Coming Home (1978). Америкийн нэрт кино найруулагч Hal Ashby-н романтик, дайны сэдэвт драм. Америкийн зохиолч Nancy Dowd-н зохиолыг Waldo Salt, Robert C. Jones хоёр дэлгэцнээ хөрвүүлсэн. Уг кинонд нөхөр нь Вьетнамын дайнд алба хаахаар явсан хойгуур мөн Вьетнамд дайтаж яваад хоёр хөл нь мэдээгүй болсоноор эх орондоо ирсэн ветеран цэрэгтэй романтик харилцаа үүсгэсэн нэгэн эхнэрийн тухай өгүүлдэг. Киноны гол дүрүүдэд: Jane Fonda, Jon Voight, Bruce Dern нар тоглосон. "Coming Home" нээлтээ хийгээд ашгийн хувьд амжилт үзүүлж, критикүүдээс ч эерэг үнэлгээ авсан. 1978 оны Канны кино наадмын дээд шагналд өрсөлдөж байснаас гадна Jon Voight тус наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн.
Уг кино Оскарын наадамд 8 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг эх зохиол, шилдэг эмэгтэй гол дүр (Jane Fonda), шилдэг эрэгтэй гол дүр (Jon Voight) гэсэн шагналуудыг хүртжээ. Los Angeles Times: "Хэтийдсэн саундтрактай ч түүхэнд нь номлол болохуйц зарим агшинтай эл кино нь өөрчлөгдөж буй үндэстний ухамсрыг үнэмшилтэй, сэтгэл уярам хувь хүний үг болгон хөрвүүлсэн" The Toronto Sun энэхүү киног "The Best Years of Our Lives" кинотой адилтгасан байдаг. Энэ бол А зэрэглэлийн жүжигчдийнхээ шилдэг тоглолтоор өргөгдсөн ер бусын сэтгэл хөдөлгөм хайрын гурвалжингийн түүх болой. The New York Times эл бүтээлийг шилдэг мянган кино жагсаалтдаа оруулсан бол New York Magazine Оскар аваагүй шилдэг кинонууд жагсаалтдаа багтаасан. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе.
1968 он, Калифорни. АНУ-ын Тэнгист цэргийн ахмад Bob Вьетнамд алба хаахаар болсноо цэргийн хүний хувьд албан тушаал ахих алтан боломж гэж харах бол үүнийг нь түүний үнэнч, дуулгавартай эхнэр Sally ч хүлээн зөвшөөрнө. Sally эхэндээ ганцаараа үлдэхээс айж байсан ч төдөлгүй өөрийгөө чөлөөлөгдсөн мэт санаж эхэлнэ. Цэргийн баазаас зайдуу байр олохоос өөр арга болсон тэрээр далайн эрэг дээр байшин аваад зогсохгүй спорт машин худалдаж авдаг. Өөр хийцгүй Sally найз Vi нь дайнаас шархдаж ирсэн цэргүүдийг байлган эмчилдэг орон нутгийн эмнэлэгт сайн дурын ажилтан хийж байгааг мэдээд зүгээр сууснаас хэмээн сэтгэж эмнэлэгт ажиллахаар болно. Дашрамд дурдахад, Vi-н дүү Billy сэтгэцэд ноцтой цочролоос болж саяхан Вьетнамаас эргэж ирэн сайхь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болой. Sally эмнэлэгт ахлах сургуулийнхаа ангийн хүүхэд Luke-тэй таарах буюу Luke Вьетнамд алба хааж яваад суумгай болоод эргэж иржээ. Өвдөлт, цөхрөл, уур хилэндээ шатаж байгаа Luke одоо дайныг тууштай эсэргүүцэгч болжээ. Luke эхлээд өөрт нь эелдэг хандах Sally-д уураа гарган доромжилж, аашилж байсан ч аажмаар зөөлрөн Sally-тай дотносож эхэлнэ.
Удалгүй Luke эмнэлгээс гарч, тэргэнцэр дээр сууж, цаашлан бүр машинтай ч болж шинэ амьдралдаа дасна. Үүний хажуугаар Sally тэр хоёрын харилцаа өдрөөс өдөрт гүнзгийрнэ. Хүүхэн ч бас түүний нөлөөгөөр өөрчлөгдөж, амьдралыг өөрөөр харж эхэлдэг. Тэд далайн эргээр хамт зугаалж, хөгжилдөж, дурлалцана. Энэ хооронд, дайнд үзсэн бүхнээсээ болж цочирдсон Billy тэсэлгүй амиа хорлочихно. Уг явдалд өдөөгдөж хөтлөгдсөн Luke цэрэг элсүүлэхийг зогсоохоор орон нутгийнхаа цэрэг элсүүлэх төвийн хаалган дээр суулт хийж эсэргүүцлээ илэрхийлнэ. Түүнийг бөривчилж, Sally очиж гаргах ба тэд эцэст нь нэг хурьцал үйлдэж, Sally амьдралдаа анх удаагаа дур тавьдаг (Luke түүнд аман секс хийж өгдөг, энэ сцэн кино урлагийн түүхэнд алдартай). Гэхдээ Sally нөхрөөсөө салахыг хүсдэггүй бөгөөд Luke тэр хоёр хоёулаа Bob-г гэртээ ирэхэд энэ харилцаагаа эцэслэх ёстой гэдгийг ухамсарладаг. Bob хөлөндөө багахан шархтайгаар, мөн аллага хядлагаас үүссэн цочролтойгоор эргэж ирэв. Luke-г суулт хийн жагссанаас хойш тагнуулынхан үргэлж тагнаж байсан нь Bob-д эхнэр нь араар нь тавигч болсныг мэдэх шалтгаан болов. Sally, Luke хоёр бүх үнэнийг Bob-д хэлж, учраа ололцох нь зөв гэж шийднэ. Гэтэл Bob хяналтаа алдаж, буу барин тэднийг заналхийлдэг ч эцэстээ ухааран ойлгоно. Киноны төгсгөлд Bob далайн эрэг дээр дүрэмт хувцас, одон медалиа тайлж хаяад (мөн хуримын бөгжөө) далай руу явж орно.
"Coming Home" кино бол Jane Fonda-н өөрийнх нь продакшнаас гарсан анхны бүрэн хэмжээний бүтээл болой. Jane Вьетнамын дайныг туушдаа эсэргүүцэгч байсан ба түүнтэй хамт засгийн газрын бодлогыг эсэргүүцэж байсан найз продюсер Bruce Gilbert түүнтэй хамтран бүтээжээ. Jane дайны эерэг жагсаж байхдаа Вьетнамын дайнаар тахир дутуу болсон Ron Kovic гэгчтэй танилцсан нь Вьетнамын дайны тухай кино хийх санааг өгчээ. Тэр цагт Kovic "Born on the Fourth of July" гэдэг намтарчилсан номоо гаргаад удаагүй байсан агаад хожим эл номоор нь найруулагч Oliver Stone кино хийсэн нь Оскарын наадмын шилдэг киногоор шалгарсан байдаг. 1972 онд Jane феминист хөдөлгөөнд хамт оролцож явсан найз Nancy Dowd-г хөлслөөд цэргийн эхнэрийн нүдээр дайны хор уршгийг харуулсан зохиол бичихийг даалгасан аж. Анхлан Nancy-н зохиол "Buffalo Ghost" нэртэй байсан бөгөөд үйл явдал нь дайнд амь үрэгдэгсэд хийгээд сэтгэл санааны хохирол үзсэн гэр бүлийнхэнд нь туслах эмнэлэгт сайн дурын ажил хийдэг хоёр хүүхний тухай байлаа. Bruce Gilbert, продюсер Jerome Hellman нар төслийг гардан авах хүртэл энэ нь хэдэн жил олигтой урагшлаагүй. Кино зохиолын эцсийн хувилбар бэлэн болох хүртэл Jane, Ashby, Jon Voight, Hellman нарын санаа оноог Waldo Salt, Robert C. Jones хоёр зохиолдоо тусгаж үргэлж шинэчилсээр байлаа.
Тэд бүгдээрээ Вьетнамын дайныг эсэргүүцэж, дайнаас Америктаа буцаж ирээд гэр орондоо дасан зохицож чадахгүй байгаа бэрхшээлтэй тулгарсан ветеран дайчдын төлөө санаа зовж байсан нь зохиолд хамтран ажиллахад дөхөм болсон. "Midnight Cowboy" кинонд Voight, Hellman хоёртой хамтран ажиллаж байсан John Schlesinger анхлан найруулагчаар ажиллахаар томилогдсон ч киноны сэдэв таагүй санандсаны улмаас төслийг орхижээ. Дараа Michael Cimino-д найруулагчийн суудлыг шилжүүлсэн ч Cimino тухайн үед Вьетнамын тухай өөр төслийг илүүтэй сонирхож байсны дээр киноны зохиолыг ветеран дайчдын түүх гэхээсээ илүүтэй улс төрийн агуулгатай, "муу зохиол" гэж үзээд татгалзсан аж. Киноны анхны төгсгөл өөр байсныг Jane Fonda өөрчилсөн гэдэг; тэрээр пацифист хүн байсан болохоор дүрээ хөнөөхүйц гэм буруугийн замыг олох хэрэгтэй байж. Анхны төгсөлд, Bruce Dern-н дүр пулемёт аваад Лос Анжелесын хурдны зам дээр гараад харсан бүхнээ устгадаг байсан ажээ. Найруулагч Hal Ashby-д кино зохиолыг илгээхэд тэрээр саналыг зөвшөөрсөн. Jane анхнаасаа л Sally-н дүрд тоглохоор сонгогдсон ба үйл явдлыг бараан талыг сулруулахын тулд А зэрэглэлийн эрэгтэй жүжигчинг эрэгтэй гол дүрдээ тоглуулах төлөвлөгөөтэй байлаа. Ингээд Al Pacino, Jack Nicholson, Sylvester Stallone нарт санал тавьсан ч тэд бүгдээрээ татгалзсан. Jon Voight-г нөхрийн дүрд тоглуулахаар төлөвлөж байсан ч Voight киноны зохиолд оролцож эхлүүтээ тахир дутуу ветераны дүрд тоглохоор болжээ.
Voight дайны эсрэг хөдөлгөөнд оролцож явснаас гадна Jane-н найз байсан ба "Midnight Cowboy" кинонд тоглосноос хойш унаад байсан нэр хүндээ аврах боломж гэж бас харсан нь нөлөөлсөн бололтой. Sally цэрэг хүний эхнэр байхад туйлын зохицсон хүүхэн байсан; тэр үнэнч, нөхөрсөг хийгээд даруухан төлөв ч өөрийн гэсэн үзэсгэлэнтэй, дур булаам. Нөхөр нь Вьетнамын дайнд явах хүртэл тэр өөрийгөө жаргалтай эхнэр, ядаж л бүгд түүнийг тэгж боддог байсан болов уу. Энэ бол найруулагч Ashby-н гайхалтай сэтгэл хөдөлгөм киноны эхэнд гардаг Sally ба жилийн дараа буюу киноны төгсгөлд гардаг Sally бол тэс ондоо хүн болсон байна. Жилийн дараах Sally үнэнч байдалдаа будилсан, итгэл үнэмшилдээ эргэлзсэн, дотор нь шинэ сэтгэл мэдрэмж төрсөн өөрчлөгдсөн хүн болой. Тэр хиппи юмуу ямар нэгэн радикал үзэлтэн болж хувираагүй. "Coming Home" кинонд олон сэдэв агуулагдаж байгаа ч гол зүрх нь Sally-н өөрчлөлтөд оршдог. Jane Fonda энэ дүрийг бишрэм бүтээсэн. Sally бол тайван, бага зэрэг ичимхий, ерөнхийдөө дундаж л эмэгтэй бөгөөд түүнд үзэл санаа байдаггүй, ийм зүйл хэрэгтэй гэж боддоггүй ч болов уу гэмээр. Нөхөр нь дайнд явснаар хүүхэн амьдралдаа анх удаагаа ганцаараа үлдэж өөртэйгөө нүүр тулж байна. Түүнийг хянах гэр, сургууль, гэрлэлт одоо байхгүй болсон ба өөрийгөө эхнэрийн дүрээс гаргаж, зөвхөн түүнд л хачирхалтай шинэлэг зүйлс болох машин худалдаж авах зэргийг хийж үзэж байна. Тэр ингэж яваад л аашны тулам Luke буюу Jon Voight-той учирдаг. Luke эмнэлэгийнхний шүдний өвчин болсон учир түүнийг байнга эмээр тайвшруулах ба ингэж зомби болсон хүн хэнд ч гай удахгүй билээ. Sally түүнтэй ярилцаж, түүнийг мэдэхийг хүсч, оройн хоолонд урих мэтээр Luke түүнд дурлаж, илүү аядуу, боловсорсон эр болдог; Luke хүүхэнд хандан "би чамтай хурьцахыг цаг тутам боддогийг чи мэдэх үү?" гэдэг.
Эцэст нь, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй секс хийж байгаа сцэнийг энэ кинонд тун сайхан, уян зөөлнөөр үзүүлдэг. Sally анх удаа нөхрөө ингэж хуурч байгаа ч нөхөртэйгөө үргэлжлүүлэн амьдрахыг хүсдэг. Bob ирж, цаашид юу болох бол гэдэг хүлээлт киноныхтой таарахгүй юмуу зохицолгүй мэт санөгдаж магадгүй, төгсгөлийн сцэн эргэлзээтэй байгаа нь кино бүтээгчид үүн дээр толгойгоо гашилгасныг илтгэх мэт. Гэхдээ энэ кино ихэнх хугацаандаа гайхалтай жүжиглэлт, хийцтэй. Jon, Voight, Jane Fonda хоёрын харилцаа ер бусын илэн далангүй, торгон мэдрэмж, эмзэг сэтгэлээр хөглөгдөхийн зэрэгцээ тэд тун зоригтой тоглоцгоожээ. Кино дахь тэдний дүрүүдийн харилцаа үнэхээр ер бусын; тэдний харилцаа дайн, нөхөр, тахир дутуу байхаас үл хамаарсан тэс ондоо түвшинд байдаг. Иймэрхүү харилцаа маш олон кинонд дайсагнаж эсхүл амрагууд болж хувирдаг бол энэ кинонд тэдний харилцаа хүнлэг байдлыг харуулж, хүнлэг байдлаар төгсөнө.
Comments
Post a Comment