Амьдрал бол асуулт

 


Magnolia (1999). Америкийн нэрт кино найруулагч Paul Thomas Anderson-н зохиолыг нь бичиж найруулсан драм. Киноны гол дүрүүдэд; Tom Cruise, Jeremy Blackman, Philip Baket Hall, Melinda Dillon, Philip Seymour Hoffman, William H. Macy, Julianne Moore, John C. Reilly, Melora Walters, Alfred Molina болон Jason Robards (түүний сүүлчийн кино) нар тоглосон. Уг киног ансамбль бүтээл гэж үзэж болно. Энэхүү кинонд, Сан Фернандо Хөндийд аз жаргал, өршөөл, амьдралын утга учрыг хайж байгаа харилцан уялдаатай хүмүүсийг туульсын шигтгэмэл зураг маягаар харуулдаг. Anderson кино зохиолоо Америкийн дуучин Aimee Mann-н дуунуудаас санаа авч бичжээ. Кино нээлтээ хийгээд критикүүдээс ерөнхийдөө эерэг үнэлгээ авсан ба жүжигчин Tom Cruise Оскарын наадамд шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналд нэр дэвшиж, Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг эрэгтэй туслах дүр шагнал хүртжээ.

  Хэтийдсэн сэтгэл хөдлөлийн "дэлбэрэлт" болсон "Magnolia" эхнээсээ дуустал сэтгэл хөдлөлийн эрчмээ хадгалж чаддаг нь энэ бүтээлийн амжилт юм. Мөн жүжигчдийн хүчирхэг тоглолт нь киноны үнэмлэх давуу тал болдог. Энэ бол мелодрам болон тохиолдлын агуу, баяр хөөртэй дүүлэлт болсон амбицын хувьд дуурийн шинжтэй кино ба гэмт хэрэг, шийтгэл, үхэл, романтик мөрөөдөл, үе хоорондын зөрчил хийгээд тэнгэр эрхэсийн харилцаа хамаарлыг хүчтэй сэтгэл хөдлөлтэйгөөр үзүүлсэн кино. "Magnolia" нь бүрэг ноомой кино биш; Martin Scorsese, David O. Russell, Spike Jonze болон Paul Thomas Anderson нар 1990-ээд оны ноомой пост-модернизмыг үгүйсгэдэг гадагшаа чиглэсэн өөртөө итгэх итгэлийг дэмжсэн кинонууд хийсэн. Эдгээр найруулагчид баяр хөөрийнхөө төлөө уучлалт гуйх эсхүл сэтгэлээ хуурч өөрсдийгөө егөөдлөөр хамгаалахын эсрэг кинонууд хийсэн байдаг. "Magnolia" киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 218-р байрт жагсаагаад байна. Ингээд замбага цэцгийг би танд танилцуулж байна. Найруулагч Paul Thomas Anderson "Boogie Night" киноныхоо урт удаан үргэлжилсэн эвлүүлгийн үеэр "Magnolia" киноны санааг олсон ба "Boogie Night" кино бэлэн болохын хэрээр шинэ төсөл улам "амь" орж байлаа.

"Boogie Night" киноны амжилтын дараа New Line Cinema Anderson-д хүссэн төслийг нь дэмжинэ гэж хэлсэн нь Anderson-д "одоо биш бол хэзээ ч бүтэхгүй" гэсэн бодол төрүүлж, найруулагч маань удаж төдсөнгүй шууд шинэ төсөлдөө орсон. Тухайн үед New Line Cinema-н продакшны захирал байсан Michael De Luca "Magnolia" төслийн талаар ямар ч ойлголтгүйгээр харанхуй итгэн Anderson-д сүүлчийн эвлүүлгийн эрхийг олгосон аж. Анхлан Anderson "дотно, жижиг хэмжээтэй" киног 30 хоногийн дотор хийхийг зорьжээ. Тэрээр зохиолоо бичихээсээ өмнө киногоо "Magnolia" гэж нэрлэнэ хэмээн бодчихсон байв. Найруулагч маань зохиолоо бичих тусам зохиол нь улам дэлгэрч, өргөжиж байсан агаад энэ кино нь ансамбль бүтэцтэй байх ёстойг ухаарч, заавал туульсын байлгүйгээр сэдвийн хувьд туульсын байхуйц байлгахаар шийджээ. Ерөнхийдөө Anderson Сан Фернандо Хөндийн тухай хамгийн шилдэг кино, тэр нь туульсын кино хийхийг хүсчээ. Түүний хэлснээр, өөрсдөө үзэгдэл, кадр, харилцан яриа болон хувирдаг үг, зураг, санаануудын жагсаалтаас кино зохиол эхэлж. Түүнд орж ирсэн анхны зураглал бол жүжигчин Melora Walters-н инээмсэглэсэн төрх байсан бол дараагийн зураглал нь Melora-н дүрийн аавд тоглосон Philip Baker Hall-н дүр байж.

Anderson аав, охин хоёр орон сууцны шатан дээр ширүүн хэрэлдэж байгаа хэсгийг төсөөлсөн. Anderson мөн замбага цэцгийн модны холтос нь хорт хавдрыг эмчлэхэд тустай болохыг судалж мэдсэн гэдэг. Anderson кино найруулагч болохоосоо өмнө олон ажил хийж байсны нэг бол "Quiz Kid Challenge" гэдэг телевизийн шоунд ажиллаж байсан явдал ба энэ туршлагаа кинондоо ашигласан аж. Нэгэн ярилцлагадаа тэрээр, энэхүү кино нь The Beatles хамтлагийн "A Day in the Life" дуу шиг бүтэцтэй буюу ноот ноотоор өгсөж байгаад унаад, дахин эхэлж, дараа нь дахин өсдөг гэжээ. Кино зохиолоо бичиж эхлэхдээ Anderson найз Aimee Mann-нхаа удахгүй гарах гэж байсан шинэ цомгийнх нь демо дуунууд болон өмнөх хоёр цомгийг сонсож урам зориг, санаа сэдэл аван зохиолдоо буулгажээ. Тэрээр "Би Aimee-н дуунуудыг кино болгохоор суусан" гэж хэлсэн буй. Ялангуяа Aimee-н "Deathly" дуунаас Claudia дүрийн санааг олсон агаад Claudia-н диалогитой хэсгийг дууны үгнээс авч ашигласан байна. Кинонд мөн Aimee-н "Wise Up" дууг бүх дүрүүд дуулдаг үзэгдэл байдаг билээ.  Anderson жүжигчин Philip Seymour Hoffman-г тун энгийн, түвэгтэй бус халамжтай дүрд тоглуулахыг хүссэн. Hoffman өөрийнхөө дүрийг "өдөр болгон амьдрал болон үхэлтэй тулгарч байдагтаа бахархаж явдаг хүн" гэж тодорхойлсон байдаг.

Anderson дотроо Julianne Moore-г бодож байгаад эмийн хэрэглээнд донтсон галзуу дүрийг бичсэн бөгөөд Moore-н хэлснээр, Linda өөрийгөө хэн болохыг, юу мэдэрч байгаагаа мэддэггүй, үүнийгээ хамгийн бүдүүлэг аргаар тайлбарлахыг л оролддог дүр гэжээ. Anderson Linda-н түүхийг аавынхаа эхнэрээс санаа авч бүтээж. Найруулагч маань William H. Macy-г том, сэтгэл хөдлөл ихтэй дүрээс айдаг гэж үзээд түүнд зориулж гунигтай, сэтгэл хөдөлгөм дүр бичжээ. Jim-н дүр John C. Reilly-н сахлаа ургуулах сонирхол болоод Anderson тэр хоёрын "COPS" гэдэг телевизийн баримтат цувралыг элэглэсэн видеоноос үүсэлтэй аж. Reilly энэ удаад өөр дүр хүсч, Anderson-д хандан "үргэлж үлбэгэр юмуу хагас хүүхэд шиг маанаг эрийн дүрд тоглож залхлаа, чи надад дурласан залуу ч юмуу тиймэрхүү дүр өгөөч" гэжээ. Anderson ч бас түүнд романтик дүрд тоглуулахыг хүссэн  учир нь Reilly өмнө нь хэзээ ч тийм дүр авч байгаагүй. Philip Baker Hall мэлхийн борооны ач холбогдлын тухай Anderson-д тайлбарлан кинондоо оруулахыг ятгаж байхдаа Hall түүнд Италийн ууланд байхад нь бороо, цас, мэлхийн холимог цаг агаарын үзэгдэл харсанаа ярьж.

Мөн Jimmy-н дүрээ тэрээр Bob Barker, Arthur Godfrey зэрэг бодит телевизийн нэвтрүүлэгчдээс санаа авсан гэжээ. Мэлхийн борооны тухай санааг судлаач Charles Fort-н номоос авсан ба Anderson мэлхийн бороотой үзэгдлийг бичиж байхдаа Библид мэлхийн бороон тухай дурдсан байдгийг мэддэггүй байсан гэж мэдэгдсэн. Anderson мэлхийн борооны тухай ойлголттой учрахдаа "хачин, хувийн асуудалтай цагийг туулж" байсан үе хэмээсэн байдаг ба "хүмүүс яагаад хүнд хэцүү үед шашин шүтдэгийг, магадгүй миний шашныг олох хэлбэр нь мэлхийн борооны тухай уншаад энэ нь надад ямар нэгэн байдлаар утгатай байж болохыг ухаарсан явдал болов уу" гэж найруулагч маань ярьжээ. Tom Cruise Anderson-н өмнөх "Boogie Night" киноны шүтэн бишрэгч байсан агаад Stanley Kubrick-н "Eyes Wide Shut" кинонд тоглож байхдаа Anderson-той холбогдоод дараагийнхаа кинонд намайг тоглуулахыг бодоорой хэмээн Anderson-д захижээ. Ингээд Anderson зохиолоо дуусгачихаад Cruise руу илгээж, маргааш нь Cruise түүн рүү залгажээ. Cruise өөрийнхөө дүрийг сонирхож байсан ч сандарч байлаа.

Anderson түүнийг De Luca-тай уулзуулж, Luca Cruise-г ятгаж чаджээ. Anderson Cruise-г "Eyes Wide Shut" кинонд дарамттай дүрд тоглож дөнгөж дуусчихаад байсан тул өөрийнх нь киноны "этгээд" дүрд татагдсан гэж үзсэн. Anderson Partridge-н дүрийг Jason Robards-д зориулан бичсэн ч Robards стафилококкийн халдварын улмаас чадахгүй гэжээ. George C. Scott татгалзсаны дараа Robards тоглохоор болжээ. Тэрээр өөрийнхөө дүрийн талаар "Намайг үхэж байгааг хүний дүрд тоглуулахыг хүссэн нь бараг л зөгнөлийн шинжтэй байсан" гэжээ. Hall-н хэлснээр, Partridge-н дүрийг Anderson-н аавыгаа хорт хавдраар нас барахыг харж байсан явдлаас сэдэвлэсэн. "Magnolia" кинонд харуусал, ганцаардал, мөн эцэг эхчүүд, ялангуяа аавууд хүүхдүүдээ гомдоож шархлуулсаны улмаас үүдсэн бүтэлгүйтсэн харилцаа ба хүүхдүүдээ хүчирхийлэх, энэ хүчирхийллийн удаан хугацааны үр нөлөөг (Jimmy-н Claudia-г хүчирхийлж байсан явдлаас харж болно) авч үздэг. Уг кино нь судлаач Charles Fort-н 1920 ба 1930 оны бүтээлүүдэд бичигдсэн тайлбарлагдаагүй үйл явдлуудыг үндсэн сэдэв болгон авсан ба киноны нэг хэсэгт Fort-н ном ширээн дээр байгаагаар харагддаг билээ. Мэлхийн бороонд цочирддоггүй цор ганц дүр бол Stanley юм. Тэрээр эл хачирхалтай явдлыг тайван ажиглан "ийм зүйл болдог" гэж хэлдэг. Ингэснээрээ Stanley нь Moses-тэй зүйрлэлээр адилтгасан зөнч ба насанд хүрэгчид хүүхдүүдийг мөлжиж, боолчилж байна гэдгээс харж болно.

  "Эцгийн асуудал" киноны туршид харагддаг; тухайлбал Stanley, Claudia, Donnie, Frank, Dixon нараас харж болно. USA Today сонин "Magnolia" киног оны шилдэг кинонуудаас хамгийн сул нь гэсэн байхад критикч Roger Ebert 1999 оны хамгийн шилдэг киноны хоёрдугаар байрт, "John Malkovich" киноны ард эрэмбэлсэн. Зарим критикүүд "хязгааргүй, өнгөцхөн, дутуу мэдрэмж төрүүлэм" хэмээн баалсан байдаг. Критикч Andrew Sarris; "Anderson энэ киногоороо биднийг усанд шумбуулахгүйгээр усны эрэгт аваачдаг, түүний амбиц, камерын уран яруу хөдөлгөөн намайг бишрүүлсэн". Критикч Janet Maslin бичихдээ, дүрүүд хамтран дуулаад ирэх үед уг кино өөрийгөө сүйтгэдэг, кино гайхалтайгаар эхэлсэн ч сүүлийн цагтаа өөрийгөө баллаж байгааг харах сонирхолтой байлаа гэсэн. Найруулагч Ingmar Bergman "Magnolia" киног "Америкийн кино урлагийн хүчийг харуулсан жишээ" гэсэн байдаг. Нэг л үзэж эхэлсэн бол биднийг дуустлаа уяж чаддаг эл бүтээлийг Empire сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 кино жагсаалтдаа багтаасан. Anderson энэ киноныхоо нээлтийн үеэр энэ сайн ч бай, муу ч бай миний хийсэн хамгийн шилдэг кино гэж байсан бол хожим хэрвээ өнгөрсөнд эргэж очвол 20 минутыг хасах байсан гэсэн буй. "Magnolia" кино Лос Анжелес хотод нэг өдөрт, зарим үед нэгэн зэрэг болж өрнөж байгаа хоорондоо уялдаатай цуврал эпизодиос бүтдэг.

  Дүрүүд нь цусан холбоо, тохиолдлоор холбогдсон ба тэдний амьдрал зэрэгцээ орших мэт байдаг. Энэ үед киноны сэдвүүд тодорч ирнэ; аавуудын үхэл, хүүхдүүдийн гомдол, биелээгүй амлалт, гэнэтийн хийгээд давхацсан үйл явдлууд бүхий л төлөвлөгөө, амбицыг хэрхэн нурааж болох тухай болой. Tom Cruise дургүй хүрэм сагсуу залууд, Jason Robards орондоо үхэж буй өвгөнд. William H. Macy азгүй амьтанд, Julianne Moore үнэнч бус эхнэрт, харин John C. Reilly болон Philip Seymour Hoffman хоёр цөөхөн сайхан сэтгэлтэй цагдаа, сувилагч нарын дүрд тоглоцгоосон. Кино жүжигчин Ricky Jay-н тодорхойгүй хүүрнэгчийн итгэмээргүй тохиолдлуудын тухай яриагаар эхэлдэг; жишээлбэл, нэг залуу амиа хорлохоор байшингаас үсэртэл, агаарт байхад нь санамсаргүй буудаад алчихаж, залуу эцсийн эцэст үхэх зорилгодоо хүрсэн ч энэ нь амиа хорлолт биш харин доод давхарт нь байсан ээжийнх нь аавыг нь буудах гэж байгаад алдаж буудсан явдал унаж байсан хүүгээ онож алж. Хүү нь буунд өртөөгүй бол аврах торон дээр унаад амь гарах байснаас гадна хамгийн хачирхалтай нь, хүү аав, ээж хоёр нь хэрэлддэгээрээ хэрэлдээд нэгнийгээ буудна гэж найдаад бууг хэдэн өдрийн өмнө цэнэглэчихсэн байж. Золиг шиг тохиолдол биш гэж үү? Энэ хөгжилтэй зүйлээс илүү зүйл. Энэ л чухам киноны маань сэдэв.

Хүмүүс өөрсдийнхөө амьдрал, итгэл найдвар, үнэт зүйлсдээ чин сэтгэлээсээ, ухвар мөчид байдлаар баригдаж, энэ бүхэн нь эмх замбараагүй ертөнцийн шуурганд өртөшгүй гэж итгэн явтал бүх төлөвлөгөөг нь сүйрүүлж орхидог билээ. Дүрүүдийн олонх телевизийн салбарт ажилладаг ба тэдний амьдрал бие биенийхээ тусгал болдог. Robards-н дүр телевизийн салбарын магнат бол Hall-н дүр телевизийн шууны алдартай хөтлөгч; тэд хоёулаа хорт хавдраар үхэж байгаа. Cruise-н дүр бол Robards-н хүү бөгөөд хүүхнүүдийг хэрхэн өвөртөө оруулах талаар ном бичиж, лекц уншдаг од байдаг. Melora Walters-н дүр бол Hall-н охин, харин Melinda Dillon-н дүр бол Hall-н эхнэр; энэ гурвын дунд ярихыг хүсдэггүй том хар нууц бий. Macy хүүхэд байхдаа телевизийн шоуны од байсан бол одоо архинд орсон, шүдний гажигаа засуулчихвал харж явдаг залуудаа таалагдана гэж итгэдэг маанаг. Jeremy Blackman Hall-н хөтөлдөг Телевизийн шоуны оролцогч залуу суутан ба аав нь түүнийг мөнгө гэж харан боолчилдог. Robards-н дүр Cruise-н дүрээс хөндийрсөн, Hall-н дүр Dillon-н дүрээс хөндийрсөн, Blackman-н дүр ааваасаа хөндийрсөн. Телевизийн эрх мэдэл хийгээд их мөнгө үхэж байгаа дүрүүдийг үхлээс авраагүйгээс гадна ганцаардан үхэхэд нь хань болдоггүй. Хүүхэд насны толгой эргэм амжилт Macy-н дүрийг амьдралд бэлэн биш болгож, хатуужилтай бус харин ч үлбэгэр нэгэн болгосон. Macy-н дүр Blackman-н дүрийн зөгнөл байх магадлалтай, тиймээс ч Blackman-н дүр буюу Stanley боолчлолоос татгалздаг. Hall, Robards хоёрын дүр хоёулаа эхнэрүүдээ хуурснаас гадна гэр бүлээс нь илүү өөрсөдтэй нь дотно болсон ажилчидтай (сувилагч, продюсер) байдаг.

Мөн өөрсдийнхөө төлөө яваад бусадтай холбогдсон түүхүүд кинонд бий; Reilly-н дүр сэтгэцийн хямралтай байдаг ба тэр өөрт нь шаардлагатай байсан тул Melora-н дүрийн "асуудлыг" хараагүй мэт аашлан шууд дурлачихдаг. Дараа нь энэ цагдаа шүдний мөнгөө олох гэж хөгийн нөхцөлд орсон Macy-н дүртэй таардаг. Уг кинонд жүжигчдийн ур чадварыг харуулсан хэсгүүд ч бий; Cruise-н дүр сэтгүүлчийн асуултад унаад хэрхэн бантаж байгаа, мөн өөрийг нь орхисон аавынхаа эцсийн амьсгалын өмнөх сэтгэл хөдөлгөм тоглолт ярих юмгүй онцгой. Julianne Moore-н дүрийн эмийн сан дахь сэтгэлийн хямрал Melora Walters-н дүрийн цагдаагаас айн сандрах үзэгдлүүд зэрэгцэн оршихдоо үнэхээрийн дарамттай мэдрэмж өгч, жүжигчид ч гарамгай тоглодог. Энэ бүх гэнэтийн үйл явдал үзэгчдийн хүлээлтээс давж, кино Бурхны зургаар өрнөж байгаа мэт санагдаж, аливааг төлөвлөхийн абсурд байдлыг бидэнд сануулна. Гэхдээ бид хүн учраас төлөвлөж амьдрах заяатай, өөрөөр амьдрах боломжгүй, тэгээд ч заримдаа ч гэсэн төлөвлөгөө сайхан бүтдэг шүү дээ. 

Comments