Raging Bull (1980). Америкийн нэрт кино найруулагч Martin Scorsese-н намтарчилсан, спортын драм. Америкийн боксчин Jake LaMotta-н 1970 оны дурсамж ном болох "Raging Bull: My Story"-оос сэдэвлэн Paul Schrader, Mardik Martin нар кино зохиолыг бичсэн. Уг кинонд, уур хилэн хардалтаар дүүрэн дунд жингийн боксын аварга асан LaMotta-н түвэгтэй амьдралыг үзүүлдэг. Scorsese эл киногоо өөрийнхөө ментор, Нью-Йоркийн их сургуулийн кино профессор Haig P. Manoogian-д зориулсан. Scorsese анхандаа энэ төслийг сонирхохгүй байсан ч эцэст нь нэрт боксчны түүхэнд татагдсан ба Schrader түүний анхны кино зохиолыг шинэчлэн бичсэн хэдий ч Scorsese, De Niro хоёрын оролцоо кино зохиолд тодорхой хэмжээгээр тусчээ.
Үндсэн зураг авалтын үеэр бокстой сцэн бүрийг тусгай дүрслэх хэв маягаар дэглэсэн бөгөөд Scorsese киноныхоо эвлүүлэгт тун няхуур хандаж байсан гэдэг. Киноны гол дүр болох өөрийгөө үзэн яддаг, ганцаардмлаасаа болж эргэн тойрныхноо өөрөөсөө хөндийрүүлдэг, параной, түрэмгий, жаргалгүй дунд жингийн аварга боксчинд Robert De Niro бишрэм тоглосон бол түүний ахад Joe Pesci, эхнэрт Cathy Moriarty хоёр бахдам тоглосон. Энэ кино бол Scorsese, De Niro хоёрын хамтралын оргил үе бөгөөд Америкийн кино хүрээлэнгээс уг киног Америкийн бүх цаг үеийн хамгийн шилдэг дөрөв дэх киногоор нэрлэсэн бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 35-р байрт жагсаагаад байна. Ингээд бүгдээрээ боксын рингэн дээр гарцгаая.
"Raging Bull" Нью-Йорк хотод нээлтээ хийж критикүүдээс холимог үнэлгээ авсан бол ашиг орлогын хувьд даруухан байсан. Оскарын кино наадамд шилдэг кино зэрэг нийт 8 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг эрэгтэй гол дүр (De Niro), шилдэг эвлүүлэг (Thelma Schoonmaker) гэсэн хоёр төрөлд ялсан. De Niro дүрдээ хувирахын тулд ойролцоогоор 27 кг жин нэмсэн (хөгшин LaMotta-д хувирах гэж) гэдэг. Критикүүд De Niro-н гүйцэтгэл, мөн Schoonmaker-н эвлүүлгийг магтахын хажуугаар кино дахв хүчирхийллийн агуулгыг шүүмжилжээ. Энэ киноны эвлүүлгээрээ Schoonmaker өөрийгөө шилдэг кино эвлүүлэгч гэдгээ бататгасан ба киноны монохром зураглал гайхалтай байдаг. De Niro "The Godfather Part 2" киноны зураг авалтад орж байхдаа алдарт боксчны намтарыг уншсанаар "Raging Bull" төсөл эхэлсэн. Номын бичлэгийн хэв маяг таалагдаагүй ч De Niro LaMotta-н дүрд татагджээ. De Niro "Alice Doesn't Live Her Anymore" киногоо хийж байхад нь Scorsese-тэй уулзаад номыг танилцуулжээ. Scorsese уг төсөлд найруулагчаар ажиллахаас удаа дараа татгалзаж, энэ ер нь ямар кино болох талаар огтхон ч ойлголтгүй байна гэж мэдэгдэж байсан боловч зарим текстийг уншжээ. Хэзээ ч спортын шүтэн бишрэгч байгаагүй тэрээр LaMotta амьдралаа хэрхэн залгуулдаг байсныг олж мэдээд; "Би бокст дургүй. Хүүхэд байхад ч бокс үргэлж уйтгартай санагддаг байсан. Энэ бол миний ойлгож чадахгүй зүйл байсан" гэж хэлсэн буй.
Номыг киноны зохиолыг хамтран бичсэн Mardik Martin-д өгсөн; мафитай холбогдсон эхнэрээ харддаг боксчны тухай өмнө нь өчнөөн кино хийгдсэн шүү дээ гэж Mardik хүлээж авсан. Ингээд De Niro номыг продюсер Robert Chartoff болон Irwin Winkler хоёрт үзүүлсэн ба тэд хэрэв Scorsese зөвшөөрвөл туслая гэжээ. Хар тамхи хэтрүүлэн хэрэглэн үхэх шахсаныхаа дараа Scorsese зөвхөн амиа аврахаас гадна замналаа татан босгохын тулд уг төслийг хийхээр болжээ. Улмаар тэрээр LaMotta-н түүхийг илүү хувийн байдлаар харж, ойлгож эхэлсэн бөгөөд тэрээр боксын рингийг хүний амьдралыг харуулсан зүйрлэл гэж харж, боксдох, кино хийхийг адилхан гэж сэтгэсэн учир алдарт "Та кино хийх болгондоо рингэн дээр байдаг" гэсэн үгээ хэлсэн байдаг. Киноны бэлтгэл болгож Scorsese De Niro-н рингэн дээр боксдож байгааг харуулсан 8 мм-ийн өнгөт бичлэг хийсэн бөгөөд энэ бичлэгээ De Niro, Michael Chapman болон өөрийн найз, зөвлөгч Michael Powell-д үзүүлсэн, Powell түүнд тухайн үеийн боксын бээлийний өнгө зөвхөн хүрэн улаан юмуу хар л өнгөтэй байсан гэж хэлжээ. Энэ нь Scorsese киногоо хар-цагаанаар хийх болсон шалтгаануудын нэг байлаа. Найруулагч маань судалгаагаа баяжуулахын тулд Madison Square Garden-д хоёр боксын тулаан үзсэн бөгөөд цустай хөвөнгүүд, цус болсон олс зэрэг жижиг сажиг зүйлсийг тэмдэглэж аваад кинондоо тусгасан байдаг.
Киноны нэрийг "The Jake La Motta Story" юмуу "Prizefighter" гэж өгөх бодолтой байснаас удаах нэрийг Scorsese бараг сонгоод байсан ч хүмүүс энэ киног зөвхөн боксын тухай кино гэж бодож магадгүй гэж бодоод больжээ. Chartoff, Winkler нарын удирдлага дор Mardik-аас кино зохиол бичихийг хүссэн ба өөр ямар ч нөхцөлд United Artists Mardik-н зохиолыг хүлээн зөвшөөрөхгүй байжээ. Киноны түүхийг сэтгүүлч Pete Hamill-н 1930, 1940-өөд оны үеийн боксыг "спортын агуу харанхуйн ханхүү" гэж нэрлэж байсан үеийн хэв маягийн талаарх дүрслэл дээрээс үндэслэсэн байв. Гэвч De Niro анхны нооргийг уншаад сэтгэлд нь хүрээгүй. "Taxi Driver" киноны зохиолч Paul Schrader-г зохиолыг дахин бичүүлэхээр авчирсан. Түүний зохиолд оруулсан зарим өөрчлөлтүүдэд, дутуу болгосон стёйктэй хэсэг, мөн Флоридагийн шоронд гар хангалга хийж байгаа LaMotta-н хэсэг гэх мэт байв. LaMotta-н ах Joey-н дүрийг эцэст нь нэмсэн ба өмнөх Mardik-н зохиолд байгаагүй аж. Студи киноны зохиолын чанар илэрхий сайжирсныг анзаарсан, гэхдээ гүйцэтгэх захирлууд болон Scorsese, De Niro, Winkler нартай уулзаж, киноны агуулга X ангилалтай байх төлөвтэй байгаад зовж, ийм тохиолдолд үзэх хүн олдохгүй гэж хэлжээ.
Ингээд, Scorsese, De Niro хоёр зохиолыг аваад Сент-Мартин арал дээр хоёр долоо хоногийн турш киноныхоо агуулгыг өөрчилжээ. Эндээс хамгийн том өөрчлөлт бол LaMotta-н зурагтаа засаад эхнэрээ нууц амрагтай гэж буруушааж буй хэсэг болно. Мөн бусад өөрёлөлтүүдэд LaMotta-н аавыг арилгаж, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн үйл явдал дахь үүргийг бууруулж, LaMotta-н Tony Janiro-той хийсэн тулааныг дахин бичих зэрэг оржээ. Тэд мөн LaMotta хувцас солих өрөөндөө ганцаараа байгаа төгсгөлийн үзэгдлийг "On the Waterfront" киноны "Би өрсөлдөгч байж болох байсан" гэдэг ишлэлээс санаа авч бүтээжээ. Mardik, Schrader хоёр кино зохиолыг бичсэн гэсэн кредитийг авсан бол Scorsese, De Niro хоёр зохиолчдын холбоонд төлбөр төлөөгүй тул кредит авч чадаагүй ажээ. Найруулагч Scorsese-н алдартай арга барил бол кинондоо олон жүжигчид тоглуулах, ингэхдээ шинэ жүжигчидтэй хамтран ажилладаг. LaMotta-н дүрд De Niro тоглох нь шийдэгдээд байсан бол Эхнэр Vickie, ах Joey-н дүрүүдэд танигдаагүй жүжигчин сонгох ёстой байв.
De Niro зурагтаар Joe Pesci-г анх хараад энэ дүрд тоглоход тохирохыг ойлгосон гэдэг ба тухайн үед Pesci жижигхэн жүжигчин байв. Scorsese, De Niro хоёрыг залгахаас өмнө Pesci кинонд тоглоогүй 4 жил болчихсон, Нью Жерси-д Итали ресторанд ажиллаж байв. Тэгвэл кинонд LaMotta-н хоёрдахь эхнэрт тоглосон Cathy Moriarty-г Pesci тэдэнд санал болгосон буюу тэрээр Cathy-г Нью Жерсигийн бааранд олж харсан гэдэг. Cathy сонгогдох болсон шалтгаан нь гэвэл түүний хоолой, бие хаа нь жинхэнэ Vickie-тэй төстэй байсантай холбоотой. Сэтгэлгүй, энэрэлгүй боксчны тухай энэхүү тооном, хүчтэй бүтээлийг зарим судлаачид Scorsese, De Niro хоёрын хамтралын оргил нь гэж үздэг ба критикч Jack Kroll "Raging Bull"-ийг тэр оныхоо хамгийн шилдэг киногоор нэрлэсэн байдаг. Критикч Pauline Kael уг киног боксчны тухай намтарчилсан кино биш, харин мөнгөний төлөө тулалддаг тамирчины төрлийн намтарчилсан бүтээл гэж тодорхойлж, Scorsese бодлогогүйгээр хэт автсан зүйлсээ дэлгэцнээ буулгасан гэж дүгнэжээ.
Критикч Vincent Canby тухайн үедээ Scorsese-г замналынаа хамгийн амбицтай хийгээд сайн киногоо хийлээ гэж бичиж байжээ. Time сэтгүүл De Niro-н гүйцэтгэлийг магтаад De Niro-д өөрийнхөө авъяас чадварыг харуулах боломжийг олгосон болохоор энэ кино оршин байна гэжээ. Scorsese-н энэхүү бүтээл бол догшин хүч, уур хилэн, уй гашуудлын тухай юм. Энэ нь мөн Scorsese-н бусад хэд хэдэн киноны нэгэн адилаар эрэгтэй хүн эмэгтэй хүнийг онгон охин юмуу эсхүл янхан гэсэн хоёр дүрээс бусдаар ойлгож чадахгүй байгаа тухай өгүүлдэг. Уг кинонд эмэгтэй хүн найз, амраг эсхүл хамтрагч байж болно гэсэн ойлголтод зай байхгүй ба кинонд эмэгтэй хүн гэдэг эхэндээ хүршгүй секс мөрөөдөл байдаг бол эрэгтэй нь эмэгтэйг эзэмдсэний дараа тэр эмэгтэй сексээр өнгөртдөг. Эршүүд байхуйдаа итгэлгүй болсон эр хүн хардалтандаа автаж, улмаар хардалт нь хүчирхийллээр тайлагддаг. Энэ бол харгис тойрог. Freud үүнийг "мадонна-янхан-комплекс" гэж нэрлэсэн.
Энэ нь эрэгтэй хүн өөрийгөө дорд үнэлж байгаа тохиолдолд өөртэйгөө унтахыг хүсч байгаа эмэгтэйн хүндэлж чаддаггүй, хэрэв сонголт байгаа гэж үзвэл тухайн эмэгтэй өөр хүнтэй унтахыг илүүд үзнэ гэдэгт итгэдэг тухай юм. "Raging Bull" кинонд сексийн амьдрал ба хүчирхийллийг адилтган авч үзсэн бололтой. Scorsese, De Niro гэсэн кино бүтээгчид гол дүрийн баатар болох боксын аварга асан LaMotta-н мэдрэмжийг бидэнд харуулахыг хүссэн ч гол дүрийн талаар бид үнэндээ тийм сайн ойлголт авахад хэцүү байдаг. Энэ дүр юу мэдэрч байгаагаа бидэнд огт хэлдэггүй, өөрийнхөө дотогшоогоо ордоггүй, түүний диалогийн ихэнх нь хүсэл тачаал, айдас, үзэн ядалт, хардалтаар илэрхийллээр хязгаарлагддаг. "Raging Bull" кинонд 1940-өөд онд Бронксийн ядуусын хорооллоос гарч ирээд дунд жингийн аварга болж, баяжиж, бас буцаад ядуурч, эцэстээ комедиан болсон LaMotta-н амьдралаас сэдэвлэсэн гэдэг авч энэ бол жинхэнэ LaMotta-н амьдрал мөн үү гэдэг асуулт билээ. Бодит LaMotta уг киноны продакшны нягт оролцсон гэдэг ч энэ тийм тодорхой биш байдаг. Бодит түүхээс илүүтэй тамлагдсан, хүчирхийлэлтэй, гэм буруутай дүрийн амьдралд Scorsese, De Niro, Schrader нар дуртай болохоор дахин хамтарсан гэмээр; тэдний өмнөх хамтрал бол "Taxi Driver" билээ. Scorsese-н анхны кино болох "Who's That Knocking at My Door?" кинонд Harvey Keitel-н дүр дурласан бүсгүйнхээ өмнөх бэлгийн амьдралтай учраа олж чадахгүй байгаа тухай өгүүлдэг бол "Mean Streets" болон "Taxi Driver" кинонуудад De Niro-н дүрүүд өнөөх "мадонна-янхан-комплекс" тодорхой хэмжээгээр харагддаг.
"Raging Bull" бүтээлд кино бүтээгчид LaMotta-н хязгаарлагдмал төсөөллөөр дамжуулан гэм буруу, хардалт, уур хилэнгийн түүхийг зориудаар үзүүлэхийг хүссэн бололтой. Энэ кинонд эрэгтэй, эмэгтэй, мөнгөний тулаанч гэсэн гурван элемент байдаг; LaMotta хар бяртай, зөрүүд, танхай этгээд гэж дүрслэгдсэн агаад боксоор хичээллэсэн нь амьдралыг дээшлүүлж, удсан ч үгүй эхнэртэй болдог ч эхнэрээ тоодоггүй. Нэг өдөр тэр хотын усан санд Vickie гэдэг охиныг хараад дурладаг ба Cathy Moriarty таашгүй өсвөр насны охин, өөртөө итгэлтэй тэмцэгч, тооцоотой янхны дүрийг гайхалтай бүтээсэн. Ингээд LaMotta охиныг өөрийн болгохоос гадна боксдоо ч амжилт гаргадаг. Даанч тэрээр шинэ эхнэрээ араар нь тавьж байна гэсэн итгэл үнэмшилдээ автсанаар унаж эхэлдэг. Scorsese өөрийнхөө хардалтыг дүрслэх бүтээлч аргатай; LaMotta-н харах өнцгөөс харвал Vickie заримдаа өөр эрэгтэй рүү хөвөх мэт хөдөлгөөнөөр ойртдог; энэ техник бол үзэгчийн ухаанд тэр мөчийг тогтоож, үзэгчид LaMotta-н гэмгүй үйл явдлыг хэтрүүлэн үзэж байгааг ойлгуулна. Мөн эндээс бид LaMotta-н хязгаарлагдмал шинж, эмгэнэлтэй нервийг олж харна. Түүнд үзэгчтэй хуваалцах сайн чанар байхгүй ба тэр бол уур хилэнгээрээ хөдөлдөг нэг төрлийн хөдөлгүүр.

Comments
Post a Comment