Raise the Red Lantern (1991). 1920-д оны Хятад улс. Эцэг нь нас барсаны дараа 19 настай Лянхуа баян чинээлэг Эзэний эхнэр болох буюу хүчээр богтлуулж буйгаар кино маань эхэлнэ. Лянхуа бол үзэсгэлэнтэй, хүсэл тэмүүлэл дүүрэн, залуу хүн бүрт байдаг мөрөөдөлдөө хөтлөгддөг бүсгүй. Дөнгөж “оюутан” насны бүсгүй маань хүний эхнэр байтугай хайр дурлалын талаар тодорхой ойлголтгүйгээр баян Эзэний дөрөвдөх, хамгийн залуу эхнэр нь болно. Гэрийн Эзэн 50 гаран настай ба тэрээр аль хэдийнээ гурван эхнэртэйгээ том, олон өрөө тасалгаа бүхий өргөөндөө аж төрнө. Ингээд эхнэрүүдтэй товч танилцая: том эхнэр Баяр бол хамгийн хөгшин нь, бас хамгийн эрх мэдэлтэй нь, бүгд түүнийг том эгч шигээ хүндэлж, үгэнд нь орно. Дараагийнх буюу хоёрдахь эхнэр Үүл бол том эхнэрийг бодвол арай залуу, бас арай зөөлөн, даруухан нэгэн. Харин гуравдугаар эхнэр Шүр бол залуухны дээр эрч хүчтэй, эрх дураараа. Эхнэрүүд бүгд тус тусын зарцтайгаа тусдаа байшинд амьдарна.
Гэрийн Эзэн хонох байшингаа сонгохдоо улаан дэнлүүг асаах ба аль эзэгтэйн байшингийн өмнө улаан дэнлүү асна тэнд гэрийн Эзэн хонодог уламжлалтай бөлгөө. Энэ заншил бол уламжлагдаж ирсэн ёс ба үүнийг дагаад сонгогдсон эхнэр бүх хүндлэлийг хүлээж, бусдаасаа илүү эзний ивгээлийг хүртэнэ: жишээлбэл сонгогдсон эхнэр хөлний массаж хийлгүүлэн тухлах бөгөөд энэ нь асар их нэр хүнд болох бол эсрэгээрээ бусад эхнэрт байж ядамгүй доромж, ганцаардал болно, үүдэндээ улаан дэнлүүтэй, гэр дотроо хөлөндөө массаж хийлгэж буй эхнэр бол хамгийн аз жаргалтай нь болой. Залуу, учир мэдэхгүй, хөдөөний охин Лянхуа эхэндээ үүнийг ойлгохгүй байлаа, үүдэнд нь улаан дэнлүү асахыг үл хүсч, тэвчмээргүй зовлонгоос хол байхыг хүсэх бол бусад эхнэрүүд шинэхэн эхнэрт атаархаж, хорсоно. Өдөрт бүх эхнэрүүд цуглаж хамт хооллож, даалуу тоглох ба ил далдаар тэд хоорондоо улаан дэнлүүний төлөө буюу нөхөртөө тоогдохыг, бусдаас давах гэсэн хүслээрээ “байлдана”. Шинэхэн эхнэр Лянхуа бусад эхнэрүүд наанаа сайн хандавч цаанаа мууг санана, бүр хөгшин нэгдүгээр эхнэр ч түүнтэй барьцахад харин өнгө зүс, нас ойролцоо гуравдугаар эхнэр түүнтэй ил дайтна, гэтэл хоёрдугаар эхнэр түүнтэй арай дотно бол том эхнэр тайвнаар бүгдийг ажиглавч хамгийн хорон нь, ухаантайгаар чадагч байлаа.
Лянхуа маань хүссэн ч эс хүссэн орчин байдалдаа дассанаар, нэг мэдэхэд улаан дэнлүүний төлөө үхэн хатан тэмцдэг болно, хөгшин нөхөртөө хайргүй ч тэрээр нөхрөө өөрийндөө хонуулахын төлөө эгч нартайгаа үзэж тардаг болно. Лянхуа эцэстээ ялж бүр хүүхэдтэй болно, гэвч гэнэт гадны нөлөөтэйгөөр үр зулбачих бөгөөд энэ нь хоёрдугаар эхнэр болох хамгийн дотно эгчийнх нь хорлонт явуулга байв. Мөн Эзэн түүнээс нь болсон уу, үгүй юу түүн дээрээс болж Лянхуаг давхар зовлонд унагана. Ингээд зогсохгүй Лянхуа хэнд ч итгэхгүй байх үедээ хамгийн их итгэж, хань болж байсан өөрийн шивэгчин хүүхэн нь Эзнийх нь амраг болсоныг мэднэ, сэтгэл санаагаар унасан Лянхуа гуравдугаар эхнэрийн нууц амраг болох энэ гэр бүлийн эмч залуутай учиртайг хэлж орхино, өөрөөр хэлбэл задруулж болохгүй нууцыг задруулсанаар өөрөө эхнэрүүдийн нэг болж, хорон муу санаа хийгээд хорт явуулга таригч эгч нараасаа өөрцгүй болсон байв. Эл явдлаас болж гуравдугаар буюу дуучин эхнэрийг өргөөний эзэнгүй, нууцлагдмал дээд давхарт аваачин алчихыг Лянхуа харна. Энэ аймшигт хэргээс болж Лянхуа галзуурах бол харин Эзэн дараагийн, тавдахь эхнэрээ буулган авч байдаг.
Хятадын мастер кино найруулагч Zhang Yimou-н найруулж, гайхамшигт Gong Li-н гол дүрд тоглосон түүхэн драм. Хятадын зохиолч Su Tong-н ижил нэрт туужаас сэдэвлэн Ni Zhen кино дэлгэцнээ хөрвүүлсэн. Хятад Хонг Конгийн хамтарсан энэхүү бүтээлийг дараа нь Zhang Yimou балет болгон театрт тавьсан байдаг. Энэ бол Zhang болон Gong Li хоёрын хамтран хийсэн 9 киноны 4 дэх кино нь юм. Кино нээлтээ хийгээд критикүүдээс өндөр үнэлгээ авч, Венецийн кино наадмаас Мөнгөн Арслан шагнал хүртсэн бол Оскарын наадамд шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвшиж байв. "Raise the Red Lantern" киног Хятадын кино урлагийн Тав дахь Үеийн Хөдөлгөөний чухал бүтээлд тооцон үздэгээс гадна Хятадаас олон улсад хамгийн их үнэлэгдсэн киноны нэг болжээ. The New York Times сонин хамгийн шилдэг 1000 кино жагсаалтдаа, мөн BBC 100 шилдэг гадаад хэл дээрх кино жагсаалтдаа уг киног тус тус багтаасан байдаг бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 500-р байрт жагсаагаад байна. "Raise the Red Lantern" киногоороо Zhang өөрийгөө дэлхийн хэмжээний найруулагч болсноо баталсан.
Эрх мэдлийн төлөөх эхнэрүүдийн тэмцлээр найруулагч өнгөрсөн ба одоо цаг хоорондын үймээнт холбоог үзүүлэхийг зорьсон бололтой. Gong Li-н уран тансаг илэрхийлэмжтэй тоглолт кино шигээ сэтгэл хөдлөлийг илхэн байдаг ба дүрслэлийн хувьд хараа булаам, сэтгэл хөдлөлийн хувьд баялаг энэ киног Gong Li өргөж бас гүнзгийрүүлсэн. Критикч Jonathan Crow уг киног 1990-ээд оны хамгийн чухал кинонуудын нэг гэсэн байдаг ба цэвэр гоо зүйн үүднээс авч үзвэл энэ бүтээл нь гайхамшигтай гэж критикч Desson Howe бичжээ. Судлаач, критикүүд уг киноны түүхийг сонирхохоосоо илүүтэй дүрсэлсэн гоо зүйд анхаарч, киноны уран сайхны давуу шинжийг онцлон үнэлсэн байдаг. Зарим критикүүд нүдэнд харагдах сайхан нь киноны сэтгэл хөдлөлийн хүчийг нэмэгдүүлдэг гэсэн байдаг. Критикч John Hartl уг киног дуугүй киноны дүрслэлийн шижир, эрчимт шинжийг санагдуулсан бараг төгс бүтээл гэсэн буй.
Ээж нь түүнийг баян хүнд зарах хүртэл Лянхуа өөрийгөө хорвоод гарахад бэлэн, ядаж л ингэнэ гэж өөртөө итгэлтэй байдаг ч Эзэний асар том байшинд ороод өөрийнх нь ертөнц Эзэний байшингаас том биш болсныг ухаардаг. Энэ бол физик талаасаа гоо үзэсгэлэнтэй, сэтгэлийн үүднээс байж ядсан бачуурлыг мэдрүүлсэн бүтээл. Уг киног Хятадад эмэгтэй хүнийг объект гэж харахыг эсэргүүцсэн хашгираан, феодал хандлагад довтолсон үлгэр гэж ойлгоход хэцүү биш. "Ju Dou" киногоороо Оскарын шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвшээд удаагүй байсан найруулагч маань "Raise the Red Lantern" киногоороо дахин шуугиан тарьсан нь үнэндээ мелодрамын түвшинд сэтгэл татам кино болсон. Үзэгчид Эзэний гэрийн битүүмжлэгдсэн ертөнцөд нэвтэрч, энэ тусгаарлагдсан орчинд атаархал жөтөө хэрхэн оргилон дэлбэрч байгааг харна. Дөрвөн эхнэр тус бүр тансаглалд эрхэлж байдаг ч Эзэнийхээ хүсэлд нийцэхийн төлөө улайрч байгаа нь яг л жүзээнд байдаг уралдааны морьдыг санагдуулна. Лянхуа эхлээд хувь тавилангаа хараадаг боловч сүүлдээ гэрийн дэг журамд суралцаж, далд явуулга, үгсэн хуйвалдах зэрэгт татагдан ордог. Хэрвээ та тоглоом тоглохоор болвол хожихыг хичээхгүй гэж үү? энэ хүний мөн чанар биш гэж үү?.
"Red Sorghum" кинонд Gong Li баян дарсны наймаачинтай гэрлэж, нөхөр нь үхсэний дараа ажлыг нь үргэлжлүүлж, өөрийг нь хүчиндүүлэхээс аварсан тариачины тусламжтайгаар хөгжин дэвшиж буй эмэгтэйн дүрд тоглодог бол "Ju Dou" бүтээлд баян хөгшин даавууны худалдаачинтай гэрлэсэн залуухан бүсгүйн дүрд тоглодог агаад уг кинонд тэрээр харгис нөхрийнхөө туслах, ач хүүтэй янаг амрагийн холбоо үүсгэж байгаа тухай үзүүлдэг. Дээрх кинонуудыг мэдээж Zhang Yimou найруулсан; тэрээр баян, чалхгүй хөгшин эр ба залуухан эхнэр гэсэн сэдэвт дурладаг бололтой. Гэхдээ "Raise the Red Lantern" кинонд тэрээр татвар эмийн тогтолцоонд илүүтэй анхаарсан (татвар эм, эхнэр гэсэн ойлголтыг нэгтгэж бичив). Үзэгчид гэрийн Эзэнийг огт хардаггүй, түүний сүүдэр юмуу түүнийг байгаа гэсэн сэжүүр л байдаг. Түүнд таалагдах гэж эхнэрүүд хийгээд зарц нар хоорондоо өрсөлдөж, төлөвлөгөө гаргаж хуйвалдаж байдаг учир Эзэн тайзнаас гадуурх патриархын дүр төрхтэй.
Эхнэрүүд болон зарц нарын дунд хуйларч байдаг хов жив эдгээр хүмүүсийн ертөнцийг бүтээдэг; гадна ертөнцөц болж байгаа бүхэн тэдний ертөнцөд нэвтрэшгүй мэт байдаг. Найруулагчийн харааны ертөнц нь киноны үйл явдлын нэг хэсэг болдог; түүний мастер план ахин дахин давтагдах буюу улирал солигдоход хашаа цасаар хучигдаж, эсхүл бороо орох юмуу нар шарж байдаг; зарц нар ирж явна. Уг бүтээл бол хараанд зориулагдсан мэт мэдрэмж төрүүлдэг. Үйл явдлаас гадна архитектур, хувцас хунар, өнгөний эсрэгцэл, жүжигчдийн царайны төрхүүд гоо зүйн таашаал төрүүлдэг. Гэхдээ гоо сайхны цаана энэхүү амьдралын харгис бодит байдал, яг л Эзэний гэрийн тав тухтай шинжийн цаана боолчлол нуугдаж байдагтай адилхан.

Comments
Post a Comment