Mulholland Drive (1999). Аугаа мастер кино найруулагч David Lynch-н зохиолыг нь бичиж найруулсан нео-нуар, нууцлаг жанрын кино. Энэхүү кинонд, жүжигчин болохоор Лос Анжелес хотод ирж байгаа залуухан хүүхэн болон автомашины осолд орсны улмаас ой санамжаа алдсан хүүхэн хоёрын нууцлаг нөхөрлөлийг үзүүлдэг. Мөн кино мафитай холбогдсон Холливуудын найруулагч зэрэг хэд хэдэн богино эпизодиудаас бүрдэнэ. Гол дүрүүдэд; Naomi Watts, Laura Harring, Justin Theroux, Ann Miller, Robert Forster нар тоглосон. Эл сюрреалист киног анхлан ABC телевизийн туршилтын кино болгохоор төлөвлөж байсан ба Lynch 1999 онд зураг авалт, эвлүүлгийг нь хийчихсэн, энэ нь нээлттэй төгсгөлтэй нууцлаг кино материал байв. Гэвч Lynch-н хувилбарыг үзсэн ABC-ийн удирдлагууд цуврал болгохоос татгалзсаны дараа Lynch Францын продакшн компани StudioCanal-аас санхүүжилт авч, өмнөх бичлэгээ дахин ашиглахдаа төгсгөлийг нь бичиж, зарим шинэ материалыг нэмж оруулсан.
Киноны эвлүүлгийг Lynch-н хамтрагч, бас эхнэр нь байсан Mary Sweeney хийсэн бөгөөд тэд киноны үйл явдлын тайлбарыг нээлттэй үлдээсэн; дараа нь ч найруулагч маань тайлбар өгөхөөс татгалзсан нь үзэгчид, критикүүд, тэр ч байтугай кинонд тоглосон жүжигчдэд хүртэл утгыг нь таамаглахад хүргэсэн. Энэ кинонд тоглосноороо Naomi Watts Холливуудын од болсон бол Холливуудын ахмад жүжигчин Ann Miller-н сүүлчийн кино нь болсон. "Mulholland Drive" кино нээлтээ хийгээд критикүүдээс өндөр үнэлгээ авч, Lynch Канны кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртэж, Оскарын шилдэг найруулагчид нэр дэвшсэн ба өнөөдөр уг киног 21-р зууны хамгийн шилдэг кинонуудын нэг төдийгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны нэгээр нэрлэх болсон. The Ringer сэтгүүл Naomi-н гүйцэтгэлийг 21-р зууны хамгийн шилдэг тоглолтоор нэрлэсэн байдаг.
BBC 21-р зууны хамгийн аугаа киногоор нэлэсэн бол 2022 оны Sight & Sound сэтгүүлийн критикүүдийн санал асуулгаар хамгийн шилдэг кино жагсаалтын 8-р байрт, Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 29-р байрт тус тус эрэмбэлэгдсэн. Тэртээ телевизийн цуврал болж чадаагүй гологдлын балгаснаас үүссэн Lynch-н энэхүү эротик триллер нь нэг хүчирхийллээс нөгөө рүү логик дагахгүйгээр шилждэг. Кино өөрийгөө элэглэхийн ирмэг дээр эрэлхэгээр эргэлдэж, хэт туйлшралдаа баясч, хүүрнэлийн логикийг эсэргүүцдэг. Уг дур булаам уран зөгнөлт бүтээл нь найруулагчийн "Blue Velvet" болон "Eraserhead" кинонуудаас хойших хамгийн хүчтэй киноноос гадна "Lost Highway" кино дахь чөлөөтэй хөвөх аюул заналхийллийн уур амьсгал, сүнснүүдийн зорилгогүй шилжилт, цочирдом үйл явдал, өөр ертөнцийн гяланцаг байдал энэ кинонд илүүтэй сэргээгддэг. Ингээд мастер найруулагчийн доод ухаан руу нэвтэрцгээе.
Lynch эмэгтэй хоёр гол дүрдээ Naomi Watts, Laura Harring хоёрыг сонгохдоо зургийг нь хараад сонгожээ. Тэрээр тэдний өмнөх бүтээлүүдийг үзээгүй байж байгаад хэн хэнтэй нь хагас цаг ярилцахдаа тус тусад нь уулзжээ. Laura анхны ярилцлагадаа орохоор явж байхдаа жижигхэн автомашины осолд орсон байдаг, сонирхолтой нь, түүний дүр мөн кинонд автомашины осолд ордог билээ. Naomi анхны ярилцлагадаа орохдоо Нью Иоркийн онгоцноос шууд жинсэн өмдтэйгөө явж орсон ба Lynch түүнээс дараагийн удаа илүү гоёод ирэхийг хүссэн аж. Хожим Lynch түүнийг сонгосон талаараа: "Би гайхалтай авъяаслаг, сайхан сэтгэлтэй, оюунлаг, олон дүрд тоглох чадвартай хүнийг харсан" гэжээ. Justin Theroux мөн л найруулагчтай онгоцны нислэгийн дараа шууд уулзсан; нойр дутуу, сэгсийсэн үстэй, хар хувцастай байсан нь Lynch-д таалагдаж, дүрийг нь яг тийм байдлаар бүтээжээ. Кино ердөө л (Зүүдний хот дахь хайрын түүх" гэсэн товч гарчигтай байж. Найруулагч Lynch эл бүтээлийнхээ учир утга, бэлгэдлийн талаар аливаа тайлбар өгөхөөс татгалзсан нь судлаач, шүүмжлэгчдээс асар их маргаан, тайлбар хийхэд хүргэсэн. Критикч David Sterritt Канны кино наадмын үзвэрийн үеэр Lynch-тэй киноных нь талаар ярилцсан гэдэг ба Sterritt; "Lost Highway зэрэг Lynch-н эхэн үеийн кинонуудаас нь ялгаатай нь энэ кино уялдаа холбоо, ойлгомжтой түүхийг шаардаж байна" гэжээ. Нөгөөтээгүүр, кинонд тоглосон жүжигчин Justin Theroux киног хүмүүс юу гэж ойлгодог талаар Lynch ямар бодолтой байдаг талаар; "Lynch таны хүссэн бүхнийг гаргаж чадсандаа баяртай байгаа гэж би бодож байна. Хүмүүс хачин жигтэй тайлбар гаргаж ирэхэд дуртай байдаг. Энэ бол түүний доод ухаанаас гарсан бүтээл" гэжээ.
"Mulholland Drive" киноны эхэн үеийн тайлбарт зүүдний анализыг ашиглаж, киноны эхний хагас нь жинхэнэ Diane Selwyn-н зүүд гэж үзсэн буюу тэрээр өөрийгөө ийм байгаасай гэж мөрөөддөг; гэнэн цайлган, итгэл тээсэн "Betty Elms" болгож хувиргахдаа яг л хуучны Холливуудын кино шиг дүр төрх, түүхийг нь дахин зохион бүтээдэг. Зүүдэндээ, Betty амжилттай, дур булаам, мөн удахгүй алдартай болох жүжигчиний фантааз амьдралаар амьдардаг. Киноны үлдсэн хэсэгт Diane-н бодит амьдралыг харуулдаг, бодит байдалд түүний хувийн ч, мэргэжлийн ч амьдрал бүтэлгүйтсэн байдаг. Тэр экс амраг Camilla-н аллагыг зохион байгуулдаг; гэм буруундаа идэгдэж, түүнийг бие даах чадваргүй, эмзэг, ой санамжаа алдсан Rita болгон дахин төсөөлдөг бөгөөд гэсэн хэдий ч түүний гарцаагүй үхэхийн сэжүүрүүд Diane-н зүүдэнд гарч ирсээр байдаг. Энэ тайлбар Naomi-н тайлбарласантай төстэй, 2001 онд өгсөн ярилцлагадаа тэрээр: " Би Diane бол жинхэнэ дүр, Betty харин түүний хэн болохыг хүсдэг, зүүдэлж байгаа хүн гэж бодож байна. Rita бол "зовлонд унасан бүсгүй" бөгөөд түүнд Betty үнэхээр хэрэгтэй, харин Betty түүнийг хүүхэлдэй шиг удирддаг. Rita бол Camilla-г ямар байгаасай гэж хүсч байгаа тэр Betty-н фантааз юм". Жүжигчин Naomi-н Холливууд дахь эхэн үеийн амьдрал Diane-нхтай адилхан байдаг. Тэр амжилтад хүрэхээсээ өмнө тохирохгүй дүрүүдийн сонгон шалгаруулалтад орж, боломж өгөхгүй хүмүүстэй уулзаж, мэргэжлийн хувьд хангалттай бүтэлгүйтсэн гэдэг. Naomi: "Олон найдвар төрүүлэхүйц зүйлс байсан ч үнэндээ аль нь биелээгүй. Би мөнгөнгүй болж, маш их ганцаардаж байсан".
Критикч Michael Wilmington хэлэхдээ, уг кино дахь бүх зүйл хар дарсан зүүд хэмээгээд "энэ бол Холливуудын алтан мөрөөдөл өмхийрсөн тухай буюу үзэн ядалт, атаархал, олиггүй зөвшилцлөөс болж хортой шөл болж хувирсныг дүрсэлсэн; энэ бол бидний тансаг уран зөгнөлийн эмзэг хэсэг бөгөөд Lynch энэ хэсгийг бодитойгоор дүрсэлсэн" гэжээ. The Guardian сэтгүүл нэртэй кино критикүүдээс "Mulholland Drive" киноны ерөнхий утгын талаарх хувийн ойлголтуудыг нь асуужээ. Neil Roberts, Tom Charity хоёр Betty бол Diane-н жаргалтай амьдралын төсөөлөл гэсэн байхад Roger Ebert, Jonathan Ross хоёр сайхь тайлбарыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч кинонд хэтрүүлсэн анализ хийхээс болгоомжилсон. Roger Ebert "Тайлбар байхгүй, нууцлаг зүйл ч байхгүй байж магадгүй" гэсэн байдаг. Jonathan Ross ямар ч чиглэлгүй үйл явдлууд байгааг онцолсон; түүнийхээр, энэ нь магадгүй анх төлөвлөсөн байсан туршилтын киноноос үлдсэн материалтай холбоотой байх, эсвэл зүүдний логик дараалалгүй, доод ухаанд хамаарагдах болов уу гэсэн буй. Критикч Phillip French уг киног Холливуудын эмгэнэлт явдлын далд ишлэл гэж дүгнэсэн бол критикч Jane Douglas сонирхолтойгоор дүгнэсэн буюу Betty-н амьдрал бол Diane-н зүүд гэсэн таамгийг няцааж, мөн хэт их анализ хийхээ больцгооё гэсэн байдаг.
Медиа онолч Siobhan Lyons мөн зүүдний тайлбараас татгалзаад зүүд гэж үзэх нь Lynch-н ертөнцөд голдуу гардаг бодитын абсурд байдлын хүчийг үгүйсгэдэг өнгөц тайлбар болно гэж маргасан. Үүний оронд тэр Betty, Diane хоёр бол үнэндээ Холливуудын залуухан одууд дунд түгээмэл тохиолддог ижил төстэй харагддаг хоёр өөр хүн гэж үзжээ. Үүнтэй төстэй өөр нэг тайлбарт Betty ба Rita, Diane ба Camilla нар нь заримдаа хоорондоо холбогддог зэрэгцээ ертөнцөдүүдэд оршдог гэж. Өөр нэг таамагт киноны өгүүлэмж нь мёбиусын зурвас шиг аж. Түүнчлэн кино бүхэлдээ зүүдэнд өрнөдөг боловч зүүдлэгч нь хэн болох нь тодорхойгүй гэсэн санаа байдаг; ор, унтлагын өрөө, нойрсох тухай олонтаа давтдаг нь зүүдний нөлөөг л илэрхийлдэг аж. Rita хэдэнтээ унтдаг; эдгээр эпизодиудын дунд Winkie's кафед эрчүүд яриа өрнүүлж байгаа, Betty Лос-Анжелес хотод ирсэн гэх мэт холбоогүй сцэнүүд гардаг ба энэ нь Rita эдгээрийг зүүдэлж байж магадгүй гэсэн санааг харуулна. Киноны нээлтийн кадрт үл танигдах хүний унтаж байгаа ор дэрийг томруулан харуулдаг ба кино судлаач Ruth Perlmutter-н үзэж буйгаар сайхь кадраас хойших үйл явдлуудын бодит эсэхэд эргэлзэх шаардлагатай болохыг харуулах ажээ.
Зүүд судлалын профессор Kelly Bulkeley хоолны газар дахь эхэн үеийн сцэн нь зүүд эсхүл зүүд зүүдэлж байгааг илэрхий дурдсан цорын ганц сцэн буюу Lynch-н киноны илчлэлтийн үнэн хийгээд танин мэдэхүйн тодорхойгүй шинжийг харуулсан гэж үзжээ. Winkie's дахь эрчүүдийн ярианы сэдэв болсон зүүдлэгдсэн аймшигтай амьтан нь Diane амиа хорлохоос өмнө хийгээд дараа нь киноны төгсгөлд дахин гарч ирдэг; зүүд судлаач маань Winkie's дахь сцэн зүүдний тухай цорын ганц яриа нь кинонд өрнөж буй бүхнийг ойлгох шинэ аргыг нээж өгнө гэжээ. Онол, таамагууд борооны дараах мөөг шиг олширсон ч критикүүд киноноос гарсан асуулт, эргэлзээнд таарах хангалттай тайлбар байхгүй гэж үзсэн. Зарим критикч "Mulholland Drive" бүтээл аль ч дүрийн хайрын амьдрал юмуу мэргэжлийн амбицтай бараг холбоогүй; энэ кино бол Холливуудын сэтгэл татам байдал, мөн кино урлагийн өгдөг хүн өөрийгөө шинээр бүтээх, олон дүрээр мэдрэх тухай гүн гүнзгий тусгал болдог гэсэн бол нөгөө зарим нь эл бүтээлийг "Холливуудын хортой валентин" гэж нэрлэсэн.
"Mulholland Drive" киног Холливуудын сүйрсэн мөрөөдлийн талаарх өөр нэг шедевр болох Billy Wilder-н "Sunset Boulevard" нуартай харьцуулдаг ба "Mulholland Drive" киноны эхэнд Rita шөнөөр сансет бульвар гудамжыг хөндлөн гарч байгааг харуулдаг. Дурдсан хоёр киноны нэрс Лос-Анжелес хотын алдартай гудамжны нэрээр нэрлэгдсэнээс гадна мулхолланд драйв гудамжны ойролцоо Lynch өөрөө амьдардаг байсан агаад тэр хөнөөлтэй бүтэшгүй хотод хүн ялзран, илжрэн байгааг үзүүлэхийг зорьжээ. Критикч Gregory Weight-н үзэж байгаагаар, Lynch-н цинизм нь гадаад төрхийг л харуулдаг, үүний цаана муу муухай, ялзрал доройтол л байдаг аж. Lynch уг бүтээлээрээ Холливуудын соёл дахь хууран мэхлэлт, бузар булай, олиггүй байдлын талаар мэдэгдэл хийснээс гадна тэр киноныхоо туршид дурсамжийг шингээж, жинхэнэ арт кино гэдэг бол классик киноноос гаралтай гэдгийг хүлээн зөвшөөрч, мөн Ann Miller, Lee Grant, Chad Everett зэрэг ахмад жүжигчдийг сонгон тоглуулж тэдэнд хүндэтгэл үзүүлжээ. Найруулагч маань мөн Betty-г ер бусын авъяаслаг жүжигчин гэж дүрсэлсэн бөгөөд түүний ур чадварыг энтертайнмент салбарын нөлөө бүхий хүмүүс биширч байгааг харуулдаг билээ.
Киноны носталжиа болон Холливуудын ялзралын хоорондын эсрэгцсэн байр суурийн талаар критикч Steven Dillon бичихдээ уг кино нь Холливуудын соёлыг төдийгүй кинонд дурлагсдыг ч бас шүүмжилдэг гэжээ. Betty ба Rita, Diane ба Camilla нарын харилцааг "сээтэгнэсэн", "сэтгэл хөдөлгөм", "гижигдэм" гэх мэтээр тодорхойлдог. Критикч Thierry Jousse-н онцолсноор бол кинонд дүрсэлсэн эмэгтэйчүүдийн хоорондох хайр нь тухайн цаг үеийнхээ ямар ч кинотой харьцуулашгүй уянгалаг гэжээ. Өөр нэгэн критикчийн мэдэгдэлд, Betty, Rita хоёрын гол романтик засварын үзэгдэл нь Betty өөр эмэгтэйг сонирхож, түүнд тусархуу хандах нь учир утгатай болохыг анд удаагаа гайхшралтайгаар ойлгосноор сэтгэл нь хөдөлж, татагддаг буюу эндээс хүсэл тачаал үүсдэг хэмээжээ. Эротик сцэн маш хүчтэй тул киног бүхэлд нь бүрхэж, өмнөх хийгээд дараагийн бүхий л сцэнүүдийг эротик өнгө аястай болгочихдог гэж зарим судлаачид бичсэн. Betty, Rita хоёрыг Independent Film Channel-аас 2000-аад оны хамгийн романтик хосоор нэрлэсэн нь хачирхалтай хэрэг шүү.
Критикч Charles Taylor бичихдээ; Betty, Rita хоёрыг ихэвчлэн багахан гэрэлтэй харанхуйд дүрсэлдэг бөгөөд энэ нь тэд киноны зүүднээс сэрвэл агаарт байх нимбуст залгиулчих мэт мэдрэмж төрүүлдэг гэж. Зарим кино онолчид Lynch киноныхоо сэдэвчилсэн, гоо зүйн агуулгад ижил хүйстнээ сонирхох явдлыг оруулсан гэж үзсэн. Шугаман бус бүтэц нь киног өгүүлэмжийн уялдаа холбоог хадгалах чадамжгүй болгож, лесбианизм нь өгүүлэмжийн реалист идеолигийн уламжлалыг сарниулж, найруулагчийн нарийн боловсруулсан кино доторх эсрэгцэж байгаа түүхийн ертөнцүүдийн шилжих цэг болж ажилладаг аж. Киноны туршид толь болон доппельгангерууд байгаа но "лесбиан дур хүслийн нийтлэг шинжийг илэрхийлэл болдог. Betty, Rita хоёрын харилцаан дахь харилцан хамаарал нь бүхэлдээ хэт авталттай хиллэж; эмэгтэй дүрүүдийн харилцааг дүрсэлсэн нь Ingmar Bergman-н "Persona" болоод Robert Altman-н "2 Woman" кинонуудтай төстэй бөгөөд эдгээр кинонуудад эмзэг мэдрэмтгий эмэгтэйчүүд хоорондоо орооцолдож, солигдож, эцэстээ нэгдэж байгааг дүрсэлдэг. Эмэгтэй хосууд мөн бие биенийхээ тусгал болж, тэдний харилцан үйлчлэл нь дүрүүдийн шүтэн бишрэхүйг ижил хүйстэндээ татагдах дур тачаалтай нь холбодог.
Найруулагч маань Rita Betty-нхтэй яг адилхан шаргал хиймэл үс зүүсэн сцэнээрээ "Persona" бүтээлд шууд хүндэтгэл үзүүлжээ. Дараа нь ,Betty, Rita хоёр толинд хоёр биенээ ширтэж, бие махбодийн ижил төстэй байдалдаа анхаарч, тэврэлдэн байгаа нь тэднийг бие махбодийн хувьд нэгдэж, давхардаж байгаа санааг илэрхийлнэ. Киноны туршид гол үндэс сэдэв болсон тольдох, хоёрдмол байдал зэрэг нь киноны агуулга, хэлбэрийг улам бүр ижил хүйстэндээ татагдах шинжтэй болгодог. Найруулагч Lynch-н кино бүтээх хэв маягийг "хэт хачин", "харанхуй", "дэндүү гаж" гэх мэтээр тодорхойлж ирсэн. Зарим критикүүд Lynch-н киног Холливуудын стандарт нуар шиг эсхүл хамгийн радикал кино үздэг шигээ үзэж чадахгүй гэдэг. Lynch энд улиг болсон ба сюрреал, хар дарсан зүүд ба фантааз, шугаман бус үйл явдлан шугам, камерын ажиллагаа, дуу чимээ хийгээд гэрэлтүүлгийг зэрэгцүүлэн үзэгчдийг мэдэрч байгаа бүхэндээ эргэлзэхийг уриалж байна.
"Mulholland Drive" киноны ихэнх дүрүүд улиг гэгдэх ойлголтод тохирохуйц байдаг; Холливудад од болох хүсэлтэй хүн, чөлөөт сэтгэлгээтэй найруулагч, фемме фатал хүүхэн, мөн Lynch-н хэзээ ч бүрэн дүүрэн судалж байгаагүй мэт санагддаг буруу гарынхан. Lynch эдгээр тэнэгдүү дүрүүдээ аймшигтай нөхцөлд оруулж, зүүд шиг шинж чанарыг бүтээдэг. Эдгээр дүрүүдийг хар дарсан зүүд, фантааз, мөрөөдлийн нэг хэсэг, хамааралтай үйл явдалд ашигласнаар үзэгчид бодит байдал гэж юу болохыг эсрэг тэсрэгийн дунд шийдэх ёстой болдог ба кино аналист Jennifer Hudson: "Ихэнх сюрреалистуудын нэгэн адилаар Lynch-н тайлбарлагдашгүй хэл бол зүүдний урсамтгай хэл". Судлаач Stephen Dillon-н хэлснээр найруулагч Lynch киноны туршид камерийн янз бүрийн байрлал ашигладаггүй аж; тухайлбал гар дээрх камерийн зураглалийн өнцөг нь үзэгчийг тодорхой орон зай дахь дүрийн түгшүүртэй байдлыг тодорхойлж өгдөг хэдий ч найруулагч зарим мөчид камерийг тодорхой харах өнцгөөс салгаад тусгаар юмуу хүмүүний мэдрэмжийг суурь үндэсгүй болгосноор олон харах мэдрэмжийн контекстийг нэгтгэхээс сэргийлж, бидний хувь хүн ба хүмүүний талаарх мэдрэмжийг асуудалтай болгодог гэжээ. Мөн кино нь дахь камерийн ажиллагаа нь газар хийгээд оршин байгаа зүйлд тун жихүүцэм мэдрэмж төрүүлдэг гэж бусад шүүмжлэгчид тэмдэглэсэн. Тухайлбал Винкигийн хоолны газар дахь урвуу зурагласан харилцан ярианы сцэнд камерийн тогтсон бус хөвж байгаа мэт байгаагаас үзэгчид ердийн объектив кадрууд сэтгэлийн түгшүүр субьектив болж хувирч байгааг ухаарна.
Судлаач Curt Hersey кинонд ашигласан хөдөлгөөний дутмаг шинж, огцом шилжилт, үйл явдлын хурд, уламжлалт бус камерийн хөдөлгөөн, компьютерээр бүтээсэн зураглал, шугаман бус хийгээд текст хоорондын харилцаа зэрэг хэд хэдэн авангард техник байгааг онцолжээ. Betty, Rita, Adam нарын бий болгож байгаа киноны эхний хэсэг нь Lynch-н замнал дахь хамгийн логиктой кино хэсэг юм. Ихэнх үзэгчдэд бодит байдлыг харуулсан киноны дараагийн хэсэг нь киноны бүтцэд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулж буй сюрреал шинжийн эхний хэсгийг өгдөг аж. Diane-н сцэнүүд нь түүний бие махбодийн хийгээд оюун ухааны доройтлыг илэрхийлсэн бохир гэрэлтүүлэг, хатуу эвлүүлэгтэй байдаг нь киноны эхэн хэсэг дэх Betty, Rita хоёрын сцэн хоорондын жигд шилжих гэгээтэй, гэрэлтсэн киноны хамгийн энгийн гялалзсан чимэглэлтэй эсрэгцэнэ. Lynch Лос-Анжелес дахь уулс, далдуу модод, барилга байгууламжийн панорамик кадруудыг ашиглан киноны эхний хэсгийн сцэнүүдийн хооронд шилждэг бөгөөд киноны хар бараан хэсэгт дүрслэлийн тайлбаргүйгээр дуу чимээгээр дараагийн сцэнд шилждэг. Camilla-н үдэшлэг дээр Diane доромжлогдож байхад аяга таваг хагарах чимээнээр хоолны өрөөний аяга таваг унасан газарт камер даруй хүрэхэд Diane алуурчинтай уулзаж ярилцдаг билээ. Винкигийн хоолны газар дахь эхэн үеийн сцэнийг "туйлын хачирхалтай" гэж үздэг ба учир нь энд бие махбодийн бодитыг ухаангүйн төсөөллийн бодитоос тусгаарлах хил хязгаарын сарнилт гэж тодорхойлдог аж. Мөн зохиолч Valtteri Kokko-н олж харснаар кинонд хачирхалтай зүйрлэлийн гурван бүлэг байдаг; ижил жүжигчдийн тоглосон олон дүрийн хоёрдмол шинж, зүүд ба өдөр тутмын объект; хамгийн гол нь цэнхэр хайрцаг; энэ нь Rita алга болж, Diane-н бодит амьдралыг эхлүүлдэг ажээ.
Lynch-н бүтээлүүдийг голдуу үл ойшоодог байсан критикч Roger Ebert "Mulholland Drive"-ийг өндрөөр үнэлж, Lynch бүхэл бүтэн замналынхаа турш энэ киног хийх гэж л ажиллаж байгаад одоо хүссэн ажилтандаа хүрсэн учраас би түүний "Lost Highway", "Wild at Heart" кинонуудыг нь уучиллаа гэж байжээ.

Comments
Post a Comment