Дэлхийн уран зохиолд Оросын уран зохиолын байр суурийн хэв хэмжээ, ач холбогдлыг хэрэв надаас асуувал, би үлэмж том буюу Орос улс газар нутгаараа дэлхийд ямар билээ, яг түүн лугаа аварга гэмээр байна. Оросын уран зохиолыг хүчирхэг, онцгой сод болгодог хэд хэдэн тодорхойлох шинж чанарыг сийрүүлэв.
ФИЛОСОФИ БА ОРШИХУЙН СЭДЭВ.
Оросын уран зохиол амьдрал, үхэл, итгэл үнэмшил, ёс суртахуун хийгээд хүмүүний зорилгын талаарх асуултуудыг гүнзгийрүүлэн авч үздэг. Лев Толстой, Федор Достоевский, Иван Тургенев зэрэг зохиолчид оюун ухааны итгэл үнэмшил ба ертөнцийн тэмцэл, зөрчлийн хоорондын хурцадмал байдлыг тусгасан оршихуйн болон ёс суртахууны асуудлыг гүн, далайцтайгаар судалдаг.
СЭТГЭЛЗҮЙН ГҮНД.
Оросын зохиолчийн дүрийнхээ дотоод амьдралыг гайхалтай өнгө аясаар судлан гаргадгаараа алдартай. Жишээлбэл, Достоевскийн хүмүүний сэтгэлзүйн хөрөг болсон "Ах дүү Карамазов", "Гэм Зэм" романуудыг заавал дурдах ёстой буюу эдгээр бүтээлүүдэд гэм буруу, аврал болоод хүмүүний сэтгэлийн нарийн түвэгтэй байдлыг судалдаг.
РЕАЛИЗМ БА НИЙГЭМ ШҮҮМЖЛЭЛ.
Оросын олон бүтээлд эгэл жирийн амьдрал, тухайн үеийн нийгмийн асуудлыг бодитоор дүрсэлсэн реализм хүчтэй байр суурь эзэлдэг. Лев Толстой, Антон Чехов зэрэг зохиолчид язгууртны амьдралаас тариачин хүртэлх Оросын нийгмийг нарийн нягт дүрслэхдээ нийгмийнхээ ёс суртахууны доройтол, тэгш бус байдал, анги давхаргын тэмцлийг шүүмжилдэг.
ШАШИН БА ОЮУН САНААНЫ ЭРЭЛ.
Оросын уран зохиол нь Оросын соёлд Ортодокс Христийн шашны нөлөөг тусгасан шашны сэдэвтэй байнга холбогддог ба итгэл үнэмшил, аврал, сайн муугийн хоорондын тэмцлийн сэдэв хөндөгддөг; ялангуяа Достоевскийн бүтээлд тод харагддаг.
"ИЛҮҮДЭЛ ХҮН" ДЭЭР ТӨВЛӨРӨХҮЙ.
19-р зууны Оросын уран зохиолд өргөн тархсан энэхүү архетип нь нийгмээс тасарсан, төөрөлдсөн, хийцгүйрсэн, өөрийгөө сүйтгэдэг дүрийг толилуулдаг. Александр Пушкин, Иван Тургенев, Михаил Лермонтов нарын бүтээлүүдээс "олдсон" энэхүү "илүүдэл хүн" бол нийгмийн үүрэг, хувийн зорилгоосоо хөндийрсөн хүмүүсийн зовлонг тусгадаг.
НИЙГМЛЭГ БА ХАМТЫН ШИНЖИЙГ ОНЦЛОХУЙ.
Оросын уран зохиол хувь хүний гэр бүл, нийгэм, үндсэнтэнтэйгээ харилцах харилцааг үргэлж судалж байв. Жишээлбэл, Лев Толстой хувь хүний амьдрал түүхэн хүчинтэй хэрхэн огтлолцдогийг судлахын дээр дүрүүдийнх нь сонголт хамтын нийгэмлэгт хэрхэн нөлөөлж байгааг үзүүлдэг.
СИМБОЛИЗМ БА МИСТИЦИЗМ.
Николай Гоголийн зохиолуудын дараа 20-р зуунд Михаил Булгаков зэрэг зохиолчид бүтээл зохиолдоо мистицизм ба симболизмын элементүүдийг багтааж ирсэн байдаг. Ийм ёр бусын аспектууд тухайн зохиолд философийн юмуу ёс суртахууны гүн гүнзгий үнэнийг өгөхийн сацуу утга санааг нь баяжуулдаг байв.
ЭМГЭНЭЛТ ГОО ЗҮЙН МЭДРЭМЖ.
Оросын уран зохиол нь голдуу эмгэнэлт явдал болоод зовлон шаналал дахь гоо сайхныг дүрсэлсэн уй гунигийн мэдрэмжийг төрүүлдэг. Энэ бол хүн зовсноор өөрийгөө ойлгож, ухаантай болдог гэсэн Оросын уран зохиолын онцлог шинж чанар юм.
Эдгээр шинж чанарууд Оросын уран зохиолыг гүн гүнзгий бөгөөд хүртээмжтэй болгосон ба мөн бид зөвхөн Оросын уран зохиолоос хүмүүний туршлагатай танилцахаас гадна Оросын соёлын үнэт зүйлстэй давхар танилцана.
Comments
Post a Comment