Vengeance Is Mine (1979). Киноны үйл явдал шугаман бус цуврал маягаар нэг ухарч, нэг одоо цагт ирж өгүүлэгдэх буюу эхний нэг цаг үзэгч киноны гол баатрын хүүхэд нас, залуу нас, хэрхэн алуурчин болсон, мөн одоо цагтай нь хольж хутган үзнэ. Урт бөгөөд хроникал хэлбэртэй учраас киноны үйл явдлыг товчхон хийгээд тодорхой өгүүлэхийг зорилоо. Цагдаагийн газрын гадаа сэтгүүлчид, сурвалжлагчид болон хэрэгт дуртай хүмүүс цуглан цуврал алуурчин Iwao-ын тухай ганц ч болов уу илүү үг дуулахын төлөө бослого гаргах нь холгүй бужигнаж байлаа. Энэ зуур Iwao-г цагдаа нар байцаах гэж тамаа цайх буюу цуврал алуурчин тэд нартай дээрээс харьцаж, бараг загнах нь холгүй, ерөөсөө гэмшиж зовсон шинжгүй бахтайгаар тамхи татна. Ингээд түүний анхны аллагын тухай түүхээс эхлээд хүүхэд настай нь танилцая. Iwao хотоос хот руу, адал явдлаас адал явдал руу явах хулгайч, мэхлэгч, хүний амь хөнөөгч, мөн залилагч агаад тэрээр их хэмжээний мөнгөнөөс болж хоёр хүнийг алчихаад нэгэн жижиг дэн буудалд очиж хоргодоно. Дэн буудлыг Haru хэмээх аятайхан хүүхэн хөгшин ээжтэйгээ хамтран ажиллууллах бөгөөд Haru мөнгөтэй зочиддоо янхан олж өгөх юмуу зарим нөхцөлд өөрийн биеийг мөнгөөр солино. Өөрийгөө их сургуулийн профессор гэж танилцуулсан Iwao ууж, идэх нь барагдахгүй ба түүний секс хүсэл үл намжина. Цуврал алуурчныг олох олон талт арга болох зурагтаар гаргах юмуу кино театрын үзвэрийн үеэр сэрэмжлүүлэх аргаар Iwao-г эрэн хайснаар Haru хайрт профессороо алуурчин болохыг олж мэдэх ч өөрийнхөө янхны болон янхнуудыг зохион байгуулж байсныг бодож чимээгүй өнгөрнө. Haru алуурчин профессороос салж чадахааргүй гүн дурласан байлаа. Iwao-ын аав бол католик шашинтай 1930-аад оны үеэр Японы усан цэргийн армид загасчилдаг онгоцоо булаалгуулсан Iwao-ын бодлоор туйлын хулчгар хүн бөгөөд ээж харин бие муутай хүн болой. Iwao хүүхэд байхын л тэрслүү, хүчирхийлэгч байсан бол нас биед хүрсэн хойноо байнга хэрэг төвөгт орсон нэгэн болно. Улмаар шоронд ч орох ба шоронд орохоосоо өмнө эхнэр авна. Эхнэрээ үргэлж зоддог учраас эхнэр нь шоронд оруут нь салах буюу зугтаачихна. Iwao-ын аав хүүгээ эзгүй хооронд бэрийгээ эргүүлж авахаар очих агаад бэр нь хадам аавдаа хайртайгаа энэ уулзалтаар илэрхийлж, ил задгай биеэ өгнө. Хүүтэй нь дахин амьдрахыг зөвшөөрөх болсон гол шалтгаан нь хадам аавынхаа дэргэд байхыг хүссэнтэй л холбоотой байлаа. Iwao шоронгоос гарч ирэхэд түүний чихийг эхнэр нь аавтай нь явалддаг гэх яриа халууцуулах бөгөөд Iwao тэднийг баахан сүрдүүлж байгаад Токио руу аялна. Тэрээр нэгэн хөгшин хуульчтай нөхөрлөж, итгэлийг нь олсны дараа хуульчийг алаад шүүгээнд нь хийж түгжээд өөрөө тэр хуульч болж аваад дахиад баахан мөнгө луйвардана. Одоо үйл явдлыг жаахан урагшлуулъя. Iwao Haru руу мөнгө илгээж итгэлийг нь олоод хүүхэнтэй дахин хамт амьдарч эхэлнэ. Гэвч удсангүй Haru болон түүний ээж түүнийг цуврал алуурчин, улс даяар эрэн сурвалжлагдаж байгаа хүн болохыг олж мэднэ. Haru алуурчныг байгаагаар нь хайрлаж, яадаг ч байсан хамт байхаа хэлэх бол ээж нь хатуу эсэргүүцэж байв. Энэ явдал эх, охин хоёрыг алуулахад хүргэх бөгөөд Iwao тэднийг алчихаад гэр орных нь эд хэрэгслийг ломбардад тавина. Ингэж явахдаа унтаж байсан янхандаа анзаарагдсанаар цагдаад баригджээ. 5 жил өнгөрчээ. Iwao-ын ээж нас барж, аав нь бэртэйгээ суусан байлаа. Iwao цаазаар авхуулсан байх агаад чандрыг нь аав болон хуучин эхнэр, одоо хойд эхтэй нь хамт цацахаар уул өөд мацаж байлаа.
"Өшөө
авалт бол минийх" хэмээх уг кино Японы кино найруулагч Shohei Imamura
зохиолч Ryuzo Saki-ын ижил нэрт роман дээрээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд цуутай
цуврал алуурчин Akira Nishiguchi-ын бодит түүхээс сэдэвлэжээ. Кинонд Ken Ogata,
Mayumi Ogawa, Rentaro Mikuni болон Mitsuko Baisho нар тоглосон. Кино тухайн
оныхоо Японы шилдэг киноны шагнал хүртэж Iwao-д тоглосон Ken Ogata шилдэг
жүжигчиний шагнал хүртсэн. Бараан хошигнолт хийгээд бараг эмгэнэлт мэт санагдах
Imamura-ын энэхүү Эрос ба Танатос хоёрын тухай хүчирхэг, хорлон сүйтгэгч
шинжтэй бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 830-р байрт TSPDT
сайт эрэмбэлжээ. Jasper Sharp уг киног; жигшил төрүүлэхийн зэрэгцээ уруу татах
эл ер бусын, цочирдом хошигнолтой түүхээрээ Imamura Японы нийгмийн доод давхаргыг
илчилдэг. Нэрт кино шүүмжлэгч Roger Ebert уг киноны талаар; галзуурсан баатрын
итгэл найдваргүй бөгөөд цөхөрсөн хашгираан гээд цааш нь; хүйтэн цустай цуврал
алуурчны энэхүү хөрөг ямар ч гашуудалгүй, урам зориггүй, сэдэлгүй харгис хүчийг
илтгэнэ хэмээжээ. "Өрөө авалт бол минийх" гэх киноны гарчиг хэзээ ч
хариулагддаггүй буюу чухам юунаас өшөө авна гэж?. Кинонд социологийн үүднээс,
мөн Фройдын үүднээс тайлбарлах боломжгүй байдаг ба алуурчны бага насыг
харуулсан цөөн хэсгүүдээрээ ямар нэгэн тайлбар боломжгүйг егөөддөг. Киноны дэд
зохиол бол гэр бүлийн завхайрал байдаг; Iwao-ын гэрлэлт урт насгүй байдаг
бөгөөд эхнэр болон аавынх нь янаглалыг дурдахаас гадна бэр нь хадам аавынхаа
хүсэлтээр өөр эртэй хурьцдаг. Мөн Haru болон түүний ээжийн түүх яг жишээг дагах
буюу Haru-ын ээж мөрийтэй тоглоомд донтсон, залуудаа гэмт хэрэгтэн явсан авгай
байдаг бөгөөд охиныхоо биеийг зарж амьдрагч юм. Imamura-ын камерийн хэв маяг үнэхээр
онцгой; тэрээр камерийнхаа зураглалаар дүрүүдээ шавьж судалж буй шавьж судлаач
шиг харагдуулах агаад аллагын сцэнүүд дээр камер дундын зайнд байж нэг удаа
хөдөлсөн бол дахиж огт хөдлөхгүй, ингэхдээ гэнэтийн таслалт болон хурдтай
хөдөлгөөн ашиглахгүй учир илүү үнэмшилтэй болж өгдөг.
Comments
Post a Comment