White Heat (1949) ."Cody" хочит Jarrett хэрцгий, сэтгэцийн өвчтэй гэмт хэрэгтэн бас дээрмийн бүлэглэлийн толгойлогч юм. Тэрээр Verna гэх зальтай хүүхэнтэй гэрлэсэн. Cody өөртэйгөө адилхан шийдэмгий, луйварчин ээжээсээ тун хамааралтай ба ээж нь бараг бүлэглэлийн толгойлогч нь гэмээр байдаг. Cody нөхдийн хамт Сьерра Невадагийн ууланд шуудангаар галт тэрэг дээрэмдэхдээ галт тэрэгний багийн 4 гишүүнийг хөөнөнө. Cody учир нь үл олдох толгоны өвчтэй, үүнийгээ ээжээсээ бусад хүмүүсээс нуух агаад өвчнөө намжтал бүгэж байгаад эргэн ажилдаа орохдоо бүлэглэлээ хоёр хувааж явуулдаг. Цагдаа нар гар хумхин суусангүй, Verna, ээж хоёрыг Лос-Анжелест явж байхад нь олж тогтоон мөрдөж, улмаар Cody эхнэр, ээжтэйгээ баригдах нь зайлбаргүй болж ирнэ. Cody мөрдөгч Evans-г буудаж шархдуулдаг ч өөр нарийн арга сүвэгчилэхгүй бол цахилгаан сандалд суух нь тодорхой болно. Ингээд тэрээр Иллинойс-д өөрийнх нь хамтрагчийн хийсэн дээрэм өөрийнх нь Сьерра Невадад хийсэнтэй цаг хугацааны хувьд чухам таарч байгааг анзаараад өөрөө Иллинойсын хэргийг үүрч, арай хөнгөхөн ял сонсох мэргэн бөгөөд найдвартай аргыг зохион байгуулна. Тэрээр нэгээс гурван жилийн ял сонсоно. Өөрөө буудуулсан Evans түүнийг зүгээр өнгөрүүлэхгүй нь мэдээж тул агент Hank гэгчийг Pardo гэдэг нууц нэрээр Cody-ын суугаа шоронд оруулна. Hank-ын даалгавар бол Cody-ын гэмт хэргийн үүрийг олж, газар дээр нь баривчлах юм. Cody-ын эзгүйд бүлэглэлийг түүний амбицтай баруун гар Том хочит Ed удирдана. Ed боссынхоо эзгүйд эхнэрийг нь эзэмдээд зогсохгүй хүн хөлслөөд шоронд Cody-г алуулахыг оролддог боловч шоронд Hank Cody-ын амийг санаатайгаар аварч Cody-ын итгэлийг олно. Ed замаа дардан болгохын тулд ээжийг алах ёстой байв, харин үүнд ээжид угаасаа дургүй Verna тусалж ээжийг алчихна. Гэтэл Ed ээжийг алсан гэдгээр нь Verna-г сүрдүүлж хажуунаасаа хөдөлгөхөөргүй бат тогтооно. Хөөрхий ээжийн хүү Cody эхийнхээ тухай сонсоод галзуурах дөхдөг. Cody солиорсон гэсэн оноштойгоор галзуугийн эмнэлэгт хэвтэх бөгөөд эндээс Hank зэрэг нөхдийн хамт шоронгоос оргож чаддаг. Зартай гэмт хэрэгтэн оргосон тухай мэдээ улс даяар тархаж, Ed, Verna нарыг айлгаж, зовлонтой хүлээлтэд оруулдаг. Cody ирнэ, Verna буцаад нөхрийнхөө талд орж, улмаар Ed-г Cody ална. Бүлэглэл дахин нэгдэхэд энэ удаа Hank тэдний дунд орсон байлаа.
Тухайн цаг үедээ аймшигтай хэрцгий кино гэгдэж байсан Raoul Walsh-ын энэхүү нуарыг хамгийн шилдэг гангстер жанрын киноны нэг гэж үздэг. Virginia Kellogg-ын ижил нэрт зохиолыг Ivan Goff, Ben Roberts хоёр кино зохиол болгосон ба киноны гол дүрүүдэд: James Cagney, Virginia Mayo, Edmond O'Brien нар тоглосон. Америкийн кино хүрээлэнгээс гаргасан өнгөрсөн зуун жилийн шилдэг баатрууд шилдэг хорон санаатнууд жагсаалтын 26-р байрт Cody Jarrett-ын нэр бичигдсэн байдаг бол TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 822-р байрт эрэмбэлээд байна. Энэ бол маргаангүй Cagney-ын замналын оргил ажлын нэгээс гадна гэмт хэрэгтэн хүний оюун ухааныг судалсан хамгийн сайн бүтээлийн нэг билээ. "Yankee Doodle Dandy" киногоороо Оскарын шагнал хүртсэнийхээ дараа Cagney 1942 онд Warner Brothers компанийг орхиод өөрийн кино компанийг байгуулжээ. 4 кино хийж дампуурсан Cagney 7 жилийн дараа Warner-д буцаж очив; өөрийнх нь шийдвэр цэвэр санхүүгээс болсон гэж хэлсэн байдаг. 1930-аад оноос гэрээгээ шинэчлэн байгуулсан Cagney өөрийг нь эдгээр жилүүдэд Warner маш их зовоож, шулж байсныг мартаж чадахгүй байсан ч эргээд очсон ба тухайн үед түүнийг явахад Warner түүнийг дахиж хэзээ ч авахгүй гэж тангараглаж, "бяцхан новш" гэж дуудаж байлаа. Cagney Warner хоёрын шинэ гэрээнд цалингаас гадна Cagney кино зохиолд оролцох эрхтэй гэж заасан байв. Cagney эргэн ирэлтээ амжилттай болгохыг хүссэн, түүний сонголт "White Heat" дээр тогтсон ба өөрөө гол дүрд тоглоно гэж.
Warner татгалзсан, гэвч кино зохиолчид энэ дүрд Cagney-гаас өөр тохирох хүн байхгүй гэж үнэмшүүлснээр нэг юм бүтсэн аж. Cagney олон жилийн турш гангстер дүрээс татгалзаж ирсэн хэдий ч өөрийнх нь тоглосон киног үзэгчид үзэхээ больж ирсэн тул энэ жанрт буцаж ирсэн гэдэг. Найруулагч Raoul Walsh-г Warner сонгосон шалтгаан нь Raoul өмнө нь Cagney-тай хамт 2 ч кинонд хамтран ажилласантай холбоотой гэдэг. Харин үнэндээ Cagney найз Frank McHugh-г найруулагчаар сонгох гэтэл Warner үгүй гэсэн аж. Warner кино зохиолын эрхийг Kellogg-оос $2,000 ногооноор худалдаж авч, кино зохиолын мастерууд Goff, Roberts хоёр 6 сарын хугацаанд кино зохиолыг бэлэн болгожээ. Тэд бичиж эхлэхээсээ өмнө үйл явдлыг нарийвчилан зохиогоод харилцан яриаг дараа нь мөр мөрөөр нь бичжээ. Уг киног ерөнхийдөө 4 хүүгээ дээрэмчид болгон өсгөсөн Ma Barker гэгчийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн; зарим нэг өөрчлөлт Cagney-гаас болж үүссэн гэдэг буюу 4 хүүхэд байх ёстой байтал 2 болж багассан гэх мэт жижиг сажиг зүйлс байдаг аж. Cody-ын сэтгэцийн эмгэг, түүний толгойн өвчний тодорхой шалтгааныг кинонд гаргадаггүй; нууц хэвээр үлддэг. Энийг зориудаар хийсэн бөгөөд үзэгчид өөрсдийн төсөөллөө ашиглаж, өөрсдөө дүгнэлт хийх боломжтой болгож байна. Киноны зохиолыг хэдэнтээ дахин бичсэн, ингэхдээ Cagney-ын дотно найзууд болох Humphrey Bogart, Frank McHugh нарын оролцоо ч байснаас эхлэлийн хэсгийг McHugh бичсэн гэдэг. Киног шүүмжлэгчид халуунаар хүлээж авчээ. The New York Times "гангстер-шоронтой киноны оргил нь" гэсэн байдаг. Энэхүү классик киног 1950-аад оны "The Asphalt Jungle", "The Killing зэрэг дээрмийн жанрын "өвөг эцэг"-ээс гадна сүүдэрлэгдсэн хар-цагаан зураглал, фемме фатал дүр, гэмт хэрэгтний сэтгэлзүйн тогтворгүй шинжүүдээрээ нуар киноны элементүүдийг агуулсан гэж судлаачид дүгнэжээ. Мөн найруулагч Raoul-ын гэмт хэргийн драм нь мөр гаргахаас айхаас илүүтэй гэмт хэрэгтний сэтгэлзүйд гүн ордог бөгөөд Cagney-ын эмгэнэлт анти баатрын дүр үргэлж тогтворгүй байдаг гэжээ.
Comments
Post a Comment