Могой хэрэгтэй юу?

 


The Lady Eve (1941). Америкийн нэрт кино найруулагч Preston Sturges-н ойворгон комеди. Ирландын зохиолч Monckton Hoffe-н зохиолоос сэдэвлэн Preston Sturges зохиолыг нь бичсэн ба киноны гол дүрүүдэд Barbara Stanwyck, Henry Fonda хоёр тоглосон. Уг кинонд, үзэсгэлэнтэй луйварчин хүүхэн гэнэн, ичимтгий баян өв залгамжлагч залууг хэрхэн уургалж байгаа тухай өгүүлдэг. Гол дүрийн хоёр болох Barbara Stanwyck, Henry Fonda хоёрын харилцан ойлголцол, таталцал гайхамшигтай ба хүйсийн тулааны талаарх эл ойворгон комеди гарсан цагаасаа хойш өдийг хүртэл энэ төрлийнхөө олон арван кинонд санаа сэдэл өгсөөр буй. Энэ бол гарцаагүй хамгийн шилдэг ойворгон комеди киноны нэг бөгөөд Howard Hawks-н "Bringing Up Baby" киноны эмх замбараагүй бүдүүлэг наргиан болон Leo McCarey-н "The Awful Truth" киноны илүү хүний мөн чанар дээр суурилсан гоо зүй хоёрын дунд "The Lady Eve" оршдог гэж зарим судлаачид үздэг. Мастер Hawks-н ойворгон комеди кинонуудын адилаар "The Lady Eve" нь феминист хөдөлгөөний зарим зарчмуудыг илэрхийлсэн байдаг.

  Энэ киноноос эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү гярхай ажиглагч байдгийг мөн харуулсан. Empire сэтгүүл уг киног бүх цаг үеийн шилдэг 500 кино жагсаалтдаа багтаасан бол Entertainment Weekly шилдэг 100 жагсаалтынхаа 59-р байрт эрэмбэлсэн. Харин Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 198-р байрт жагсаасан. Ингээд уг киноны гүнд орцгооё. Энэхүү кино нь зохиолч Hoffe-н 19 хуудастай "Two Bad Hats" нэртэй зохиолоос сэдэвлэгдсэн ба киног мөн энэ нэрээр нэрлэхээр зэхэж байж. 1938 онд Sturges Hoffe-н зохиолыг кино болгохоор томилогдож, гол дүрд Claudette Colbert тоглохоор төлөвлөгдсөн. 1939 онд Sturges Paramount-н продюсер Albert Lewin-тэй зохиолын хөгжүүлэлтийн тал дээр зөрөлдсөн бөгөөд Lewin Sturges-д "чиний хошигнол чанартай боловч бичсэн зохиолын эхний гуравны хоёрыг дахин бичих шаардлагатай" гэжээ. Sturges бууж өгөлгүй өөрийнхөөрөө зүтгэж, Lewin эцэст нь хүлээн зөвшөөрсөн аж. Тухайн үеийн цензурын алба анхлан кино зохиол дахь хоёр гол дүрийн хоорондын бэлгийн харьцаа арай ил тод, үүнийг нь нөхөх ёс суртахууны үнэт чанар дутагдаж байна хэмээн батлахаас татгалзсан ба зохиолыг шинэчилснээр баталж өгчээ.

Тэр цагт студи эрэгтэй гол дүрд Brian Aherne-г тоглуулахыг хүсч байсан. 1940 он гэхэд Joel McCrea, Madeleine Carroll, Paulette Goddard нарын нэрс яригдаад байв. Удалгүй Madeleine Carroll, Fred McMurray хоёр хамтран гол дүрүүдийг бүтээнэ гэж зарласан. Гэтэл тэр оныхоо 9-р сард продюсер Darryl Zanuck Henry Fonda-г зээлдүүлж Goddard-тай хамт тоглох боломжийг олгосон нь явсаар эцэстээ Barbara Stanwyck, Henry Fonda хоёр болж хувирчээ. Найруулагч Sturges зураг авалтын талбай дээр өнгөлөг берет малгай, цагаан ноолууран ороолт, тод хээтэй цамц үргэлж өмсдөг байсан ба ийм өвөрмөц хувцаслалтынхаа шалтгаанаа жүжигчид хийгээд техникчид дундаас өөрийг нь олоход амар байх үүднээс гэж тайлбарласан байдаг. Stanwyck Sturges-н зургийн талбайг "баяр наадам"-тай харьцуулсан буй. Stanwyck-н намтар судлаач Axel Madsen-н бичсэнээр, зураг авалтын талбай ёстой л буцалж байдаг байсан болохоор жүжигчид амралтын цагаа чиргүүлдээ өнгөрүүлэхийн оронд найруулагчтайгаа элдэвийг ярилцаж, Sturges тэдэнд янз бүрийн сонирхолтой түүхүүд ярьж өгдөг байсан гэжээ. Тэр байтугай Stanwyck-н унтлагын өрөөн дэх хэсгийн уур амьсгалыг хөгжөөхийн тулд Sturges өөрөө халат өмсөж байсан гэдэг.

"Хэрвээ надаас бүх сайн романтик комеди кинонууд дундаас нэгэн зэрэг халуухан бөгөөд инээдтэй ганц сцэнийг нэрлэ гэвэл би Preston Strurges-н "The Lady Eve" киноны эхний 20 минутыг хэлнэ"  гэж шүүмжлэгч Roger Ebert хэлж байв. Энэ кино бүдүүлэг хошигнол, егөөдөлтийг өвөрмөц байдлаар хослуулсанаараа алдартай. Мөн жендэрийн сэдвийг урвуугаар нь харуулсан; Jean киноны ихэнх хэсэгт анхныхаа зорилгыг ухамсарлаж байдаг авч Charles-д хайртай гэдгээ ойлгосон мөчөөс хяналтаа алддаг. Энэ үеэс дийлэнх романтик инээдмийн кинонуудад байдаг тэгш эрхийн тэмцлийн оч маналзаж эхэлдэг. Киноны нэр нь эр хүний уналтыг илэрхийлж байгаа агаад кинонд шууд утгаараа Charles байнга л бүдэрч юмуу хөл алдан бүтэлгүйтэн унаж тусч байдаг; мөн тэрээр Jean-н заль мэхэнд гэнэн цайлган зангаасаа болж унадаг билээ. Критикч Bosley Crowther уг киног "гялалзсан романтик комеди" гэсэн бол критикч Leslie Halliwell: "кино өөрөө гэнэтийн баяр баясгалан байлаа.

  Дүрүүд нь инээдтэй, ухаалаг харилцан яриатай, гайхмаар бүдүүлэг хошигнолтой, үе үе романтик энэхүү киноны төгсгөл нь тэсрэм" гэжээ. Критикч Leonard Maltin; "заримдаа тэнэг, огцом энэхүү кино нь Sturges-н зохиол, амьсгал давчдам хэмнэл, бишрэм хоёр гол дүрийнхээ ачаар үзэх болгонд улам инээдтэй болдог". Stanwyck гоо үзэсгэлэн, арга мэхээрээ ганц биеэ баян эрчүүдийг урхиддаг адал явдал эрэлхийлэгч хүүхний дүрд тоглодог. Хөлөг онгоц дээр тэр Charles-г "дэгдээд" унагачихдаг агаад могойноос айсан хөөрхөн хүүхнийг чанга тэврэн тайвшруулах нь ямар ч боловсон залуугийн хийх л зүйл билээ. Дараагийн кадруудад хүүхэн залуугийн толгойг нэг гараараа барьж, ярьж байхдаа тасралтгүй нөгөө гараараа үсийг нь илэх зэргээр увдистана. Хүүхэн түүнийг өдөж, сээтэгнэж байхад ичимхий залуу бараг л ухаан алдах нь холгүй байдаг. Чухам энэ мөчид хүүхэн түүнд сэтгэл алдарчихдаг. Stanwyck-н тоглосон Jean-н төлөвлөгөө угтаа дурлал биш; тэр бол аавтайгаа хамтран онгоцоор зорчих баян эрчүүдийг сэгсэрдэг луйварчин юм. Тэр ээлжит ангаа хүлээж байтал Өмнөд Америкт могой судалж байгаад онгоцонд суусан пивоны үйлдвэрийн өв залгамжлагч хөөрхий гэнэн Charles гараад ирэх нь тэр.

Jean Charles-г хөлөг онгоц руу гардаг олсон шатаар авирч байхад нь дээрээс нь алим унагадаг сцэн өол залуу түүний дараагийн бай болохыг илтгэнэ. Stanwyck барагалж хоёр дүрд нэгэн зэрэг гайхалтай тоглосон; тэр луйварчин боловч итгэл даахуйц хүн; тэр уруу татагч, аюултай хүүхэн, гэхдээ бас хайрынхаа төлөө тэмцэж чадагч нэгэн. Тэр эрчүүдийг сэгсэрдэг, гэхдээ могой судлагч, пивоны үйлдвэрийн ирээдүйн эзнээс юу ч хүсдэггүй. Charles бол гэнэн, итгэмтгий залуу ба Амазон мөрөнд жил болсон болохоор хүүхний анхилам тансаг сүржигт согтож буйгаа л мэддэг амьтан. Хүүхэн залууд асар түргэн дурлаж, тэр дороо л өөрийнхөө хэн гэдгийг аажмаар илчилж, нэг үгээр түүнтэй тун илэн далангүй байдаг. Сарны гэрэлд, хөлгийн хошуун дээр залуу хүүхнийг үнсэхийн өмнөхөн хүүхэн түүнд "сарны гэрэл дэх хөлгийн тавцан бол эмэгтэй хүний бизнесийн оффис" гэж хэлдэг билээ. Найруулагч Howard Hawks нэгэнтээ хамгийн шилдэг ойворгон комеди кинонуудын нэг болох "Bringing Up Baby" бүтээлийнхээ дутагдалтай тал нь бол киноны бүх дүрд эрүүл саруул ухаан байдаггүй гэж хэлсэн байдаг; "The Lady Eve" кино нь Hawks-н кино шиг абсурд хэдий ч эрүүл саруул ухаанаас гадуурх алдаатай байдаггүй.

  Fonda эмзэг, чин сэтгэлээсээ дурлачихсан залууг төгс бүтээсэн бөгөөд чин сэтгэлээсээ дурласан бүхий л залуусын адил түүний бүтээсэн дүр ганц л зүйлд төвлөрдөг; зөвхөн тэр хүүхэн л дүүргэж чадах тийм хоосон зүрх сэтгэл. Энэ тоглолт нь хамтаргч Stanwyck-г романтик-комеди жанрын хамгийн оргил гүйцэтгэлүүдийн нэгийг гаргах боломжийг олгодог агаад Stanwyck тоглолтоороо нэгэн зэрэг олон төрлийн өнгө аясыг гаргаж чадсан. Jean хөлгийн хоолны танхимд аавтайгаа хамт байдаг сцэнд нэгэн сонирхолтой зүйл бий. Тэнд Jean жижигхэн толь гаргаж ирээд Charles-г тагнуулддаг; Charles ганцаараа суугаад ном уншиж байдаг ба номын нэр нь "Могой хэрэгтэй юу?" гэж харагддаг; энэ бол киноны эр билэг эрхтнийг дүрсэлсэн зальтай арга юм. Sturges энэ агшинд толин тусгалтай хэсгийг тасалж, Jean аавдаа танхимд байгаа бүх хүүхнүүд царайлаг, ганц бие Charles-н нүдэнд өртөх гэж хичээцгээж байна гэсэн зөвхөн дуу хоолойны хүүрнэлийг оруулдаг. Киноны үйл явдал ойворгон комеди хэлбэрээр бүтээгдсэн боловч залуу хүүхэнтэй танилцаж, дараа нь залуу хүүхнээ алдсаны дараа залуу өөр хүүхэн гэж бодтол өнөөх алдсан хүүхнээ эргүүлэн олж авдаг. Өөрт нь итгэхгүй байгаад гомдож, хариугаа авахын тулд Jean хатагтай Eve гэдэг дүрээр Charles'н аавын харшид болж байгаа үдэшлэгт уригдан ороод Charles-н зүрх сэтгэлийг дахин нэг булаачихдаг.

  Тухайн үед студи найруулагч Sturges-д инээдтэй үзэгдлүүдээ учиртайхан оруулаарай гэж сануулж байсан ба Charles-н аавын харш дахь оройн хоолны хэсгийг студи илүүц гэж бодож байсан авч энэ хэсэг үнэхээр сайн болсон тул кинонд оруулжээ. Barbara Stanwyck оргил үедээ драмын жүжигчин гэдгээрээ алдартай байсан ба 1940-өөд онд комеди жанрын кинонуудаараа ялгарч байсан Sturges түүнд хошин дүр өгч, хамтран ажиллана гэж амлаад багагүй хугацаа өнгөрөөд байсан тул уг кинондоо Stanwyck-г тоглуулсан байдаг. Энэ киног Fonda-гүйгээр төсөөлөмгүй боловч энэ кино бүхэлдээ Stanwyck-нх юм. Түүний дүрийн хайр, уур, гомдол бараг бүх сцэний сэдэл болдог бөгөөд Stanwyck комеди жанрт төгс зохицож байгаа нь шууд мэдрэгддэг. Киноны бүхий л тэдний хамт байгаа романтик хэсгүүдэд түүний Fonda-г харах харцнаас эгээ л бодит амьдрал дээр эмэгтэй хүн эрэгтэй хүний хөвгүүн шиг хэрнээ бие махбодийнх нь оршихуйд дур татагддаг аяс хэмнэлийг олж харах болов уу. 

Comments