Floating Clouds (1955). Японы нэрт кино найруулагч Mikio Naruse-н драм. Японы феминист зохиолч Fumiko Hayashi-н 1951 онд нас барахынх нь өмнөхөн хэвлэгдсэн "Ukigumo" гэдэг зохиолоос нь сэдэвлэн кино болгожээ. Эл бүтээл Япондоо олон арван шагнал хүртсэн; өнөөдөр Naruse-н Япон дахь хамгийн алдартай кино гэж үздэг. 1999 онд Kinema Junpo сэтгүүлээс явуулсан санал асуулгаар "Floating Clouds" Японы хамгийн шилдэг кино жагсаалтын 3-р байрт оржээ. Домогт Akira Kurosawa уг киног өөрийнхөө дээдэлдэг 100 кинондоо багтаасан байдаг. Киноны гол дүрүүдэд Hideko Takamine, Masayuki Mori гэсэн Японы нэртэй хоёр жүжигчин тоглосон.
Mikio Naruse нь Ozu, Mizoguchi нарын хамтаар Японы кино урлагийн алтан үеийн их найруулагчдын тоонд багтдаг. Японд асар их амжилт олж, эдүгээ ч түүний хамгийн хайрлагдсан киногоо хэвээр байгаа "Floating Clouds" бол өөртэй нь эн тэнцэхгүйн дээр өөрийг нь удаа дараа мэхэлж хуурч байсныг мэддэг ч хэзээ нэг өдөр эргүүлээд хайрлагдана гэсэн найдвар тээсээр байдаг өөрөөсөө ах эрд дурласан нэгэн хүүхний эмгэнэлтэй хайрын түүх болой. Naruse-н дүрслэлийн хэв маяг үзэгдэмгүй хатуу чанд чиглэлтэй байдаг; тэрээр жүжигчдийнхээ царай төрхийг драматик үйл явдлуудтай нэгтгэсэнээр өвөрмөц хүүрнэлийг бий болгодог ба энэ арга нь түүний дүрүүдэд амралт өгдөггүй гэхдээ энэ нь тогтвортой байдалд хачирхалтай амарлингуйг өгдөг. Кино судлаачид Naruse-ын "кино алхалтыг" онцолсон байдаг. Тухайлбал Naruse "Sound of the Mountain" кинондоо аяллыг нарийн дүрслэхдээ алхалтаар ийм ирж байгаа бас буцаж байгаа нь тодорхой бус хэрнээ итгэл найдвар төрүүлэх шилжилтийг илэрхийлдэг гэж бичсэн байдаг.
Үүнтэй ижлээр уг кинонд гарах алхах үзэгдэл бүр өдөр тутмын аялал ба цагийг хөлийн алхаагаар хэмжиж болно; энэ нь дүрүүдийн мэдрэмжийг тодорхойлох арга аж. Мөн энэ киноны уянгалаг амьсгал болгон хийгээд цэнгэлтэй хөөрлийн мөч дүрүүдийн романтик бус, мэдрэмжгүйгээр урагшлах оршихуйн үйл явцаас нь салгаж чадахгүй. Кино нь шүүмжлэгчдийн дүгнэснээр энэ бол дайны дараах Японы эдийн засаг болоод ард иргэдийн сэтгэл санааны хямралыг гүн гүнзгий тусгасан байдаг агаад Америкчуудад хотоо бөмбөгдүүлж, охидоо янханаар худалдаж, үндэстэнээрээ доромжлогдсон улсын гашуун түүхийг харуулсан кино. Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 304-р байрт эрэмбэлээд буй эл бүтээлийн үйл явдлыг товчхон хүргэе.
Францын Индохина-д (Зүүн өмнөд Ази дахь Францын харьяанд байсан нутаг дэвсгэр) дайны үеэр Японы засгийн газраас явуулсан ойн аж ахуйн төсөлд нарийн бичигч хийж байсан Yukiko өөрийнхөө дарга байсан, инженер Kengo-той янаг амрагийн харьцаатай байсан ч дайн дуусч, тэд Токиод эргэж ирсэн хойно бүх зүйл орвонгоороо эргэнэ. Kengo бие муутай эхнэртэйгээ амьдардаг ба Yukiko удаан эрэл сурал болсны дараа түүнийг олж очиход Kengo ядруухан амьдарч байв. Kengo өвчтэй эхнэрээ орхин, Yukiko-той хамт байна гэж амалж байсан ч бодит байдал дээр нөхцөл ондоо болж, Kengo эхнэрээ орхиод явж түвдэхгүйн хэмээнэ. Гэсэн хэдий ч Yukiko, Kengo хоёр уулзахаа больсонгүй; энэ хооронд мөнгөний гачигдалд орсон Yukiko Америк цэргийн амраг болж амьжиргаагаа залгуулж байлаа. Kengo энэ явдлыг мэдсэн ч тэд хагацсангүй; мөн зуур Kengo нөхөртэй хүүхэнтэй давхар явалдаж байгааг Yukiko олж мэднэ. Сайхь хүүхэн нөхрийнхөө гарт амиа алдах бол мөн энэ үеэр Yukiko өөрөөс нь жирэмсэн болсноо Kengo-д хэлдэг.
Ямар ч найдваргүйг угаас мэдэх Yukiko үр хөндүүлөх бөгөөд Kengo-н эхнэр ч өөд болно. Kengo байнга бороо ордог Якушима аралд ажиллахаар болоход Yukiko дагаж явахаар болох агаад одоо л хайртай хүнтэйгээ хамт байх нь гэж бодсон Yukiko цаг агаарын чийглэг уур амьсгал биед нь муугаар нөлөөлж нас барснаар кино төгсдөг. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хамтдаа байна; эмэгтэй нь холдоод алсыг ширтэхэд гэрэл нүүрийг нь гэрэлтүүлнэ; хүүхэн: "Би олон зүйлсийг санаж байна" гэж хэлдэг. Хүүхэн өөрсдийнхөө романтик өдрүүдийг тэс дарааллуулан дурсаж байхад залуу харанхуйд ичсэн юмуу бодлогоширсон байдалтай байдаг. Залуу: "Чи өнгөрснийг мартах ёстой" гэж хэлээд толгой дээрх гэрлээ асаадаг ба харин хүүхэн "Бидний хувьд өнгөрсөн гэдэг цорын ганц бодит байдал" гэж хариулдаг. Киноны гол дүрүүд болсон Yukiko, Kengo хоёр Япон дайтаж байх үеийн Индохина-д танилцсан боловч кинонд тэдний харилцааны дараах үйл явдлуудыг үзүүлдэг. Kengo Токиод ирээд өвчтэй эхнэрээ, эсхүл нууц амрагаа гээд ямар нэгэн шалтгаанаар Yukiko-той хамт амьдрахыг хүсдэггүй.
Харин үргэлж үнэнчээр хүлээсээр байсан Yukiko Kengo-г садар эр гэдгийг мэддэг хэдий ч өөрийг нь хэзээ нэгэн цагт хайрлана гэж итгэж найдсаар байдаг. "Floating Clouds" бол найруулагч Naruse-н замналын дунд үед хамаарагдах эмгэнэлтэй, сэтгэл хөдөлгөм бүтээл болой. Naruse Японы кино урлагийн алтан үеийн гол төлөөлөгчдийн нэг бөгөөд кино судлаач Catherine Russell-н бичснээр, олог улсад Naruse нь Kurosawa, Ozu, Mizoguchi нарын араас дөрөвт ордог том найдвар ажээ. 1930-1967 оны хооронд Naruse 89 кино бүтээсэн байхад аугаа Kurosawa жаран жилд 30 кино хийсэн байдаг. Naruse ихэнх киногоо Японы алдарт кино компани Toho-н "тусламжтайгаар" хийдэг байсан ба тэрээр төсвөө нарийн барьж, товлосон хугацаанд нь киногоо бэлэн болгодог гэдгээрээ алдартай байв. Гэхдээ тэрээр хийсэн бүхэндээ ямагт сэтгэл хангалуун бус байдаг байлаа. Naruse нь сэтгэлийн, эдийн засгийн эсхүл нийгмийн хямралд орсон эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан мелодрам киноны мастер байсан ба тэрээр Hayashi-н 6 романыг кино болгожээ. Түүний "Late Chrysanthemums", "Floating Clouds", "When a Woman Ascends the Stairs" бүтээлүүдэд ажилчин эмэгтэйн хайр, ганцаардал, хагацалтай тэмцэж буйг дүрсэлдэг.
"Floating Clouds" кино 1946 оны Токиод буцан ирж байгаа цагаачдын архивын баримтат бичлэгээр эхэлдэг. Эл уран сайхны киног баримтат бичлэгтэй холбосон явдал нь материаллаг болон сэтгэл хөдлөлийн бодитой нөхцлийг бүрдүүлдэг; кино эхнээсээ л гайхамшигт Hideko Takamine-г тодотгож байгааг киноны эхлэлээс харж болно. Архивын бичлэг нь мөн киноны үндсэн сэдэв болох цаг хугацаа ба хүлээлтийг илтгэнэ; хуял тачаал түр зуурын шинжтэй байдаг бол Францын зохиолч Roland Barthes-н хэлснээр хайр бол хүлээлт аж. 1950-аад оны олон нийтэд зориулсан киноны өгүүлэмжинд зөрүүд, тогтворгүй эрэгтэй хүнийг хүлээх эмэгтэй хүний цөхрөлийг үзүүлэх нь элбэг байлаа. Найруулагч Naruse уг киногоороо хүний хайр сэтгэлийн асуудлыг мөнгө, дайн, улс төрөөс хэрхэн салгах вэ гэж асуух мэт. Түүний кинонд хайр ба хөрөнгө мөнгө хоёр салшгүй холбогджээ. Catherine Russell-н онцолсоноор, Naruse эмэгтэйчүүдийн хүсэл тэмүүлэл, урам хугаралт, амьдралын нөхцлийг нь харуулсан олон гайхалтай кино бүтээсэн ч хэзээ ч эмэгтэй дүрүүдийнхээ тухай, эсхүл эмэгтэй хүний соёлын талаар тодорхой тайлбар барагтаа тайлбар өгөөгүй байдаг.
Хэдийгээр Naruse уран бүтээл дэх эмэгтэйчүүдийнхээ талаар тайлбар өгөхөөс зайлсхийдэг байсан ч эмэгтэй жүжигчидтэйгээ ойр дотно харилцаатай байсан гэж Catherine Russell үзсэн. Уйтгартай орчинд, зөөлөн гэрэлтүүлгийн дор Hideko Takamine гэрэлтэн цацардаг. Yukiko хүүхдээ ганцаараа өсгөнө гэж хэлээд сэтгэлээр унахад Kengo-н царайд агшин зуурын гялбаа гялсхийхийг анзаарахгүй өнгөрч боломгүй. Yukiko жирэмсэн болчихоод Kengo-г зорихдоо л сэтгэлийн ч санхүүгийн ч дэмжлэг авч чадахгүй гэдгээ ухамсарлаж байх шиг байдаг. Эх зохиолд, Yukiko галт тэрэгнээс буугаад "Галт тэргэнд идэж, уусангүй, бие минь эгээ л хөвж буй мэт санагдлаа" гэдэг ажээ. Киноны нэрийг орчуулбаас "Хөвөгч үүлс" ба энэ өгүүлбэр уг нь элбэг дэлбэг, амар амгаланг илтгэх мэт хэдий ч зохиолч эмэгтэйн хувьд "хөвөх" гэдэг нь өлсгөлөн, гачигдлыг илэрхийлнэ. Yukiko амьдралын гашуун жимсийг амталсан; Kengo-той хамт байснаар тэр жимсний сайхныг нь хэзээ ч амталж чадахгүй ба зөвхөн эцэс төгсгөлгүй давтагдах араар тавилт, урам хугаралтыг л хүртэнэ.
Comments
Post a Comment