Eva Gaelle Green (1980 оны 7-р сарын 6нд Францын нийслэлд төрсөн) бол Bernardo Bertolucci-ын The Dreamers киноны Isabella, Ridley Scott-ын Kingdom of Heaven киноны Sibylla гүнж хийгээд James Bond-ын бүсгүй Lynd-ын дүрүүдээрээ олонд хүлээн зөвшөөрөгдсөн Францын жүжигчин бас модель билээ. Жүжигчний замналаа тэрээрээ театраас эхлүүлсэн ба түүний ээж нь алдартай жүжигчин Marlene Jobert юм. Eva өөрийн жүжигчний ур чадвараа Cracks, Womb, Perfect Sense зэрэг "independent" кинонуудаар хангалттай харуулсны зэрэгцээ Dark Shadows, 300: Rise of an Empire болон Dumbo гэх мэт арилжааны олонд зориулсан кинонд ч тохирно гэдгээ баталсан ба мөн хэд хэдэн телевизийн цувралд амжилттай тоглоод байна. Ингээд өөрийн дуртай эмэгтэй жүжигчдийн нэг Eva Green-ын амьдрал хийгээд замналыг товчхон хүргэж байна. Eva-ын аав Walter Green бол шүдний эмч бөгөөд үе үе кинонд тоглочихдог хүн байсан бол ээж Marlene Jobert нь алдартай жүжигчин бас зохиолч юм. Түүний аав нь Бретон, Швед гаралтай ба алдарт хөгжмийн зохиолч Paul Le Flem аавынх нь талын хамаатан болно. Мөн Eva ихэр эгчтэй, эгч Joy-гоосоо хоёр минутын өмнө төржээ. Eva ээжийнхээ талыг баривал еврей гаралтай агаад "жаахан охин байхаасаа л еврейчүүдийн сүмд очиж байгаагүй шашингүй үзэлтэй еврей байлаа" гэж тэрээр өөрийгөө тодорхойлсон байдаг, мөн нэмж "би өөрийгөө дэлхийн иргэн гэж боддог байсан" гээд гэр бүлээ "хөрөнгөтөн" гэж тодорхойлсон байдаг ажээ. Тэрээр өөрийгөө эгчээсээ их өөр төрлийн хүн гэж хэлдэг; мөн түүний авга эгч нь жүжигчин Marika Green бөгөөд жүжигчин Josephine Jobert болон дуучин Elsa Lunghini нар ээжийнх нь талын хамаатнууд ажээ. Түүний нэрний Green гэдэг овог нь Английн "ногоон" гэдэг үгийг илтгэдэггүй буюу Шведээр "gron" гэдэг нь модний мөчир гэсэн утгатай тул түүний нэрийг бид Швед утгаар ойлгох ёстой ажээ. Eva-ын үс төрөлхийн хар шаргал өнгөтэй ч тэрээр 15 настайгаасаа үсээ бороор буджээ. Eva Францад өсөж, Англиар ярьдаг Парист байдаг Америкийн их сургуульд суралцжээ. Лондон, Ирланд хоёрын хооронд явж хүүхэд насаа үдсэн гэдэг. Сургуульд байхдаа даруухан хүүхэд байсан агаад 7 настайдаа Луврын музей үзэж байхдаа Египет судлалыг сонирхох болжээ. 14 настайдаа Isabella Adjani-г кино дэлгэцнээс харж бишрэн кино жүжигчин болохоор шийдсэн байна. Мэдрэмтгий охинд нь жүжигчиний мэргэжил ахадна гэж ээж нь айсан боловч төдөлгүй охиныхоо хүсэл эрмэлзлэлийг дэмжих болжээ. Eva Парист үргэлжлүүлэн суралцчихаад Лондоны драмын урлагийн академид суралцсан.
Ингээд дараа нь тэрээр Парист буцаж ирээд хэд хэдэн жүжигт тоглосон бөгөөд драмын сургуульд байхдаа үргэлж муу талын дүрийг сонгодог байсан агаад энэ талаараа "энэ нь таны өдөр тутмын сэтгэл хөдлөлийг зохицуулах гайхалтай арга шүүдээ" гэж хэлсэн байдаг ажээ. 2002 онд Eva кино урлаг дахь дебютээ хийх боломж гарч ирсэн буюу Bernardo Bertolucci түүний The Dreamers киноныхоо Isabella дүрд сонгосон ба уг кино секс хэсгүүд ихтэй, Eva бүрэн болон хагас нүцгэлэх кадрууд олон байсан ч жүжигчин бүсгүй маань амжилттай тоглосон. Eva хожим энэ талаараа ярихдаа түүний агент болон эцэг эх нь тус кинонд битгий тоглооч гэж өчнөөн гуйж байсан, учир нь Bertolucci-ын Last Tango in Paris кинонд тоглосноосоо болж Maria Schneider сэтгэлзүйн уналтад орж замнал нь баларсан жишээг давтах аюултай байсан буюу Bertolucci-ын дээрх хоёр кино хүчтэй секс дүрслэлүүдийг агуулж байв, гэсэн ч Eva энэ бүхнийг даван туулж чадсанаар барахгүй Maria Schneider-ын азгүй тавиланг давтсангүй. Киноны секстэй хийгээд нүцгэн байх хүндхэн зураг авалтуудад Bertolucci түүнийг зөв чиглүүлж тайвшруулж байсан гэдэг, гэхдээ кино үзвэрийн үеэр Eva эцэг эхээсээ нэлээд ичсэн тухайгаа нуугаагүй. Шүүмжлэгчид түүний тоглолтыг өндрөөр хүлээж аваад Liv Tyler-тэй харьцуулсан байдаг. Америкийн зах зээлд зориулж киноны зарим хэсгийг хассанд Eva гайхаж "гудамжинд ч тэр, кино дэлгэцнээ ч тэр маш их хүчирхийлэл болж байна, тэд энэ талаар огт боддоггүй, тэд зүгээр л сексээс айж байна" хэмээн хэлж байв. Түүний дараагийн кино 2004 оны Arsene Lupin гэх кино байв. Eva илүү түвэгтэй дүрүүдэд дуртай ч сайхан сэтгэлтэй дүрд тоглох нь таалагддаг гэж хэлж байлаа. Найруулагч Ridley Scott түүний The Dreamers кинонд бүтээсэн дүрийг үзээд 2005 оны загалмайтны аян дайны тухай өгүүлэх Kingdom.of Heaven киноныхоо Иерусалемын гүнж Sibylla-ын дүрд тоглооч гэсэн санал тавьсан. Eva 6 удаа дэлгэцийн тест өгсөн ба үндсэн зураг авалт эхлэхээс ердөө долоо хоногийн өмнө л кинонд тоглохоор хөлслөгджээ.
Eva хэдий оройтож киноны нэг хэсэг болсон ч киноны уур амьсгалд дорхноо орж, киноны хурцадмал шинж, хоёрдмол сэдэв зэрэг нь түүний сэтгэлийг ихэд татсан гэдэг. Шүүмжлэгчид ерөнхийдөө түүний тоглолтыг магтсан ч зарим газарт Eva дүрээ сайн ойлгохгүй байх шиг байсан гэж шүүмжлүүлж байсан ч биеэ авч яваа байдал нь сайхь алдааг нь залруулсан гэсэн тайлбар сонсчээ. Тус киноны найруулагчийн цомхотгол хувилбар олонд хүрэхэд шүүмжлэгчид киног төдийгүй Eva-ын тоглолтын бүрэн дүүрэн ойлгож, хүртэх ёстой магтаалыг нь өгсөн бөгөөд үүнд ч жүжигчин бүсгүй маань сэтгэл хангалуун байлаа. Тэрээр The Constant Gardener болон The Black Dahlia кинонуудад тоглохоор яригдаж байсан ч тийм юм болоогүй. Гэвч Eva 2006 онд James Bond франчайзын Casino Royale киноны Vesper Lynd-ын дүрд эцсийн минутад сонгогдсон ба сонирхолтой нь жилийн өмнө түүнд санал тавихад тэрээр татгалзаж байсан байдаг. Киноны зураг авалт аль хэдийн эхэлчихээд байхад найруулагч Martin Campbell-д киноны төгсгөлийн хэсэг бэлэн байгаагүйгээс гадна Bond-ын бүсгүйн дүрийг олоход бэрхшээлтэй байсан гэдэг, тэрээр энэ талаараа "Bond-ын бүсгүй үргэлж хөх, бөгс гэсэн утгатай байсан учир илүү өөр дүр төрхийг гаргахыг хүссэн" гэжээ. Campbell Eva-г Kingdom of Heaven бүтээлээсээ хараад уг кинонд тоглооч хэмээн дахин санал тавьсан ажээ. Ингээд Eva киноны зохиолыг уншаад Lynd гэдэг дүр нь бусад Bond-ын бүсгүйчүүдээс илүү гүн гүнзгий болохыг олж мэдээд зөвшөөрчээ. Түүний тоглолтыг шүүмжлэгчид алга ташиж хүлээж авсан, Entertainment weekly сэтгүүл түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг 4 дэх Bond-ын бүсгүйгээр нэрлэсэн, харин IGN түүний тоглолтыг "үнэхээр шилдэг фемме фатал байлаа, түүний дүр Bond-г эвдэж бас Bond-г бий болгосон" хэмээжээ. Уг дүрээрээ Eva БАФТА шагнал хүртсэн. 2007 онд тэрээр The Golden Compass кинонд шулмын дүр бүтээсэн бөгөөд Eva эх номонд байсан шашны сэдвийг кинонд хадгалж үлдэнэ гэж найдаж байсан ч кино католик шашинтай холбоотой ишлэлүүдийг хассан байна.
Eva-ын дараачийн кино Franklyn хэмээх бүтээл байв, түүний тоглолтыг шүүмжлэгчид "амьдралаар дүүрэн бөгөөд ухаалаг хошигнолтой" гэж магтсан байдаг. Мөн тэрээр Ridley Scott-ын охин Jordan Scott-ын охины найруулгын дебют ажил болох Cracks гэх кинонд сурагчдаа дурласан багшийн дүрийг бүтээсэн. 2009 онд найруулагч Benedek Fliegauf-ын Womb бүтээлд тоглож ур чадвараа дахин нэг гайхуулав. Eva 2009 онд Lars von Trier-ын Antichrist кинонд бараг тоглохоо шахсан байдаг. Eva-ын агентууд түүнийг битгий тогло гэж ятгах хүртэл кино продакшны өмнө ажил эхлээд явж байлаа. Ингээд түүний оронд Charlotte Gainsbrough тогложээ. Eva хожим энэ талаараа "Trier-тэй хамтран ажиллах мөрөөдөлтэй байсан ч киноны сексийн сцэнүүд арай л хэрээс хэтэрсэн байсан, бараг л мөрөөдөл нь биелэх шахсан гэвч бүтээгүй нь тоогүй боловч би кинонд тоглоогүйдээ харамсдаггүй" гэж ярьсан байдаг ажээ. 2011 онд тэрээр Starz телевизийн Camelot гэх цувралын эхний сизонд шидтэн Morgan Le Fay-ын дүрд тоглосон; энэ дүр бол зүгээр нэг найз охины дүр биш жинхэнэ зоригтой дүр, дүрээ судлах 10 анги байна гэдэг үнэхээр гайхалтай хэрэг" гэж Eva хэлж байв. 2012 онд тэрээр дахин нэг шуламсын дүрд тоглосон буюу Tim Burton-ын Dark Shadows кинонд Johnny Depp-тэй хамтран тоглосон. Eva 2014 онд 300 киноны үргэлжлэл болох 300: Rise of an Empire кинонд Artemisia-ын дүрд тоглов. Шүүмжлэгчид түүний тоглолтыг халуунаар угтаж авсан ба Eva-ын өөрийгөө үзэн ядсан, ханаж цаддаггүй дайчин гүнжийн дүр киноны бүх кредитийг хүртэх ёстой агаад тус кино нь өмнөхөөсөө илүү болсон гол шалтгаан нь Eva юм гэж дүгнэж байлаа.
2014 оноос 2016 оны хооронд тэрээр Penny Dreadful гэх хоррор
драмад тоглож, бүтээсэн дүрээрээ Алтан бөмбөрцөг наадамд нэр дэвшсэн. Мөн Sin
City киноны үргэлжлэл Sin City: A Dame to Kill For кинонд тоглов. 2016 онд Eva
Tim Burton-той дахин хамтран Miss Peregrine's Home for Peculiar Children
бүтээлийг хийсэн бол 2019 онд тэд дахин нэг удаа нэгдэж live-action төрлийн
Dumbo бүтээлд Michael Keaton, Colin Farrell нарын хамт амжилттай тоглосон. 2019
онд Proxima хэмээх Франц драмад тоглож, улмаар Cesar шагналд нэр дэвшиж байлаа.
2020 онд BBC-ын мини цуврал The Luminaries бүтээлд амжилттай тоглосон Eva 2018
онд White Lantern Film кино компанитай шүүхээр баахан заргалдан шуугиан тарьсан
ч 2021 онд Франц Английн хамтарсан Liaison гэх цуврал кинонд Vincent Cassel-тэй
хамтран тоглохоо зарласан билээ. Eva өөрийгөө "зожиг",
"номын" хүн гэж үздэг; "хүмүүс анх надтай танилцаад намайг их
хүйтэн хөндий хүн гэж боддог... би өөрийгөө хөндий байлгадаг, тийм ч учраас би
жүжиглэх дуртай байдаг байх. Энэ надад баг өмсөх боломж олгодог юм" гэж
тэрээр ярьж байж. Eva ганцаараа амьдардаг бөгөөд ажил хийгээгүй үедээ өөрийнхөөрөө энгийн байх дуртай ажээ. Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр сэтгүүлч түүнээс
хүмүүс таны юуг мэдээд их гайхах бол гэсэн асуултад "намайг гэрсэг хүн
болохыг мэдээд хүмүүс гайхах болов уу. Би үдэшлэгт явах юмуу зугаа цэнгэл
хөөцөлдөх дургүй. Кино зураг авалт дууссаны дараа гэртээ хариад галын дэргэд
суугаад дарс уунгаа сайн ном унших дуртай, уйтгартай байна уу?" Гэж тэрээр
хариулжээ. Eva шавьж судлал сонирходог бөгөөд гавлын яс, шавьж цуглуулах
хоббитой ажээ. Мөн сэтгүүлч түүнээс секс дүрслэлтэй кинонд яагаад тоглох
сонирхолтой байдгийг асуухад Eva үнэндээ өөрийгөө ичимхий хүн, тэгэхээр энэ бол
"парадокс" юм гэж хариулжээ. Нэг хэвийн байхгүйн тулд янз бүрийн дүрд
тоглох хүсэлтэйгээ мөн дурдсан байдаг. Тэрээр шашингүй үзэлтэн гэж өөрийгөө
тодорхойлдог боловч мөн тун "сүнслэг" гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Театрт
буцаж очих сонирхолтой байдгаа нуудаггүй ба Холливуудад бүтэн цагаар ажиллаж,
амьдрах төлөвлөгөөгүй гэдгээ ч ил хэлдэг. Шалтгаан нь, түүнийхээр Холливуудын
кино студиуд дэндүү их эрх мэдэлтэй, найруулагчид нь эрх мэдэлгүй гэж хариулсан
байдаг агаад сайн зохиол таарвал л холливуудад тоглох хүсэлтэй ажээ.
Comments
Post a Comment