээ гэрлэлт бол уйтгартай, хайр сэтгэлд утга учир байдаггүй, ямар ч гал халуун хайр хөрдөг хэмээн өөрийнхөө санааг шууд хэлэхэд хүүхэн маш их гайхах боловч салахдаа хоёрдахь болзоог хүлээн авдаг. Brandon-нд хүүхний зан авир, хөгжилтэй ааш, мөн гоо үзэсгэлэн таалагдаж, ер нь харьцаа үүсгэе, найз хүүхэнтэй болоё хэмээн бодож дараагийн уулзалт дээрээ нэг орондоо ортол Brandon-ны эрхтэн хөвчрөхгүй хамаг сайхан бүхнийг нураах энэ явдлыг ёстой л хувь заяаны шоглоом гэлтэй.
Тус сэтгэл гонсойлтоос болж Brandon маш их сэтгэлээр унаж, улам их порно үзэж, янхан хүүхнүүдтэй юмуу нэг шөнийн хонгоруудтай учрах агаад эдгээрт бие махбодь нь хүссэнээр нь ажиллаад байдаг хэрнээ энгийн буюу хүн ёсны харилцаанд орохоороо болохоо байчихдаг нь бүх асуудал түүний сэтгэлзүйд байгааг, тархи нь гэмтэж энгийн хүн шиг биш болсныг харуулах ба тамхичин, архичин, тоглоомчин лугаа адил сексийн донтойг нь харуулна. Хүн эхээс төрөхдөө ганцаараа төрж үхэх хүртлээ “ерөнхийдөө” ганцаараа явсаар үхдэг билээ. Шашин, нам, элдэв спорт бүлгэм гээд цөм ганцаардсан хүмүүсийн ганцаардлаасаа түр ч гэсэн хөндийрөх гэсэн туйлын хүсэл бол архидалт, хэрээсээ хэтэрсэн секс гаж дон, элдэв хобби зэрэг нь мөн л ганцаардлаасаа хөндийрөх гэсэн түр зуурын агшин юм. Үүнд сексийн таашаал хэсэг хугацаанд хүчтэй жаргааж, ганцаардлаас аврах ч секс өндөрлөсөн хойно өнөөх ганцаардал улам их хүч түрэн мэдрэгдэж, дараагийн секс хүртлээ зовоохоос гадна зөвхөн махан биеийн л мэдрэмж ноёлсон ангал руу унаж, хайр хийгээд хүнлэг сэтгэлээс хөндийрч хатуу сэтгэлтэн болдог, үүний жишээ бол Brandon юм.
Нэг өдөр даргатайгаа шөнөжин шоудаж, гудманд нэгэн хүүхэнтэй хурьцаж ядарсан Brandon гэртээ ирэхэд гэрт нь түүний энэ ертөнцөд ганц харж хандах хүн болох охин дүү нь Sissy ирсэн байна. Гуч арай хүрээгүй болов уу гэмээр Sissy ах дээрээ хэд хоног толгой хорогдуулаач гэж гуйж ирэх ба ойрын үед ах руугаа олон удаа залгахад ах нь албаар дуудлагаас нь зугтааж байсан учир шууд ирсэн нь энэ. Sissy ахыгаа бодвол нээлттэй, яриасаг агаад шөнийн цэнгээний газар дуулдаг ерөнхийдөө нэлээд чөлөөтэй, замбараагүй амьдралтай хүүхэн болно. Brandon дүүгээ хэд хонохыг зөвшөөрөх ба дүүгээ найз залуудаа хаягдаад орох оронгүй болчихоод өөр рүү нь ирсэнийг нь санамсаргүйгээр олж сонсоно. Эхний өдрөөсөө л ах дүүсийн хооронд зөрчил гарч эхлэнэ, жишээлбэл: Brandon угаалгийн өрөөндөө гар хангалга хийж байтал дүү нь хаалга тогшилгүй орж ирэхээс өгсүүлээд Brandon-ны бүх хувийн амьдралд дүү орж ирэн амгалан байдлыг нь ганхуулна.
Нэг сайхан орой Brandon даргатайгаа хамт дүүгийнхээ дуулдаг бааранд очно, Sissy найз залуудаа гомдсондоо ч тэрүү, эсхүл угийн аальгүй болоод тэрүү, ахынхаа даргатай маяглаж байгаад согтож манай гурав Brandon-ны гэрт очин улмаар төрсөн дүүгээ даргатайгаа сексдэхийг сонссон Brandon өөртөө ч бас дүүдээ ч жигшин, тарчилна. Ганцаараа тааваараа байж дассан, өөрөөсөө өөр хэнд ч сэтгэл зовохгүй маш их амиа бодогч Brandon-ны амьдралд охин дүү нь орж ирсэнээр бие даасан амьдралыг нь сүйтгэж байна, надад битгий гай бол гэсэн санаагаа дүүдээ хэлэхэд Sissy ахдаа хандаж та бид хоёр ах дүүс, бие биедээ тусалж, дэм болох ёстой, энэ хорвоод та бид хоёр л бие биенээ гэхгүй бол өөр хэн ч биднийг гэхгүй гэж хэлэхэд Brandon би чамайг төрүүлээгүй, чи өөрөө өөрийгөө авч яв гэж хатуурхан дүүгээ гэрээсээ хөөж гаргадаг; сэтгэл, санаагаар унасан Brandon сэтгэлээ, оюунаа сэргээхийн тулд групп секс хийж, бүр гей бааранд хүртэл орж хүслээ буюу стрессээ тайлдаг, тэр ингэж л алжаалаа тайлж сурсан нэгэн шүүдээ. Brandon хэнтэй, хаана, яаж байх нь хамаагүй гол нь дур тавих л чухал болсон секс донтон билээ. Brandon өглөө гэртээ ирэхэд Sissy судсаа ханачихсан хэвтэж байдаг.
Критикч Todd McCarthy: "Fassbender-н бишрэм, ширүүн гүйцэтгэлээр хөтлөгдсөн энэ кино бол жинхэнэ зэрлэг аялал, хар тамхинд донтохтой адил бүхий л донтолтыг хамарсан сексийн донтолтыг авч үзсэн шазлам бүтээл". Критикч Dan Bullock "Shame"-ийг сэтгэл татам, туйлын онцгой кино хэмээгээд "найруулагч McQueen "Hunger" киноныхоо дараа донтолтыг гүн судлаж, донтолтын үр дүнд оюун ухааны сүйрэл, мөхлийг харуулсан зоримог, сонирхолтой бүтээл хийсэн нь үзэхэд хэцүү байдаг ч та дэлгэцээс нүдээ салгаж чадахгүй" гэжээ. Критикч Justin Chang уг киног 2008 оны "Hunger" киноны алмайруулам хамтрагч, "Shame" нь илүү ойлгож болохуйц хэдий ч ижилхэн гуйвшгүй драм ба Fassbender жүжигчин хүний хийж чадах бүх аргаар өөрийгөө нүцгэлдэг гэжээ. The New York Times соиинд уг бүтээлийн тухай бичихдээ, найруулагч McQueen гол дүрийнхээ хэрэгцээний хурцадмал шинжээсээ болж жинхэнэ дотно харилцаанаас хэрхэн алслагдаж байгааг харуулахыг хүссэн ч энэ нь анхнаасаа л урьдчилан тодорхойлсон дүгнэлт шиг байна гэж шүүмжилсэн.
Харин The Irish Times сонинд "The Exorcist" киноноос хойш эрүүл бус байдлын тухай хийгдсэн хамгийн эрүүл кино гэж бичжээ. Критикч Ignatiy Vishnevetsky; "Сцэн болгон нь кино урлагийн хамгийн шударга нийгмээс тасрах шинжээр дүүрэн байдаг; энэ бол хоёрдмол утга. Кино хоосролыг хүндэт тэмдэг мэт зүүдэг; McQueen улигт хоосон шинжийг эрэлхийлж байгаа ба үүндээ ч амжилттайгаар хүрсэн". Сэтгэцийн эмч Abby Seltzer завсарын зан авирын эмгэгтэй бүсгүйн дүрийг бодитой бүтээсэн гэж Carey Mulligan-г магтаж, мөн Brandon-н секс донтолт сэтгэл судлалын хувьд үнэн зөв болж чадсан гээд ерөөсөө психологийн салбарынхан бүгдээрээ үзвэл зохистой кино гэжээ. "Shame" кинонд Fassbender-н царайг ойроос харуулахад түүний дүр болох Brandon-н царайд өвдөлт, гуниг, уур хилэн харагддаг.
Энэ найруулагч McQueen-г киноны мастер план ба үнэндээ гол баатар маань дур тавьж байгаа ч тэр сексээс таашаал авахаа болиод удаж байгаа мэт харагддаг. Ойрын зураглал нь үзэгчийн харах өнцгийг түүний зовлонгоор хязгаарладаг. Brandon таашаал авахгүй байгаа бол яаж байна гэж асуух байх, минийхээр бол тэр өөрийгөө зовоох байдлаас таашаал авч байх шиг санагддаг; секс нь түүний хувьд хийх ёстой ажил шиг л автомат болсон байдаг. Зөвхөн секс хийх замаар оршин байгаагаа мэдэрдэг хүнийг секс донтон гэдэг. 1987 онд Америкт сексийн донтолтыг сэтгэцийн эмгэг гэж тодорхойлжээ. Дараа нь тэд энэ мэдэгдлээсээ татгалзсан нь сонирхолтой. Ямартай ч уг киноны гол дүр маань сексээс болж шаналдаг. Зарим хүнд түүний амьдралын хэв маяг сайхан, хүсмээр санагдаж магадгүй, гэхдээ ийм амьдрал тэр чигтээ уй гуниг бас ганцаардал л байдаг. "Shame" бүтээл бидэнд кинонуудад гардаг дур тавилт болгон таашаал өгдөг гэсэн түгээмэл таамаглалыг худал болохыг харуулна.
Киноны нээлтийн кадрт Brandon өглөө сэрж байдаг, тэр хөдөлгөөнгүй хоосон руу ширтэж байдаг, энэ нь түүнийг амьдрах хүсэлгүй болсон хүн шиг харагдуулдаг. Тэр босоод л гар хангалга хийдэг бөгөөд энэ дур тавилт тэр өдрийн хамтрагчтай ч, ганцаараа ч олон дур тавихын зөвхөн эхлэл төдий юм. Тэр ийм ялд унасан юм шиг л байдаг, хичнээн жигшмээр аймшигтай вэ?. Тэр янхан байна уу, танихгүй нэгэн байна уу, ажлын хүн үү, бүр төрсөн дүү байсан ч хамаагүй хэнийг ч хайхрахгүй; тэр дэндүү цэвдэг. Brandon-н ичгүүр хувийн нууцаар халхлагдсан агаад тэр гар хангалга, порнографууд, янхнуудаа хүмүүсээс нуудаг. Тэр яагаад хүмүүстэй энгийн харилцаа үүсгэж чаддаггүй нь нууц. Brandon, Sissy хоёр хүүхэд насандаа сэтгэцийн гэмтэл авсан байж болзошгүй байдаг, гэхдээ намайг энэ талаар тодорхой мэдээлэл өгдөггүй. Brandon Манхэттен-аар алхаж байхдаа туйлын ганцаардмал харагддаг, тэр ч атугай олон хүмүүсийн дунд ч тусгаарлагдсан мэт мэдрэгддэг. Тэр ижил хүйстэн биш, гэхдээ дур тавихын төлөө гей баар орох ёстой бол ордог нэгэн. Sissy ахаасаа өөр, тэр хүсэл тэмүүлэлтэй, баригдмал бус, тэр кинонд амьдрал өгдөг.
Түүнд ах нь туйлаас хэрэгтэй бол ах нь ийм хэрэгцээнээс л айдаг. Sissy-н дуулдаг хэсгийг ойрын зураглалаар харуулахад түүнээс өвдөлт, уй гашуу харагддаг ч харин уур хилэн үзэгддэггүй бөгөөд түүний дуулдаг сцэн зүрх шимшрүүлэм. Brandon шиг дүрд тоглох зоригтой жүжигчин ховор, харин Fassbender үүнийг чадсан шиг чадсан. Тэрээр ийм зоригийг McQueen-н "Hunger" кинонд бас гаргасан билээ. Найруулагч, жүжигчин хоёр үзэгчдэд таалагдахын төлөө бус харуулах ёстойгоо зөв л харуулах хэрэгтэй гэсэн үзэл санаан дээр нэгддэг бололтой. Brandon зовж шаналж байгаагаа илэрхий гаргадаггүй, тэр ичнүүрт үйлдлээ л ахин дахин давтахаас өөр аргагүй тул эцэстээ зөвхөн өөрийгөө үзэн ядаж л үлдэх нь зайлшгүй. Сексийн донтолт гэж ийм л байдаг байх, үүнээс үнэмшилтэйгээр үзүүлнэ гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Энэ киног дахиж үзэх зориг надад лав одоогоор алга.

Comments
Post a Comment