A Face in The Crowd (1957). Грек-Америкийн нэрт кино урлаач Elia Kazan-н найруулсан егөөдөлт драм. Киноны зохиолыг Америкийн зохиолч Budd Schulberg-н "Some Faces in the Crowd" хэмээх өгүүллэгийн түүврийн "Your Arkansas Traveler" гэдэг өгүүллэгээс сэдэвлэн Budd Schulberg өөрөө кинонд хөрвүүлсэн. Уг кинонд Арканзасын хөдөө нутгийн жижиг радио нэвтрүүлгийн продюсер бүсгүй Marcia-н нээн илрүүлсэн архичин "ганцаардмал" хочит Rhodes гэгчийн хэрхэн үндэсний телевизийн од, чухал нөлөөлөгч болж байгаа тухай өгүүлдэг. Зохиолч Schulberg киноныхоо санааг буюу "ганцаардмал" Rhodes-оо бүтээх сэдлийг Америкийн сонины нийтлэгч, зохиолч Will Rogers Jr гэгчтэй ярилцсан ярианаас авсан аж.
Тэдний яриа Will Rogers Jr-н эцэг Америкийн жүжигчин, нийгмийн тоймч Will Rogers-н тухай байсан ба киноны Rhodes-н дүрийн алиа хошин, хөдөөний хэв маягтай төрх байдлыг чухам энэхүү эцэг Will Rogers-оос сэдэвлэжээ. Хүү Will Rogers: "Аав өөрийгөө бусдын л нэг, бусдаас ялгарах юмгүй гэж дүр эсгэдэг байсан учраас худад хуурмагаар дүүрэн хүн байсан" гэсэн буй. Schulberg мөн Америкийн телевизийн хүндтэй зүтгэлтнүүд болох Arthur Godfrey, Tennessee Ernie Ford нараас санаа авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Киноны гол дүрүүдэд: Andy Griffith, Patricia Neal, Walter Matthau нар тоглосон. Энэ нь Andy Griffith-н дебют байсан бол мөн туслах дүрүүдэд тоглосон Lee Remick, Charles Irving, Rip Torn зэрэг жүжигчдийн анхных нь кино байв. Andy Griffith уг кинонд тоглохын тулд Broadway-д тоглох жүжгээ орхисон. Тэрээр киногоороо од болсон ба зураг авалтын үеэр эрч хүч, сэтгэлийн хөөрлөө бий болгохын тулд зураг авалт эхлэхээс өмнөхөн сандал эвдлэж болох зөвшөөрөл авч байжээ. Найруулагч Kazan, зохиолч Schulberg хоёр 7,8-р сарыг Мемфис, Арканзаст өнгөрөөж кинондоо бэлджээ. Ингээд Америкийн улс төрийн тухай үзүүлсэн хамгийн сайн кинонуудын нэгийн үйл явдлыг тоймлож байна.
1950-аад оны Америк, радиогийн сэтгүүлч Marcia шинэ зүйл хийхээр Арканзасын хөдөөгийн нэгэн шоронд зочлон архичин, тэнүүлч Rhodes-тэй танилцана. Бүсгүй түүнийг сайхан дуулдаг болохыг мэдээд радио нэвтрүүлэгтээ урин оруулцах ба Rhodes-н ярих ур чадвар хийгээд бусдад нөлөөлөх авъяас тэр дороо л түүнийг алдартай болгочихов. Marcia түүнд "Ганцаардмал" гэдэг зохиомол нэр өгч, түүнд зориулсан тусгайлан нэвтрүүлэг хийлгэхээр шоуны зохиолч Mel-г ятган дэмжлэгийг нь авч чадна. Улс төрчдийг ёжтой хурцаар шүүмжилж, гаргууд импровизлагч, төрөлхийн харизмтай Rhodes гэрлийн хурдаар Мемфисийн тэнгэрт од болон гялалзах нь тэр. Rhodes ивээн тэтгэгч гудасны компаниа шоглож, улмаар компанийн зүгээс гэрээгээ цуцалсан ч үзэгчид гудамжинд гараад Rhodes-г дэмжин компанийн гудаснуудыг шатаах явдал түүний нэр хүнд хэр байгааг харуулах ба хамгийн гол нь энэ явдал компанийн борлуулалтыг өсгөв. Хүмүүст нөлөөлөх чадвартайгаа ойлгосон Rhodes Marcia-тай амрагийн харилцаатай болж, бүсгүйд гэрлэх санал тавина. Гудасны компанийн эзний амбицтай туслах Joey Rhodes-н гэрэлт ирээдүйг зөгнөж мэдээд түүний менежерээр ажиллахаар болж гэрээ түүнтэй гэрээ байгуулна.
Rhodes-н сурталчилсан брэнд болгоны борлуулалтын хувь өсч, түүний тоглосон телевизийн шоуны үнэлгээ хамгийн өндөр нь байж, нэг л мэдэхэд тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй сенаторын зөвлөх нь болсон байлаа. "Ганцаардмал" Rhodes-н алдар нэр өсөхийн хэрээр эго нь дагаж нэмэгдэж байлаа. Телевиз-ээр нөхөрсөг, сэтгэл татам сайхан харагддаг Rhodes амьдрал дээр хамтран ажиллагсаддаа дээрэнгүй, бардам нэгэн болж хувирчээ. Marcia түүний эхнэр болохыг зөвшөөртөл Rhodes өмнөх эхнэрээсээ салаагүй байж таарах ба Rhodes албан ёсоор гэрлэлтээ цуцлуулахаар Мексик явдаг ч харамсалтай нь, буцаж ирээд 17 настай охинтой гэрлэчихээд ирдэг. Гомдсон Marcia, би чамайг ийм амжилтад хүргэсэн, би чамайг бүтээсэн хэмээнэ; ийнхүү тэд ашгаа тэнцүү хуваахаар тохиролцоно. Хэдийнээс Marcia-д хайртай Mel Rhodes-н жинхэнэ нүүр царайг илчлэхүйц зохиол бичихээр шийднэ.
Энэ хооронд зальтай Joey Rhodes-н залуу эхнэртэй явалдах агаад Rhodes аргаа барахдаа залуухан эхнэрээ нутагт нь буцаав. Мөн тэрээр Joey-гоос салъя гэхэд Joey түүний компанийн 51%-г эзэмшдэг учир ямар ч боломжгүй болсоноо ухаарна. Согтуу Rhodes Marcia-н гэрт очоод цаашдын амбицтай төлөвлөгөөгөө яриад зогсохгүй өөрийг нь бүтээсэн болохыг нь хүлээн зөвшөөрдөг. Rhodes тасраад унтчихсан хойно Marcia зугтах шахуу явчихна. Rhodes-н зан авирыг тэсч чадахаа больж, дийлдэхээ больсон энэ мангасыг бүтээсэн бүтээгч нь болох би л үгүй хийнэ гэж бодож шийдсэн Marcia нэгэн шоунд оролцож байгаа Rhodes-н идэвхгүй байх ёстой микрофоныг идэвхжүүлчих агаад ингэснээр микрофон нь ажиллахгүй байгаа гэж бодон үзэгчдийг бас сенаторыг дооглон доромжилсон яриа нь улс орон даяар цацагдснаар Rhodes ямар богино хугацаанд од болсон шигээ тийм л хурданаар хэн ч биш болж хувирна. Marcia-г ирэхгүй бол амиа хорлоно гэсэн Rhodes-н дуудлагаар Marcia, Mel хоёр түүний пэнтхауст очихоос өмнө Mel Marcia-г "ганцаардмал"аас нэг мөсөн холдуулахын тулд өөрийг нь унагасан бүх үнэнээ түүнд үнэнээр нь хэл гэж бүсгүйд хэлнэ. Тэднийг пэнтхауст ороход том хоосон өрөөндөө Rhodes хүмүүсийн алга ташилтын бичлэгийг сонсож байдаг. Marcia түүнд микрофонтой холбоотой бүх үнэнийг хэлж, үүрд салъя гэнэ. Харин Mel явахынхаа өмнө Rhodes-д ирээдүйнх нь талаар ингэж таамаглаж байгаагаа хэлдэг; чиний замнал дуусаагүй, чи удахгүй дахиад телевиз-д ажиллана, гэхдээ хэзээ ч өмнөх шигээ алдар нэртэй болохгүй. Rhodes Marcia-г буцаж ир хэмээн муухай орилсоор үлддэг агаад Marcia түүнийг ийм байдалд оруулсанд би л буруутай гэхэд Mel түүнд Rhodes шиг хүн хэсэг хугацаанд хүмүүсийг хуурч магадгүй, гэхдээ бид түүнтэй ухаалгаар харьцдаг, энэ л бидний хүч гэж хариулдаг; кино ингэж төгсдөг.
"Ганцаардмал" Rhodes бол хоёр нүүртэй баатар буюу энэ бол үндсэндээ телевизийн шоу гэж юу байдаг талаарх кино юм. Rhodes бол өнөөдрийн хэллэгээр бол нөлөөлөгч бөгөөд түүний нийгмийн симбол бол нийгэм ийм хүмүүсийг нэг бол шүтэн дагадаг үгүй бол огт тоодоггүй гэсэн эсрэг тэсрэг хандлага болно; ийм хүмүүст дундын байр суурь гэж байдаггүй. Хүмүүс бодит байдлыг харахыг хүсэхгүй болоод ирэхээрээ нөлөөлөгч хүмүүсийг "шүтдэг". Энэ бол цаг үеэсээ төрүүлсэн бүтээл. Хүмүүст үр дүнтэйгээр нөлөөлөх хамгийн шилдэг хэрэгсэл бол телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгсэл билээ. Одооныхоор сошиал медиа. Тэгвэл хоёр асуулт урган гарна; хэрэв энэ их хүчийг хэн нэгэн юмуу хэсэг бүлэг этгээд ашиг сонирхолдоо нийцүүлбэл яах вэ? Удаах нь, даган шүтээд буй нөлөөлөгч нь ямар мэдлэг боловсролтой вэ? тэд үнэхээр үнэнийг өгүүлэгчид мөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?. Мөн энэ кинонд Америкийн улс төрийн сонгууль хэрхэн явагдаж байгааг харахад өнөөдрийн Монголын сонгуулийн төрх байдал ч тодорхой харагдана. Олон нийтийн хүч хэн ч биш нэгнийг мангас болтол нь хүчирхжүүлж байгааг найруулагч Kazan телевизийн ертөнцийг дэлгэрэнгүй үзүүлэхдээ өөрийнхөө "тасалданги" хэв маягаар гоёдог. Кинонд бодит байдал нь алдаа эндэгдлээр илэрдэг.
Гэхдээ эцэстээ бид Rhodes-н дээрэнгүй, дарамтлагч зангаас залхаж, Marcia-н үйлдлийг бараг л тэсэн ядан хүлээж байдаг. Harrison's Reports сэтгүүл уг киног сайн жүжиглэлтэй, дээд зэргийн найруулагтай, бүхэлдээ сэтгэл татам кино гээд киноны ихэнх магтаалыг дебютээ хийсэн Andy Griffith хүртэх ёстой гэжээ. Rhodes мэдээжээр сэтгэл татам энэрэнгүй дүр биш боловч түүний эрч хүчтэй, харизмтай дүрийн гүйцэтгэл бишрэм. Мөн жүжигчин Patricia Neal-н гаргасан Marcia тун болсон гэж Harrison's Reports-н дүгнэлттэй санал нийлж байна. Variety сэтгүүл уг киног "эрч хүчтэй, өдсөн" гээд найруулагч Kazan найруулагчийнхаа чадварыг дахин харуулж, томоохон студид өөрийнх нь нөхцлөөр, өөрийнх нь сонгосон материалаар кино хийлгэх болсныг харуулсан баталгаа болсон кино гэж бичжээ. Шүүмжлэгч Edwin Schallert гол дүрүүдийн тоглолтыг өндрөөр үнэлж, бүх жүжигчид гүйцэтгэлийнхээ оргил үед байсан гэжээ. Тэрээр мөн Schulberg-н кино зохиолыг маш сайн, харин одоогийн байдлаар энэ бол Kazan-н хамгийн егөөдөлт, час хийсэн бүтээл гэж бичжээ. Францын нэрт кино найруулагч François Truffaut уг киноны тухай бичвэртээ "ач холбогдлын хувьд кино шүүмжийн хэмжээнээс давсан аугаа, үзэсгэлэнтэй бүтээл" гэжээ. Сөрөг шүүмж ч бас байв. Шүүмжлэгч Karel Reisz: "Хэрэв бид Америкийг тэтгэсэн телевизийн ширэнгэн ойн үнэт зүйлс рүү дайрч байгааг хүлээн зөвшөөрч байгаа бол бид тэдний дайрч буй киноноос илүүтэй рационал, зохистой өнгө аясыг мэдрэх чадвартай байх ёстой. Энэ кино үргэлжлэх тусмаа үзэхэд хэцүү болдог. Драматик сцэнүүд нь бүхэлдээ тэсрэхүйц байдаг бол ёжтой хэсгүүд нь арай л гүжирдсэн байдаг" гэсэн буй.
Comments
Post a Comment