Бурхны Мэлмий

 


Crimes and Misdemeanors (1989) . Кино хоёр гол баатартай; Judah бол амжилттай яваа нэр хүндтэй нүдний, харин Cliff бол бүтэл муутай жижиг гарын баримтад киноны найруулагч ба дундаж эргэм насны дээрх хоёр эрийн гэмт хэрэгт бөгөөд золгүй явдлын түүхийг сонирхоё. Дээд зиндааны гэр бүлтэй хүндлэгдсэн Judah онгоцны үйлчлэгч Dolores-тэй нууцаар явалдаад хэдэн жилийн нүүрийг үзэж буй. Judah гэрлэлтээ цуцлуулахгүй, өөртэй нь гэрлэхгүй нь тодорхой болсны дараа Dolores Judah-ын эхнэрт хандаж бүгдийг сүйрүүлнэ гэж сүрдүүлэх бөгөөд мөн тэрээр Judah-ын санхүүгийн нууцийг мэддэг нь ёстой төмсөгдөнө гэгч болно.

Аргаа барсан Judah өөрийн өвчтөн удахгүй сохрох нь илэрхий болсон Ben гэгчид нууцаа дэлгэж ярихад Ben түүнд эхнэр болон нууц амрагийнхаа дунд үнэнч шударга байхыг зөвлөнө. Judah-д гэр бүлээ эрсдэлд оруулахгүйн тулд энэ зөвлөгөөг үл дагаж харин оронд нь мафитай нягт холбоотой дүү Jack-даа хандахад дүү нь Dolores-г хөнөөхөөс өөр аргагүй гэнэ. Хөлсний алуурчин Dolores-г гэрт нь алсны дараа Judah сэмээрхэн гэтэж ороод өөртэйгөө холбоотой бүхнийг аваад зугтана. Гэвч гэм бурууд живсэн Judah үл тоомсорлодог байсан шашиндаа эргэн хандаж, бурхан өөрийг нь харж, шүүх болно гэдэгт итгэж өдөр хоногийг тарчлан өнгөрөөнө. Нөгөө талд Cliff-г амжилттай телевизийн продюсер Lester хөлслөөд өөрийнхөө тухай кинонд хамтрахаар болно. Cliff эхнэртэй ч гэр бүлийн амьдрал нь аз жаргалгүй ба хэзээ мөдгүй салах нь тодорхой агаад энэ Lester бол түүний хүргэн ах буюу биеэ тоосон хүүхэмсэг эр юм. 

Кино төслийн явцад Cliff туслах продюсер Halley гэх бүсгүйд дурлачихна, мөн энэ үеэр Lester ч мөн бүсгүйг эргүүлж эхэлсэн нь Cliff-ын зэвүүг улам бүр хүргэнэ. Cliff мөнгөтэй болж аваад өөрийнхөө төслийг эхлүүлэхийг хүсч байгаа бөгөөд тэрээр алдартай философич Levy гэгчийн тухай кино хийхээр төлөвлөж байгаагаа Halley-д хэлж ойлгуулна. Энэ баримтад кино нь Cliff-ын хувьд өөрийнх нь амьдралыг харах өнцгийг харуулсан философийг харуулах учиртай бөгөөд үүнийгээ ч бүсгүйд хэлж ярьж, нэг үгээр өөрийгөө Halley-тэй оюун санаагаар холбогдсон гэж үзнэ. Гэтэл философич маань "би цонхоор гарлаа" гэсэн зурвас үлдээчихээд амиа хорлочихсон байна. Гутарч гуньсан Cliff-г тайтгаруулахаар Halley түүн дээр очиход Cliff бүсгүйд сэтгэлээ илчлэхэд бүсгүй хараахан романтик харилцаанд бэлэн бус байна гэж хариулдаг ч бяцхан найдвар байгаа мэт сэтгэгдэл төрүүлчихээд яваад өгнө. Cliff-ын зовлон ингээд дууссангүй; Halley Lester-тэй хамт ажлаар Лондон руу хэдэн сараар явах болсоноо дуулгана. 

Cliff дараагийн удаа Halley-ын тухай дуулахад бүсгүй Lester-тэй сүй тавсан болж таарах ба хамгийн дургүй хүндээ ялагдсан Cliff өөрийгөө эмэгтэй хүний сэтгэлийг татах чадваргүй юм байна гэж гутарна. Киноны төгсгөлийн хэсэгт, сохорсон Ben-ын охины хуримын үдэшлэг дээр Cliff Judah хоёр санамсаргүйгээр уулзах бөгөөд Judah гэм буруугаа даван туулаад дахин амьдралаас таашаал авч байна. Тэрээр Cliff-г ёс суртахууны мухардалд тулгуурласан таамаглал мэт яриандаа татан оруулдаг; цаг хугацаа аливаа хямралыг мартуулдаг гэхэд Cliff хүн гэмт хэрэг ба золгүй явдлыг нэгэнт үүрсэн бол насаараа түүнтэйгээ хамт байна гэж хариулдаг. Америкийн нэрт кино урлаач Woody Allen-ын хамгийн ноцтой бас хөгжилтэй кино гэгддэг уг бүтээлийн гол дүрүүд онцгойгоос ерөнхий рүү үсрэн орж, аварга систем дотор өөрсдийгөө ямар нэгэн байдлаар харуулахыг зорьдог. 

Энэхүү экзистенциалист комеди драмад найруулагч маань өөрөө тоглосноос гадна  Martin Landau, Mia Farrow, Anjelica Huston нарын жүжигчид мөн тоглосон. Энэхүү бүтээлийг Woody Allen-ын хамгийн шилдэг ажлын нэг гэж үздэг бөгөөд тухайн жилдээ Оскарын наадамд шилдэг эх кино зохиол, шилдэг найруулагч төрлөөр нэр дэвшсэн. Киноны анхны эвлүүлгийн дараа Allen эхний үзэгдлийг хасаад дахин зураг авалт хийхээр шийдвэрлэсэн байдаг нь үйл явдлын төвдөө илүүтэй төвлөрөх хүсэлтэй нь холбоотой байв. Judah-ын ёс суртахууны дилеммагийн тойм бол хүн аллага үйлдчихээд өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлсээр байж чадах уу гэдэг талаар ба энэ нь Достоевскийн "Гэм Зэм" романы үндсэн санааг агуулдаг. Allen "Match Point", "Irrational Man" кинонуудад энэхүү сэдвийг дахин авч үздэг билээ.

 Энэ киноны гайхамшиг нь Allen олон янзын өнгө аяс, дуу хоолойг сүлжилдүүлэн олон түүхийг гаргаж ирсэн оршино. Киноны нууц хүч бол олон нарийн ширийн зүйлсийг үнэнээр өгүүлэх бүтэцээс үүдэлтэй бөгөөд үүгээр дамжуулан маш эргэлзээтэй, таатай бус ч сэтгэл татам төрхийг бий болгодог. Шүүмжлэгч John Simon "Allen-ын драм комедийг, ерөнхий ба дэд үйл явдлыг амжилттай хослуулсан анхны бүтээл" гэсэн байхад Variety сэтгүүл "Allen өөрийнхөө дуртай кино хэл комеди, мелодрамыг амбицтайгаар хольсны үр дүнд уг кино бий болжээ" хэмээжээ. Empire сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн шилдэг 500 киноны 267-р байрт, TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 298-р байрт тус тус жагсаагаад байна. Харин Time Out сэтгүүлээс явуулсан санал асуулгаар "Annie Hall" киноных нь ард Allen-ын хамгийн шилдэг хоёрдугаарх бүтээлээр нэрлэгджээ. Шүүмжлэгч Dave Calhoun "Allen-ын хошигнол болон ноцтой талууд хамгийн зохистойгоор нийлсэн кино" гэжээ. The Daily Telegraph "кинондоо Allen ёс суртахууны сонголтын талаар гүнзгий бодож байна, гэм буруутай байх нь үзэгчийн нүдээр үү эсхүл ертөнцийн нүдээр үү гэсэн асуулт хамгийн чухал" гэж бичжээ. 2015 онд BBC-ын санал асуулгаар уг кино Америкийн хамгийн шилдэг киноны 57-р байрт бичигджээ. Judah нууц амрагаа хайраас бус өөрийнхөө ая тухын төлөө алдаг. Энэ бол Allen-ын хамгийн хар бараан, зэвүүн комеди болов уу.  

Woody Allen 36 орчим кино хийснээс "Annie Hall", "Hannah and Her sisters", "Match Point" зэрэг кинонууд уг бүтээлийн хамтаар нэрлэгдэх нь зүй ёсны ба "Match Point" кино нь энэхүү бичиж буй кинонтой сэдвийн хувьд ижилхэн боловч "Match Point" нь илүү ширүүн бас нуар жанрынх, харин уг кино бол муу муухайд нүдээ аньсан бурхныг Эсэргүүцэгчийн тухай юм. Judah өөрийгөө ёс суртахуунтай хүн гэж боддог, нууц амрагтай болж, түүнийгээ алсан ч тэр өөрийгөө тэгж бодсоор байдаг ба Judah хэзээ ч эхнэрээсээ салахгүй нь адил хэзээ ч эхнэртээ хэзээ ч үнэнээ наманчилж чадахгүй нэгэн юм. Тэр бол хүүхний төлөө нэр хүнд, бий болгосон бүхнээ, тэр дундаа өөрт нь үнэнч байсаар ирсэн эхнэрээ баллаж чадахгүй нэгэн юм. Кино маань эмгэнэл, комеди болон завхайрлыг нэгтгэдэг бол Шекспирийн техник юм. Cliff том хэрэгт орж чаддаггүй хүн буюу харин ч бүр эротикоор өөрийгөө гутаагч юм. Кинонд бид гэр бүлтэй хоёр эрийг харж байгаа ч тэд өөр эмэгтэйтэй гэрлэх талаар яригдаж байна. Judah Dolores-той гэрлэхгүй бол гэр бүл нь сүйрэх бол Cliff дэндүү өөдрөгөөр бодсон харилцаандаа унаж байна. Allen дүрээ өөрөө өөртөө анализ хийх боломж олгодог шиг энэ киноноос бид өөрөө өөртөө анализ хийх болов уу.

Comments